Улаан МОНГОЛ

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 29

Нэгэн цагт мандуулж асан социализмын ув улаан өнгийг халаад өнгө алаглуулсан ардчилсан нийгэмд шилжсэн 30 жилийн босгон дээрээ авлигын тайлангаараа бид дунджаас доогуур үнэлгээтэй улаан орнуудын тоонд оржээ. Авлига, хүнд суртал дэлгэрсэн, төрийн бодлогын залгамж чанар байхгүй, төрийн байгууллагын бүтэц тогтворгүй гэж үнэлэгдэн дайн самуунтай, нийгмийн сөргөлдөөнтэй улсуудтай зуузай холбон давхиж явна.

 

АЛДАГДСАН ОЙ САНАМЖ

 

Монгол төр ой санамжтай юу? Бодоод үзье л дээ. Гацууртын ордын 34, Эрдэнэт үйлдвэрийн 51-49 хувь, Сүхийн талбай дээр уухай хадааж асан “залуус”-ын барьсан лоозон зэргийг харвал ой санамж нь тэртээ холын биш, энүүхэнд ойр байгаа зүйлээ ч санахгүй болсон мэт. Яг үүнийг Transparency International байгууллагын гаргасан авлигын индекс тодорхой харуулна. Төрийн бодлогын залгамж чанар сул, улстөрийн систем нь сонгуулиас сонгуулийн хооронд солигддог гэдгийг онцгойлон дурджээ. Олон улсын эдийн засгийн харилцаа өндөр хөгжсөн энэ цаг үед төрийн бодлого тогтворгүй байх нь хөрөнгө оруулагчдыг үргээх, олон улсын эдийн засгийн харилцаанд ороход чөдөр тушаа болдгийг ч сануулсан байна.

 

“Сонгуулиас сонгуулийн хооронд яам тамгын газар өөрчлөгдөн тухайн яаманд зориулан албан тушаалаа томилдог нь хамгийн том асуудал болоод байна. Төрийн бодлого, институцийн уялдаа холбоо үлэмж доогуур байгаа нь хагас ардчилалтай, авлигын индексээрээ ардчилсан орнуудаас доогуур байхад нөлөөлж байгаа юм” гэж “DeFacto” хүрээлэнгийн захирал Д.Жаргалсайхан ярьсан юм.

 

Засгийн газрын бүтэц сонгуулиас сонгуулийн хооронд солигдон тогтворгүй байгаа нь авлига цэцэглэх нэгэн үндэс аж. Дөрвөн жилийн дараа шинээр сонгогдсон яамны хүнд суртлыг арилгахын тулд иргэн хүн хэдэн төгрөгөөг ажлаа бүтээх явдал руу аяндаа шилждэг гэдгийг ч дэлхийн түүх харуулж байна. Тиймээс баруун африк болон зүүн европын ихэнх улсууд бодлогоо өөрчлөн, улс төрийн системээр оролдохгүй, залгамж чанар, ой санамжаа сэргээхээр ажиллаж байгаа гэдгийг онцолсон юм.

 

Жич: Кот Дивуар, Сенегал, Гаиана улсууд төрийн бодлогоо өөрчлөн, Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, улстөрийн намын санхүүжилтийг ил болгосон байна. Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааг иргэдэд нээлттэй болгохын тулд даргыг нь иргэдийн саналаар сонгодог тогтолцоо руу шилжжээ.

 

ЭДЛЭХ ЁСТОЙ ЭРХ

 

Ардчилсан нийгэм юугаараа давуу гээч. Үзэл бодлоороо чөлөөтэй илэрхийлдэг. Илэрхийлснийхээ төлөө хэн нэгний шахалт хавчилтад өртдөггүй. Хувь хүний заяагдмал эрхийг хамгаалдгаараа энэ нийгмийн давуу тал нь оршино. Тэгвэл хэвлэлийн хагас эрх чөлөөтэй байгаа нь авлигын индекст нөлөөлсөн байна. Нэг ёсондоо авлигын хэргийг олон нийтэд мэдээлэх шүгэл үлээгчдийг хамгаалсан хууль байдаггүй, хэвлэлийн эрх чөлөөг хамгаалж чадаагүй гэдэг нь хамгийн том асуудал болжээ. Ялангуяа хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль тунхаг төдий, зүйл заалт нь тодорхойгүй байгаа нь хамгийн том асуудал аж. Хэвлэл мэдээлэл нь хүчтэй, шүгэл үлээгчдийг хамгаалсан хууль, эрх зүйн тогтолцоотой орон авлига шилэн аяганд байгаа мэт ил байж, тэр хэмжээгээр төрийн ноён нуруу, хариуцлага гэдэг нь ирдэг гэж судлаачид дүгнэж буй.

Иргэдийн эдлэх ёстой эрх үүгээр дуусахгүй. Хамгийн том эрх болох мэдэх эрхээр хангагдаж чадаагүй гэдгийг олон улсын шинжээчид дүгнэж байна. Төрийн мэдээллийн ил тод байдал сүүлийн жилүүдэд харьцангуй хангагдаж байгаа ч дийлэнх олонх нь мэдээллийг олж авч чадахгүй байгаа нь хамгийн том асуудал ажээ. Төрийн албаны хүнд суртал, бичиг цаас нэхдэг байдал өмнөхөөсөө буурахгүй байгаа гэх. Хамгий гол нь мэдэх эрхийг хангахын тулд шүгэл үлээгчид, хэвлэл мэдээллийн хэрэгслийн оролцоо чухал гэдгийг мартаж боломгүй.


 

ПОПУЛИЗМЫН СҮҮДЭР

 

Хүйтэн дайны хөшигтэй хамт тайзнаасаа буучихлаа гэж бодож байсан ч популистууд 2000-аад оноос эргэн тайзнаа гарах болсон. Ялангуяа дэлхийн эдийн засгийн хямралын дараа буюу 2008 оноос популистуудын дуу хоолой улам хүчтэй болжээ. Үүний тод жишээ нь Өмнөд Америк даяар эх орон, ард түмэн гэж хашхирсан болгон Засгийн эрхэнд гарч үүнийхээ горыг ч хангалттай амсаж буй. Ардчилал, эрх чөлөөний бэлгэ тэмдэг болсон “Сем” авгын эх оронд ч популистуудын шүлс хамаагүй их үсчих болжээ.

 

Популизмын сүүдэр Азийн цээжин дэх Монголыг ч дайран гарсангүй. Сүүлийн жилүүдэд ардчилал, шударга ёс, ард түмэн гэх үг моодонд орж байгааг ч судлаачид анхааруулж байна. Хэдийгээр авлигатай тэмцэх мэт дүр үзүүлж буй мэт боловч АТГ-ын шийдвэр прокурор ирээд хаалга мөргөн нийт хандсан хэргүүдийн талаас бага хувь нь шүүхэд шилждэг аж.

 

“Ардчилал дутуу болон огт хөгжөөгүй оронд, популист улстөрчид голлох үүрэг гүйцэтгэж буй улсуудад авлига илүү байгаа нь судалгаагаар тогтоогдсон. Тиймээс ардчилал, эрх чөлөөг хамгаалсан, ил тод нээлттэй, хариуцлагатай засаглал бүхий улс орнуудын тоог нэмэх хэрэгтэй” гэж Transparency International олон улсын байгууллагын тэргүүн Делиа Феррейра Рубио ярьжээ.

 

Олон улсын улстөрийн нөхцөл байдлын тайлан мэдээгээр сүүлийн жилүүдэд дэлхийн улс орнуудын 60-аас илүү хувьд нь популист нам, улстөрчид голлох үүрэг гүйцэтгэж байгаа гэсэн дүн гарчээ. Ялангуяа Ази, Өмнөд Америкийн улс орнуудад популизм улам хүчтэй болж байгааг онцолсон байна.

 

* * *  

 

Шударга ёсыг мандуулан УИХ-ынхаа даргыг татан буулгасан Монгол Улс авлигын тайлан мэдээнд дундаас доогуурт бичигдэж буй африк болон ази тивийн самуунтай улс оронтой зуузай нийлүүлэн давхиж явна. Авлигатай тэмцэнэ гэдгийг хоёр там нам мөрийн хөтөлбөртөө тусгадаг ч хэлбэр төдий байсаар өдийг хүрлээ. Хэдийгээр улстөрийн албан тушаалтнуудыг баривчилдаг ч хэдэн сарын дараа сулладаг, хэрхэн хариуцлага тооцсон нь тодорхойгүй гэдгийг авлигын тайланд онцлон тэмдэглэжээ. Монгол Улс сүүлийн гурван жил 38-аас буурсангүй байсаар өнөө жил 37 оноо авч авлигал ихтэй улс орнуудын тоонд багтсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top