Монголын бурхан шашны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц Сар шинийн баярын тухай, XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн өнгө ямар байх талаар хэрхэн айлдсаныг хүргэж байна.
- XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн өнгө ямар байна вэ?
-Монголчууддаа XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн сар шинийн мэндийг дэвшүүлье. Цагаан сарын баярыг монголчууд олон зууны турш, Чингис хааны үеэс тэмдэглэж ирсэн түүхтэй. Монголын тусгаар тогтнолыг бататгасан сайхан баяр юм. Азийн орнууд зурхайн ухааныг онцлон авч үздэг. Хүн төрөлхтөн хүний бие махбодь, орчлон ертөнцийн хоорондын харилцан холбоо, шүтэн барилдлагыг тооцон үзсэний үндсэн дээр хүний амьдралын магадлалыг гаргадаг. Энэ жил ахмадад амгалан, залууст дунд, нялхаст тааруу гэж зурагдсан. Нялхас гэдэгт нялх хүүхэд төдийгүй, өөрийн бодолгүй, бусдыг даган дуурайдаг хүнийг мөн хэлж байгаа юм. Тиймээс ул суурьтай, мэдлэгийн үндсэн дээр дүгнэж, эрдэмтэн мэргэдээ сонсож, үнэн бодит чиглэлээр цааш хөгжих учиртай. Цаг агаарын хувьд, энэ жил ус хур элбэг гэх боловч мөндрөөс болгоомжлох хэрэгтэй. Олон жилийн дунджаас харахад цаг агаартай холбоотой зурхайн ухаан нэлээд дөхүү хэлсэн байдаг. Тийм учраас малчид, тариаланчид анхаарахад гэмгүй.
Засаг төрийн хувьд дээд түвшиндээ хямралтай гэсэн байна. Тэгэхээр хямрал гэдэг нь эв зохицол алдах тал руугаа юм. Улс орондоо хямрал авчрахгүйн төлөө сэтгэл зүрхэндээ бодоод болгохгүйн төлөө зүтгэх хэрэгтэй. Монгол түмэн хууль дүрмээ сайн баримталж, нийгэмд бужигнаан үүсэхгүй байх шинжтэй байна. Ёс зүй гэдэг манай нийгэмд гарцаагүй хэрэгтэй байна. Ёс зүйг эрхэмлэн дээдлэхгүй бол нийгэм урагшлахгүй гэдэг нь ил боллоо. Тиймээс ёс зүйг эрхэмлэн дээдлэх хэрэгтэй. Ардчилал, эрх чөлөө гэхээр юуг ч хийж болно гэсэн ойлголт биш юм. Хуулийн дагуу амьдрах ёстой.
Монгол хүн билгээрээ гэж ярьдаг. Аливаа зүйлийг сайхнаар харж чадвал сайхан жил гарна. Сайхан жил гарч байна гэж бид бэлэгшээх ёстой. Гахай жил баян тансаг, эд хөрөнгө хуримтлуулах, өнөр олон хүүхэдтэй болох бэлгэдэлтэй.
-Битүүний өдрийг хэрхэн билэгдэж, юуг эрхэмлэх учиртай байдаг вэ?
-Одон гарагийн зурхайгаар жилийн хамгийн сүүлийн өдөр болох битүүнийг сайхан тэмдэглэх учиртай. Битүүний өдрийг жилийн хамгийн сүүлчийн өдөр гэж тооцож байгаа учраас үдэж буй жилдээ эрүүл энх, амьдрал минь хөгжиж дэвшсэн жил боллоо гэж билэгтэй сайхан тэмдэглэх учиртай. Бид бүтэн жилийн турш эрүүл саруул, амьд сэрүүн явсан жилээ үдэж, үр хүүхэд гэр бүлтэйгээ жаргалтай сайхан тэмдэглэдэг уламжлалтай юм. Нар жаргаснаас хойш идээ битүүлгээ засна. Шинэ гарсан жилдээ хэрүүл уруултай байхгүйг билэгдэж, цагаалдаг. Идээ битүүлгээ зөрүүлнэ.
Харин шинийн нэгний өглөө нар ургахаас өмнө тухайн жилийнхээ эхний өдрийг угтан авдаг. Өвгөд хөгшдөө хүндэтгэж, үеийнхэнтэйгээ найрсаж, хүүхэд багачуудынхаа гарыг цайлгаж, энхрийлэн хайрладаг учиртай. Энэ өдрүүдэд бие, хэл, сэтгэл гурваа цэгнэх ёстой. Хэл тунамал байж, билэг дэмбэрэлтэй үг хэлэх учиртай. Шинийн нэгний өглөөний байдлаар тухайн жилийнхээ өнгийг билэгддэг ард түмэн учраас тухайн өдөр үг хэл, биеэ цэгнэх нь чухал юм.
-“Урвуулагч” хэмээх шороон гахай жил гэж нэрлэсний учир вэ?
-“Урвуулагч" хэмээх шороон гахай жил гэхээр хүмүүс урвах, шарвах талаас нь буруу ойлгож магадгүй. Энэ нь ёгт нэр шүү дээ. Хааш нь ч урвуулан бодож болно. Муу юмыг сайнд урвуулж болох талтай. Тиймээс амьдралаа сайн сайхнаар авч явж болно гэдэг утга агуулагдаж байгаа юм. Аливаа зүйл шүтэн барилдлагын хүчин дээр оршин тогтнодог болохоос хэзээ ч хөдөлшгүй гэдэг зүйл атом молекул, эд эсээс бүтсэн ертөнцөд байхгүй, байнгын хувьсалд байдаг учир сайнд урвуулж болно. Хүн ер нь ямар сайн сайхан, муу муухай зүйл хийсэн, түүнийхээ үрийг л амсдаг. Тиймээс өмнөх жилүүдэд бүтээсэн олон сайхан зүйлдээ суурилж, түүнийгээ авч урагшилбал сайхан жил болно.
-Зурхайг харж засал номоо хийлгэдэг. Энэ нь хэр шинжлэх ухааны үндэстэй байдаг вэ?
-Зурхайн ухаан нь олон зууны туршид судлагдаж, шигшигдэж ирсэн. Зурхайн ухаан магадлал дээр үндэслэж, ийм жилтэй, суудалтай хүн иймэрхүү зүйлс тохиолдож болох юм гэж үздэг. Тэр магадлал яг тэр чигээрээ биелнэ гэж үзэж болохгүй. Учир нь бие сайтай, ажил үйлс нь бүтэмжтэй, эрүүл саруул байгаа хүнд нөлөөлөл сайн байдаг тухай өвгөд ярьдаг. Харин жаахан нас тогтоод, хийморь сүлд муу байгаа үедээ заавал засал номоо хийлгэвэл зохистой. Тийм учраас тухайн жилийн заслыг монголчууд шинэ жил дөнгөж гаргаад 15 хоногийн дотор хийлгэвэл сайн байдаг гэж үздэг. Гэхдээ заавал шинийн 15-ны дотор засал, номоо хийлгэх шаардлагагүй. Хэдийд ч засал хийлгэх боломжтой байдаг. Жаахан нас тогтоод, хийморь сүлд муу байгаа үедээ заавал засал номоо хийлгэвэл зохистой. Тийм учраас тухайн жилийн заслыг монголчууд шинэ жил дөнгөж гаргаад 15 хоногийн дотор хийлгэдэг. Уг нь жилийн аль ч цаг хугацаанд хийлгэж болох юм. Заавал шинийн 15-ны өдрийн дотор хийлгэж сэтгэлдээ дархлаа суулгаж байгаа нь буруу биш.
Сэтгэгдэл ( 1 )
arhian baga uuh heregtei