Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр нарын албан хүмүүс өчигдөр /2019.02.25/ Олон улсын сэтгүүлчдийн холбооны /ОУСХ/ удирдлагуудтай албан уулзалт хийхээр Бельгийн нийслэл Брюссел хотыг зорьсон билээ. МСНЭ-ийн Удирдах зөвлөлөөс 2019 оныг “Сэтгүүлзүйн салбарын гадаад харилцааны жил” болгон зарласан ба гадаад харилцааны жилийн нээлтээ ийнхүү Олон улсын холбооны уулзалтаас эхлүүлж байгаа юм.
МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр Брюссел хүрэх замдаа Москвад саатаж, Оросын сэтгүүлчдийн холбооны удирдлагуудтай албан уулзалт хийлээ. Уулзалтын хүрээнд талууд энэ онд Монгол-Оросын сэтгүүлчдийн форумыг Улаанбаатар хотноо зохион байгуулах талаар ярилцжээ. Мөн МСНЭ-ийн санаачилсан "Медиа Тур" төслийг Оросын холбооны улсад хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, Төв Азийн сэтгүүлчдийн хамтарсан уулзалт, сургалт зохион байгуулах төсөл санаачлан, Олон улсын сэтгүүлчдийн холбоонд хамтран уламжлах, Халх голын 80 жилийн ойд зориулан хоёр улсын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлага бэлтгэх, сэтгүүлч болон контент солилцох, хэвлэл мэдээллийн байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжих зэрэг өргөн хүрээнд хамтран ажиллахаар тохиролцсон байна.
Түүнчлэн Сочи хотноо уламжлал болон зохион байгуулагддаг 100 гаруй орны 1500 сэтгүүлчийг хамардаг олон улсын сэтгүүлчдийн форумд Монголын сэтгүүлчдийг оролцуулж занших саналыг манай талаас тавьсан байна.
Харин Оросын сэтгүүлчдийн холбооноос Улаан-Үүд, Эрхүү, Чита, Саха-д зохион байгуулагдах сэтгүүлчдийн форум, чуулганд Монголын талаас сэтгүүлчдийг тодорхой квоттой оролцуулах зэргээр идэвхтэй хамтран ажиллах санал тавьжээ.
Дашрамд дурдахад, МСНЭ-ээс энэ жил 20 гаруй улс оронд хүрч, сэтгүүлчдийн байгууллагуудтай хамтран ажиллаж, гадаад харилцаагаа өргөжүүлэх зорилт тавьжээ.
Сэтгэгдэл ( 0 )