Сэтгүүлзүйн ахмад зүтгэлтнүүдэд ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 05

Монголын хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүйн төв байгууллага болох Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл өнөөдөр /2021.03.05/ үндэсний сэтгүүлзүйн 108 жилийн ойг тохиолдуулан сэтгүүлзүйн ахмад зүтгэлтнүүддээ хүндэтгэл үзүүллээ.


Сэтгүүлзүйн ахмад зүтгэлтнүүд болох МУСГЗ Б.Монголхүү, МУСГЗ Н.Дариймаа, сэтгүүлч Л.Сүхбаатар нарт хүндэтгэл үзүүлж “Алтан өргөмжлөл” гардуулав. Мөн ойн арга хэмжээний үеэр МСНЭ-ийн “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр "Монголын үнэн" сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга, сэтгүүлч Бат-Очирын Сэлэнгэ, "Ган үзэгтэн" шагналаар "Өдрийн сонин"-ы сэтгүүлч Номин-Эрдэнэ нарыг тус тус шагналаа.

Мөн энэ үеэр МСНЭ-ээс "Шинэ цаг үе ба сэтгүүлзүй" тунхгийг гаргасан юм. Энэхүү тунхагт мэдээллийн технологийн хурдацтай хөгжлийн эрин үед мэргэжлийн сэтгүүлзүйн чиг хандлагыг тодотгох, хэвлэлийн эрх, эрх чөлөөний суурь зарчмыг цар тахал болон цаг үеийн ямарваа нэгэн нөхцөл байдлаас үл хамааран үл хөндөх, тууштай хамгаалах зарчмыг уриалжээ.

1913 оны гуравдугаар сарын 6-нд монгол сэхээтнүүд "Шинэ толь хэмээх бичиг" сонины анхны дугаарыг гаргажээ. Үүнээс хойш энэхүү өдрийг "Монголын үндэсний сэтгүүлзүй үүссэн өдөр" хэмээн тэмдэглэх саналыг 1992 онд Монголын сэтгүүлчдийн холбооны VII их хурлаар гаргажээ. Энэхүү ойн өдрийг 2009 оноос хойш тогтмол тэмдэглэж байна.

 

МУСГЗ, ахмад сэтгүүлч Б.Монголхүү: Сэтгүүлзүйн салбар идэр залуу насандаа явж байна

- Би 1961 оноос буюу 20 гаруй наснаасаа анх мэдээ сурвалжилга бичиж эхэлсэн. Өдгөө би 80 гаруй насны босгыг алхаж байгаа ч Сэтгүүлзүйн салбар идэр залуу насандаа явж байна. Энэ салбарын төлөөл болсон бүх хүмүүст урт насалж, удаан жаргахыг ерөөе.

 

МУСГЗ, ахмад сэтгүүлч Н.Дариймаа: Сэтгүүлзүй бол түүхэн гавьяатай салбар

- Жил бүрийн гуравдугаар сарын 6-ны өдөр бол Монголын сэтгүүлчдийн мэндэлсэн өдөр, Монголын хэвлэл мэдээллийн ажилтны тэмдэглэлт өдөр билээ. Энэ жил бид 108 жилийн ойгоо тэмдэглэж байна. Манай салбар бол Монголын ард түмнийг эрх чөлөө, тусгаар тогтнолыг олоход оюун санааны хувьд бэлдсэн түүхэн гавьяатай салбар юм. Би 1963 оны гуравдугаар сард анхныхаа шүлгийг бичиж "Пионерийн үнэн" сонинд нийтлүүлж байлаа. Үүнээс хойш 60 жил энэхүү салбарт ажиллалаа. Сэтгүүлч бол маш хариуцлагатай, ёс зүйтэй, хүнлэг чанартай байх ёстой, бахархмаар мэргэжил юм. Сэтгүүлзүйн салбарт гурван чухал зүйл байдаг. Нэгдүгээрт, хүнээс ярилцлага авахдаа нэр төр, ар гэрийг нь эрхэмлэх. Хоёрдугаарт, бид бол Монгол Улсын иргэн, эх орныхоо нэр төрийг хамгаалж явах хүмүүс. Гуравдугаарт, мэдээллийг үнэн бодитойгоор цаг тухайд нь ард түмэндээ мэдээлэх хэрэгтэй. Дэлхийн бүх сэтгүүлчид "үнэний төлөө" гэсэн нэг л зорилготой. Тиймээс энэхүү эрсдэлтэй цаг үед үргэлж үнэний төлөө байдаг Хэвлэл мэдээллийн салбарынхантайгаа сэтгэл зүрхээрээ үргэлж хамт байдаг шүү.

"Өдрийн сонин"-ы сэтгүүлч Номин-Эрдэнэ

"Монголын үнэн" сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга, сэтгүүлч Б.Сэлэнгэ

 

 

Н.Уянга ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top