Монголын төдийгүй дэлхийн томоохон төсөлд тооцогдох Оюу Толгойн гол хөрөнгө оруулагч бол Рио Тинто. Рио Тинто компани хагас жилийн хугацаанд ухаалаг уурхай тэмүүлж буйгаа зарлан, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэн, БНХАУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээ зарлаад байна. Улс төрийн “хэрүүл”-ээс шалтгаалан дотоодын эрсдэлтэй гэж дүгнэж байсан Монголын талаарх дүгнэлт ч өөрчлөгдөж байгаа гэх таатай мэдээ бий. Том тоглогчийн дотор чухам юу буцалж байгааг бага ч гэсэн тоймлоё.
МОНГОЛ БА РИО
Эрх баригч нам дотроо хагаралдаж эхэлсэн аравдугаар сараас гол хөрөнгө оруулагч Рио Тинто биднээс жийрхэх болов. Эрх баригчдын толхилцоон дээд цэгтээ тулсан арваннэгдүгээр сард Монгол улс дотоодын улс төрийн маргаанаас үүдсэн өндөр эрсдэлтэй орон гэж дүгнэлээ. Яг энэ цаг мөчид Рио Тинто компанийн Гүйцэтгэх захирал Жеан Себастиан Жак ““Африкийн ихэнх улс, Ази тивээс Иран, Монгол Улс дотоодын улс төрийн тогтворгүй байдлаас шалтгаалсан өндөр эрсдэлтэй орон болоод байна. Энэ тохиолдолд бид ямар нэгэн бодлогын томоохон ажил эхлүүлэхэд төвөгтэй” гэж Рио Тинто компанийн гүйцэтгэх захирал Жеан Себастиан Жак ярьж байв.
Рио Тинто хөрөнгө оруулах болсноос хойш Монгол Улс дотоод орчны хэрүүл, сонгууль, нам гэх талцалаасаа болж хоёр ч удаа эдийн засгийн өгөөжөө бууруулуулж байсан гашуун түүх бий. Энэ түүхийн нэгийг давтах эрсдэл байна гэдгийг ч Ж.С.Жак сануулсан нь улс төрчдийн хувьд томоохон сануулга болсон биз. Том тоглогчийн сануулга чангахан ирсний дараа Монгол улсын Засгийн газар, Оюутолгойтой эрчим хүчний системд холбогдох талаар тохироонд хүрч чадав. Сануулгаас яг сарын дараа “Оюутолгой” компани төвийн эрчим хүчний системд холбогдож эрчим хүчний хэрэгцээнийхээ тодорхой хувийг авахаар болсон юм. Засгийн газрын тооцоолсноор 2020 оны гуравдугаар сард цахилгаан станцын ажил эхэлж, 2023 оны зургаадугаар сард бүрэн ашиглалтад орох юм байна.
“Хөрөнгө оруулагчидтай санхүүжилтийн гэрээ байгуулна. Үүний эхлэл болгож ирэх оноо эхлэн Монгол улсын төвийн эрчим хүчний нэгдсэн системээс эрчим хүчний хэрэгцээнийхээ тодорхой хувийг хангахаар болж байгаа юм” гэж Засгийн газрын хуралдааны дараа Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн ярьж байсан билээ.
Хөрөнгө оруулалтын гэрээний 7.3-т”Өмнийн говийн эрчим хүчний хангамжийн тухай” гэх хэсгийг өмнөх Засгийн газар түдгэлзүүлснээс болоод Оюутолгой компани эрчим хүчний хэрэгцээг дотоод хангах асуудал гацаанд ороод байсан юм. Дотоодын маргаан, улстөрчдийн харалган шийдвэрээс болж гурван жил гацсан станцын асуудал ийнхүү шинэ оны дөнгөж эхэнд гацаанаас гарсан...
Жич: Оюутолгой компани БНХАУ-аас 100 гаруй Мвт-ын эрчим хүчийг импортолдог бөгөөд мөнгөн дүнгээр хэмжвэл 160-170 гаруй сая ам.долларыг зарцуулдаг аж. Энэ нь Монгол Улсын эрчим хүчний хэрэгцээний 20 хувьтай тэнцэх үзүүлэлт юм.
ХЯТАД БА РИО
2018 оны арванхоёрдугаар сар. Уул уурхайн салбарт эрэмбээрээ тэргүүлэх Рио Тинто компани БНХАУ-ын Төмрийн “Баову” компанитай хамтран ажиллах болов. Улмаар төмрийн хүдрийн томоохон уурхайн төсөл болох “Пилбара” уурхайн төсөлд хувь нийлүүлсэн компани байгуулахаар тогтсон билээ. Зөвхөн компани байгуулаад зогсохгүй төмрийн хүдрийн салбарын мэдлэг, технологийн дэвшил, үйлдвэрийн ажиллагаа зэргийг харилцан судалж, ажилтан солилцохоор болсон юм. Хоёр тал хувь нийлүүлсэн компаниа “Бао-ХИ” гэж нэрлэх бөгөөд гэрээ байгуулсны дараа тус ордын 54 хувийг Рин Тинто компани эзэмших бөгөөд үлдсэнийг нь Хятадын компани эзэмших юм байна. БНХАУ-ын Баову төмрийн компани болон Рио Тинто компани хооронд байгуулагдсан гэрээ энэ оны эцэс гэхэд бүрэн хэрэгжиж хувь нийлүүлсэн компани албан ёсоор байгуулагдах юм.
Цаашид очир-эрдэнийн уурхайн төслүүдээ “Бүс ба Зам” санаачилгатай уялдуулах, зэс, зэсийн баяжмал, бокситын хүдэр олборлох салбарт ч БНХАУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр хэлэлцэж байна.
Жич: Рио Тинто компани одоогоор 50 гаруй жилийн өмнө буюу 1973 оны дөрөвдүгээр сард БНХАУ-ын компанитай харилцаж байсан юм. Тухайн үед Шанхайн төмрийн компани буюу одоогийн “Баову” компанитай тээвэрлэлтийн тал дээр хамтран ажиллаж байсан.
УЛАМЖЛАЛТ уурхайгаас УХААЛАГ уурхай руу...
Ухаалаг утас, ухаалаг хөргөгч гээд өдөр тутамдаа хэрэглэх төхөөрөмж ухаалаг болох болсон энэ цагт уул уурхайн том тоглогч гэгдэх Рио Тинто ч уламжлалт уурхайгаас ухаалаг уурхай руу шилжих цаг нэгэнт ирснийг хуучин оны төгсгөл дээр дэлхий дахинаа сануулав. Улмаар 2018 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр машинистгүй ухаалаг төмөр замыг уурхайтай анх удаа холбов. Дэлхийд анх удаад тооцогдох энэ ололт төмрийн томоохон орд Пилбара уурхайг түшиглэн 800 км-ын тээврийг анх удаа туршсан юм. Туршилт амжилттай болсон тул цаашид ухаалаг төхөөрөмжтэй 200 зүтгүүрийг нийт 1700 км-ын уртын тээвэрт ашиглахаар болоод байна. Бүх зүтгүүр хяналтын камер, ослоос сэргийлэх ухаалаг мэдрэгч, цаг уур, үзэгдэх орчны нөхцөлийг өөрөө тогтоон гэрлийн тусгалыг тааруулах системтэй энэ зүтгүүрийг Рио Тинто компанийн удирдлагын төвөөс хянах юм.
Рио Тинто компани энэ төрлийн судалгаанд 10 жилийг зарцуулсны дүнд ийнхүү 940 сая ам.долларын өртгөөр анхны ухаалаг системтэй төмөр замын тээврийн үйлчилгээг бий болгожээ. Цаашид уурхайн өдөр тутмын үйл ажиллагаа, экскаватор болон бусад машиныг ухаалаг төхөөрөмжид холбох асуудлыг судалж байна. Одоогоо 10 жилийн дараа гэхэд уурхайн компанийн 40-өөс илүү хувийг ухаалаг төхөөрөмжид холбохоор болжээ.
Үүнээс гадна Баруун Австрали муж дахь Кодайдери төмрийн хүдрийн уурхайд 3.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна. Мөн л ухаалаг системд холбоход зориулсан энэ төсөвт өртгөөр уурхайн үйлдвэрлэлийг тоон системд оруулж, улмаар үйлдвэрлэлийн бүх процессыг хянах программ, компанийн туслан гүйцэтгэгч компаниудыг холбосон дотоод сүлжээ, өөрөө явагч хэрэгслийн гүйцэтгэлийг хянах төхөөрөмж зэргээр өвч тоноглогдсон байх аж.
“Энэ бол манай компанийн хувьд технологид суурилсан орчин үеийн уурхай байх болно. Ингэснээр бид энэ салбарын үйлдвэрлэлийг нэгэн шинэ шатанд гаргана гэж найдаж” гэж Рио Тинто компанийн гүйцэтгэх захирал Жеан Себастиан Жак ярьж байв.
* * *
Ийнхүү Рио Тинто компани хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаагаа улам нэмэгдүүлэхээ зарлаад байна. Хамгийн сүүлд Австралийн Йоркийн хошуун байрлах “Амрун” бокситын хүдрийн ордод 1.9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаа зарлаад байна. Ингэснээр бокситын ордын гарцаа нэг дахин нэмэгдүүлнэ гэж тооцож байна. “Амрун” төсөл нь дараагийн 50 жил орон нутаг болон улс орон даяар томоохон хөрөнгө оруулалт болно гэдгээ ч зарлалаа. Рио Тинто компанийн зүгээс Монгол улсын Засгийн газар шинээр бүрдсэн ч хурдан хугацаанд томоохон төслүүдийг шийдвэрлэх тал дээр идэвх санаачилгатай ажиллах болсныг цохон тэмдэглээд байна. Гэхдээ цаашид улстөрийн нөхцөл байдал тогтвортой байвал хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэнэ гэдгийг том тоглогч “Рио Тинто” ч, дэлхийн хамтын нийгэмлэгийн байгууллагууд ч сануулсаар буй.
Сэтгэгдэл ( 1 )
хѳѳрхий сайханбалаг барьцааны хѳрѳнгийг нь ѳгсѳн юм