Засгийн газраас боловсруулсан ирэх оны төсвийн төсөлд “Оюутолгой” төслийн Төрийн эзэмшлийн хувьцаанд ногдох ногдол ашгаас гурван их наядын орлого төвлөрүүлэхээр тусгажээ.
Энэхүү ногдол ашгаас хоёр их наяд төгрөгийг нийгмийн болон бусад суурь дэд бүтцийн асуудлуудыг шийдвэрлэхэд зарцуулах юм байна. Тухайбал хоёр их наядын 40% нь эрчим хүчний салбарт зарцуулагдана. Ялангуяа “ДЦС 3”-н тоног төхөөрөмжийг шинэчлэх, 300 мВт-ын хүчин чадал бүхий цахилгаан станц барих, 10 аймгийн төвийн ДЦС төслийг үргэлжлүүлнэ. Харин 29%-г нь боловсролын салбарт зарцуулж, үлдсэнийг нь хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, боомтын сэргэлт, эрүүл мэнд, байгаль орчны зэрэг бусад салбарт зарцуулах юм байна.
Засгийн газрын мэдээлснээр ногдол ашгийн үлдсэн нэг их наяд төгрөгийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлэхээр болжээ. Өргөн мэдүүлээд буй 2027 оны төсвийн нийт зарлага 43.6 их наяд байх юм. Энэ нь 2026 оныхоос даруй 10 их наядаар нэмэгдсэн гэсэн үг юм. Эдийн засагчдын зүгээс 2027 оны төсөв данхайж, урсгал зардал нэмэгдсэн нь инфляцыг өрдөж, эдийн засгийн хүндрэлд хүргэж болзошгүйг анхааруулаад буй.
Ташрамд дурдахда ОУВС зэрэг олон улсын санхүүгийн бусад байгууллагуудаас Монгол Улсыг төсвийн тэлэх бодлогоо хумьж, мөнгөний бодлогыг сангийн бодлоготой уялдуулан, макро эдийн засагт анхаарах ёстойг оны эхэнд анхааруулж байсан билээ.

Сэтгэгдэл ( 0 )