Монголын банкны холбоо өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж, эхний хагас жилийн тоймыг таницуулахдаа төсвийн тодотголыг эрсдэлтэй гэж үзэж буйгаа илэрхийллээ. Тус холбооны гүйцэтгэх захирал Л.Амар хэлэхдээ “Инфляцын түвшин одоо 13 хувь хүрчхээд байна. Төсвийн нэмэгдэл, нөлөөг тооцохгүйгээр бодож үзэхэд инфляц оны төгсгөлд 18 хувь хүрэх тооцоолол бий. Төсвийн тодотгол батлагдаад, урсгал зардал нэмэгдвэл гал дээр тос нэмсэнтэй адил болно. Инфляц улам нэмэгдэж, нийт иргэдийн амьжиргаа доройтох эрсдэлтэй” гэсэн байна.
Төсвийн тодтголын төслөөр нэгдсэн төсвийн нийт зарлагыг 998 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, 34 их наяд төгрөгт хүргэхээр тусгаад буй. Төсвийн орлого талдаа өөрчлөгдөхгүй тул төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал 1.05 их наядаас 2 их наяд төгрөгт хүрч, ДНБ-ний 2% болохоор байгаа юм. Урсгал зардал 697 тэрбум төгрөгөөр өсөж дийлэнх нь цалин, тэтгэвэрт зарцуулагдахаар байна. Хэдийгээр 1.4 их наяд орчим төгрөгийн зардлыг тодотголоор танасан гэх боловч дахин хуваарилалт нь нийт зардлыг бууруулахгүй, улам өсгөхөөр байгаа юм.
Энэ удаагийн төсвийг Төсвийн тогвортой байдлын зөвлөл, Аудитын газар, Нээлттэй нийгэм хүрээлэн ч инфляц өрдөх эрсдэлтэй гэж дүгнээд байна.

Сэтгэгдэл ( 0 )