Парламент намын аппарат биш эсэх нь одоо л харагдана!

Б.Сэцэн | Zindaa.mn
29 минутын өмнө

“Ухаангүй эрх мэдэл өөрийнхөө жинд цохигдон унадаг” гэж Гораций нэгэнтээ хэлсэн нь бий. Тодотгол нэртэй томдотголыг парламент баталчихвал өөрийнхөө жингээр намаа, цаашлаад улсаа унагааж ч мэднэ. Хамаг гол нь улсаараа “ялалт” бус “зовлонт” хөлөг онгоцонд суусан Врунгелийн аялал болох нь асар их эмгэнэл юм даа. Намын даргаа спикер болгочхоод “дарга аа” гэж намжирдаад дарай нь хавсайдад унагаж байсан тэдэнд эрх ашиг нь үнэтэй бол төсвийн тодотголыг батална. Үгүй гээд саруул ухаанаар харвал нам нь биш ч нийтээрээ ялах юм.

Тодотгол нэртэй томдотгол

Засгийн газар  2027 оны төсвийн төсөлд нийт зарлагыг 2026 оны батлагдсан дүнгээс даруй 10 их наяд төгрөгөөр тэлж орхижээ. Г.Занданшатарын “бөгсөн” дээр Н.Учралын улаан нүүрэн дээр батлагдсан энэ төсөв анхнаасаа намын хуваариалт байсан нь энэ тодотголоос тод харагдана. Хэрэв энэ төсвийн тодотгол “шунгаж ороод” батлагдчихвал алдагдал нь 2.3 их наяд төгрөгт хүрнэ. Энэ нь 2026 оны батлагдсан дүнгээс даруй 1.3 их наяд төгрөгөөр өндөр дүн.

Парламент тодотгол нэртэй томдотголыг баталчихвал өөрийнхөө жингээр намаа, цаашлаад улсаа унагааж ч мэднэ.

Энэ болоогүй. Бүр том тоо байна. Зарлагын бүтцийг харвал урсгал зардал нь л гэхэд 33.6 их наяд төгрөг. Тодотголгүй 2026 оны нэгдсэн төсвийн нийт зарлагаас ч давсан хэмжээ. Одон тарааж үнсдэг шигшээ гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын төсвийг 6.9 их наяд төгрөгт хүргэж, тэтгэврийг 100-300 мянган төгрөгөөр нэмэгдүүлнэ.

Том шанаа

Жилийн инфляц VII сард улсын хэмжээнд 13% хүрч талийсан. Талийсан төсөвийг эрх баригчид иргэд рүү уух ус, идэх мах руу чихэж, гөрдсөн. Гөрдөхдөө гяндайж байгаад бодлогын хүүг 0.5% хүргэсэн. Ингээд тэд наанаа мөнгөний хатуу, цаанаа аядуу зөөлөн баримтлах болсон юм. Хатуу бодлогыг нь Н.Учралын уянга нам цохилоо. Төсвийн тодотгол дээр Монголбанкны эдийн засагчид нүдэн балай, чих нь дүлий байгаа нь Төв банк Ардын нам руу гулгаж орсны шинж. Цаашид нийлүүлэлтийн шок удаан үргэлжилж, үнийн өсөлт иргэдийн сэтгэл зүй, бусад бараа үйлчилгээний үнэд дамжвал Төв банк ч тогтоон барьж дийлэхгүй болно.

Монголбанкны мөнгөний наанаа хатуу, цаанаа уян бодлогыг Н.Учралын уянга нам цохилоо.

Инфляцын эрсдэл байна аа, төсвийн тэлэх бодлогоо хумь гээд гадна, дотногүй зөвлөсөөр байтал таг дуугүй гүлдийсээр, тодотголыг оруулж ирлээ. Шатахуун болон мах, хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтөөр өрдсөн эдийн засаг одоо Засгийн газрын мөнгөний нийлүүлэлтээр улам хална. Халахдаа эдийн засгаа түймэрдэнэ. Түймэрдсэн сангийнхаа нурман дээр Ардын намынхан матарын нулимс унагаана. Ер нь ч тэгээд ах нам “намаа” ч аятайхан “шатаачихсан” түүх бий.

Спикерийн “зөвтгөл”

Тодотгол яг барьдаг өдөр спикер ч нүдээ аниад, зүрхээ дараад “намын дарга”-аа сайхан зөвтгөсөн дөө. УИХ-ын дарга С.Бямбацогт тухайн үед “Улсын төсвийн орлого биелэхгүй байна. Төсвийн алдагдлыг санхүүжүүлэх, хэмнэлт хийх, үнийн өсөлтийг ард иргэдэд үүрүүлэхгүй байх, төр бүсээ чангалж, иргэдийн цалин, тэтгэврийг нэмэх асуудлыг заавал он гарахыг хүлээхгүйгээр шийдэх шаардлагатай байна гэж үзсэн юм билээ” гэж байв. Нам дээрээ хэлэлцээд, намын дарга нь хөмсөг зангидаад үнийн өсөлтийг иргэдийн хаалга руу оруулахгүй гээд баахан хэлэлцээд, 68-ын бүдүүн бүлэг тас зөрөөд парламентын босгоор давуулъя гэж үзсэн гэж таая.

Тааж, таамаглахын оронд “ах нам”-ын ах нар дүү нараа үнсэнд хаясан шалж лугаа адил хаяж чаддаг гэдгийг саначихад гэмгүй.

Засгийн газрын гол зүйл бол төсөв. Тухайн төсвийг батлуулах явдал. Батлуулах эс батлуулахаас засгийн хувь заяа тодорно. Тэртээ тэргүй алдагдал ихтэй төсвийн тодотголыг парламентын босгоор давуулаад батлах, эс батлахаас түүний хувь заяаг шийднэ. Батлуулаагүй тохиолдолд Засгийн газрынх нь хувь заяа, намын даргын суудалтай нь цуг яригдана. Төсвийн тодотгол батлагдах, эс батлагдахаас шалтгаалан ах нар нь хожно. Батлагдвал намдаа бүтэн нэртэй, бүлээн зүстэй үлдэнэ. Батлагдахгүй байлаа ч хариуцлага тооцож чаддаг, ард түмнээ боддог дүртэй үлдэнэ.

Гол нь цүүндээ биш

Тийм ээ, төсөв, төсөв л гээд байгаа болохоос хамгийн гол учир нь төсөв биш юм л. Энэ бол эрх баригчдын эрх мэдлийн төлөөх зодоон шувтраагүйг харуулах нөлөөт толь юм. Эргэж саная. 2024 оны 11-р сар. Тухайн үед 2025 оны төсвийг хэлэлцэж байв. УИХ-аас 2025 оны Улсын төсвийн тухай хуульд У.Хүрэлсүх бүхэлд нь хориг тавьсан. Төсвийн алдагдал, урсгал зардлыг бууруулах, олон улсын эдийн засгийн тодорхойгүй байдалд макро эдийн засгийн тогтвортой байдлаа хамгаалах ёстой гэж үзээд хориг тавьж байв даа. Тухайн үед Ардын намын аппаратад өөрчлөлт орох уу, Л.Оюун-Эрдэнийг солих уу, үгүй гэдэг сэдэв ид яригдаж байсан цаг.

Уг нь Ерөнхийлөгч 2025 төсөвт тас гээд л хориг тавьж байв даа. Энэ удаад таг. 

Цаг яахав тийм байдаг байж. Тухайн үед 2025 оны төсөв ямар байв аа. “Төмөр хүн” төмөр нүүрээ харуулсан тухайн жилийнх нь төсвийн зарлага нь 35.8 их наяд төгрөг, орлого нь 33.9 их наяд төгрөг, алдагдал нь 1.9 их наяд төгрөг байв.  Үүнээс урсгал зардал нь 25.9 их наяд төгрөг байсан нь эдийн засагчид болоод иргэдийн бухимдлыг төрүүлсэн. Төсвийн зарлагыг ийнхүү ихээр баталсан нь инфляцын эрсдөл, төгрөгийн ханшийг унагаана гэж үзээд хориг тавьж байв.

Энэ жилийн тодотгол яг үүнтэй төстэй. Гэхдээ Ерөнхийлөгч дуу алга. Гэвч чимээ ихтэй байна. Бүр яаж гэж, 33.6 их наядын урсгал зардал болоод сонгуулийн өмнө халамжлагч төртэй, учралын уянга болоод эгшиглэж байна.   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top