Яг долоо хоногийн өмнө дөө, есийн тооны ёср бэлгээр тодотгол нэртэй томдотголоо танилцуулав. Ерөнхий сайд кабинетийн зарчмаар ажилладаг гэдгээ мартаад есөн шийдвэрээ, есдүгээр сарын 1-ний өмнө рекламдсан нь энэ. Ерөнхий сайдын товчлол нь “ЕС”, есдүгээр сарын 1-ний өмнө ч таарсан энэ рекламны цаад утга нь ямар байсныг сайдын “рекламны алба” л гадарлах байх. Өмнө нь тэднийх байсан юм шиг ойлгогдох “Таны мөнгө” гэдгээр энэ ёр бэлгэ эхэлнэ. Ямар ч байсан төсөв манийх болсон ч цаагуураа биднийх болоогүй энэ төсөв парламентын босго давах нь энэ долоо хоногт тодорхой болно.
Есийн тооны ёр
Ёр бэлгэ “Таны мөнгө” гэдгээр эхэлнэ. Гэхдээ агуулга нь биднийх биш юм л. “Оюутолгойн ногдол ашгаа Монголд анх удаа авчирна. Дулааны IV цахилгаан станц, боловсруулах үйлдвэр, боловсролд зарцуулна. Таны мөнгө. Та бүхэн шийднэ” гэжээ. Оюутолгой бол монголын төсөл. Ганц авч явж байгаа төсөл. Гэтэл “таных” гэж ирээд л намжирджээ. Гаднын хөрөнгө оруулалтаа тодорхой болгоод, төрийн зүгээс гэрээгээ чамбайруулна уу гэхээс бидний юм ч биш. Одоо оны сүүлээр Риогийн босс солигдоно. Түүнээс өмнө гэрээгээ нааштайгаар шийдүүлэх, өр биш өв үлдээх тал дээр анхаарна уу гэхээс байгаа хэдийгээ “бүтээн байгуулалт” нэрээр цацаад байж болохгүй.
Ёр бэлгэ “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа гэдгээр үргэлжилнэ. Бэлгээр болдог бол бид аль хэдийнэ арилжаалдаг болчихсон л доо. Бүр 2019 онд л олон улсын бирж дээр гарч, хувьцаа эргэлтэд орно гэж хуурч байлаа. Энэ хооронд Ардын нам засгийг гурвантаа атгаж, Ерөнхийлөгчийн сонгуулийг оролцуулбал дөрвөн сонгуульд ялалт байгуулсан. “Эрдэнэс Тавантолгой”-н боссыг баривчлаад шоронд хорьсон, одоо суллагдах гэж байгаа. Сонгуулийн өмнө л амь орж бэлэн мөнгө тараадаг энэ хувьцаа арилжаалдаг болохыг харах нь өөрөө гайхамшиг. Хувьцаагаа өвлүүлж, бэлэглэх гэдгээс илүүтэй олон улсын зах зээл дээр гарах, хувьцаагаа арилжаалж ашиг хүртдэг болох нь чухал. Гэхдээ эрх мэдлийн гинжин хэлхээ энэ мөрөөдлийг амь оруулах нь эргэлзээтэй.
Таны мөнгө гэж эхэлсэн есийн тооны ёр бэлгээр бол үнийн өсөлт хаалга давахгүй. Гэхдээ өрхийг бүтээнэ.
Тэтгэвэр , цалин нэмэгдэж дундаж тэтгэвэр 1.3 сая болно. Яахав сайхан сонсогдож болох л доо. Гэхдээ инфляц пуужиндаад, мөнгөний бодлого нь төсвийн бодлоготойгоо уялдахгүй бол сайхан луйвар болно гэсэн үг. Төгрөгийн бодит худалдан авах чадварыг тогтвортой байлгах тал дээр анхаараагүй атлаа суурь тэтгэврийг нэмнэ гэж саймширч байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 1 саяыг давсан. Давчихсан ч инфляц хоёр оронтой тоо руу орсон. Энэ цаг үед тэтгэвэр, цалин хэчнээн нэмэгдлээ нэмэр бол байхгүй. Үүнийг мөхөс би ч бус гадна, дотнын эдийн засагчид анхааруулсаар байна.
Одоо бүр гоё ёр бэлгэ бий. “16000 орон сууцыг 6% зээл, түрээслээд өмчлөх нөхцлөөр борлуулна. Төрийн 4000 орон сууцны урьдчилгаа 30% биш 15% болно” гоё сонсогдож байгаа биз. Гэвч үгүй юм. Инээж байгаад шанаа өгдөгтэй л адил зүйл. Бодъё. Олон хүн байр авахыг тэмүүлнэ. Байр гэдэг юм талх шиг байж байхгүй нь тодорхой. Босно. Босохоо хүлээнэ. Энэ хооронд эрэлт их байгаа учраас байрны үнэ өснө. Зээлийн хүү бага боллоо гэж алга ташиж байх хооронд байрны үнэ пуужиндана. Тэгээд ямар ч ялгаагүй болно. Одоо байрны үнэ нэмэгдэх болсон шалтгаан нь ч ипотекийн зээлийн хүүтэй холбоотой Засгийн шийдвэртэй холбоотой гэдгийг санах нь зүй.
Бэлгэ зохирох уу
Парламент намын аппарат боллоо гэж сөрөг хүчнийхэн уулга алдсан. Энэ уулга алдалт Н.Учралыг Ерөнхий сайд болгож, одоо ёр бэлгэтэй төсвийн тодотгол батлагдахаа хүлээгээд торойж байна. Эрх баригчид төсвийг ямар ч байсан батлах ёстой. Үгүй бол парламент тарах дээрээ тулна. Төсвийн тодотголыг анх өргөн барьж байхад спикерийн зүгээс институцийн хувьд тусдаа юм шиг царайлж “Төсвийн алдагдлыг санхүүжүүлэх, хэмнэлт хийх, үнийн өсөлтийг ард иргэдэд үүрүүлэхгүй байх, төр бүсээ чангалж, иргэдийн цалин, тэтгэврийг нэмэх асуудлыг заавал он гарахыг хүлээхгүйгээр шийдэх шаардлагатай байна гэж үзсэн юм билээ” гэж байхав дээ. Тэгэхээр намын аппарат бүхэлдээ парламентад найдаж байна гэсэн үг. Бүдүүн бүлэг “COP17”-н үеэр Их тэнгэрт уулзсан нь үүнийгээ л тохирсон явдал. Гэхдээ “тооноор орж ирсэн” гэж ах нартаа ад үзэгддэг жагсаалтыг залуучууд барьцгүй. Магадгүй Н.Учралыг барьцгүй тонгорох нь тэд л байх. Ёр бэлгэ зохироод тодотгол батлагдчихвал алдагдал нь 2.3 их наяд төгрөгт хүрнэ. Энэ нь 2026 оны батлагдсан дүнгээс даруй 1.3 их наяд төгрөгөөр өндөр дүн. Зарлагын бүтцийг харвал урсгал зардал нь л гэхэд 33.6 их наяд төгрөг. Тодотголгүй 2026 оны нэгдсэн төсвийн нийт зарлагаас ч давсан хэмжээ. Эрх баригчдын бэлгэ зохирч болох ч ард иргэдэд зохирохгүй байх вий.
Бүдүүн бүлгээс "тооноор орж ирэгсэд" нь сөрчихвөл Н.Учралыг барьцгүй тонгорч мэдэхээр л төсөв. Намаа бодвол яралзтал гараа өргөөд баталчихна. Улсаа бодвол Н.Учралаа тонгорно.
Есийн тооны ёр бэлгэ нэг ийм байна. Одоо харин нэг тийм тодотголыг босго давуулах уу гэдгийг харах л үлдлээ. Сонгуулийн өмнө хөөрхөн молгидсон энэ төсөв лав биднийх биш. “Үнийн өсөлтийг хаалга давуулахгүй” гэх энэ уянга яв явсаар “үнийн өсөлт нь өрх гэрийг бүтээж” мэдэхээр байна. Ямар ч байсан парламентаар хэлэлцэнэ. Сөрөг хүчнийхэн сөрөх нь тодорхой. Харин бүдүүн бүлгээс нэлээд хэд нь сөрчихвөл Н.Учралыг барьцгүй тонгорч мэдэхээр л төсөв. Намаа бодвол яралзтал гараа өргөөд баталчихна. Улсаа бодвол Н.Учралаа тонгорно. Ёр бэлгэ зохирох эсэх нь ЕСийн тоо шидээ үзүүлэхээс шалтгаална.
Сэтгэгдэл ( 0 )