Өөрийн толгой мэдэлтэй болсон сүүлийн 30 жилийн төсөв ч хагарал үгүй бүтээн бүлээн байсан түүх үгүй. Олохын хэрээр цацна. Цацсаныхаа дараа танана. Гэхдээ ачаа нь ард иргэд дээр буудаг. Төсөв тэлээд л байна, тэлээлд л байна. Төгрөгийн ханш суларсаар, суларсаар байна. Инфляц өссөөр, өссөөр байна. Гэхдээ бас бууна аа. Буухдаа манай бодлогоор бус гадаад зах зээлийн нөлөөгөө бууна гэж байгаа. Ингэж явсаар 30 оныг үдлээ. Гайхалтай нь тодотгол нэртэй томдотгол орж ирж байсангүй. Тэр ч бүү хэл орлогогүй байж цалин нэмнэ гэж саймширдаггүй байж. Томдуулсан тодотголоо одоо засаг нь парламентын л буруу шүү дээ гээд хөмсөг зангидаад хараа дээгүүр байна.
Намын зовлон нь төрийн зовлон бүр болиод түмний зовлон боллоо. "Ард түмний ялалт" гэсэн Ардын намын урианы ёр бэлгэ нь угтаа энэ байж.
Гэхдээ бидний өгүүлэх нь төсөв биш тул түр орхие. Учиргүй гар барьж хөтлөлцөөд, Учрал нь дарга болж мандаад, улс төрийн зодоон нь урал барын цэнгүүн болж хувирлаа гэтэл үгүй байж. Намыг бүтэн бүлээн байлгах үүрэг гагцхүү Н.Учралд оногдсон ч тэртээ тэргүй хуваагдчихсан эрх мэдлийн фракцууд нийлж, нэгдээгүй бололтой. Үүнийг төсвийн тодотголоос харж болно. УИХ-ын гишүүн Ариунзаяа “манай 30” гэж ирээд л хэлсэн үгэндээ ам алдана лээ. “Сайдын асуудлыг тоож ярихгүй” гэснээр зогсохгүй, “амралтад явсан” гэдгээ ч хүлээн зөвшөөрсөн. Тэгэхээр 30 нь ямар ч байсан гортиг татаад төсвөө улдан хамгаалж, Н.Учралаа дагана гэж уншигдлаа. Амралтад яваагүй сул гишүүд тэгэхээр нөгөө талдаа гарсан болж таарах нь. “38”-ын гэж тодорхойлж буй энэ бүлэг нөгөө хэдээ бодвол сул гишүүд байхгүй. Спикер, байнгын хорооны дарга, төрийн сайд гээд явж өгнө. Фракцууд амралтад яваад ч тохирч чадаагүй гэдгийг хэлсэн үг, байр байдлаас нь харж болохоор байна. УИХ-ын чуулган болон Байнгын хорооны хурал дээр илэрхийлж буй байр байдлаас харвал хэд, хэдэн гишүүн төсөв эсэргүүцэж, гайгүй шүүмжилж байгаа харагдана лээ. Гэхдээ цөөхөн нь шүү. Гол нь цүүндээ бишээ гэдгийг таниагүй хэдэн гишүүнээ хэрхэн тойрогтоо оруулахаас төсвийн тодотгол парламентын босго давах уу гэдэг нь шалтгаална.
Ер нь байна аа, Ардын намын ах нар залуусдаа жолоогоо атгуулсан гэж сайрхаж болох ч үнэндээ тоглоом тэдний дүрмээр өрнөж байна. Тэдний дүрмээр өрнөж байгааг Н.Учралын Засгийн газар бүрдэхдээ л харуулчихсан. Эрх мэдлийн гинжин хэлхээ байгаа учраас эхийг нь эцээж, тугалыг нь тураалгүй фракц бүрд сайдын суудлыг тэгш хуваарилсан. Нисэж, буугаад байгаа сайд, хөмсөг зангидсан босс сайд, ХҮН-ийрхүү хэдэн сайдыг харвал энэ бүхэн тодорхой харагдана.
Эрх баригчдад тоо хамаагүй. Эрх мэдлийн цулбуураа атгаж байх нь л чухал.
Төсвийн тодотгол гэдэг эрх баригчдын ч, нийт ард түмний зовлон болчихлоо. Ер нь ч тэгээд эрх баригчдын зовлон төрийн зовлон, төрөө байгаад бүр ард түмний зовлон болчихно чинээ санасангүй. Одоо ямар ч байсан 38-ын бүлэг бол Н.Учралаа өлгийнд боож байгаад Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшихээ бодно. Харин “30”-н бүлэг намын даргаа налж байгаад 2028 оны сонгуулийн мандат олж авахаа бодож байгаа. Энэ хооронд ах нарын гортиг бүхнийг шийднэ. Тодотгол нь унавал Н.Учралтай хариуцлага ярина. Унахгүй бол өлгийнд ороогоод хоёр сонгуульд орно. Эрх баригчид төсвөөр шоо хаяж тоглож байх хооронд эдийн засгийн байдал улам дордсоор байна. Оны инфляц хоёр оронтой тоонд байх нь тодорхой болчихлоо. Хэрэв “тэгш тоо” буугаад тодотгол батлагдчихвал Тодотгол нэртэй томдотголоор төсвийн алдагдал хоёр их наяд төгрөг болж ДНБ-ний 2%-д хүрнэ. Бүтээлч үйлдвэрлэлийн ямар ч үнэргүй, хоёр хөршөөсөө экспорт, импортын хараат Монгол Улсын төсвийн зарлагын бүтэц энэ тодотголоор урсгал зардал руу бүрэн шилжинэ. Эдийн засагчдын тооцоолсноор гал дээр тос нэмнэ. Гэхдээ эрх баригчдад энэ хамаагүй. Төсөв нэрээр найрлахаа л бодно.

Сэтгэгдэл ( 0 )