Төсвийн алдагдал 27.3% өслөө

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр төсвийн алдагдал 27.3% өсөөд байна. Тухайлбал нийт зарлага, цэвэр зээлийн хэмжээ 4.7 их наяд төгрөг болж, 98.2 тэрбум төгрөгөөр өссөнөөр төсвийн алдагдал 720 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байгаа юм. Төсвийн зарлага өсөхөд хөрөнгийн зардал 13%, урсгал шилжүүлэг 10.6%, бараа үйлчилгээний зардал 5.8%, хүүний зардал гурван хувиар өссөн нь нөлөлжээ.

Харин төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ оны эхний хоёр сарын гүйцэтгэлээр дөрвөн их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 56 тэрбум төгрөгөөр буурлаа. Төсвийн орлого бүрдүүлэхэд татварын орлого нийт дүнгээрээ 1.8% буурсан байна. Тухайлбал АМНАТ 39.3%, онцгой албан татварын орлого 38.1% буурчээ.

Засгийн газар төсвийн алдагдлыг үе шаттай бууруулах бодлого баримталж байна. Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд алдагдлыг 2027 онд -0.8%, 2028 онд 0.4%, 2029 онд 0%-д хүргэхээр төлөвлөж буй юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top