Цаг уур, орчны шинжилгээний газраас өнөөдөр Увс, Завхан, Хөвсгөлийн нутгаар бороо, уулаараа нойтон цас орж, зарим газраар цасан шуурга шуурч, зам даваанд халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг анхаарууллаа.
Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Увс, Завхан, Хөвсгөл аймгийн зарим сум, Булган, Архангай аймгийн хойд сумдын нутгаар 0.0-5.0 мм бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, хур тунадас орохгүй.
Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +6...+11 градус, Алтайн өвөр говиор +19...+24 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +15...+20 градус, бусад нутгаар +11...+16 градус дулаан байна.
Улаанбаатар хот орчмоор багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө +13...+15 градус дулаан байна.
Багануур орчмоор багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, өдөртөө +12...+14 градус дулаан байна.
Иймд баруун болон хойд аймгийн нутгаар зорчих иргэд, тээвэрчид цаг агаарын нөхцөл байдлыг харгалзан үзэж, зам давааны халтиргаа гулгаа, үзэгдэх орчин хязгаарлагдах эрсдэлээс сэрэмжлэхийг зөвлөж байна.

Сэтгэгдэл ( 0 )