АНУ-ын иргэний нисэхийн холбооны газар “Боинг“ компанид "Боинг 737 MAX 8" болон "737 MAX 9" загварын онгоцнуудын удирдлагын системийг шинэчлэх үүрэг өгчээ.
2019 оны гуравдугаар сарын 10-ны өдөр Этиопт болсон "Боинг 737 МАХ 8" онгоцны ослын дараа ийм шийдвэр гаргасан бөгөөд тус газар Этиопын осол өнгөрсөн оны аравдугаар сард Индонез улсад гарсан онгоцны осолтой ижил зүйлс байна гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Боинг корпораци онгоцны удирдлагын системийг боловсронгуй болгох, нисэгчдийг сургах удирдамжийг шинэчлэх үүрэг авсан байна. Боинг корпорацийн зүгээс ойрын үед иргэний агаарын тээврийн "737 МАХ" загварын бүх онгоцонд шинэ програм хангамж суурилуулна гэж мэдэгджээ.
Этиопт сүйрсэн "Боинг 737 МАХ" унахаасаа өмнө агаарт утаа хаяж, сонин чимээ гаргаж байсан тухай Ройтерс агентлаг мэдээлэв. Тус онгоц унасан газрын эзэн Ethiopian Airlines компанийн онгоц унахаасаа өмнө огцом эргэлт хийснийг харсан байна. Тэрбээр мөн онгоцноос цаастай төстэй зүйлс шидэгдэж байхыг харсан гэнэ.
Өөр нэгэн гэрчийн ярьснаар, онгоц огцом эргэлт хийж, унахаасаа өмнө өндөр авахыг оролдсон аж.
Өчигдөр /2019.03.11/ онгоц сүйрсэн газраас онгоцны хоёр хар хайрцгийг олсон бөгөөд ослын шалтгааныг тогтоох ажил үргэлжилж байна.
Сэтгэгдэл ( 0 )