“Боинг” компани 200 сая ам.долларын торгууль төлнө

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 23

АНУ-ын “Боинг” компани “Boeing 737 MAX” онгоцны аюулгүй байдлын талаар хөрөнгө оруулагчдыг төөрөгдүүлсний төлөө 200 сая ам.долларын торгууль төлөхөөр болжээ. Тус компанийн тэргүүн асан Деннис Меленберг нэмж нэг сая ам.долларын торгууль төлнө гэж АНУ-ын Үнэт цаас, биржийн комиссын мэдэгдэлд дурджээ.

“Боинг” компани болон Деннис Меленберг нь ажилдаа хариуцлагагүй хандаж, залилантай тэмцэхэд чиглэсэн үнэт цаасны тухай хуулийг зөрчсөн гэж үзжээ. Хохирол амссан хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах тусгай сан байгуулах гэнэ.

Мэдэгдэлд дурдсанаар, тус компани болон Деннис Меленберг “Boeing 737 MAX 8” онгоцны ослын дараа эл загвар нь бусад загварын онгоцны нэгэн адил аюулгүй гэж мэдэгдэж байжээ.

2018 оны аравдугаар сарын 29-нд Индонезийн “Lion Air” иргэний агаарын тээврийн компанийн “Boeing 737 MAX 8” онгоц осолдож, 189 хүн амиа алдаж байв. 2019 оны гуравдугаар сарын 10-нд Этиопын “Ethiopian Airlines ” компанийн мөн загварын онгоц осолдсоны улмаас 157 хүн амиа алдсан. “Боинг” компанийн удирдлага хожим нь осолдсон хоёр онгоцны “MCAS” системд алдаа гарсныг шүүх хурлын үеэр хүлээн зөвшөөрсөн билээ. Эл хоёр ослын дараа Европын Холбоо, АНУ зэрэг дэлхийн олон орон аюулгүй байдлын үүднээс эл загварын онгоц ашиглахыг түр зогсоосон юм.

Top