Боинг 737 МАХ загварын онгоц үйлдвэрлэлээ түр зогсоож магадгүй

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 25

АНУ-ын Иргэний агаарын тээврийн газар энэ онд багтаан эл загварын онгоцыг нислэгт ашиглах зөвшөөрөл олгохгүй бол “Боинг” компани Боинг 737 МАХ загварын нисэх онгоцны үйлдвэрлэлээ түр хугацаанд зогсоож магадгүй болоод байна.

“Боинг” компанийн тэргүүн Деннис Меленберг тус компанийн хоёрдугаар улирлын тайланг танилцуулах үеэр шинжээчдийн асуултад хариулжээ. Түүний хэлснээр тус компани 2020 онд 737 серийн нисэх онгоцны үйлдвэрлэлийн хэмжээг 42-оос 57 хүртэл нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Гэвч 737 МАХ загварын ашиглалтыг хойшлуулснаар онгоцны үйлдвэрлэлийг бууруулахад хүрчээ.

Энэ оны эхний хагас жилд тус компанийн цэвэр алдагдал 793 сая ам.долларт хүрсэн бол өнгөрсөн оны мөн үед тус компани 4.67 тэрбум ам.долларын ашигтай ажиллаж байсан аж. Энэ оны эхний зургаан сард “Боинг” компанийн борлуулалт 38.67 тэрбум ам.доллароор буюу 18.8 хувиар буурчээ.

АНУ-ын иргэний агаарын тээврийн “Southwest Airlines”, “United Airlines” компаниуд энэ оны арваннэгдүгээр сарын 2-3-ныг хүртэл 737 МАХ серийн нисэх онгоц ашиглалтыг түр зогсоогоод байгаа билээ. Үүнтэй холбогдуулан “United Airlines” компани зургаадугаар сард 1290 нислэг, наймдугаар сард 1900 нислэг, есдүгээр сард 2100, аравдугаар сард 2900 нислэг цуцлаад байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top