Ардчилсан намын Шинэчлэлийн хөдөлгөөнийг үүсгэн байгуулагчдын нэг Э.Бямбацэрэнтэй тус намд өрнөж буй үйл явдлын талаар ярилцлаа.
-Ардчилсан намын дотоод зөрчил улам ширүүсч байна. Нам шинэчлэгдлээ гэж удирдлагууд нь хэлдэг ч залуучууд та бүхний хувьд эсрэг саналтай байгаа юм байна?
-Бид хамгийн анх 2015 онд Шинэчлэлийн хөдөлгөөнөө байгуулж байсан. Тухайн үед МАН-ын рейтинг 22 хувьтай, манай намын рейтинг 19 хувьтай, МАН-аас доош орсон байсан. Тиймээс жирийн гишүүд бид тухайн үедээ намаа шинэчлэхээр залуучууд бид санаа нэгдсэн. Бидний хийх гэж байсан 2015 оны намын шинэчлэл одоо хүртэл хийгдээгүй байна. Бид АН-ын дүрмийг 2016 онд шинэчлэхэд оролцсон. Миний бие намын үндсэн дүрмийн хорооны гишүүнээр ажилласан. Намын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүдийн тоог нэмэгдүүлэх, эмэгтэйчүүд, залуучуудын квотыг оруулах саналыг залуучууд бид санаачилж тусгуулж байсан.
Хяналтын хороо, Дотоод сонгуулийн хорооны хүмүүсийг сонгохдоо Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-нд 10-аас дээш жил ажилласан хүмүүсийг их хурлаараа нууц санал хураалтаар сонгодог байя гэж санал оруулсан. Гэтэл С.Эрдэнэ дарга “Намын дарга санал болгож сонгоно” гээд дүрмэндээ заачихсан. Тэгэхээр Хяналтын хороо, Дотоод сонгуулийн хорооны хүмүүс дандаа С.Эрдэнэ даргын хүмүүс сонгогдох, сонгогдох боломжтой болчихож байгаа юм. Эндээс бүх завхрал үүссэн. Бид хоёр жил орчим харлаа шүү дээ. С.Эрдэнэ даргаа шинэчилсэн дүрмээ ерөөсөө гишүүддээ өгдөггүй. Яг ямар дүрэм батлуулсан нь одоо хүртэл нууц байна.
Одоо дотоод сонгууль боллоо, өөртөө таалагддаггүй хүнээ ҮБХ-ны гишүүнээр сонгодоггүй. Ялсан байсан ч хасдаг. Тийм тогтолцоо үүссэн. Тухайлбал, “Буян” компанийн Б.Жаргалсайхан Хан-Уул дүүрэг АН-ын ҮБХ-ны гишүүнд 3 мандаттай тойрогт 9 хүн нэр дэвшээд өрсөлдөхөд зургаад орсон байгаа юм. Гэтэл гуравт орсон хүнийг нь хасаад Б.Жаргалсайханыг оронд нь оруулаад ҮБХ-ны гишүүнээр сонгож байх жишээтэй. Гэтэл нөгөө Б.Жаргалсайхан нь удалгүй Х.Баттулгыг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд телевизээр БНН-ын дарга гэчихсэн “Х.Баттулгыг сонгож болохгүй” гээд телевизээр яриад сууж байх жишээний. Ийм байж болох уу. Намын даргын сонгосон, итгэл хүлээлгэсэн хүн нь ингэх жишээтэй.
-Д.Пүрэвдавааг Баянзүрх дүүргийн намын хорооны даргаас чөлөөлж байсан. Гэтэл саяхан эргээд дүүргийнхээ намын дарга боллоо гэж мэдээлэгдсэн?
-Д.Пүрэвдавааг Баянзүрх дүүргийн намын хорооны даргаас чөлөөлж байсан. Ж.Батзандангийн хүмүүст дүүргийн намын даргын ажлыг өгсөн байдаг. С.Эрдэнэ дарга Ж.Батзандантайгаа муудаад ирэнгүүтээ буцаагаад Д.Пүрэвдавааг намын даргаар томилчихлоо. С.Эрдэнэ дарга, Д.Пүрэвдаваа хоёр зохицсон гэсэн үг. Ийм байж болохгүй шүү дээ.
Аймаг, дүүргийн намын хорооны дарга сонгох болоход өөрийнх нь хүн сонгогдохгүй бол хүчингүйд тооцдог, оронд нь үүрэг гүйцэтгэгч гээд томилчихдог. Төрийн байгууллагад үүрэг гүйцэтгэгч гээд томилдог шиг юм болдог. Манай намын дүрмэнд үүрэг гүйцэтгэгч томилно гэсэн заалт байхгүй.
-Намын Үндэсний бодлогын хорооны гишүүдийн ротацийн сонгууль сая болсон. Намын татвартай холбоотой нэлээн шүүмжлэл өрнөж байсан. Намын ҮБХ-ны гишүүнд өрсөлдөхөд хэчнээн төгрөгийг татаас намд өгдөг вэ?
-ҮБХ-ны гишүүнд нэр дэвшихэд 6 сая төгрөг өгдөг. Дээр нь тухайн нэр дэвшигч сонгуулийнхаа зардлыг гаргана. Тэгсэн мөртлөө ялах магадлал бага шүү дээ. Ялсан хүн нь намын удирдлагуудад таалагдахгүй бол хасдаг, сонгуулийг хүчингүй болгох гээд шударга бус юм их байна. Намын дотоод сонгуультай холбоотойгоор маш их мөнгийг нам төвлөрүүлж байна. Энэ мөнгөөр юу хийж байгаа нь тодорхойгүй. Жил бүр ҮБХ-ны 380 гишүүний 3/1 нь ротацид ордог. Нэг хүн 6 сая төгрөг өгөөд сонгуульд нэр дэвшдэг гэхээр маш их мөнгө эргэлдэж байгаа. Ардчилсан нам дотор зөвхөн мөнгөний схем үйлчилдэг болсон. Өөрөөр хэлбэл зөвхөн мөнгөтэй хүн дээшээ гардаг болж хувирсан. Сонгуулийн өмнө МАН дээр хэрэгжиж байсан 60 тэрбумын схемтэй яг ижил схем АН-д хэрэгжиж байна.
-АН-ын одоогийн удирдлагуудыг МАНАН-гийн нэг хэсэг болсон гэж та бүхэн хэлсэн байсан. Ямар учраас ингэж үзэж байгаа юм бэ?
-Ардчилсан намын өнөөгийн удирдлага нийгэмд өрнөж буй шудрага ёсны төлөөх тэмцлийг санаатайгаар эсэргүүцэж, Монголын ард түмний өмчийг авсан бүлэглэлийг улайран хамгаалснаар, ард түмний итгэлийг алдаж, намын рейтинг түүхэндээ байгаагүй доод түвшинд хүрлээ. Ардчилсан намын удирдлага болох С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нар нь өнгөрсөн хугацаанд хэлсэн үг, хийсэн үйлдэл бүрээр өөрсдийгөө МАНАН-гийн хамсаатнууд гэдгээ бүрэн нотоллоо. Тухайлбал 60 тэрбумын гэх схемээр төрийн эрхэнд гарсан бүлэглэлийг өмөөрөн хамгаалж, 60 тэрбумын гэх хэргээр УИХ дээр нээлттэй сонсгол хийж хэлэлцэе гэхэд дэмждэггүй.
АН болон МАН-ын удирдлагад үүрлээд байсан дээрх МАНАН-г нийгэм даяараа жигшин эсэргүүцэж, нам харгалзахгүй хамтран тэмцэж буй тэмцэл өдрөөс өдөрт хүрээгээ тэлсээр байна. Энэхүү тэмцлийн дүнд МАН нь дээрх бүлэглэлд нэр холбогдсон М.Энхболд тэргүүтэй хүмүүстэйгээ хариуцлага тооцон буулгаж авахыг та бид харсан. Одоо АН дахь “МАНАН”-ийн хамсаатнуудтай хариуцлага тооцох цаг нь болсон.
Мөн Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг луйврын замаар авах үйл явцад оролцож, энэ бусармаг үйлдлээ өнөөдрийг хүртэл улайран хамгаалсаар байна. С.Эрдэнэт, Д.Эрдэнэбат нар нь бүлэглэлийнхээ эрх ашигт нийцсэн шийдвэрээ тулгаж, намын бүлгээ бодлогоор зангидаж чадаагүйн улмаас УИХ дахь Ардчилсан намын бүлэг тархад хүрч, парламент дахь хяналтын тогтолцоо үгүй болж, намын рейтинг урьд хожид байгаагүй доод түвшиндээ хүрлээ. Ардчилсан намд нэг хүний дарангуйлал тогтоод байна.
-Жижиг дунд үйлдвэрийн зээл авсан гишүүд, сайдуудтай холбоотойгоор Засгийн газрыг огцруулах асуудлыг МАН-ын 20 гаруй гишүүд УИХ-д оруулж ирсэн. Энэ асуудлаар сөрөг санал өгсөн гурван гишүүндээ АН-ын бүлэг хариуцлага тооцсон. Энэ асуудалд та намын залуучуудын төлөөллийн хувьд ямар байр суурьтай байдаг вэ?
-УИХ-ын гишүүн гэдэг бол улс эх орны нийтлэг эрх ашгийг хамгаалах хуультай. Тэгэхээр ЖДҮ-ээс зээл авсан гэдэг нь мэдээж хулгай. Нийт гишүүд, төрийн өндөр албан тушаалтнууд гээд 20 гаруй хүн байна. Нийт 20 гаруй тэрбумын асуудал байна. Энэ хүмүүст хариуцлага тооцоход оройтохгүй байх. Гэтэл үүнээс маш том, Монгол төрийг зарсан, монголын баялгыг хулгайлсан, нэг гүйлгээгээр 30 тэрбумыг 10, 100 дахин нугалах хэмжээний хөрөнгө шамшигдуулсан асуудал байна. Тиймээс эрэмбэ дараатай шалгая гэж байгаа юм. Аль 2016 оны сонгуулиар төрийн эрхийг хууль бусаар барих ажиллагаа явуулсан 60 тэрбумын нөхдүүдийг шалгалгүй 3 жил боллоо. Энэ хүмүүсээ эхлээд шалгая гэсэн байр суурьтай байдаг. Энэ ЖДҮ-ээс зээл авсан 20 гаруй тэрбумын асуудлыг шийдэж болох ч цаана нь маш том хулгай луйвар шийдэгдэлгүй үлдэх болоод байгаа. Иймд МАНАН-г эхлээд сарниулах нь чухал юм. Тиймээс Засгийн газрыг огцруулахыг дэмжээгүй гишүүдэд хариуцлага тооцохыг зөв гэж бодохгүй байна.
-Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар Засаг даргыг сонгох асуудлыг хэлэлцэхэд та нэр дэвшүүлэх хүсэлт өгсөн ч хүлээж аваагүй?
-Хотын дарга болох хүсэлтэй, хуулинд заасан шаардлагыг биелүүлж байгаа хүнийг 45 төлөөлөгчийн хэн нь ч нэр дэвшүүлэх боломжтой. Тэр 45 хүн дотроос намайг нэр дэвшүүлчих нэг ч болтугай төлөөлөгч байна гэж бодсон учраас би нэр дэвших хүсэлтээ илэрхийлсэн юм. Аль нэг намын бүлэг, хэн нэг төлөөлөгчид миний нэрийг дэвшүүлээд өгөөч гэж хандаагүй.
-Та хотын даргад өрсөлдөх болсон нь мэдээж шалтгаантай байх. Ямар ажил хийхээр төлөвлөж байсан бэ?
-Улаанбаатар хотод өнөөдөр шийдэх асуудал олон байна. Утаа, түгжрэл, хөрсний, орчны бохирдол гэх мэт шийдэх ёстой асуудал их бий. Нэр дэвшсэн хамгийн том шалтгаан нь Улаанбаатарыг утаагүй болгох ажлыг хийе гэсэн бодолтой явдаг. Болвол утаагүй, бүр болохгүй бол маш бага утаатай өвөлжүүлэх төлөвлөгөө надад бий. НИТХ-ын 45 төлөөлөгч намайг дэмжих магадлал бага ч хэрэв би нэр дэвших юм бол надад мөрийн хөтөлбөрөө танилцуулах хугацаа гарна. Тэр хугацаанд утааг хэрхэн бууруулах боломжтой талаарх төлөвлөгөөгөө танилцуулъя гэж бодсон. Хэрэв намайг нэг төлөөлөгч нь Хотын даргад нэр дэвшүүлэх юм бол миний яриад байгаа асуудлыг хүмүүс анхаарч сонсоно шүү дээ.
Гэр хороололд 170-180 мянган яндан байна. Эдгээр айлуудын тодорхой хувь нь гэрт амьдарч байгаа. Эхний ээлжинд гэрт амьдарч байгаа хүмүүст керосиноор ажилладаг халаагч тавих юм. Япон нэгдсэн халаалт байхгүй. Айл тус бүр дулаанаа шийддэг. Эйр кондишн, газ, керосин халаагч гэх мэтийг ашиглаж гэрээ дулаацуулдаг юм. Нэг литр керосин, нэг кг нүүрснээс илүү дулаан ялгаруулдаг. Дээрээс нь ямар ч утаа гаргахгүй, хор хөнөөлгүй. Монгол гэрийг халаачих хэмжээний хүчин чадал бүхий төхөөрөмж Японд 200 мянган төгрөгөөр л зарагддаг. Монголд үүнээс хямд үнээр авах боломжтой. Тэгээд төрөөс татаас өгөөд иргэдэд хямд үнээр өгч болно. Керосиныг ОХУ-аас хямд үнээр нийлүүлэх боломжтой.
Сэтгэгдэл ( 1 )
Ард түмнийг эрүүдэн шүүсэн АН , иргэдийн идэх хоолыг булаасан МАН - ыг татан буулгах шийдвэрээ хууль шүүхийнхэн яаравчилбал яасан юм бэ !!!