НИТХ-ын ээлжит XXIII хуралдаанаар /2019.03.29/ Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцын талаар хэлэлцлээ. Нийслэлийн нутаг дэвсгэрт тавдугаар сарын 1-нээс түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Улаанбаатар хотод угаарын хий цацаж байгаа яндангийн тоог цөөлөх, байгаль орчны хууль тогтоомжийн норм стандартыг чангатгах талаар танилцууллаа.
Улаанбаатар хотод 196 мянга гаруй зуух, 260 мянга гаруй уурын зуух ажиллаж байгаа гэсэн тоо баримт бий. Иймээс агаар, орчны бохирдлыг бууруулахаар 8 чиглэлээр 32 арга хэмжээ авч ажиллаж байгаагийн дийлэнх нь Улаанбаатарт хэрэгжих юм байна. Түлш үйлдвэрлэлийн чиглэлээр 6000 тонн сайжруулсан түлш үйлдвэрлэж нөөцөлжээ. Цаашид 1 тонноос дээш том багтаамжтай 5 агуулах барихаар төлөвлөсөн байна.
Хотын захирагч С.Амарсайхан “Түүхий нүүрс түлдэг яндангын тоог эрс цөөлнө. Улаанбаатарт ажиллаж байгаа бага оврын уурын зуухнуудад шүүлтүүр тавина. Баянгол дүүргийн нутагт жилдээ 10,0 тонн түүхий нүүрс түлж агаарт тодорхой хэмжээний бохирдол үүсгэж байсан зорчигч тээврийн галт тэрэгт угаарын хийг нүүрсхүчлийн хий болгож хувиргадаг шүүлтүүр тавьж эхэлсэн. Энэ ондоо ямар ч байсан багтаад үйлчилгээнд явж байгаа галт тэрэгэнд шүүлтүүр тавина” хэмээн хэллээ.
Түүнчлэн харьяа газар агентлагуудын дарга нарыг асуудалд ул суурьтай хандаж, хөрвөх чадвартай, уялдаа холбоотой ажиллахыг үүрэг болголоо.
Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Сэтгэгдэл ( 0 )