Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсныг хөнөөсөн хэргээр ял авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, ял тулгасан гэх асуудал өнгөрч буй энэ долоо хоногийн гол дуулиан байлаа. Тэднийг эрүүдэн шүүж байгаа бичлэгийн нэгээхэн хэсгийг нууцын зэрэглэлээс гаргаж, парламентын гишүүд болон хэвлэлийнхэнд үзүүлж, УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн санаачилсан АТГ-ын дарга, дэд дарга болон Улсын Ерөнхий прокурор, шүүгч нарыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг үндэслэж чөлөөлөх хуулийн орчинг бүрдүүлж, Ерөнхийлөгч Х.Баттулга хуулийн зарим өндөр албан тушаалтныг ажлаас нь чөлөөлсөн зэрэг өнгөрч байгаа энэ долоо хоногт улс төрийн үйл явдал их байлаа. Ингээд ZINDAA.MN сайт өнгөрч буй энэ долоо хоногт болж өнгөрсөн улс төрийн онцлох зарим үйл явдлыг тоймлон хүргэж байна.
УИХ-ЫН ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН ХААЛТАА ХИЙЛЭЭ
Өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт /2019.03.18/ нээлтээ хийсэн УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан хаалтаа хийлээ. Хуралдаанаар Татварын багц хууль, Тендерийн тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль зэрэг хэд, хэдэн хуулийн төслийг хэлэлцэн баталлаа. Түүнчлэн Үндсэн хуулийн Цэцийн 2019 оны 01 дүгээр дүгнэлтийг хэлэлцэн, шийдвэрлэв.
Тэгвэл эрх баригч намын бүлгээс УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдааныг үр дүнтэй болсон гэж үзэж байгаа бол сөрөг хүчний зүгээс ямар ч үр дүнгүй чуулган болсон гэдгийг онцолж байна. Ямартай ч найман асуудал хэлэлцэхэн шийдвэрлэх зорилготой нэээлтэй хийсэн УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар дөрвөн хуулийн төслийг баталж, өнгөрсөн пүрэв гарагт /2019.03.27/ хаалтаа хийлээ.
САНГИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР ТАТВАРЫН БАГЦ ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТИЙГ ТАНИЛЦУУЛЛАА
Татварын багц хууль шинэчлэгдсэнтэй холбогдуулан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнгөрсөн лхагва гарагт /2019.03.26/ мэдээлэл хийсэн билээ. Сангийн сайдын ярьж буйгаар Татварын хууль шинэчлэгдсэнээр жилийн борлуулалт 50 сая төгрөгөөс бага ААН орлогын нэг хувиар татвар төлж, жилд нэг удаа хялбаршуулсан тайлан гаргана. Жишээ нь, 10 сая төгрөгийн орлоготой ААН жилд 100.000 төгрөгийн татвар төлөх юм байна. Улсын хэмжээнд жилийн 50 сая хүртэлх төгрөгийн борлуулалтын орлоготой 34387 ААН байгаа аж.
Мөн жилийн 300 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой ААН-үүд жилийн 1 хувийн татвар төлнө. Жилийн 300 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой 47867 ААН хамаарна.
Харин жилийн 300 саяас 1.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ААН-үүд 10 хувийн татвар төлж, татварынхаа 90 хувийг буцааж авах зохицуулалт хийгдсэн байна. Жилийн 300 саяас 1.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой 54934 ААН үйл ажиллагаа явуулдаг юм байна.
Татварын тайлангаар гарсан алдагдлыг 4 жилийн хугацаанд шилжүүлж тооцохыг зөршөөрч байгаа бол ашигт малтмал, газрын тосны хайгуулын салбараас бусад салбарт гадаад, дотоод зах зээлээс өрийн хэрэгсэл худалдан авсан хүүгийн орлогод 5 хувийн татвар авах зохицуулалт хийжээ.
Түүнчлэн амьдран суух зориулалтаар анх удаа байшин, орон сууц барьсан, худалдан авсан иргэнд өгдөг байсан 3 сая төгрөгийн татварын хөнгөлөлтийг 6 сая төгрөг болгон нэмэгдүүлсэн байна. Мөн ипотекийн зээлээр анх удаа орон сууц худалдан авсан бол татвар төлөгчид хөнгөлөлт эдлүүлэхээр болжээ.
Улаанбаатар хотоос 500 км-ээс дээш алслагдсан бүс нутагт үйл ажиллагаа эрхэлдэг ААН, хувь хүний татварыг 50 хувиар, 1000-аас дээш км алслагдсан бүс нутагт үйл ажиллагаа явуулдаг ААН-ийн төлсөн татварыг 90 хувиар тус тус хөнгөлөхөөр болсон байна.
ЗАСГИЙН ГАЗРААС ЭРҮҮДЭН ШҮҮЖ БАЙГАА БИЧЛЭГИЙГ НУУЦЫН ЗЭРЭГЛЭЛЭЭС ГАРГАВ
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарыг гурван шатны шүүхээс бүх насаар нь хорих ял оноосон билээ. Харин өнгөрсөн долоо хоногт Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж ялтан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, ял тулгасан гэх мэдээллийг олон нийтэд цацсан юм.
Түүнчлэн гэмт этгээдүүдийг эрүүдэн шүүж, хэрэг хүлээлгэсэн нь тогтоогдсон тагнуулын хоёр ажилтанг цагдан хориод байгаа билээ. Харин эрүүдэн шүүж байгаа бичлэгийг олон нийтэд ил болгохыг УИХ дахь МАН-ын бүлэг дэмжсэн. Мөн Засгийн газар ээлжит бусаар хуралдаж бичлэгийг олон нийтэд ил болгох шийдвэрийг гаргасан талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлсэн юм.
Тэрбээр "Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж маш ноцтой асуудлыг гаргаж тавьсан. Ардчилсан Монгол Улсад хүний эрхийг зөрчсөн, гурван шатны шүүхээс хууль бусаар ялласан байж болзошгүй нөхцөл байдал үүссэн. Олон улсын хүний эрхийн байгууллага Засгийн газартай холбогдож эхэлсэн. Дэлхий нийтийн анхааралд өртөж эхэлсэн. Мөрдөн байцаалтад орсон хэсгийг нууцын байдлаас гаргахыг прокурор хориглосон. Бичлэгийн багаахан хэсгийг ил болгоно. Засгийн газрын хуралдаанаар нууцаас гаргасан. Удахгүй хэвлэлийнхэнд ил болох байх" гэх байр суурийг илэрхийлсэн байдаг.
Ц.ЭЛБЭГДОРЖ: МОНГОЛ УЛС ШҮҮХГҮЙ БАЙСНААС ХУУЛИЙН САЙДГҮЙ БАЙСАН НЬ ДЭЭР
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Цахиагийн Элбэгдорж шүүх, прокурор, АТГ-ын дарга нарыг солих хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэн баталсантай холбогдуулан мэдээлэл хийсэн билээ. Тэрбээр мэдээллийнхээ үеэр “Манай Ерөнхийлөгч бидэнд ээлжит урилгаа явууллаа. Монголд Ерөнхийлөгч ямар ажил хийж болох, болохгүй вэ гэдгийг ойлгуулах ёстой хүн бол Х.Баттулга байгаа. Би урилгыг аваад “үгүй” гэж хэлэхээр ирлээ. Би ээлжит хичээлээ заах гэж байгаа юм. Би хүмүүсийн мэддэг зүйлийг ярихгүй. Шударга ёс, хуулийн засаглалыг сонгож хэрэгжүүлж болохгүй юм. Өнөөгийн Хууль зүйн сайдын үед гаднаас хүн хулгайлж ирж байсан. Хурууг нь хугалж тамлаж, амь насанд нь хүрч байсан. Үүнийхээ төлөө Хууль зүйн сайд уучлалт гуйх ёстой. Үндсэн хуулийн Цэцээс Монголын түүхэнд хууль зөрчсөн нь батлагдаж, огцорсон хүн бол өнөөгийн Хууль зүйн сайд.
Ерөнхийлөгч болсон хүн өмнө нь бодож байсан ажлаа л хийдэг. Ерөнхийлөгч болсноор шинэ хүн болж хувирдаггүй. Өнөөдөр манай хууль шүүхийн байгууллага дэндүү нэр хүндгүй боллоо. Монгол Улс шүүхгүй байснаас Хууль зүйн сайдгүй байсан нь дээр. Тэгэхээр өнөөдөр хууль шүүхийн байгууллагыг хамгаалах нам алга. Үйлдвэрчний эвлэл алга. Ц.Элбэгдорж ч ялгаагүй. Надад өөрийн нам алга” хэмээн тодотгол хийсэн" гэв.
Түүнчлэн "Төр, нийгмийн зүтгэлтний амь насыг хохироосон хэрэг хоёр шаттай байдаг. Нэгд, алуурчныг олох ёстой. Дараа нь захиалагчийг олох ёстой. Энэ хэрэг гурван шаттай гэж би хардаг байсан. Гурав дахь нь ямар учраас энэ хэрэг удаан илрэхгүй байсан юм бэ гэдэг асуудал. 1998 онд гарсан хэргийг шалгах ажил одоо 21 дэх жилдээ үргэлжилж байна. Одоо дөрөв дэх шат гарч ирж байна. Тэр нь Ц.Нямдоржийн зохион байгуулж байгаа шат. Өнөөдөр Ц.Нямдоржийг Хууль зүйн сайд гээд шалгаж чадахгүй бол хэзээ нэгэн цагт Монголын ард түмэн шалгаж л таараа. С.Зоригийн хэргийн тухайд шүүхээр шийтгэгдсэн алуурчид нь амьд байгаа. Учир нь олдоно гэж би харж байгаа" хэмээн ярьсан билээ.
ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХИЙН УРИЛГААР БНСУ-ЫН ЕРӨНХИЙ САЙД АЙЛЧИЛЛАА
БНСУ-ын Ерөнхий сайд И Наг Ён 2019 оны гуравдугаар сарын 25-27-ны өдрүүдэд манай улсад ажлын айлчлал хийгээд буцлаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар айлчилсан БНСУ-ын Ерөнхий сайд И Наг Ёныг манай төрийн өндөрлөгүүд бүгд халуун дотноор хүлээн авсан.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүндэт зочныг жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авч, хүндэт харуул жагсаж, хоёр орны төрийн дуулал эгшиглэв. Улмаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх, И Наг Ён нар их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, “Хүндэт зочны дэвтэр”-т гарын зурсны дараа ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийв. Мөн БНСУ-ын Ерөнхий сайд И Наг Ён Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар нарт бараалхсан.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх уулзалтын үеэр “БНСУ-ын Ерөнхий сайдын айлчлал хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг шат ахиулан хөгжүүлэх, иргэд хоорондын найрсаг харилцааг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” гэсэн бол БНСУ-ын Ерөнхий сайд И Наг Ён “Энэ онд гадаад айлчлалаа Монгол Улсаас эхлүүлж байгаадаа сэтгэл хангалуун байна. Монгол, БНСУ-ын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Монгол Улсын Ерөнхий сайдтай хамтран эрчимтэй ажиллахын төлөө байна” гэсэн юм.
Хоёр улсын Ерөнхий сайд нар 2020 онд тохиох Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэхээр тохирч, БНСУ-ын Ерөнхий сайд ирэх оныг Монгол, БНСУ-ын найрамдлын жилээр зарлах санал дэвшүүлэв. Ойг тохиолдуулан төрийн тэргүүн нарын түвшинд харилцан айлчлал хэрэгжүүлж, харилцаа, хамтын ажиллагааг “Стратегийн түншлэлийн түвшин”-д дэвшүүлэн хөгжүүлэх тухай тунхаглах, үүний бэлтгэлийг хангах хүрээнд Монгол, Солонгосын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны IV хуралдааныг энэ оны эхний хагаст багтаан зохион байгуулахаар тогтов.
Айлчлалын хүрээнд БНСУ-ын 300 сая ам.долларын буцалтгүй тусламжаар нэр бүхий 10 аймагт дулааны цахилгаан станц барих төсөл хэрэгжүүлэх бол БНСУ-ын Засгийн газраас Монгол улсын Засгийн газар олгох нэн хөнгөлөлттэй 500 сая ам.долларын зээлийн хэлэлцээ хийлээ. 500 сая ам.долларын зээлийн санхүүжилтийг Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд орон сууцны бүтээн байгуулалтад зарцуулахаар төлөвлөжээ.
БНСУ-ын Ерөнхий сайд И Наг Ён Монгол Улс Зүүн хойд Ази, Солонгосын хойгт энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэх чиглэлд хүч чармайлт гарган хувь нэмэр оруулж байгааг өндрөөр үнэлээд, “Азийн супер сүлжээ”, “Зүүн Азийн төмөр замын хамтын нийгэмлэг” байгуулах зэрэг БНСУ-ын зүгээс дэвшүүлж буй санаачилгуудыг дэмжиж байгаад талархал илэрхийлэв.
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГИЙН ЭРХ МЭДЛИЙГ НЭМЛЭЭ
УИХ-ын ээлжит бус чуулганаар (2019.03.26) ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу Ерөнхийлөгчийн зүгээс өргөн мэдүүлсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Прокурорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гишүүдийн 81.8 хувийн саналаар хэлэлцэхийг дэмжсэн байдаг.
ҮАБЗ-өөс бүх шатны шүүхийн удирдах албан тушаалтан, Ерөнхий прокурор, Ерөнхий прокурорын орлогч, Авилгатай тэмцэх газрын дарга, дэд дарга нарыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, хугацаанаас нь өмнө чөлөөлөх заалтыг холбогдох хуулиудад оруулах тухай хууль санаачилж, нэн яаралтай горимоор УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдсэн билээ. ҮАБЗ-ийн шийдвэрийн дагуу Ерөнхийлөгчийн зүгээс “Хууль шүүхийн байгууллагын албан тушаалтнуудын ёс зүйгүй байдал хэрээс хэтэрч, хууль, шүүхийн байгууллагад итгэх ард түмний итгэлийг байхгүй болгож, улмаар Монгол төрийг нэр хүндгүй, улс орноо удирдах чадавхигүй болгож байна.
Энэ нөхцөл байдал нь Монгол Улсын оршин тогтнохуйн аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж, цаашид Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалд ноцтой аюул учруулах түвшинд хүрчээ гэж дүгнэж байна. Иймд Монгол Улсын язгуур ашиг сонирхлыг хамгаалж ажиллаж чадахгүй байгаа шүүх, хууль хяналтын байгууллагын удирдлагын үйл ажиллагааг үндэсний язгуур ашиг сонирхолд нийцүүлж, үндэсний аюулгүй байдалд учирч байгаа ноцтой эрсдэлийг арилгах зорилгоор холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачилсан болно” хэмээгээд Шүүгчийн эрх зүйн байдлын хуульд өөрчлөлт оруулах замаар шүүх, прокурор, авлигатай тэмцэх байгууллагын удирдлагыг Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарын нэгдсэн шийдвэрээр чөлөөлдөг болох хуулийн төслийг санаачилсан тухайгаа УИХ-д танилцуулсан юм. Улмаар УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх хуулийн төслийг баталсан билээ.
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ОЮУНХОРОЛЫГ БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГААР ТОМИЛЛОО
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар ажиллаж байсан. Тэрбээр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар томилогдсон. Тэгвэл НББСШУБайнгын хорооны дараагийн даргаа УИХ-ын гишүүн Д.Оюунхорол дөнгөж сая сонгогдлоо.
Байнгын хорооны хуралдаанд 11 гишүүн оролцож, эрх баригч намын бүлгээс Д.Оюунхорол гишүүний нэрийг оруулж ирсэн бол УИХ-ын гишүүн А.Ундраа өөрийн нэрийг дэвшүүлсэн. Байнгын хорооны хуралдаанд 11 гишүүн оролцсоноос А.Ундрааг О.Баасанхүү, Б.Саранчимэг болон өөрөө дэмжсэн санал өгчээ. Харин үлдсэн найман гишүүн Д.Оюунхоролыг дэмжсэнээр тэрбээр байнгын хороог даргалахаар боллоо.
Сэтгэгдэл ( 0 )