Түвдийн хөөгдмөл парламент XIV Далай ламын улс төрийн бүх эрхийг хүчингүй болгосон түвдүүдийн хартид оруулсан өөрчлөлтийг баталлаа гэж Түвдийн хөөгдмөл Засгийн газрын мэдээнд дурджээ.Нобелийн шагналт Далай лам гуравдугаар сарын 10-нд шинээр сонгогдсон удирдагчид улс төрийн бүх эрхээ шилжүүлэн өгч, улс төрийн үйл ажиллагаагаа орхиж, шашны үйл хэргээрээ дагнах бодолтой буйгаа гэнэт мэдэгдсэн билээ. Түвдийн өөртөө засах орны парламентын депутатууд түүний шийдвэрийг сайшааж, дөрөвдүгээр сард түвдүүд Харвардын их сургуулийн хуульч Лобсанг Сангейг хөөгдмөл Засгийн газрынхаа тэргүүнээр сонгожээ.
”Түвдийн 14 дэх удаагийн сонгуулиар сонгогдсон парламент дээрхийн гэгээн Далай ламаар дамжуулан ардчилсан шинэчлэлийг амжилттай хийлээ” гэж парламентын дарга Пенна Церинг ням гарагт болсон санал хураалтын дараа хэлсэн байна. Хартийн өөрчлөлт оруулсан нэгдүгээр зүйлд зааснаар, 75 настай Далай лам “Түвдийг хамгаалагч бөгөөд бэлгэ тэмдэг” юм. Шашны үйл хэргийнхээ сацуу тэрбээр депутатууд болон сайд нарт зөвлөх, хилийн чанадад өөрийн төлөөлөгчийг томилох, гадаадын албаны хүмүүстэй уулзах эрх эдэлж байжээ.Түвд нь XIII зуунд Хятадын бүрэлдэхүүнд орсон боловч тусгаар улс байсан түүхтэй юм. Харин 1949 онд БНХАУ байгуулагдсаны дараа Бээжин, Лхасын хооронд байгуулсан “Түвдийг тайван замаар чөлөөлөх тухай хэлэлцээр”-т тус бүс нутаг өөртөө засах эрхтэй орны хувиар Хятадын бүрэлдэхүүнд орохоор заасан байдаг ажээ.
Нобелийн шагналт Далай лам Түвдийг БНХАУ-ын бүрэлдэхүүнд орсны дараа 1959 онд нутгаасаа гарсан юм. Тэрбээр өөрийгөө дэмжигчдийн хамт Энэтхэгийн Дармсала хотод аж төрж, Түвдийн хөөгдмөл Засгийн газрын үйл ажиллагааг явуулж байв. Далай лам янз бүрийн орноор айлчлахдаа Түвдийн соёлын өвийгхамгаалахын төлөө тэмцлийг дэмжихийг уриалж байжээ. Хятадын эрх баригчид Далай ламыг БНХАУ-аас Түвдийг тусгаар тогтнуулахыг эрмэлздэг хэмээн буруушаадгийг тэрбээр няцаадаг юм.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )