“Транспэрэнси Интернэшнл” олон улсын байгууллагаас дэлхийн 180 улс орон, газар нутгийн нийтийн салбар дахь авлигын төсөөллийн түвшинг тодорхойлоход Монгол Улс "АЮУЛТАЙ" хэмжээнд дүгнэгдсэн нь улс орны хэмжээнд авлига ноцтой асуудал болсныг харуулж байна.
Авлигын хэргээр ихэвчлэн төрийн өндөр дээд албан тушаалтнууд шалгагддаг бөгөөд тэдний оролцсон хэргүүдийн цаана маш их хэмжээний мөнгө санхүү яригддаг. Өнгөрөгч 2018 онд гэхэд Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас 473 үйлдэлтэй, 1224 холбогдогчтой 1138 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна. Энэ явцад шинээр 25 үйлдлийг нөхөн илрүүлсэн ба дээрх гэмт хэргийн улмаас 663 тэрбум 214 сая төгрөгийн хохирол учирчээ.
Баримтаас харахад, гэмт хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа нэр бүхий этгээдүүд нь их хэмжээний авлигын мөнгөө гадаад улсад буюу оффшор бүсэд байршуулах, цаашлаад бусад улс орнуудад үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан нь тогтоогдсон байдаг. Улмаар 20 албан тушаалтан Монгол Улсын Засгийн газрын 244, 326 дугаар тогтоолын дагуу оффшор бүсэд нээлгэсэн банкны дансаа хаалгах, банкинд байршуулсан мөнгөн хөрөнгөө татах, үл хөдлөх хөрөнгөө худалдаж хөрөнгөө авч ирэх болон уг бүсэд хамаарах нутаг дэвсгэрт эд хөрөнгө, данс эзэмшиж байгаа талаараа мэдүүлжээ.
Өнөөдрийн байдлаар АТГ-аас мөрдөн шалгах ажиллагаа явуулж дууссан 224 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлснээс 84 хэрэг шүүхээр бүрэн шийдэгдээд байгаа бол 150 хавтаст хэрэг прокурорын хяналтад болон шүүхийн шатандаа явж байгаа. Харин 63 хэрэг мөрдөн байцаалтын шатанд үлдсэн гэх мэдээлэл байна.
Тухайлбал, Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, Хуульзүйн сайд асан Д.Дорлигжав, “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг, Уул уурхайн дэд сайд асан О.Эрдэнэбулган, “Петровис” компанийг үүсгэн байгуулагч Ч.Давааням нарт холбогдох хэргүүд шалгагдаж байна.
Эдгээр албан тушаалтнуудыг авлигын хэргээр баривчилсан боловч шүүхээс цагдан хорих шаардлагагүй хэмээн үзэж, батлан даалтад гаргаад байгаа. АТГ-аас албан тушаалтнуудыг шалгахад тэдний бүрэн эрх, халдашгүй байдал нөлөөлдөг гэдгийг хэлдэг. Учир нь төрийн өндөр дээд албан тушаалтнуудыг эрүү болон зөрчлийн хэргээр шалгах, тэднээс тайлбар мэдүүлэг авах нь тэдний халдашгүй эрхэнд халдсан үйлдэл гэгддэг бөгөөд гэмт хэрэг үйлдэж байхад газар дээр нь баривчлаагүй л бол бусад аргаар шалгах боломжгүй юм. Тиймээс мөрдөн шалгах ажилтнууд холбогдогчдыг шалгах, хорих, хилийн хориг тавихын тулд бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шаардлагатай. Харин энэ шийдвэрийг прокурор, шүүх болон холбогдох дээд албан байгууллага шийддэг учир зарим талаар авлигын хэрэгт холбогдсон хүмүүс халдашгүй эрхээр хаацайлагдан үлдсэн хэвээр байна.
Нэгэнт хэрэгт холбоотой болох нь тогтоогдсон дараах хүмүүсийг АТГ-аас баривчлан саатуулсан ч шүүхээс тэднийг хорих шаардлагагүй гэж үзэн, батлан даалтад гаргаад байна. Тэдгээрээс энд дурдвал,
ЕРӨНХИЙ САЙД АСАН С.БАЯР
2018 оны дөрөвдүгээр сарын 10-нд баривчлан хорьсон.
2018 оны зургадугаар сарын 08-нд суллаж, хилийн хориг тогтоов.
2018 оны аравдугаар сарын 18-нд дахин эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн бөгөөд хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.
“ЖАСТ” ГРУППЫН ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Ш.БАТХҮҮ
2018 оны гуравдугаар сарын 13-нд анх цагдан хорьсон.
2018 оны зургадугаар сарын 28-нд батлан даалтад гарсан.
2018 оны наймдугаар сарын 31-нд дахин цагдан хорьсон ч дахин батлан даалтад гаргаад байсан.
2019 оны нэгдүгээр сарын 29-нд хүргүүлсэн цагдан хорих санал хүргүүлсэн.
ЕРӨНХИЙ САЙД АСАН Ч.САЙХАНБИЛЭГ
2018 оны дөрөвдүгээр сарын 10-нд цагдан хорьсон.
2018 оны зургадугаар сарын 08-нд суллаж, хилийн хориг тогтоон хэргийг шалгаж байна.
“ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭРИЙН ЗАХИРАЛ АСАН Ч.ГАНЗОРИГ
2018 оны есдүгээр сарын 25-нд баривчилсан.
2018 оны есдүгээр сарын 27-нд суллаж, гадуур шалгаж байна.
САНГИЙН САЙД АСАН С.БАЯРЦОГТ
2019 оны нэгдүгээр сарын 16-нд дахин баривчилсан.
2019 оны нэгдүгээр сарын 30-нд батлан даалтад гаргаж, хилийн хориг тогтоосон.
“УЛААНБААТАР ДУЛААНЫ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ АСАН Д.БЯМБА-ОЧИР
2018 оны аравдугаар сард баривчилсан.
2018 оны арваннэгдүгээр сард батлан даалтад гаргасан.
ХУУЛЬЗҮЙН САЙД АСАН Д.ДОРЛИГЖАВ
2019 оны нэгдүгээр сарын 07-нд цагдан хорьсон.
2019 оны хоёрдугаар сарын 01-нд батлан даалтад гаргаж гадуур шалгаж байна.
АТГ-т мөрдөн шалгасан Шадар сайд асан Ц.Оюунбаатар, УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар, Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл, Эрчим хүчний сайд асан М.Сономпил, Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан Э.Бат-Үүл, Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат, ТОСК-ийн А.Гантулга, МХЕГ-ын газар, хэлтсийн дарга Б.Аззаяа, Д.Баярсайхан, Зам тээвэр, хөгжлийн яамны ТЗУГ-ын дарга асан Б.Махбал нарын албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргүүд шүүхийн шатанд удааширч зарим хэргийн шүүх хурал гурваас дээш удаа хойшлоод байна.
Дашрамд дурдахад, АТГ-аас явуулсан шударга байдлын үнэлгээний судалгаагаар Монгол Улсад авлига их тархсан институцээр 2016 онд Шүүхийн байгууллага гуравдугаарт эрэмбэлэгдэж байсан бол 2018 онд нэгдүгээрт эрэмбэлэгджээ.
Сэтгэгдэл ( 5 )
Шинээр томилогдсон прокурор шүүгчид одоо эдгээр хэргүүдийг хэрхэн шийдвэрлэхээс шинэчлэлийн үнэн царай харагдана.
shuuhyn avilgyn suljeeny buleglelyn tolgoilogch urlug eh, tuuny tursun huu 2 ulam tsetsegleed bh yum daa.
Mash unen ene shuu
УБТЗ-ын дарга Жигжиднямааг АТГ шалгаж байгаа юу. Хэрэв хилийн хориг тогтоосон бол тэр хүн яагаад гадагшаа явдаг юм бэ. Эсвэл тэр хүн гэмгүй хүн үү
АВЛИГАЧИДТАЙ ТӨР ТЭМЦЭЖ ЧАДАХГҮЙ БОЛ АРД ТҮМНИЙ НЭРИЙН ӨМНӨӨС ЦААЗАЛДАГ НУУЦ БҮЛЭГЛЭЛ ҮҮСГЭЦГЭЭЕ.