Монголын чөлөөт бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Буяндэлгэрийн Батбаяртай ярилцлаа.
-Эмэгтэй багийн дасгалжуулагч байх хэцүү юу? Хамгийн эхлээд энэ асуултыг танд тавихыг хүслээ?
-Би анх 2009 оны эхээр л Монголын чөлөөт бөхийн холбооны томилолтоор охидын багийн дасгалжуулагчаар очиж, бүтэн найман жил ажилласан. Хөдөлмөрийн баатар том С.Батцэцэг, О.Насанбурмаа, Э.Сумьяа, Б.Даваасүрэн, Д.Отгонцэцэг Б.Оюунсүрэн гээд манай 90 оныхон бүгд залуучуудын багийн шигшээгийн тамирчид байсан үе юм. Бид нэг нэгэнтэйгээ богино хугацаанд ойлголцож, нэлээн сайн зууралдацгаасан даа. Тэр үеэс л би охид гэдэг чинь биднийг бодвол их тэвчээртэй байдаг юм байна гэж бодох болсон. Цаанаасаа өгөгдөл нь тийм. Дээрээс нь маш үнэнч, дээд зэргийн сахилга баттай зан чанар нь нэмэгдэхээр амжилт гаргах магадлал нь өндөрсөөд ирдэг. Үүн дээр багш нар нь л зөв зүйтэй ажиллах юм бол амжилт үзүүлэх ойрхон гэдгийг ойлгосон. Охидын баг маань З.Дүвчин, Т.Сүхбаатар гээд хоёр туршлагатай сайн багштай байсан. Тэр үед 2012 оны олимпоос С.Батцэцэг маань хүрэл медаль авсан даа. Олимпод оролцох тамирчнаар С.Батцэцэгийг сонгох нь бидний хувьд маш түгшүүртэй сонголт байсан юм. Туркийн Станбулд болсон 2011 оны дэлхийн аваргын тэмцээнээс О.Насанбурмаа 63 кг-ийн жинд барилдаад хүрэл медаль зүүж, олимпийн эрх авсан юм. Манай чөлөөт бөхөд бусад төрлүүдээс ялгаатай дүрэм байдаг нь олимпийн эрхийг тухайн тамирчинд нь биш тухайн улсад нь өгдөг. Энэ бол улсын эрх. Хэнийг явуулах нь улсын шийдэх асуудал. Энэ эрхийг авсан хүн нь О.Насанбурмаа байдаг, яг олимпод явах болоход хоёр тамирчин байдаг. Тухайн жилд О.Насанбурмаа, С.Батцэцэг хоёр хоорондоо барилдсан барилдаануудын үр дүнг харахаар С.Батцэцэг нь илүү олон ялсан байгаад байдаг. Тэгээд багш нарын хувьд хамгийн хүнд байдалд орсон. Тэгэхэд багш нар шийдвэр гаргадаггүй, Холбооны Удирдах зөвлөл шийдвэр гаргадаг байсан. Тэгээд Удирдах зөвлөлийн гишүүд бэлтгэлийн үеэр очиж танилцан шийдвэр гаргахдаа С.Батцэцэгийг сонгосон юм. Тухайн үед О.Насанбурмаа олимпийн эрхийг авсан байдаг, тэгээд явж чадахгүй болно гэдэг тамирчинд хэцүү л зүйл байсан. Тэр тамирчныхаа сэтгэл санааг засах, нөгөө талдаа олимпод явах тамирчнаа бэлтгэх гээд хэн хэнийх нь төлөө ажиллах хэрэгтэй болсон. Тэмцээнд явах эрх авсан ч гэлээ тамирчны хувьд адилхан эмэгтэй хүн, адилхан тамирчны хувьд хүндхэн байсан. Хэрвээ би О.Насанбурмаагийн оронд байсан бол яах вэ гэж бодож байгаа. Тэгээд олимпод хоёр тамирчнаа хоёуланг нь аваад явсан ч барилдахдаа С.Батцэцэг гарсан. Эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн түүхэнд Монголын анхны олимпийн медаль байсан. Тэнд манай хоёрын тэврэлдсэн гоё зураг байдаг юм.
-Та найман жил эмэгтэй багийн дасгалжуулагчаар ажилласан гэхээр олимпийн хоёр цикльд дамнан ажилласан юм байна. Эхний дөрвөн жилийн хөдөлмөр нь олимпийн медальтан төрүүлсэн багшийг үргэлжлүүлээд ажиллуулах зөв сонголт байсан байх аа?
-Лондонгийн олимпийн дараа дасгалжуулагчийн сонгон шалгаруулалт гээд нэг инээдтэй зүйл болдог юм аа. Тэр үед одоогийн энэ Биеийн тамир, спортын газар чинь Спортын бэлтгэлийн төв гээд статус нь жижгэрчихсэн байсан юм. Шигшээ багийн дасгалжуулагчийн сонгон шалгаруулалт гээд өмнөх цикльд нь ажилласан А.Цэдэнсодном багш, эмэгтэй багийн З.Дүвчин, Т.Сүхбаатар багш, залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч нь би гээд дөрвөн багш байсан дээр ахиад есөн хүн нэмэгдээд тэр дунд сонгон шалгаруулалт боллоо. Тэгэхэд л тэндээс сонгон шалгаруулалтыг будилуулдаг юм байна даа гэдгийг мэдсэн. Багш нарыг сонгохдоо хүртэл ингэхдээ яах вэ дээ гэмээр. Тэр үед ний нуугүй манай тамирчдын хувьд ёстой Дүвчин, Т.Сүхбаатар багш бид гурваас өөр хүнийг хүлээж авахад хэцүү сэтгэлзүй бүрэлдсэн байсан. Т.Сүхбаатар багш гэхэд бүр 1998 оноос, З.Дүвчин багш 2004 оноос хойш эмэгтэй багийн тамирчидтай ажиллачихсан байсан. Тухайн үед шавь нар нь ч өндөр амжилттай, С.Батцэцэг олимпоос медаль авчихсан, дэлхийн аварга болчихсон. Т.Сүхбаатар багшийн шавь О.Насанбурмаа дэлхийн аваргаас медаль авчихсан байв. Би залуучууд дээр охидтойгоо нэлээн сайн гар нийлчихсэн. Залуучуудын дэлхийн аваргаас түүхэндээ анх удаа дөрвөн медаль авчихсан тийм үед сонгон шалгаруулалт болж таарлаа. Бид дэлхийн аваргын тэмцээн оролцох болгондоо л медаль аваад яваад байлаа. Сонгон шалгаруулалт хийсэн хийгээгүй бид нэг нэгнээ бөхийн ур чадвараас гадна бусад ур чадвараар хэн нь хэн бэ гэдгээ мэдэх юм даа. Зүгээр нэг төрийн өмчит компанийн тендерт орж байгаа хүмүүс биш байхгүй юу. Бүгд нэг дор өссөн, хамт барилдсан, дээр доор ах зах, насны л ялгаа байхаас биш нэгнээ мэднэ шүү дээ. Тэгээд сонгон шалгаруулалтад ороод спортын анагаах ухааны анхан шатны мэдэгдэхүүн, Сургалт дасгалжуулалтын онол арга зүй, компьютер, гадаад хэлний мэдлэг гээд дөрвөн чиглэлээр шалгалт өгдөг юм. Тэгээд дүн гардаг юм аа. Тэгсэн чинь өмнөх цикльд ажилласан А.Цэдэнсодном ахлах, Т.Сүхбаатар багш бид гурав хамгийн сүүлийн 13, 12, 11 дүгээр байранд ордог юм. Эхний зургаан хүн нь шигшээ багийн багш болох учиртай. Тэр үед Спортын бэлтгэлийн төв сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, шалгалтын комиссыг томилон ажиллуулсан. Спорт бэлтгэлийн төвийн дарга нь манай чөлөөтийн Б.Наранбаатар гэж залуу байсан юм. Ардын багш А.Басхүү шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч болчихсон бүтцийн хувьд ажиллаж байв. Олимпийн дараа байгуулагдсан шинэ байгууллага шигшээ багаа бүрдүүлж байгаа нь тэр. Олимпийн дараа ингээд яг сайхан хашаанд оруулах хүмүүсээ оруулаад оруулахгүйгээ гадна үлдээсэн.
-Тэгээд яаж буцаад багшаар очсон юм бэ?
-Тэр үед Чөлөөт бөхийн холбоо үүнийг зөвшөөрөөгүй. Холбоо зөвхөн санал оруулдаг, төрийн байгууллага нь комиссоо байгуулж, комиссийн бүрэлдэхүүн, хөндлөнгийн хяналтаа ч томилж, сонгон шалгаруулалтаа хийсэн. Тэгээд их будилаан болж, хэл ам дагуулж байж дахин багийг бүрдүүлсэн юм. Эрэгтэй багт Ц.Цогтбаяр багшийг тавьсан, Ц.Пүрэвбаатар гавьяатыг холбооноос Ц.Оюунгэрэл сайдад санал оруулж, эрэгтэй шигшээ багийн багшаар орон тоо нэмүүлж байж томилсон. Тэгээд намайг эмэгтэй багийн ахлах дасгалжуулагч болгож, манай А.Сүхбаатар багш дасгалжуулагч болсон. З.Дүвчин багш бас үлдсэнээр манай баг тэр үед буцаад бүрдэж байсан юм. Яг тэр жилийнхээ зун буюу 2013 онд Казаньд манай баг тэмцээнд очсон. Тэр үед би хараат бус хөндлөнгийн хяналт тавьж байсан Биеийн тамирын дээд сургуулийн багш Энэбиш багштай дасгалжуулагчийн танилцаж, сонгон шалгаруулалтын тухай сонссон юм. Би асууж сураглаагүй л дээ. Нэг удаа хамт хоол идээд сууж байсан чинь хэлж байна. Намайг тосгонд очсоноос хойш олон хоног хамт байгаад нэгнээ ажиглаж байгаа юм чинь. Тэгээд надад хэлэхдээ яагаад энэ хүнийг шигшээ багийн сонгон шалгаруулалтад тэнцүүлж болохгүй шүү гээд захиад байсныг ойлгохгүй байна. Тэр үед чамайг би сайн мэдэхгүй байсан. Одоо ингээд харах тусам яагаад энэ хүнийг ингээд байсан юм бол гээд гайхаж байна гэж. Би тэр үед багшид хэлж байсан юм аа. Багш минь яахав дээ, хүмүүс дургүй хүнээ доош нь дарж, дагаж харайдаг, таалагдсан хүмүүсээ дээш нь гаргадаг болсон шүү дээ. Фракциараа хүмүүсээ бүрдүүлэх гээд тэр нь бүтэлгүйтсэн юм аа. Биднийг арай ч дэндүү дорд үзсэн юм гэсэн. Тэгээд багш “Танай баг үнэхээр гоё бүрдсэн. Тамирчдын эв нэгдэл, багш нарын эв нэгдэл үнэхээр гайхалтай сайхан баг бүрдсэн шүү” гэж. Ингээд 2013 онд би ахлах болоод ахиад олимпийн дөрвөн жил Риогийн олимп дуустал ажилласан... Риод бид муу барилдсаан. Муу барилдсан.
-Яагаад өнөө сайн баг маань олимпод очоод муу болчихсон юм бэ. Бүгд л сайн мөртлөө бүгдээрээ нийлэхээрээ муу болчихно гэж баймгүй.
-Бид олимпоос олимпийн хоорондох тивийн болон дэлхийн аваргын тэмцээнд онц сайн барилдсан. Онц сайн байсан. 2013 оны Дэлхийн аваргын тэмцээнд манай долоон эмэгтэй тамирчин оролцсоноос таван медаль авч байсан. Монголын баг түүхэндээ анх удаа олимпийн төрлийн спортоос багийн дүнгээр дэлхийд хоёрдугаарт орж мөнгөн цом авч байсан. Японы баг дэлхийд тэргүүлдэг бол тус багаас ганцхан онооны зөрүүтэй буюу 48 ба 47 гэдэг дүнгээр бид хоёрдугаарт бичигдсэн. Ташкентэд 2014 онд болсон дэлхийн аваргаас нэг алт, нэг хүрэл медаль, Лас Вегаст 2015 онд болсон дэлхийн аваргаас манай С.Батцэцэг аварга болох таван барилдаанаа ердөө найман минутад дуусгаж байсан. Араас нь Д.Цэрэнчимэд маань мөнгөн медаль авсан. Сургуулиар ярих юм бол бид улирлын шалгалтуудаа онц сайн өгч явсан.
-Тэгвэл тэрэндээ ханаад тайвширчихсан байв уу?
-Тийм биш байх аа. Бид ер нь чамбай бэлтгэсэн. Биднийг 2015 оны гуравдугаар сараас дэндүү муухай хэл ам, хэрүүл тэмцэлд хэсэг бүлэг хүмүүсийн зохион байгуулалттайгаар оруулсан. Биднийг 2015 оноос эхлээд л эв нэгдэлгүй болгох, хагалган бутаргах, нэгийг нь нөгөөгөөр нь элдвээр хэлүүлэх ийм зүйлсийг зохион байгуулсан. Энэ нь ямар шалтгаантай гэхээр 2015 оны гуравдугаар сард Биеийн тамир, спортын хөгжлийн төв гэдэг байгууллага маань Засгийн газрын бүтцийн өөрчлөлтөөр Эрүүл мэнд, спортын яамны харьяанд шилжсэн. Бүтцийн өөрчлөлтөөс болоод төвийг удирдаж байсан хүмүүс өөрчлөгдсөн. Манай Ч.Наранбаатар даргаасаа буусан, А.Басхүү багш ерөнхий дасгалжуулагчаасаа буусан. Энэ хүртэл бидний хооронд чөлөөт бөхийнхны хооронд ямар ч нэг хэрүүл маргаан байгаагүй. Яагаад гэвэл тэр хоёр хүн урдаа ажилтай, хийх юмтай хүмүүс байсан. Тэр гуравдугаар сард эмэгтэй баг Санкт Петербургт болсон дэлхийн аваргад багийн дүнгээр гуравдугаар байр эзлээд ирэхэд удирдлагууд солигдчихсон шинэ дарга болох П.Бат-Эрдэнэ гэж залуу хүлээж авч байсан. Ингээд тавдугаар сард нь Катарын Дохад Азийн аваргын тэмцээнд явах болсон.
-Тэр тэмцээн маш их хэл ам дагуулсныг санаж байна. Багш нар дэвжээнд гарч барилддаг мөн биз дээ?
- Бидэнд Дэлхийн чөлөөт холбооны нэг журам байдаг юм. Тэмцээн болохоос хоёр сарын өмнө тоон мэдүүлгээ өгөх, нэг сарын өмнө нэрэн мэдүүлгээ өгдөг. Үүнийг нь бид мөрдөхгүй бол системээрээ нээж хаадаг учраас хүний үйл хөдлөлөөр биш систем нь цагаараа нээгдэж хаагддаг учраас их аюултай. Тэгээд бид эмэгтэй багийнхан мэдүүлгээ цаг нараараа өгчихсөн асуудалгүй байсан. Харин эрэгтэй баг маань хөдөө гадаа хол ойр бэлтгэл цугларалтад байж байгаад нэрэн мэдүүлгээ системээс хоцроосон. Нэг жинд нэг хүн орох ёстой. Урьдчилсан мэдүүлгүүд өгөхдөө нэг жинд 2-3 хүний нэр өгч болдог. Эцсийн мэдүүлэгт тэр дундаасаа нэгийг сонгож, сарын өмнө баталгаажуулдаг. Тэр явдал нь хоцорсон юм. Булангийн орнуудад визний журам нь их чанга. Монголын багаас нийт 33 хүн л хүлээж авна гэдэг тоог өгсөн. Эмэгтэй тамирчид, багш, эмч гээд энэ тооны талд нь манай баг, за нөгөө талд нь эрэгтэй багаас тэр тооны хүн явах ёстой болсон гэсэн үг. Хамгийн эхлээд эмэгтэй багийн мэдүүлэг хугацаандаа илгээгдсэн болохоор түрүүлээд визний урилга нь ирсэн л дээ. Эрэгтэй баг нэг жинд 2-3 хүн өгсөн байсан бол хүнд жин рүүгээ тоо нь хөөгдөөд цөөхөн хүн явах болсон. Холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Баянмөнх багш Катарын талтай холбоо бариад л их хөөцөлдсөн. Тэгээд виз нь болчихлоо гээд бид нисээд очсон. Очтол нэвтрэх визийг шүүгээд үзтэл нэр код нь зөрсөн. Би тэр дунд орчуулга хийж байсан учир сайн мэдэж байна. Тамирчдыг визийн кодоор нь оруулахаар нэр нь зөрөөд, нэрийг нь хийхээр код нь өөрөөр гараад байна гээд Катар руу цааш дамжин нисэх онгоцонд суулгаагүй. Гурван тамирчин үлдэхээс өөр аргагүй болсон учир Б.Баяраа багштай дөрвүүлэнг нь Дубайд үлдээгээд бид цаашаа ниссэн.Тамирчдынхаа оронд багш нар нь барилдсан гэдэг чинь тэр. Азийн аваргын тэмцээнд тухайн жинд тамирчин оролцоогүй бол Дэлхийн аваргын тэмцээнд тэр жинд нь тамирчин оролцуулдаггүй. Тэгтэл 2015 он гэдэг чинь Дэлхийн аваргаас олимпийн эрх авах анхны тэмцээн байгаад байдаг. Ингээд тэр тэмцээнд 74кг, 97 кг, 125 кг-д тамчирчин хэрэгтэй болсон. Тэгээд би 125 кг-д, А.Цогтбаяр багш 97 кг-д, манай Д.Энхбаяр багш хөл шохойтой 74 кг-д барилдана гээд жингээ үзүүлсэн. Үндсэндээ жингээ үзүүлчихсэн байхад л тухайн жинд тамирчин оролцсоноор тооцогддог. Дэвжээнд гарахгүй байсан ч болно. Д.Энхбаяр багш маань дэвжээнд гараагүй. А.Цогтбаяр багш бид хоёр дэвжээнд гарч барилдаж үүргээ гүйцэтгэсэн дээ. Эргээд бодоход тэндээс бүх юм эхэлсэн.
-Виз будилж, тамирчид хил дээр үлдсэн асуудлыг хэлж байна уу?
-Тэгээд ямар ч байсан гурван тамирчныхоо оронд багш нар нь барилдаад дараагийн эрхээ авсан. Тэгэхдээ тэр гурван тамирчин маань амжилт үзүүлэх гэж явж байсан болохоос биш эрх авах гэж очиж байгаа хүүхдүүд биш байхгүй юу. Тэдний хувьд маш хүнд байсан. Энэ бол яах аргагүй чөлөөт бөхийн холбооны ажлын аппаратын алдаа. Гэхдээ үүнийг чөлөөт бөхийн холбооны үйл ажиллагаа, ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн түвшинд муу ажиллалаа гэж үзэх үндэслэл бас биш. Тэр бол яг тухайн үед нарийн бичгийн ажлыг хийж байсан хүмүүсийн хариуцлагагүй, нөгөө талд нь цаг хугацаанд нь тамирчдынхаа нэр усыг өгөөгүй багш нарын аль алиных нь алдаа. Гэтэл үүнийг санаатай хийсэн, эрэгтэй багийн амжилтыг хаах гэж хийсэн ажил гэж дэвэргэсэн хүн нь Басхүү багш. Би үүнийг тэр үед нь мэдсэн. Гэхдээ санаандгүйгээр.
-Яагаад тэгнэ гэж. Өөрийг нь ажлаас чөлөөлсний тооцоог бодох шалтгаан байсан юм уу?
-Тэр үед А.Басхүү багш ажилгүй болсон байсан ч өмнө нь Чөлөөт бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргын ажлыг 19 жил хийсэн хүн. Энэ байдлаар далимдуулж чөлөөт бөхийн холбооны үйл ажиллагааг эргүүлж авья, ажиллаж байгаа хүмүүсийг унагаая, олимпод эднийг амжилт гаргуулж болохгүй гэдэг ажлыг энэ хүн өөрөө хийсэн. Би яаж гайтай юм шиг мэдсэн бэ гэхээр... Тэр үед Катарт армийн маш олон залуус солилцоогоор ирж таараад бид тэдэнтэй тэмцээний дараа хамт сууцгааж байсан юм. Тэдэнтэй орой хамт сууж байх үед Ц.Цогтбаяр ах Ipad-аа орон дээр ил тавьчихсан байхаар нь цааш нь ширээн дээр авч тавья гээд автал дэлгэцэн дээр нь Басхүү багш Ц.Цогтбаяр хоёрын хоорондоо бичсэн мэссэнжэр чат нь ил байсныг би уншчихсан байхгүй юу. Би бол тэрийг уншсанаараа мэдэх байх, хоорондоо бичилцсэнээрээ тэр хоёр өөрсдөө мэдэх байх. Өөр хүн мэдэхгүй. “Энэ асуудлыг одоо л наанаа зохион байгуул, буугаад хэвлэл мэдээлэлд ингэ тэг” гээд бүх зүйлийг хийсэн байсан. Тэр үедээ бол яахав дээ, Д.Дагвадорж, ерөнхий нарийн бичгийн дарга байсан О.Баянмөнх хоёрыг л энэ үйлдэл дээр нь унагаа, нийгмийн сэтгэл зүйг тэр хэмжээнд нь бэлтгэ гэдэг юм руу орсон. Тэр байтугай дараа жил нь олимпод очсон манай С.Батцэцэгийг гэмтэл аваад сэтгэл зүйн хувьд бүгд л хүнд байдалд байхад онгорхой цонхон доор нь утсаар ярьж байгаа юм. “Одоо эд дууссаан, ганц найдвар нь гэмтэл авсан” гээд ярьж байсан улс шүү дээ. Би одоо болтол үүнийг хэнд ч хэлээгүй. Гэтэл би чинь бас хүн шүү дээ. Өмнөө зорилго тавиад хэдэн тамирчдаа бүгдийг нь амжилтад хүргэчих юмсан гээд багийг малгайлаад явж байхад... Би багтаа бол аав нь шүү дээ.
-Томчуудын харилцаанаас тамирчид хохирно гэдэг харамсалтай зүйл. Тамирчдын дэвжээний нас богинохон шүү дээ?
-Тэр богинохон карьерийн хугацаанд нь амжилтад хүргэчих юм сан гээд явж байсан болохоос би нэр хүнд алдар гавьяа, шагнал, мөнгө төгрөг хөөгөөгүй. Миний гэр бүлийн хүмүүжил, сайхан эцгийн маань хэлдэг байсан ганц үг нь “Өмнөх ажлаа хийсэн шиг хий” гэдэг зарчим. Би тамирчны амьдралаар арван хэдэн жил, дараа нь багшийн амьдралаар арван хэдэн жил ингээд хорин жил явлаа. Миний ар тал гэр орон, үр хүүхэд бүгд хойно үлддэг ч нэг удаа надад ажилтай минь холбоотой гомдол хэлж байгаагүй. Өчнөөн хүн орж ирээд гараад явахыг алийг тэр гэх вэ дээ. Одоо эхнээсээ бүгд яваад өглөө шүү дээ. Хамгийн эх оронч, мундаг, ганцхан Монголоо босгоно гэж байсан хүмүүс Хятадад ажиллаж байна. Энэ эх оронч үзэл юм уу? Чөлөөт бөхийн холбоо хавчаад явуулчихлаа гэдэг. Хүмүүсийг хавчсан юм ерөөсөө байхгүй. Нэг нь Риогийн олимп дээр хувцсаа авч шидээд эрхээ гурван жилээр хасуулсан нь энэ есдүгээр сард хугацаа нь дуусна. Нөгөөх нь шигшээ багт орж ирээд ажиллах боломжийг нь Шаравжамц дарга бид хоёр хоёр талаас нь оруулах гэж байтал өөрөө сонголт хийгээд яваад өгсөн хүн.
-Нөгөө хувцсаа шиддэг хоёр багшийг хэлээд байна уу?
-Нэг нь тийм. Нөгөөх нь манай О.Пүрэвбаатар. Б.Баяраа багш боловсролтой хүн байхгүй юу. Маш их судалдаг, уншдаг хүн...
-Цаг үеийн анхаарал татсан нэг зүйл бий. П.Орхоны эрхээ хасуулсан явдалд Таныг буруутгасан мэдээллийг түүний багш удаа дараа илэрхийлсэн. Та үүнд тайлбар өгөөч?
-Би “Алдар” нийгэмлэг дээр очоод Г.Өсөхбаяр даргатай уулзаад одоо яах вэ ингээд яваад байх юм уу гээд ярилцсан. Бүгдээрээ хамт суугаад мэдээлэл хийе гэж хэлсэн. Одоо үүсээд байгаа асуулт, хүлээлтэд нэг дор цэг тавья гэж байгаа юм. Ийм л юм болоод өнгөрчээ гэж. Тэгэхгүй бол би өнөөдөр гараад нэг мэдээлэл хийнэ, дараа нь Ц.Хосбаяр, Ц.Цогтбаяр, П.Орхон гараад ярих дуусашгүй зүйл юм. Эргээд л нэг нэгэн дээрээ ирнэ. Тэгсэнээс нэг дор суугаад өөр өөрсдөдөө чиглэсэн асуултандаа хариулт өгөөд дугуйлаад авья гээд би цагаан сарын дараа Өсөхөө даргатай өрөөнд нь очиж уулзсан. Урьд орой П.Орхоныг тэнд хүрээд ирээрэй гэж хэлсэн. Ц.Цогтбаяр ах урьд байсан. Ц.Хосбаярыг хүрээд ирээрэй гэж хэлсэн. П.Орхон маань ирээгүй. Гэхдээ би одоохондоо хүнтэй уулзмааргүй байна гэж хэлсэн. Тэр нь зөв байх. Сэтгэлзүйн хувьд ямар хүнд байгаа билээ. Тэгээд Өсөхөө аварга, Ц.Хосбаяр бид гурав уулзсан. Уулзаад Ц.Хосбаяр багш юу ярьдаг вэ гэхээр “Холбоонд л бичиг ирсэн. Тийм болохоор холбоо л юмаа ярь. Тэрний чинь дараа би ярина” гэсэн. Би тэгэхгүй ээ, хамт сууж ярина аа гэж хэлсэн. “Алдар” нийгэмлэгийн дарга Өсөхөө аварга цугтаа суугаад мэдээлэл хийсэн нь дээр ээ. Тэгэхгүй бол дуусашгүй маргаан болно гэж хэлсэн ч ойлголцолд хүрээгүй. Дараа нь "SBN" телевизийн “Үнэн худлын дэнс” нэвтрүүлэгт ороод бас үндэслэл тооцоогүй, баримт нотолгоогүй баахан юм ярина лээ. Яахав ээ, манай хүний гэм биш зан. Нийгмийн сүлжээгээр санаандаа орсон, ургуулан бодсон бүх юмаа бичнэ, хардсан юмаа ч бичнэ. Үүндээ ямар ч хариуцлага хүлээхгүй хүн л дээ. Өө би мэдэхгүй, би тэгж бодсон, эсвэл тэр хүн тэгж ярьж байна л гэдэг юм.Тийм байлаа гээд хариуцлагагүй мэдээлэл хүмүүст өгч болохгүй.
-Бодитой, болсон явдал нь яг яаж өрнөсөн юм бэ?
-Наймдугаар сарын 24-ний шөнө над руу Жакартагаас багийн дарга Ц.Сандуй вайберээр залгасан. За Батбаяр аа, ийм асуудал боллоо. Одоо яаралтай П.Орхонтой холбогдох хэрэгтэй байна. Яагаад гэвэл маргааш 10 цагаас өмнө Б сорьцоо шинжлүүлэх үү гэдэг хариуг тамирчнаас өөрөөс нь авах ёстой гэсэн. Тэр үед Орхон Азийн тоглолтоос шууд Япон руу сэргэлтийн бэлтгэлд оччихсон байсан. Тэгээд би тамирчидтай хэнтэй нь ч холбогдож чаддаггүй. Тэгтэл ашгүй Э.Бэхбаяр унтаагүй байж таараад фэйсбүүкийн мэссэнжэрт холбогдсон. Бэхээд эхлээд баяр хүргэчихээд дараа нь “Чи яаралтай Э.Нарангэрэлийг олоодох оо” гэж хэлсэн. Шууд Орхоныг биш, эмэгтэй багийн нэг тамирчнаа дуудуулж байгаа юм. Тэгсэн Нарааг өрөөнийх нь хаалгыг цохиж байгаад хэлчихлээ. Одоо тан руу бичнэ ээ гэж хариу ирсэн. Дараа нь Нараагаар П.Орхоныг надтай холбогдооч ээ гэж хэлүүллээ. Энэ бол хувь хүний эрхтэй холбоотой маш том асуудал юм. Ингээд Орхон “байна уу багш аа” гээд чаатад ороод ирэхээр нь бичээд дараа нь “за хоёулаа одоо энийг ярья аа” гээд ярьсан. “За, миний хүү жаахан таагүй мэдээ дуулгах нь ээ. Ийм ийм юм болсон байна. Шинжилгээнээс ийм хариу гарчээ. Одоо бид хоёрт их богинохон цаг хугацаа байна. Тийм учраас өглөө маш эрт, одоо ч хамаагүй боломжтой бол багш нартайгаа холбогд. Өөр хүнд битгий хэлээрэй. Одоохондоо энэ А сорьцоос илэрсэн. Дараа нь Б сорьцоо шинжлүүлэх үү үгүй юу. Цаашдаа ямар байдлаар биед нэвтэрсэн бэ гээд ийм ажлууд явах юм чинь нууцлаарай. Гэхдээ яаралтай багш нартайгаа холбогдоод Б сорьцоо шинжлүүлэх үү, үгүй юу гэдэг шийдээ 10 цагаас өмнө өг. Хэрэв өгүүлнэ гэвэл хоёулаа бас нэг форм бөглөх ёстой. Үүнийх нь загварыг чам руу явуулья” гэж ярилцсан. Тэгээд тэр загварыг өөр рүү нь явуулсан. Өглөө нь Б сорьцоо шижлүүлье гэдэг хариуг өгсөн. Шинжилгээнийх нь хариу өмнөхтэйгээ адилхан байна гэсэн хариу тун удалгүй, ер нь гурав хоногийн дараа гарсан.
-Хоёр шинжилгээний хооронд хэдий хугацаа байсан бэ?
-Дөрөв хоног. Гэхдээ шинжилгээний дээжийг нэг өдөр аваад хоёр тусдаа саванд А сорьц, Б сорьц гэж хадгалаад эхлээд А-г нь шинжилгээнд явуулдаг юм. Ингээд наймдугаар сарын 31-нд Азийн олимпийн зөвлөлөөс манайд Дэлхийн бөхийн холбоогоор дамжаад шинжилгээний хариу, илэрсэн бодисыг мэдэгдсэн албан бичиг ирсэн. Азийн наадам учраас Азийн олимпийн хороо хариуцан зохион байгуулж явуулдаг тэмцээн л дээ. Зохион байгуулагчдаас ирсэн гэсэн үг. Үүний дараа медалийг нь хураана, амжилтыг нь хүчингүйд тооцож байна гэсэн шийдвэрүүд гарна. Ингээд бичиг авсан даруйдаа сайдтай уулзаж, дараа дараагийн арга хэмжээнүүдийг авсан. Тал талаас зохион байгуулагчдад албан бичгээр хандаж, тайлбараа явуулсан. Эцсийн шийдвэр гартал бид зүгээр суугаагүй юм. Гэтэл тамирчнаа хамгаалахын тулд юу ч хийгээгүй гээд байдаг. Бид маш цомхон хүрээнд Г.Өсөхбаяр дарга, П.Орхоны хууль ёсны өмгөөлөгч Г.Мандах, Ц.Цогтбаяр багш өөрөө, холбооноос би, өмнө нь допингийн асуудлаар олон кейс дээр ажиллаж байсан Н.Цогтсайхан гээд залууг бүрэлдэхүүндээ оруулаад ажиллаж эхэлсэн. Бид лав дөрвөн удаагийн уулзалт хийж, ямар гарц байна вэ, хөнгөрүүлэх ямар нөхцөл байна вэ гэдгийг хэлэлцсэн. Ямар зүйл заалтыг барьж явбал байдлыг хөнгөрүүлэх вэ гэж судалсан. Хэд хэдэн заалт бий. Хамгийн нэгдүгээрт, бодитой хөнгөрүүлж болох нөхцөл нь бодит үнэн байдлаа мэдээлэх юм бол... гэсэн заалт байгаа юм. Хэрэв энэ бодис биеэс илэрсэн бол ямар байдлаар нэвтэрсэн байж болох вэ гэдгийг, ямар хүн санал болгож яаж хэрэглэсэн бэ гэдгийг мэдээлнэ гэсэн үг. Энэ бодис яаж биед нэвтэрснийг Орхоноос өөр хэн ч мэдэх боломж байхгүй. Үнэхээр өөрөө хэрэглээгүй бол ямар байдлаар биед нэвтэрсэн байж болох вэ гэдгийг бид мөн хайх ёстой. Энэ асуудал сүүлдээ зах замбараагаа алдсан.
-П.Орхон өөрөө юу ч хэлээгүй юу?
- П.Орхон өөрөө бол биднийг Азийн тоглолтын тамирчдын тосгонд байх үед хоол ундны байдлаар дамжсан байж магадгүй. Бид өрөөндөө хоол ундаа хийж идэж байсан гэж хэлсэн. Тэр нь бас нотлогдоход маш хүнд. Өрөөндөө гурвуулаа амьдарч байсан. Нэг нь манай хамгийн туршлагатай тамирчин О.Насанбурмаа. Нөгөө нь доод жингийнх нь тамирчин жижиг А.Батцэцэг байсан.
-Нэг тогооноос хоол идэж байсан уу?
-Манай тамирчид чинь жин хасах, барихаас эхлээд хооллолт том асуудал. Ялангуяа П.Орхоны хувьд өөрөө дан тусгай хоолыг 2015 оноос идэж эхэлсэн юм. Маш зөв хооллолттой. Өөртөө яг юу хэрэгтэй вэ гэдгээ олж идэж хэрэглэж эхэлсэн манай анхны тамирчдын нэг. Үүнийх нь ач тус ч гарсан байдаг юм. П.Орхон өөрөө тийм зүйл л хэлсэн. Ер нь маш их таамаг байсаан. Хүмүүс энд тэндээс янз бүрийн зүйл хэлж байсан. Хамгийн гол нь бид П.Орхонтой л их ярилцаж байсан. Тайван бодоод үз, мартсан санасан зүйл байна уу гээд л...
-Тэр бодис ямар онцлогтой эд вэ. Хүний биед өөрт нь үүсдэг бодисууд ч байдаг шүү дээ?
-Бид энэ тохиолдлоос хойш л спортын анагаах ухааныхантай хамт судаллаа. Үндсэн багш нар нь ч судаллаа. Ер нь бөхийн спортыг сонирхдог монголчууд бүгд л судаллаа. Дангаараа таблеткаар ч байдаг, тариагаар ч байдаг юм байна. Хүний биед үүсдэггүй, нийлэг шинж чанартай. Ямар ч байсан илэрсэн. Илэрсэн гэж байгаа юм. Хэрэглэсэн гэж хэлээгүй, бас нотлоогүй. Шинжилгээнд ч бас сорьцоос илэрсэн гэж тайлбарлаж байгаа. Допингийн эсрэг хуулиар тамирчин өөрийг үүнээс хамгаалах үүрэгтэй. Тэгэхээр тамирчин маань ч нэгдүгээрт өөрийгөө хамгаалж чадаагүй, хоёрдугаарт тайлбараа ч хангалттай гаргаж өгөөгүй. Бид олон янзын тайлбар ярьж байгаад заасан хугацаа болох есдүгээр сарын 26-ны дотор тайлбар бичгээ хамтдаа гаргасан. Хоёр тайлбар гаргаж явуулсан.
-Хоёр өөр тайлбар уу?
-Үгүй, үгүй. Ар араас нь хоёр тайлбар гаргасан. Холбооны зүгээс явуулсан тайлбар нь хүсэлт маягийн юм. Ийм, ийм явдал болсон. Өмнө нь ийм тохолдол гарч байгаагүй. Харамсалтай явдал болсон. Монголын болон дэлхийн бөхийн холбооны нэр хүндэд харш үйлдэл гаргасандаа гэмшиж байна. Манай тамчирны энэ их хөдөлмөр, итгэл найдварыг мохоосон биш бусдад тамирчдад үлгэр жишээ болохоор, бас өөрт нь итгэл өгсөн ийм хөнгөн арга хэмжээ авч өгөөч ээ гэсэн хүсэлт. Харин тайлбарыг нь бол тамирчны зүгээс гаргасан. Дараа нь манай холбооноос Та бүхэн үүнд анхаарлаа хандуулж өгнө үү гэсэн бичиг явуулсан. Хорлогдсон байж магадгүй гэдэг үндэслэлээр Орхон өөрөө Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргасан байдаг.
-Тэгээд цагдаа шалгаж тогтооно гэсэн үг үү?
-Үүнийх нь дагуу хэрэг бүртгэлийн дугаар бүхий нэг хэрэг үүсээд явсан байдаг. Тэр хугацаанд ямар ч байсан Монголын чөлөөт бөхийн холбооны талаас нэг ч удаа тайлбар мэдүүлэг аваагүй. Ингэж явж байгаад цагдаагийн газраас нэг бичиг аваад тэрийгээ Дэлхийн бөхийн холбоонд явуулсан юм билээ. Тэр тухайгаа бидэнд огт мэдэгдээгүй. Тэр бичигт юу гэсэн байсан бэ гэхээр ингээд хэрэг үүсгэсэн, шалгаж байсан. Шалгаж байх явцад фитнесс буюу хүчний бэлтгэлийн дасгалжуулагч нь нас барсан учраас энэ хэргийг хаасан гэсэн утгатай. Үүнийгээ шуудангаар явуулсан байсан. Энэ талаар бид Дэлхийн бөхийн холбооны допингийн асуудал хариуцсан хүнээс дараа нь олж мэдэж байгаа юм. Танайхаас ийм тайлбар ирлээ гэж танилцуулсан. Зүй нь бидэнтэй үүнийгээ зөвшилцөх л ёстой байсан байх. Учир юу гэхээр өөрийнхөө зүгээс явуулсан хоёр тайлбар нь хоорондоо зөрүүтэй болж хувирсан. Өмнөх тайлбараа дараа нь үгүйсгэсэн байдал үүсгэчихсэн. Өмнөх тайлбартаа юу гэсэн гэхээр “Алдар” нийгэмлэгийн эмч Батбилэг гэдэг хүн надад дусал хийсэн. Цагаан өнгийн үл мэдэгдэх нэртэй, хятад бичигтэй дусал хийсэн. Үүнээс өөр юм байхгүй гэж явуулсан байдаг юм. Гэтэл дараа нь гэнэт хүчний дасгалжуулагч нас барсан, иймээс цааш хэргийг үргэлжлүүлж шалгах боломжгүй боллоо гэсэн бичгийг явуулсан.
-Гомдолдоо тэр багшийг сэжигтнээр шалгуулах хүсэлт гаргасан байсан юм болов уу?
-Тэр багшийн талаар би бол өөрөөс нь асууж байсан. За П.Орхон, Д.Энхтөр багшийн хувьд чамд янз бүрийн зүйл санал болгож, эм тариа хэрэглэж байсан зүйл бий юу. Чамайг гурван жил гардаж бэлтгэлийг чинь хийлгэж байсан хүн. Ийм тохиолдол бий юу гэхэд “үгүй, огт байхгүй” гэж хэлж байсан.
-Тэр багш хэзээ яагаад өнгөрсөн юм бэ?
-П.Орхоны шинжилгээнээс тэр бодис илэрсэн гэдгээс хойш удаагүй өнгөрсөн санагдана... Гэнэт нас барсан. Шалтгааныг нь би мэдэхгүй. Бидний хувьд их сонин л байдал үүсч байгаа юм. Тэгээд тэр явдлын дараа нь цагдаа дээр очиж ямар мэдүүлэг өгснийг бид одоогоор мэдэхгүй шүү дээ. Ийм дасгалжуулагч байсан гэсэн ч юм уу, үгүй ч гэсэн юм уу, бүү мэд... Гэтэл яагаад тэр цагдаагийн байгууллагын дүгнэлт дээр “хүчний бэлтгэлийн дасгалжуулагч нас барсан учраас хэргийг хаалаа” гэдэг өгүүлбэр байгаа юм бэ гэдэг нь оньсого байгаа юм. Тэр талаараа надад огт хэлээгүй. Холбоонд огт мэдэгдээгүй.
-Тэр цагдаагийн бичгийн талаар та хэзээ мэдсэн юм бэ?
-Хэзээ юм бэ ээ, ер нь сүүлд дээ. Өөрөө тайлбар өгье гэдэг хүсэлт тавиад онлайн сонсгол хүртэл хийсэн юм. Онлайн сонсгол хоёрдугаар сард хийсэн гэхээр лав үүнээс хойш ирсэн.
-Одоо таныг энэ явдалд хардаж байгаа учир нь юу билээ. Та Жакартад хамт байсан юм уу?
-Би Жакарта яваагүй байхгүй юу даа. Би яагаад яваагүй вэ гэхээр энэ олимпийн наадам, Азийн наадамд тухайн төрлүүдэд нь квот өгчихдөг юм. Дасгалжуулагч, албан хүн нийлээд төдөн хүн гээд. Намайг явбал дасгалжуулагч нараас нь нэг хүн хасагдах гээд байсан юм. Тэгэхээр нь би ажлаа хийгээд гал тогоонд нь юмаа зуурч байгаа хүн нь яв аа. Би бол холбооны талд өдөр тутмын үйл ажиллагаа, бодлогын хэрэгжилт хариуцаж байгаа хүний хувьд тэнд очоод яахав ээ. Та нар минь оч оо. Тэндээ судалгаа, шинжилгээ сайн хий. Явуулж байгаа үйл ажиллагаа, бэлтгэл сургуулилтын үр дүн чанар чинь ямар байна гэдэгт дүгнэлт хий, Азийн багаа судал гээд багш нараа хамт явуулсан юм. Үнэндээ багш нар нь тамчирдаа зааж чиглүүлээд байж байх нь илүү үр дүнтэй. Тэгээд би яваагүй, би энд байсан. Тэгээд намайг хорлосон гээд байгааг нь гайхаад байх юм.
-Та Орхонтой явахаас нь өмнө уулзсан уу?
-Наймдугаар сарын 5-ны өдөр Спортын ордонд болсон тэмцээний үеэр уулзсан.
-Тэр үедээ хамт хоол унд идээгүй юу?
-Үгүй чишш. Би ер нь тамирчидтайгаа хоол унд идэх цаг зав гарахгүй л явж байна шдээ. Тамирчид маань багш аа, та ирээч ээ, бэлтгэл дээр ирээч ээ гэж хүсэлт тавьдаг юм. Намайг өмөөрч байгаа тамирчид бий. Манай охид над руу бичдэг юм. Багш аа, таныг арай дэндүү доромжилж байна. Дэндүү гүтгэж байна. Бид энэ доторх бодит байдал, энэ багш тамирчдын хооронд юу болдгийг сайн мэднэ шдээ. Та яагаад ингээд гүрийгээд байгаа юм бэ гэж. Би нэг л юмыг хэлдэг. Та нар бэлтгэлээ л хий. Урдах юмаа л анхаар. Энэ бол тусдаа асуудал гэж. Сүүлд манай хоёр тамирчин бичиж л байна лээ. Одоо бид юм дуугарна аа. Хэтэрхий муухай байна аа. Яагаад ганцхан хүн яриад, өөр хүн ярьж болдоггүй юм бэ гээд байгаа. Би “та нар болохгүй шүү” гээд хориглож л байгаа. Гэхдээ тэр бол хувь хүний үзэл бодлоо илэрхийлэх эрхэнд нь хаалт л хийж байгаа гэсэн үг.
-Та Чөлөөт бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Риогийн олимпоос хойш ажилласан байх аа?
-Би шигшээгийн багшийн ажлаа олимпоос ирээд өгсөн. З.Дүвчин багш, А.Сүхбаатар багш бид гурав гурвуулаа өргөдлөө бичээд “Олимпод алтан медаль авах зорилго өмнөө тавьсан байснаа биелүүлж чадсангүй. Ажлаа өгье” гэдэг хүсэлтээ тухайн жилийнхээ есдүгээр сарын 27-нд чөлөөт бөхийн холбоонд өгсөн. Одоо хоёр багш маань клуб дээрээ, би холбоонд ажиллаж байна. Намайг 2016 оны 12 дугаар сарын сүүлээр Чөлөөт бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга О.Баянмөнх багш маань эрүүл мэндийн шалтгаанаар ажлаар өгснөөр түүний оронд түр үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Тэгээд он гарангуут нэгдүгээр сарын 5-нд Удирдах зөвлөлийн хурлаар батлаад л энэ ажилд орчихсон. Би ажил албан тушаалд дурласандаа ч биш л дээ. Ер нь энэ холбооны нарийн бичгийн даргын ажил гэдэг хүн хүсээд байх ажил биш.
-Цалин мөнгөгүй юу?
-Би ажилд ороод эхний гурван сар л цалин авсан. Надтай хамт ажлын аппаратад дөрвөн хүн ажилладаг юм. Би тэдний цалинг өнөөдрийг хүртэл таслаагүй. Хүндрэлүүд гарч байсан. Заримдаа хоёр, гурван сараар нь бөөгнүүлж байгаад шийддэг. Төрийн бус байгууллагын санхүүжилт хандив дээр л тогтдог юм. Манайхан холбооны Удирдах зөвлөлд ажиллаж байгаа хүмүүсээ үнэхээр муухай гутааж байна. Тэр хүмүүс чинь өөрсдийнхөө хүч хөдөлмөр, зовлогоо зовоож олсон мөнгөө хувааж энэ бөхийн хөгжилд зориулж яваа юм. Гэтэл тэр хүмүүсээ нулимаад л ихэнхийг нь явуулсан шүү дээ. Нөгөөдүүл нь одоо больё оо, ингэж доромжлуулан байж ажиллахаа больё оо гээд явсан. Уг нь бүгд бөхөд сэтгэлтэй сайхан улс байсан. Гэтэл манай холбоо шиг тамирчдаа өндөр шагнадаг, тэднийхээ ар гэр, ахуй амьдрал, нийгмийн асуудлыг шийддэг холбоо байхгүй гэж би боддог.
-Жүдо бөхийн холбоо байгаа юм биш үү?
-Жүдогийн холбоо мундаг аа мундаг. Гэхдээ би нэг юм асууя. 2015 оны есдүгээр сард манайхан Лас Вегаст болсон дэлхийн аваргад эрэгтэй багаас Э.Бэхбаяр, Б.Номин, П.Өнөрбат гэсэн гурван залуу гурван медаль, эмэгтэйчүүдээс С.Батцэцэг аварга болоод С.Цэрэнчимэд мөнгөн медаль аваад ирж байсан. Тэгэхэд чөлөөт бөхийн холбооноос аварга болсон С.Батцэцэгт дөрвөн өрөө байр, нэг кг алт, мөнгөн медаль авсан С.Цэрэнчимэдэд 500 гр алт, би МТС группийн ерөнхийлөгч П.Бат-Эрдэнэ найздаа хэлж байгаад мөн цоо шинэ суудлын автомашинаар шагнасан. Яагаад гэхээр С.Цэрэнчимэдэд өмнө нь 2014 онд дэлхийн аварга болоход нь Удирдах зөвлөлийн гишүүн, “Алтай констракшн”-ий Х.Бат-Эрдэнэ гурван өрөө байраар шагнасан. Хүрэл медаль авсан тамирчдад 300 гр алт, Б.Номинд “Гацуурт” компанийн захирал Л.Чинбат хоёр өрөө байр, хүрэл медаль авсан Э.Бэхбаярт “Алтай констракш” байр, мөн мөнгөн медаль авсан П.Өнөрбатад “Хасу мегаватт” компани бас байр гээд Удирдах зөвлөлийн гишүүд шагналыг гаргаж өгсөн. Байр сууц, машин, дээр нь хуримтлалыг нь шийдэхэд тухайн үед гайхаж байсан шүү дээ. Одоо Г.Хосбаяр П.Орхоныг ялгаварлан гадуурхсан гэж хэлдэг юм. 2017 онд П.Орхоныг дэлхийн аварга болоход гурван сая төгрөгөөр шагначихаад энэ жил О.Насанбурмааг дэлхийн аваргаас олимпийн бус жинд мөнгөн медаль авахад нь 25 сая төгрөгөөр шагналаа. Энэ ялгаварлан гадуурхалт гэж байна. Энэ шагналыг ганц Насанбурмаад ч өгсөн юм биш. Дэлхийн аваргаас шагнал авсан Б.Шоовдор, Т.Түвшинтулга хоёрт тус бүр 10 сая төгрөг шагнасан. Өнгөрсөн жил 2017 онд санхүү их хүнд байсан. Өсвөр, залуучууд, насанд хүрэгчид гээд медаль авсан бүх тамирчдаа шагнасан юм. Тэгэхэд П.Орхонд гурван сая төгрөг өгсөн нь үнэн. Гэхдээ монголчууд бэлгийн морины шүдийг үздэггүй юм шүү. Энэ жил О.Насанбурмаа бол түүхэн амжилт гаргасан. Дэлхий аваргын тэмцээнээс дөрөв дэх медалиа авсан. Дөрвөн медаль авсан тамирчин Монголд байхгүй шүү. Энэ түүхэн амжилтыг онцгой авч үзэх ёстой гэж үзэж холбооны шийдвэр гарсан юм. Тэр үеийн Удирдах зөвлөлийн хурлын протоколд байгаа. Ер нь дэлхийн аваргаас медаль авсан тамирчдад олгох урамшууллыг журамлая. Жил бүр өөр байдгаа больё гэж ярилцсан. Журам одоо боловсруулагдаж байна. Дэлхийн аваргын тэмцээнээс өмнө журмаа батална. Чөлөөт бөхийн холбоо хэзээ ч тамирчдаа орхигдуулж байгаагүй. Багш нараа ч мөн адил. Сая шинэ жилээр ахмадаа хүлээ аваад хүн бүрийн гар дээр хэдэн цаас тавилаа. Энэ бүхнийг нэмээд явахаар овоо хэдэн цаас гардаг байхгүй юу. Бусадтай адилхан ингэлээ гээд дэлгэхгүй л юм. Энэ нь нэг талдаа алдаа болж байна.
-Хоёр олимпийн циклиэр чөлөөт бөхийнхны амжилтыг харьцуулбал ямар дүр зураг харагдах бол. Өмнөх олимпийн цикльд бол өндөр амжилттай байлаа шүү дээ.
-Одоо энэ удаагийн Казахстанд болох Дэлхийн аваргын дараа үүнийг ярина. Яагаад гэхээр Дэлхийн аваргын гурван тэмцээний дараа харж ярих ёстой юм. Бидний ажиллаж байсан үе бол 2013, 2014, 2015 оны дэлхийн аваргын тэмцээний үр дүн. Одоо ажиллаж байгаа багш нарын хувьд 2017, 2018, 2019 оны Дэлхийн аваргын тэмцээний дүнгээр ажлаа ярина. Тэгэхээр манайхан одоо Дэлхийн аваргын хоёр тэмцээнээ туулаад гараад ирлээ. 2017 онд П.Орхон дэлхийн аварга боллоо. Э.Бэхбаяр хүрэл медаль аваад хошой медалиа авчихлаа. 2018 онд Насанбурмаа дөрөв дэх медалиа авчихлаа. Б.Шоовдор медалиа авчихлаа. Т.Түвшинтулга анхны медалиа авлаа.Ингээд гурван медаль авчихлаа. Аварга төрсөнгүй. Аварга төрөөгүйг тэгвэл бид бас ярих хэрэгтэй болно. Бид 2014, 2015 онд дэлхийн аваргуудтай байсан. Ялангуяа 2015 онд олимпийн эрх авах жилийн дэлхийн аваргад эрэгтэй, эмэгтэй баг маш өндөр амжилт үзүүлсэн байдаг юм. Тэгэхээр одоо 2019 оны Казахстаны дэлхийн аваргын тэмцээний дараа харьцуулж ярина. Явцын дундаа гаргаж байгаа олон улсын болон тивийн аваргын тэмцээн, тоглолттой харьцуулах юм бол олимпийн бус жингүүд дээрээ амжилт гаргаж байгаа. Ялангуяа сүүлийн дэлхийн аваргын тэмцээнд гурван меадль авч байгаа нь гурвуулаа олимпийн бус жин байгаа юм. Яг үүнийг харах юм бол багш нараа шахаж ажиллах, гол анхаарлаа олимпийн жин дээрээ төвлөрүүлж ажиллах шаардлага байна. Тийм болохоор Удирдах зөвлөлийн хэмжээнд болон шигшээ багийн дасгалжуулагчдын хэмжээнд энэ талаар яриад тайланг нь аваад дүгнэлтээ хийгээд багш нар маань ажиллаж байгаа.
-Чөлөөт бөхийн хөгжлийн өсөлт, бууралтыг тодорхой хугацаанд тодорхой үзүүлэлтүүдээр хэмждэг л байх. Олимпийн циклиэр авч үзэхээс гадна арай урт хугацаанд хөгжлийн явцаа харвал ямар байдал харагдах бол?
-Бүхий л хөгжлийн явц өсөлт, бууралт бүхий спираль хэлбэрээр явдаг, уналт, босолттой гэж үздэг. Манайханд үнэхээр мундаг явсан үе ч бий. Унаад доройтсон үе ч бий. Яг олимпийн наадмаар аваад үзэх юм бол энэ уналт гэдэг зүйл 1980 оноос хойш үргэлжилж байгаа. Зөвхөн олимпийн наадмаар эрэгтэй бөх дээр яривал шүү дээ. Эмэгтэй чөлөөт бөхөөр бид 2012 оны Олимпоос медаль аваад 2016 онд авч чадаагүй. Одоо 2020 оны олимпийг хүртэл 40 жилийн хугацаанд эрэгтэй бөх олимпийн медаль авч чадаагүй байгаа нь олимпоор хэмжвэл маш урт хугацаанд үргэлжилж байна. Харин дэлхийн аваргын амжилтаар яривал бид өндөр яваа. Сигментчилж харахгүй бол болохгүй гэсэн үг. Олимпоор, дэлхийн аваргаар, тивийн аваргаар гээд харвал бид нийтээрээ хөгжиж байна. Нийтээр жигд амжилтыг жин болгондоо үзүүлж эхэлж байна. Багаараа дэлхийн хэмжээнд шагналт байруудад үргэлж орж байна гэдэг сайн үзүүлэлт. Ганц, нэгхэн хүний нуруун дээр чөлөөт бөхийн амжилт явж байсан үе бий. Жишээ нь, манай О.Пүрэвбаатар нэг үе бүх юмыг үүрч явсан. Тэр нь миний барилдаж байсан үе. Ц.Цогтбаяр ах энэ ачааг мөн үүрээд л явж байсан. 1989-2000 он хүртэл тийм үеүд байсныг үгүйсгэж болохгүй. Б.Наранбаатар үүрч явсан, ганцхан хүнийг харж хүлээж байсан үе бий. Олуулаа очиж оролцож байгаа мөртлөө л. Одоо бол нэг дэлхийн аваргаас таван медаль аваад явж байгаа нь амжилт шүү дээ. Бас хөгжил мөн. Дэлхий нийтийнхээ хэмжээнд гэвэл манай чөлөөт бөхийн спортод сонирхогчдын тоо нэг хэсэг буурсан. Яагаад гэвэл дүрмийн өөрчлөлтөөс болоод. 2013 он бидний хувьд хамгийн хүнд байсан. Яагаад гэвэл 2016 оны олимпийн наадамд чөлөөт бөхийн төрлийг оролцуулах эсэхийг Олон улсын олимпийн хороо шийднэ гээд түр түдгэлзүүлчихсэн байсан үе. Яагаад гэвэл тэр үед хамгийн утгагүй дүрэмтэй байсан. Тэгээд Дэлхийн бөхийн холбоо маш олон шинэчлэлүүдийг дүрэм болон бусад үйл ажиллагааны хувьд хэрэгжүүлсэн. Үр дүнд нь олимпийн цикль 2020, 2024 он гээд үргэлжилж байна. Одоо яг энэ зовлон бокст ирчихсэн байгаа. 2020 оны Токиогийн олимпод байх уу, үгүй юу гэдэг энэ зургаадугаар сард шийдэгдэх гэж байна. Энэ нь маш хүнд зүйл. Энэ олон жил итгэл найдвар, хүсэл мөрөөдлөө болгож явсан улс олимпод оролцож чадахгүй гэвэл тогоо хөмөрсөн юм шиг болдог л доо... Үүнтэй адилхан бид Монгол дотроо эв нэгдэлтэй, нэгнийгээ хүлээн зөвшөөрч чаддаг байх хэрэгтэй. Ажил хийж байгаа нэгнийгээ,тамирчин бэлтгэж байгаа нэгнийгээ. Өнөөдөр Хосбаярыг хэн ч муу дасгалжуулагч гэж хэлээгүй. Гэтэл би хамгийн супер нь гээд яриад байгаа юм. Би магтмаар байдаг. Даанч хүн магтах зай үлдээхгүй өөрийгөө магтаад дүүргэчих юм. Өөрт нь ч хэлдэг. Тэгэхээр би сайн, чи муу л гэдэг юм. Миний ажиллаж байх үед шигшээ багийн шавь нар маань дэлхийн аваргаас 9 медаль авсан байдаг. Түүхэн амжилтуудыг гаргасан байдаг. Миний ах Буяндэлгэрийн Болд гэж дэлхийн хэмжээний бөх бий. Намайг чи ахынхаа буянд л амьдарч байна гэдэг юм. Би чөлөөт бөхөөр дөнгөж хичээллэж байгаад багш болчихсон бол өөр хэрэг. Гэтэл би гурван өөр жинд Монгол Улсын аварга болсон цөөхөн бөхчүүдийн нэг. Би Ази тивийн аваргаас нэг удаа мөнгөн медаль авч байсан. Тэрийг Хосбаяр их хөөрхөн ярьдаг юм. Нэг билүү хоёр ялаад мөнгөн медаль авсан юм гэж. Би гурав ялаад нэг ялагдаж мөнгөн медаль авсан юм. Катар, Энэтхэг, Японы бөхчүүдийг ялаад Ираны бөхөд ялагдаад мөнгөн медаль авсан байхгүй юу. Яахав тэр хүн намайг доош нь хийх гэж байгаа учраас тавин хувийг нь хасч ярьж байгаа юм. Тэгэхдээ бүх юм бичигдэж үлддэг юм. Хайгаад үзвэл Дэлхийн холбооны сайтад мэдээлэл нь байгаа.
-Таныг яагаад ингэж их хэл аманд холбож байгаа юм гэдэг сонин байна. Хэрэв Орхоны асуудалд буруутгах бодитой нөхцөл байхгүй л юм бол?
-Ер нь бол намайг чөлөөт бөхийн холбооны ажлаа л больчих гээд байгаа юм. Чи яваад өгчих. Тэгэхээр яах юм бэ гэхээр тэгэхээр л сайхан болчихно гээд байдаг. Үүний өмнө Дагвадорж, О.Баянмөнх хоёрыг л явчихбал сайхан боллоо гээд л байсан.
-Энэ хүн үү?
-Энэ хүн ч хэлж байсан, Басхүү ч хэлж байсан, Цогтбаяр ч хэлж байсан. Тэр хүн нь яваад өгсөн. Тэгээд одоо энэ Д.Сумьяабазар, Батбаяр хоёр л яваад өгвөл сайхан боллоо гээд байгаа. Яваад өглөө гэхэд дахиад нэг хүн хийж л таараа. Тэгэхээр нь тэр хүнийг бас явуулна гэх юм уу, яах юм? Эсвэл өөрөө хиймээр байгаа юм уу, бүү мэд. Тэгээд өөрөө ирээд ажлаа хийгээч ээ гэж би хэлдэг юм. Удирдах зөвлөлдөө ороод ир, хурал хуйгаа хийгээд миний оронд хүнээ томилоод ажилла гэхээр хурал хийлгэдэггүй. Тэгчихээд хурал хийсэнгүй л гэдэг. Хөдөө 21 аймгаас хүмүүс дуудаж авчраад тэд нь зардал суутгал болоод ажил төрлөө зохицуулаад ирлээ гэхэд хурлыг хийлгэхгүй бол хэцүү еэ? Ойлгомжгүй байдалтай өдий болтол явж байгаа юм. Түрүүлээд хүмүүст тэрийгээ огт өөр болгоод худлаа ярьчихна.
-Өнөөдөр Монголд олон салбар энэ мэт асуудалтай байдаг шүү. Бараг зэрэгцээд өөр холбоо байгуулаад чөлөөтийнхнөө бүр хоёр хуваачихгүй яваа нь гавьяа ч юм уу?
-Өөр холбоо байгуулах байсан бол өдийд байгуулчих хугацаа байсан. Гол зорилго нь одоо үйл ажиллагаа явуулж байгаа холбоог хүчингүй болгох гээд шүүхэд өгчихсөн яваа юм. Бид бөхийн дэвжээнд уулздаг байсан бол одоо шүүхийн танхимд уулздаг болж байна даа. Би Басхүү багшид “Арай ч дээ, ийм байдлаар уулзаж явдаг болох гэж дээ...” гэж л хэлсэн.
-Энэ бүхний ард яагаад Басхүү гэж бий гэж бодов?
-Басхүү багш олон жил энэ бөхийн холбооны ажлыг хийсэн. Сайн хийсэн зүйл ч байгаа байх. Яахав энэ чөлөөт бөхийн холбоогоор өөрийнхөө амьдралыг авч явж байсан нь бодогдоод байгаа байх. Маш олон визний хэрэг байгаа. АНУ, Солонгос, Европийн виз гаргасан. Тамирчдыг ч, тамирчин биш хүмүүсийг ч явуулсан. Бөхчүүдээ гадагш явуулсан нь амьдрал ахуйд нь хэрэгтэй, сайн л зүйл байх. Гэхдээ мөнгө авахгүй явуулж болох л байсан шүү дээ. Би тэрийг нь хийхгүй болохоор бухимдаж байгаа. Бөхийн биш хүмүүсээр баг бүрдүүлээд хүн тус бүрээд аваад виз гаргадаг байсан хүн. Тэгээд нэг тэмцээнд хамгийн багадаа 10 хүн, дээшилбэл 20 хүн, сонгомол барилдаанд 30 хүн оролцоно шүү дээ. Бид өнөөдөр нэг ч визийг тэгж гаргаж өгөхгүй байгаад л асуудал бий. Намайг тэр ажлыг нь хийхгүй болохоор эргэж ирж энэ ажлыг өөрөө хийх гээд байгаа байх. Тэгээд л шүүхээр яваад л байна.
-Асуудал бүр иймдээ хүрсэн гэж бодсонгүй. Ямар үндэслэлээр шүүхэд өгсөн юм бэ?
-2009 онд Холбооны их хурал болсон байдаг. 2008 оны олимпийн дараа жинхэнэ уналтад орсныг хүлээн зөвшөөрөөд бүтэц бүрэлдхүүнээ өөрчилье гэж хурлаа хийсэн. Тэгээд “Гацуурт”-ын Чинбат гуай ерөнхийлөгч болсон. Маш зоримог өөрчлөлтүүдийг хийж эхэлснээр үр дүнд нь амжилт гарч эхэлсэн. Одоо амжилт өндөр болонгуут буцаагаад холбоог авах сонирхол байна шүү дээ. 2016 онд авах гэж нэг үзсэн. Чадаагүй. Тэрнээс хойш одоо болтол шүүхээр явж байна. Шүүгч нь хэлж байгаа юм. Ингээд харахад та нар бүгд миний таньдаг, мэддэг, хүндэлдэг бөхийн хүмүүс байна. Шүүх хурал хаасан хойно хувь хүнийхээ хувьд хэлж байгаа нь тэр л дээ. Та нар хоорондоо эвлэрчиж болдоггүй юм уу гэж. Би эвлэрэхэд бэлэн байна. Манай үүд хаалгаа нээлттэй байна. Тэднийг холбоонд орж ирээд хамтарч ажилла гэхээр бас л тэгдэггүй. Басхүү багш болохоор “Одоо иймдээ хүрсэн юм чинь эвлэрээд яахав дээ” гэж хэлдэг. Иймдээ хүрсэн биш хүргэсэн юм шүү дээ. Хүмүүс биднийг хэрэлдээд байна гэдэг. Хэрэлдэнэ гэдэг хоёр талын хооронд болох зүйл. Одоо бол нэг хэсэг хүмүүс л ярьж яваа. Би ямар ч хариу өгөхгүй байгаа. Яагаад гэвэл ямар ч баримт нотолгоо, үндэслэлгүй зүйлийг сэжиг таамгаар иш мухаргүй ярьдаг хүмүүс. Яг үнэндээ энэ нь ажилд их саадтай. Би энэ холбооны санхүүжилтыг босгох гээд хүмүүстэй уулзаж өдөр оройгүй л явдаг. Дэмжье гэж байгаа залуус олон байгаа ч тэдний хэлдэг үг нь “Наад хэрүүл хийдэг хүмүүсээ хэрүүлгүй болгочих л доо. Тэдэнтэйгээ ойлголцооч дээ” гэдэг. Ойлголцьё гээд суухаар энд нэг зүйл ярьчихаад гараад өөрийг ярьчихдаг л улс даа.
-Нэг үед өрсөлдөж явсан тамирчид түүнийгээ хонзон болгоод өөрийн шавь нартаа өвлүүлэх явдал байдаг юм биш үү. Үүнтэй холбоотой зүйл байж мэдэх юм?
-Тэр бол спортын шударга өрсөлдөөн. Тэрнээс биш нэгнээ гутааж доромжилж өрсөлдөх нь гутамшиг. Та хэд хурлаа хийгээд хурдхан шиг миний энэ ажлыг аваадхаач гэхээр хурал хийхгүй ээ гэдэг. Тэгвэл бид хурал хийгээд шийдье гэхээр чамаар хийлгэхгүй гэдэг. Энэ ТББ чинь бас хуультай шүү дээ. Чи одоо яв, ир гэдэг гудамжны дүрэм байхгүй.
-Харин ч хожигч, ялагчийг дүрмээр шийддэг, спортынхон үүнийг сайн ойлгомоор юм.
-Аль нэг шатны шүүх манайхыг хууль бус холбоо гээд тогтоочихбол тэгж ярьж болно. Тэгтэл хууль бус холбоо, мөнгө төгрөг иддэг гээд яриад яваа. Мэдэхгүй хүмүүс зарим спорт холбоотой хольж ойлгодог байж магалдгүй. Дэлхийн холбооноосоо мөнгө авдаг холбоод бий. Жишээ нь Хөлбөмбөгийн холбоо. Манай холбоо бол жилд 2500 щвейцарь франкийн татвар төлдөг. Ямар ч мөнгөн дэмжлэгийг Дэлхийн бөхийн холбооноос Монголын чөлөөт бөхийн холбоонд өгдөггүй. Саяын 23 насны Азийн аваргын тэмцээний эрхийг гурван улстай үйл ажиллагаа, тэмцээн туршлагаараа өрсөлдөж, шалгарсныхаа дараа 10 мянган щвейцарь франк төлж эрхээ авсан. Дээр нь ирж буй тамирчдын байр, хоолны мөнгийг аваад буцаагаад зарцуулаад тайлангаа өгдөг. Мөнгө идээд байна гэсэн асуудлыг нь би одоо хүртэл олж хардаггүй.
-Өмнө нь идэж байсан мөнгөө бодож байгаа юм болов уу?
-Магадгүй. Тэр нь бодогдоод гол нь горойдог байх. Би ах дүүгийн дэмэнд хөл дээрээ боссон хэд хэдэн бизнестэй. Хүний мөнгө идэхээргүй амьжиргаатай хүн. Ялангуяа бөхийн мөнгөнөөс идэх сэтгэхгүй байхгүй. Дээр нь нэмээд өгдөг. Манай тамирчид гайхдаг л байсан. Би 2013 онд ахлах болчихоод Чинбат захиралтай уулзаад тэр үед үйл ажиллагаа нь зогсоод жил болчихсон “Олимп” сургуулийг додомдож, охидын бэлтгэлийн байр болгож авья гэсэн. Тэгээд очоод үзтэл үнэхээр хүний юманд хүрз бариад дайрсан юм шиг аймар болчихсон байсан. Би хувийнхаа мөнгөнөөс 56 саяар засч тохижуулсан. Тамирчдаа аятай тухтай, сайн хоол ундтай, төвлөрсөн байртай, дулаахан зааланд бэлтгэл хийлгэхийн төлөө л хийсэн. Тэндээс би буцааж нэг төгрөг ч аваагүй. Яах юм бэ, дандаа л зардал гардаг юм чинь. 2016 оны олимпийн дараа хүсэлт ирсний дагуу буцаагаад Чинбат захиралд хүлээлгэж өгөөд л тэндээс гарсан. Зарим хүмүүс хэлдэг. Тэмцээнд хувиасаа зардлаа гаргаад явсан гээд л... Тэр зардлыг гаргаж чадаж байгаа л юм бол тэндээсээ кайф аваад л явах хэрэгтэй. Би ч мөн адил. Намайг хэн ч албадаагүй. Бид өөрсдийн сайн дурын үндсэн дээр энэ ажлыг хийж байгаа учраас хэнд яагаад гомдоллох юм бэ.
-Одоо П.Орхоны асуудлыг яах вэ?
-П.Орхоны асуудлаар би хэд гурван найзтайгаа ярилцаад явж байгаа. Хоёр нь сэтгэлзүйч. Дөрвөн жил гэдэг урт хугацаа. Эрхийг түдгэлзүүлсэн үед баримтлах зарчмыг тодорхой заасан байдаг. Үүнийг ягштал мөрдвөл хоёр жилийн дараа эргэн харж үзээч гэж хүсэлт тавих арга бий. Бид үүнийг бодоод яриад явж байгаа. Саяын шийдвэр гарахаас өмнө ч бид маш олон талаар бодож, оролдож үзсэн. Даанч үр дүн хүрсэнгүй. Үүнийг П.Орхон ч сайн мэдэж байгаа. Хосбаяр мөн адил мэдэж л байгаа. Миний их ойрхны хоёр ч найз одоо П.Орхоныг дэмжье, сурч боловсрох, сэтгэл санааг дэмжих талд мөнгө санхүүгээр тусалья гэж байгаа. Сэтгэлзүйчтэй ажиллахад зардал гарна, гадагш дотогш явахад дэмжье гэсэн.
-Та нар Орхоныг спортоосоо бүр явчих вий гэж айж байгаа юм байна?
-Мэдээж шүү дээ. Хэцүү байхгүй юу. Энэ хооронд аль болох олуулаа хүрээлж, сэтгэл санааг нь аль болох дэмжиж, сэтгэлийг нь уяж, өргөх ёстой.
-Том ажил байна даа?
-Манай бөхийнхөн муухай хүмүүс байх юм даа...
-Хамгийн их жудаг ярьдаг улс биз дээ?
-Тийх. Ярьдаг л байхгүй юу даа. Хийдэггүй. Авахын арван гартай, өгөхийн өрөөсөн гартай л хүмүүс байх юм. Хамгийн их шагналыг, хамгийн их хүндлэлийг хэн авдаг вэ? Бод доо. Эргээд гаргаж байгаа ааш аяг, үг яриа гомдмоор.
-Боловсрол дутаж байна гэж болох уу?
-Үгүй ээ. Ухамсар. Суурь хүмүүжил, ёс суртахуун дутаж байна гэж боддог. Багш хүмүүс өөрсдөө ямар үлгэр дууриалыг бусдад үзүүлж байгаагаа бодох ёстой. Ийм байж болохгүй гэдгийг өөрийн биеэр, өөрийн амьдралаар үзүүлж байгаагаар нь зөвтгөж бодох юм даа. Яагаад ийм байгааг нь өөрөөр ойлгохгүй юм. Ер нь Г.Хосбаяртаа биш л дээ. Өөрийнх ч бодол бас биш. Ард нь цэнэглэж байгаа нэг хүн бий. Түрүүний ярьдаг хүн. Ч.Дамдиншарав багш болон миний ах Б.Болд хоёртоо тэрсэлдэж явдаг хүн л дээ. Одоо зааг ялгааг нь салгахгүй бол өш хонзонгоо үргэлжлүүлж явж болохгүй. Би шигшээгийн багш болонгуутаа анхны уулзалтаараа тэр хүнд хэлсэн. Би Буяндэлгэрийн Болд биш Батбаяр шүү. Та ерөнхий дасгалжуулагч, би ахлах дасгалжуулагч шүү гээд тэврэлдсэн. Тэгэхэд зөв шүү гээд тэврэлдсэн.Гэхдээ гартаа юмтай л нуруугаар минь тэвэрч байж дээ. Гэхдээ намайг их зүйлд сургасан. Надад амжихааргүй, боломжгүй их даалгавар өгч, тэр хэрээр нь би хугацаанд нь амжуулж, ягштал гүйцэтгэж ирсэн. Үүнд суралцсан. Үүнд нь л баярлах юм даа.
Бүрэн эхээр нь "ӨГЛӨӨНИЙ СОНИН"-оос унших боломжтой
Сэтгэгдэл ( 61 )
Erguu xar gichii mibi chi zailchxaachee lalraa
ichdgui erliizee uyn zovhon mgloo gj bsn humuus chinad ajilj bn gj yariad g um b.tr humuus ch mgldoo havchigdaad calin mongogui bsn humuus ar geree gdsee tejeeh hergtei bizdee.chi mongo ogch tejeeh bsn umuu.bs hunii ipad chi l haraad hyanalt taviad l u bgaag n unshaad l prognoz hiigeed bhuu.unemshiltei um yariachee.arai ipafiinh n nuuc kodiig n mddg gj heleegui bn
Тамын тогооны үглгэр...
choloot bohiinhoo eregte torloo orsoldoonte goe bolgomoor bna aa neg heden ynjiisan batsaanyyd teged oorsdiigoo master ged bodtson dorgitson delhiid yuch boldgv heden yumnyyd hoorondoo barildhiin eniigl ynalt gej bgashdee eron bol.yumurch hogjil haragdahgv bna
davgadorj sumayabazar nariin bugsiig dolooj shigsheegiin ahlah dahij sain doloogood holboonii nariin bichigiin darga odoo bol tavan tolgoid. bas darga bolson gesen ene hujaa batbayar
Ene nuhur chin nuguu Hurts biluu terentei yamar adilhan nudend huiten novsh vee Arai duu n um bish biz
Ц.Хосбаяр яагаад П.Орхонг тэр Азийн наадамд авч явах гэж байгаад гэнэт нисэх дээрээс үлдэв,мэдээж допингийн шинжилгээг тэмцээний дараа л авдаг биз дээ,цуг амьдарсан 3 гээд одоо бусад руу нь чихэх гээд байгаа юм уу,муу хөгц Хосоо ац дандаа хов хийж хор найруулж амьдарсан бөөс,П.Орхон ч тэр ямар толгойгүй амьтан байгаа биш,Алдар дээр ир гэхэд очдоггүй,хошного Хосоо хийсэн хорондоо сандарч байхгүй ю,тэгээд муу санаатай,шал тэнэг бичиг хувиараа холбоо нтр-тэйгээ ярилцаж шийдэхгүй хувиараа явуулж л байдаг,
хүний урманд ганц төгрөг өгөөгүй байж бас 2ын 2 сэтгэл зүйч авч өгсөнч гэх шиг найз нөхөдтэйгээ ярьж байгаа ч гэх шиг сургуульд сургана ч гэх шиг хүн бас худлаа ярьж болно энэ арай их хүн дортжлоод байгаа юм биш үү
батбаярт гараасаа салгаж байгаагүй ганц шавь бгаа тэр нь Нарангэрэл бүх тэмцээнд явна дандаа эхний тойрогт хожигдоно 2018оны дэлхийн аваргаар анх удаа Батбаярын шавь 3н тойрог барилдаж Батбаярын өөрийх нь хэлдгээр түүхэн амжилт гаргасан ,1р тойрогт хийлсэн -2р тойрогт өрсөлдөгч тамирчин бэртэл аваад гарч ирээгүй 3р тойрогт үнэнд гүйцэгдэж барилдаж цэвэр ялагдсан Батбаяр ийм л шавьтай хүн ,Бас дээр нь ертөнцийн хамгийн худалч хүн бол Батбаяр Орхон арбитрт хандмаар байна холбоо туслах уу гэсэн чинь удирдах зөвлөлөөр яриад хариу өгье гэж хэлээд хугцааг нь дуусгасан ,
Энхбаяр гэж дэнгийн эрвээхэй яасан бэ? Баяраа цогоо пүрэвбаатар нарыг дагаж нисэж өгсөн дөө
Б.Баяраад өөрийн шавь байгаа юмуу? Хогийн банди Өөрийгөө мундаг орос хэлтэй гэж. Монголд өөрөөсөн мундаг дасгалжуулагч байхгүй гэж ярьдаг юм( бүгд ийм мэдрэл муутай хүмүүс байдаг юмуу гэж асуудаг шүү)
Басхүү дасгалжуулагчийн хамаатан залуу чөлөөт бөхөөр хичээллэж эрүүгийн хэрэгт холбогдоод шийтгэгдэж байсан. Тийм болохоор Басхүү гэдэг хүн ч бас танхай ёс зүй дорой нэгэн болов уу гэж боддог доо.
Хосоо ч өөрийгөө магтах солио туссан хүндээ бусад дасгалжуулагч нар бол хог хосоогийн яриагаар бол
Bashuu Hobdiih,Elbegee Hobdiih. Oilgoj yadaad bhiim alga
Дэлхийн аврага болсон Орхонд 3 сая, бусад хумууст нь хаанаас ч хамаагуй медаль авахад нь хамгийн багадаа 10 сая. Зайлуул энэ хун оорийгоо энхийн цагаан тагтаа болгоод Орхоныг л харлуулах зуйл баахан бурж дээ. Хувийнхаа ошоо хорсолоор Орхоныг хорлох нэрээр Монголыг хоролчихсон гэдгээ мэдэдгуй мал юм байхдаа чаавас. Оорийгоо их л мундаг гэчихжээ. Оорийн гарын шавь байхгуй хуний юмыг оорийн болгох гээд л нэр алдрын хойноос хооцолдсон хогийн гаруудын нэг юм байнадаа энэ нохор. Ярилцалга нь тийм сэтгэгдэл торууллээ.
Басхүү гэдэг балиар банзал ѳвгѳн одоо болиоч ээ!!! Үеэ ѳнгѳрснийг мэдэхгүй сурсан зангаа тавихгүй хѳгийн гарууд байх юмаа. Лай болохоор зай бол гэж нэг сайхан үг байдаг даа шар сэмжилсэн ѳвгѳн минь
Ѳѳрѳѳ цалингүй ажиллаад харин аппаратдаа байгаа 4 хүнийг цалингаар таслаагүй гэж ярьж байна. Энэ үнэн үү?! Одоогоороо цалингүй ажилладаг хүн танаас ѳѳр бас байдаг юм биш үү?! Жишээ нь: Танай холбооны Эрдэнэбаатар гэдэг хүн цалингүй л ажилладаг гэсэн.
Хэнээс допинг гарсан билээ? Орхоноос. Цааш нь ярих уу яахав
Mongolchuud Orhonnii tald shuu lalruudaa
Mongolchuud Orhonnii tald shuu lalruudaa
Бөхчүүд!!! Хурдан морины хэлгүй адгуус шиг элдэв допингоо боль. Шинжлэх ухаан өдрөөс өдөрт хөгжиж байгаа.
Үнэнг хэлсэн сайхан ярилцлага бна орхон допинг хэрэглэж бсан нь үнэн одооны тамирчид бэлтгэлийг биш эм тариаг шүтэж амар аргаар амжилтанд хүрэхийг боддог болсон нь нууц биш цогтбаяр хосбаяр шигшээгийн ахлах баттулга нарт хариуцлага хүлээлгэх ёстой
Басхүү одоо сайхан амраач ээ нас дээр гарчаад
Хосоо Цогоо хоёрын хэрүүлийн бузар шүү дээ хайран хүүхэд харамсалтайяа
Штангын багш бурхан болсон гэсэн Цогтбаяр маш их дарамталсан гэсэн сохор Цогоог бурханы орноос харж байгаа байх . Цогоо айсандаа өвөр монгол луу зугтсан шүү дээ
Орхонд допинг хэрэглэсэн гэдэг нь ойлгомжтой. Хэн өгсөн хэн зөвөлсөн мэдээж Ц.Цогтбаяр шүү дээ? Ийм сайхан мэрэгжилийг бууруугаад ашиглаж байна даа . Хүний сайхан үр хүүхэдийг сайн хүн болгох гэж авсан байх даанч тийм сайхан хүмүүжил олгож чадсангүй дээ?
Нэртэйгээр нь та их зөөлөн хүн юмаа энэ тэр гэж асуулгахгүй яасийн тэнэг хужаа яг Ми ах шигээ
Олимпоор Г.Мандахнаранг хүрэл медаль авсан гэжбоддог . Ц. Цогтбаяр. нөгөө Б.Баяраа. 2. дасгалжуулагч хүний ес зүйг барих байсан юм. Жишээ 6- минутийн барилдааныг дуусгах естой. Цогоо Баяраа нар гар хөлийн мушигг гэж заадаг багш нар биздээ яадахдаа тэр мэхээ хийсэн бол цагаа дуусгаж Монгол хүрэл медаль авах байсан юм. Даанч сохор Цогоо будлаанч бялдагч Баяраа нар 12 секиут дутуу байхад шал үнсэж Г.Мандахнарангын хүрэл медалийг буцаагаад бурханд тушааж байаа юм даа.( Мандахнаранг уруу татаж байгаа юм. Мандахнарангаар хөл гараа мушгуулсан гадаад. Дотоод тамирчид зөндөөшүү дэээ? Ийм мэх заадаг ба
saihn yariltslaga bolson bn
БАСХҮҮ Ч БӨХӨД МӨН Ч ИХ ХОР ХУТГАСАН ХҮН ДЭЭ.
ОРХОН ДОПИН ХЭРЭГЛЭЭГҮЙ ГЭЖ ХЭНД НОТЛОХ ГЭЭД БНА....ДЭЛХИЙ ИТГЭХГҮЙ ....МОНГОЛЧУУД ДООРХИ КОМЭНТЭЭС ХАРВАЛ БАС ИТГЭХГҮЙ БОЛОЛТОЙ....ОРХОН ЧИ ДООПИН ХЭРЭГЛЭЭГҮЙ ГЭЖ ОРОНД НЬ ХЭЛДЭЭ...МАГАДГҮЙ ТЭГВЭЛ ТЭР ӨӨРТӨӨ ИТГЭЖ БОЛОХ ЮМ...МӨНГӨ НЭР АЛДАРЫН ТӨЛӨӨ ХЭТ ИХ УЛАЙРВАЛ ХИЙСЭН НҮГЛЭЭ САНАХАА БАЙДАГ БОЛОЛТОЙ...ИЙМ ЖИШЭЭ СҮҮЛИЙН ҮЕД АНЗААРАГДААД БАЙНА...
Тэр Хосбаяр гэж Басхүүгийн даалгавраар бурж явдаг хүүхэлдэй. Чөлөөтийнхөн бүгд мэднэ. Өөрийгөө магтахаас өөрийг мэдэхгүй болчихсон. Өвчин шүү дээ.
Батбаярын шавь гэж ѳѳдтэй нэг ч амьтан алга
спортоос хол хѳндий хүн ярилцжээ.
Бүх допингчид би мэдээгүй,надад өгсөн байх л гэдэг. Гэхдээ Орхоны бие хааг харсан хэн ч допингдсонд нь эргэлзэхгүй. Хүмүүсийг тэнэг гэж басаж болохгүй л дээ
Saihan hov bazjee