Монголын фэйсбүүк хэрэглэгчдийн тоо 2,2 саяд хүрч, Азид тэргүүлжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 03

Монгол Улсад Фэйсбүүк идэвхтэй хэрэглэгчдийн тоо 2,2 саяд хүрч, нийт хүн амын 70 хувь нь сошиал орчинд идэвхтэй байж, мэдээ мэдээлэл авч бусдад түгээж байна. Энэ бол Азид тэргүүлэх үзүүлэлт юм. Тиймээс нийгмийн сүлжээний зохистой хэрэглээг хэвшүүлэх, цахим орчин дахь аюулгүй байдал болон хүүхэд хамгааллын асуудалд зөв гарц, шийдэл олох зорилгоор “Нийгмийн сүлжээ ба зохистой хэрэглээ-2019” форум өчигдөр “Блү Скай” зочид буудлын “Кристал” танхимд болж өндөрлөлөө. Форумыг Харилцаа холбооны зохицуулах хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам, Гэр бүл, хүүхэд залуучуудын газар тус тус хамтран зохион байгуулж, УИХ-ын гишүүн Н.Учрал, Харилцаа Холбоо Мэдээлэл Технологийн газрын дарга Б.Чинбат, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх, ЦЕГ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Арсланхуяг, Фэйсбүүк группийн Монгол, Хонгконг, Тайвань улс дахь бодлого, үйл ажиллагаа хариуцсан захирал Жорж Чэн, АНУ-ын Элчин сайд Майкл Клэчэски, Германы “Фридрих Эберт” сангийн суурин төлөөлөгч Доктор Нийлс Хегевиш тэргүүтэй бусад албаны төлөөлөгчид оролцсон юм.

Форумын нэгдүгээр хэсэгт Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Нийгмийн сүлжээний бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Д.Ариунцэцэг илтгэл тавьсан бөгөөд панелистуудаар ХХМТГ-ын хэлтсийн дарга А.Золзаяа, ЦЕГ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Арсланхуяг, АНУ-ын Элчин сайд Майкл Клэчэски, Фэйсбүүк группийн Монгол, Хонгконг, Тайвань улс дахь бодлого, үйл ажиллагаа хариуцсан захирал Жорж Чэн, Германы “Фридрих Эберт” сангийн суурин төлөөлөгч Доктор Нийлс Хегевиш нар оролцлоо.

ИЛТГЭЛ ДЭХ ЧУХАЛ БАРИМТУУД:

• Олон нийтийн сүлжээ идэвхтэй хэрэглэгчдийн тоо буюу фэйсбүүк хэрэглэгчид 2,2 сая

• Инстаграм- 400,000

• Твиттэр- 40,000

• ЛинкэдИн- 170,000

• Монгол хэрэглэгчид сард дунджаар таван сэтгэгдэл  бичиж, 16 пост дээр LIKE дарж, гурван пост SHARE хийж, 12 сурталчилгааны мэдээлэл үзэж сонирхдог.

• Хэрэглэгчдийн 48 хувь нь эрэгтэй, 52 хувь нь эмэгтэй.

Дэлхийд фэйсбүүкийг ашиглах хугацаа 53 минут, Монголд 77 минут байна

2018 онд гүүгл хайлтын систем дэх жагсаалтын эхний тавд  фэйсбүүк, ютүб, гүүгл, транслэйт, монгол гэх үгнүүд бичигджээ. Дэлхийн хүн амын 3,4 тэрбум нь нийгмийн сүлжээний хэрэглэгчид бөгөөд 2,2 тэрбум нь фэйсбүүк идэвхтэй хэрэглэдэг байна. Монгол Улс дэлхийд сүлжээний бэлэн байдлын индексээрээ 57, ICT-ийн хөгжлийн индексээрээ 91, өрсөлдөх чадварын индексээрээ 101, цахим засгийн хөгжлийн индексээрээ 2018 оны байдлаар 92 дугаар байрт явж байна.

Фэйсбүүк группийн Хонг Конг, Тайвань, Монгол Улсыг хариуцсан захирал Жорж Чений хэлсэн үгнээс онцлох нь:

• 15 жилийн өмнө фэйсбүүк гарч ирэхдээ зөвхөн текст бичиж, мессеж явуулах л платформ байсан,

• Дэлхийн хэмжээнд фэйсбүүкт өдөрт нэг тэрбум зураг тавигддаг,

• Монгол Улсын Засгийн газар фэйс­бүүкийн тусгай сувгийг ашиглах тухайд ХХМТГ-тай хамтран зохицуулалт хийнэ,

• “Дижитал номын сан” төслийг Монголд хэрэгжүүлэхээр боллоо,

• Хэрэглэгчид олон байх тусмаа бидэнд сайн,

• Хэвлэл мэдээллийн байгууллагууд жинхэнэ контент үйлдвэрлэгчид харин фэйсбүүк бол мэдээллийн талбар юм,

• Дэлхий ертөнцөд сошиал технологийн хөгжил эерэг үр дүн авчирна гэдэгт би итгэдэг,

• Бид онлайн аюулгүй байдал, дижитал ертөнцөд зөв амьдрах, шинэ эдийн засаг ба сошиалыг ашиглан олон улсад сурталчлах зэрэг гурван үндсэн чиглэлээр Монгол Улстай урт хугацааны турш хамтран ажиллана.

Фэйсбүүк группийн Хонг Конг, Тайвань, Монгол Улсыг хариуцсан захирал Жорж Чен манай улсад долоо хоногийн хугацаанд ажиллах бөгөөд Фэйсбүүк компаниас аюулгүй байдал хариуцсан хоёр мэргэжилтэн ирэх юм.

-ӨНГӨРӨГЧ ОНД 625 ЦАХИМ ГЭМТ ХЭРЭГ БҮРТГЭГДЖЭЭ-

ЦЕГ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Арсланхуяг “2011 онд цахим гэмт хэрэг гэж огт байгаагүй. 2017 онд цахим гэмт хэрэг 362 бүртгэгдсэн бол энэ тоо 2018 онд 72,6 хувиар өсөж 625 болон бүртгэгдсэн.

Кибер гэмт хэрэг 2018 онд 109 бүртгэгдсэнээс,

-Мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 66,

- Хувь хүний нууцад халдах гэмт хэрэг 17,

- Бусдыг мөрдөж мөшгих гэмт хэрэг 7,

- Хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах гэмт хэрэг 13,

- Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн эсрэг гэмт хэрэг 6 байна.

Манай улс фэйсбүүк хэрэглээгээрээ Азидаа төдийгүй дэлхийд нэлээд дээгүүрт бичигдэж байна. 2,2 сая хэрэглэгчтэй оронд Фэйсбүүкийн төлөөллийн газар байхгүй. Одоо манай хоёр алба хаагчийн нэр, зургаар хуурамч аккаунт нээчихсэн ашиглаж байна.Үүнийг бид хаах гээд чадахгүй байгаа.Фэйсбүүк үндсэндээ гэмт хэрэг үйлдэх хэрэгсэл болж байна.Жишээлбэл, манай улсад хэн нэгэн хэрэг­лэгчийн аккаунтаас порн бичлэг оруулахад ямар ч асуудалгүй болж байна.Бид тэр дор нь устгасан.Харин АНУ-д тийм төрлийн бичлэг оруулахад болохгүй байна лээ.Тэгэхээр энэ тал дээр Фэйсбүүк компаниас түлхүү анхаарал хандуулж, бидэнтэй хамтарч ажиллаасай гэж хүсч байна.Эсвэл бидэнд устгал хийх, хаах зэрэг эрхийг нь өгчих хэрэгтэй” хэмээсэн юм.

ХҮҮХДИЙН НҮЦГЭН ЗУРГИЙГ СҮРДҮҮЛЭХ БУЮУ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ АВЧ БУСДАД ХУДАЛДААЛДАГ

Форум үндсэн дөрвөн сэдвийн хүрээнд явагдсан бөгөөд “Нийгмийн сүлжээн дэх аюулгүй байдал ба хүүхэд хамгаалал” нэр­тэй хоёрдугаар хэсгийн илтгэгчээр ГБХЗХГ-ын Хууль эрх зүй, хамтын ажил­лагааны газрын дарга А.Энхбаатар ажил­лаж, сонирхолтой баримтуудыг дэлгэсэн юм.

Хүүхдийн тусламжийн 108 утсанд ирдэг цахим дарамт дуудлагын агуулгыг таван хэсэгт хуваажээ

1.Хүчирхийлэл үйлдэгдэж буй болон садар самуун байдлыг сурталчилсан зураг, бичлэг фэйсбүүк хуудсанд байршуулж байна.

2. Хүүхдийн зургийг зөвшөөрөлгүй авч фэйсбүүкт байрлуулах, хуурамч хаяг нээж хүүхдийн мэдээллийг зөвшөөрөлгүй оруулж доромжлох үйлдэл хийж байна.

3. Хүүхдийн нүцгэн зургийг зөвшөөрөлгүй авах, үнэ тохирч авах, сүрдүүлж авах зэргээр фэйсбүүкт зарж, худалдаалж байна.

4. Цэнхэр халим гэх тоглоомыг тоглохыг санал болгох, сүрдүүлэх, айдаст автуулах зэрэг үйлдэл хийж байна.

5.Гар утсаар залгаж гэрийн хаяг, хувийн мэдээллийг хэлж мөнгө нэхэх болон бусад байдлаар айлган сүрдүүлж байна.

108 утсанд цахим дарамтад өртсөн гэх  дуудлагын тоо:

- 2015 онд 58 дуудлага

- 2016 онд 85 дуудлага

- 2017 онд 239 дуудлага

- 2018 онд 230 орчим дуудлага

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 2018 онд “ӨСВӨР ҮЕ БА ЦАХИМ ХЭРЭГЛЭЭ” нэртэй нэгэн судалгаа авчээ. Тус судалгаанд 21 аймаг, есөн дүүргийн 11-17 насны 2240 хүүхэд, 378 эцэг эх, 404 багш, нийгмийн ажилтнууд хамрагдсан байна. Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн дийлэнх буюу 92 хувь нь интернет ашигладаг гэжээ.Энэ нь Хөгжингүй орнууд, Хөгжиж байгаа орнууд, Африк тив, Ядуу буурай орнуудаас өндөр, харин хамгийн өндөр хэрэглээтэй гэгдэх Европын орнуудтай эн зэрэгцэж байгаа юм. Мөн хамгийн сонирхолтой нь бусад улс орны хүүхдүүдийн дийлэнх нь интернэт сүлжээ ашиглахыг аав ээж, найз нөхөд, багшаасаа сурсан гэсэн бол монгол хүүхдүүдийн 46 хувь нь өөрөө, 38 хувь нь найз нөхдөөсөө сурсан гэжээ.

Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 84,4 хувь нь ухаалаг утсаараа олон нийтийн сүлжээтэй холдбогддог гэсэн байна. Тэгэхээр дийлэнх эцэг эхчүүд 11-17 насны хүүхдүүддээ ухаалаг утсыг ямар ч цензургүйгээр ашиглахыг зөвшөөрдөг гэсэн үг юм. Мөн тэдний 42,5 хувь нь гар утасныхаа датаг ашиглаж интернэт ашиглаж, гар утасны дугаарын 35 хувь нь хүүхдийн өөрийн нэр дээр бүртгэлгүй байжээ.

СУДАЛГААНД ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 85,5 ХУВЬ НЬ ФЭЙСБҮҮК АШИГЛАЖ, 35 ХУВЬ НЬ ХОЁРООС ДЭЭШ АККАУНТТАЙ

Фэйсбүүк, инстаграм хэрэглэгчдийн насны доод хязгаар 13 буюу түүнээс дээш байдаг. Гэтэл судалгаанд хамрагдсан 11-12 насны хүүхдүүдийн 70 гаруй хувь нь фэйсбүүк, зургаан хувь нь инстаграм ашигладаг гэж хариулжээ.Мөн таван хүүхэд тутмын нэг нь танихгүй найзын хүсэлт авдаг, 33 хувь нь огт танихгүй хүнтэй чаталж байсан гэжээ.Мөн хүүхдүүдийн 43 хувь нь садар самууныг сурталчилсан агуулга бүхий мэдээлэлтэй тааралдаж, 25 хувь нь заримдаа өөрсдөө найз нөхдөө шоглосон дүрс бичлэг оруулдаг гэсэн байна. Хамгийн сонирхолтой нь эцэг эхчүүдийн 33 хувь нь цахим орчинд мэдээллээ хамгаалах ямар ч чадваргүй, 29 хувь нь анхан, 33 хувь нь дунд, ердөө таван хувь нь ахисан түвшний мэдлэгтэй хэмээн хариулжээ. Мөн багш нарын 14,9 хувь нь мэдэхгүй, 32,3 хувь нь анхан, 42,5 хувь нь дунд, 10,2 хувь ахисан түвшний хамгаалалтын чадвартай гэсэн байна. Хүүхдээ ямар сайтаар зочилсоныг эцэг эхчүүдийн 41 хувь нь мэддэггүй гэж хариулжээ.

ХХМТГ-ЫН ДАРГА Б.ЧИНБАТ: ТООН БИЧИГ ҮСЭГТЭН БОЛГОХ ХӨТӨЛБӨР ҮНЭГҮЙ

Фэйсбүүк группийн төлөөлөл ирээд холбогдох байгууллагуудтай уулзаж хамтарч ажиллах чиглэлээ тодорхойлсон.ХХМТГ-тай тоон бичиг үсэгтэн болгох, цахим орчныг хэрхэн зөв зохистой ашиглах чиглэлээр хамтарч ажиллахаар тохирсон.Үүнийхээ хүрээнд тоон бичиг үсэгтэн болгох хөтөлбөрийг Монгол Улсад нэвтрүүлэх хөтөлбөрийн нээлтийг хийгээд байна.Эхний ээлжинд ерөнхий боловсролын 20 сургууь дээр хөтөлбөрөө хэрэгжүүлнэ.Цаашдаа хөтөлбөрөө улс орон даяар хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.Хөтөлбөрт хүүхэд багачууд болон эцэг эхчүүд цахим хаягийнхаа нууц үгийг бусдад алдахгүйн тулд үсэг, цифр хольж хийх, өөрийн мэдээллийг бусдад алдахгүй байх зэрэг 18 цуврал хичээлийг бэлтгэсэн.Тоон бичиг үсэгтэн болгох хөтөлбөр үнэгүй учраас ЮТҮБ хуудас болон холбогдох сайтууд дээр байршуулсны дараа хүссэн бүх хүн танилцах боломжтой.

УИХ-ЫН ГИШҮҮН Н.УЧРАЛ: ХУРУУ НЬ ТАРХИНААСАА ТҮРҮҮЛЖ ХЭН НЭГНИЙГ ШҮҮМЖИЛЖ БИЧДЭГ НИЙГЭМ БОЛЧИХООД БАЙНА

Цахим орчны зохистой хэрэглээг бий болгохын тулд хууль эрхзүйн орчныг сайжруулах, техник технологийн хувьд шийдвэрлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх бусад байгууллагуудын үүрэг оролцоог нэмэгдүүлэх нь маш чухал байна. Цахим орчинд хэн нэгний нэр төрд халдаж гүтгэвэл Эрүүгийн хууль болон Мэдээллийн аюулгүй байдлын хуулиар хариуцлага хүлээлгэж байгаа.

Гэхдээ гадны улс орны жишгийг харахад хуулиар шийтгэхээс илүүтэй нийгмийн сүлжээнд зохистой хэрэглээг бий болгох эерэг хандлагуудыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажилладаг юм байна. Тухайлбал, хүүхэд болон эцэг эхчүүдэд цахим орчны талаар боловсрол олгон зөв хандлагыг бий болгож байна. Сүүлийн нэг жилийн дотор цахим гэмт хэргийн гаралт нэг дахин өссөн тоон үзүүлэлтэй байна. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд хамгийн их нөлөө үзүүлэх зүйл бол цахим орчин.Харин нөгөө талаасаа хамгийн худал ташаа мэдээлэл тархах боломжтой. Цахим сүлжээгээр дамжуулан бие биеэ гүтгэн доромжилдог, гэмт хэргийн гаралтын тоо өсөөд байгаа нь цахим хуудсанд буруу мэдээлэл түгээж байгаатай шууд холбоотой. Тийм учраас тархинаасаа түрүүлж хуруугаа хөдөлгөхөө больё.Хуруу нь тархинаасаа түрүүлж хэн нэгнийг шүүмжилж бичдэг нийгэм болчихоод байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top