Овооттолгой зэрэг нүүрсний ордууд дахь өмнөд хөршийн эрх мэдэл нэмэгдэв үү?

2019 оны 04 сарын 05

Манай улсын хууль тогтоомжийн дагуу төлөх ёстой байсан 35 сая ам.долларын татвараас зугтаж, экс удирдлагууд нь экс Ерөнхийлөгчөөс өршөөл хүртэж байсан “Саусгоби Ресурс” компани дефольт зарлах дээрээ тулсан гэх мэдээлэл 2018 оны арваннэгдүгээр сард анхаарал татаж байсан билээ. Тэгвэл өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээр “Саусгоби Ресурс” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/ хуралдаж, 2018 оны үйл ажиллагааны тайлангаа хэлэлцлээ. Компани 24 сая ам.долларын орлоготой ажилласан, Овооттолгой ордыг түшиглэж байгуулсан нүүрс угаах үйлдвэр нь 2018 оны дөрөвдүгээр улиралд 0.2 сая тонн нүүрс угаасан гэхчлэн, болж бүтэж буй үйл ажиллагааныхаа талаар ярилцжээ. Тэгэхээр Овооттолгойн ордыг ашиглах эрхийг эзэмшигч компанийн үйл ажиллагаа урагшаа явах нь тодорхой байна.

Стратегийн гэх тодотголтой Нарийн сухайтын ордын шууд үргэлжлэл болох Овоот толгой ордоос 2037 оны есдүгээр сарын 20-ны өдрийг хүртэл олборлолт хийх эрхтэй тус компани БНХАУ-ын нүүрсний бодлоготой холбоотойгоор үйл ажиллагаа нь доголдох дээрээ тулав уу гэдэг асуулт эхлээд тавигдаж байсныг сануулах нь зөв байх. Харин өдгөө өрнөж буй үйл явцаас харахад “Саусгоби ресурс” дефольт зарлах нэрээр Хятадын хөрөнгө оруулалтын корпорацийн эрх мэдлийг нэмэв үү гэдэг асуулт дагаж таарч байгаа юм.

“Саусгоби Ресурс” компани өмнийн говийн найман суманд хайгуул хийж, Овооттолгой зэрэг ордуудаас олборлолт, экспорт хийдгээрээ монголчуудтай эчнээ танил. Тус компанийн угшил Р.Фрийдландын “Айвенхоу майнз” гэдгийг дурдахад илүүдэхгүй биз ээ.

“Саусгоби Ресурс” компани БНХАУ-ын төрийн өмчит “China Investment Corporation”-д 2018.11.19-нд багтаан төлөх 41.8 сая ам.долларын төлбөрөө өгч чадаагүй тул дефольт зарлах нөхцөл байдал үүслээ гэсэн мэдээллийг өөрсдийн зүгээс анх гадагшлуулж байсан. Ийм агуулгатай мэдээллийг хэвлэлүүд нийтэлсний араас дампуураагүй гэх байр суурийг илэрхийлж байв. Ер нь бол тэдний Монгол дахь үйл ажиллагаа зогсох болоогүйг гэрчлэх мэдээллүүд бий л дээ. Тухайлбал, “QMC” групп “Саусгоби Ресурс”-ын охин компани “Саусгоби сэндс” ХХК-ийн Овооттолгойн уурхай дээр хаалтын төлөвлөгөө боловсруулж, 2017 онд хүлээлгэж өгөхдөө “20 жилийн дараах хаалтын асуудлыг ярьж байгаа ерөнхий концепци төлөвлөгөө” гэдгийг онцолж байсан. Тэгэхээр Овооттолгой уурхай 18 жилийн дараа хаагдана гэсэн дүр зураг харагдаж байгаа юм.

Тодотгоход, “Саусгоби Ресурс” компани дефольт зарлахдаа тулсан үндэслэл нь Овооттолгойн уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх, дэд бүтэц бүрдүүлэх, нүүрс боловсруулах үйлдвэр барих зэрэг ажлыг хийж хэрэгжүүлэхийн тулд гэсэн тодотголтойгоор БНХАУ-ын төрийн өмчит “China Investment Corporation” компаниас олон зуун сая ам.доллар татсантай холбоотой. 2009 онд 500 сая ам.долларын зээл авлаа гэж компанийн зүгээс мэдэгдэж байсан ч, үнэн хэрэгтээ компанийн хувьцаагаа худалдлаа гэх хардлага дагаж байв.

Тэгвэл 2009 оноос хойшхи компанийн мэдээллийг харахад анхаарал татах зүйл цөөнгүй байна. 2009 онд Хятадын “China Investment Corporation” 500 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг өрийн бичиг хэлбэрээр хийсэн бол 2010 онд “China Investment Corporation”-д 250 сая ам.долларыг хувьцаа хэлбэрээр буюу Саусгоби компанийн хувьцааны 13.6 хувийг өгчээ. Харин 2012 оны дөрөвдүгээр сард Хятадын Алюминум Корпораци Лимитед нь Саусгоби компанийг худалдан авах санал ирүүлж, 930 сая ам.доллараар 56-60 хувийг авах тохироо хийгээд байсан. Энэ хэлцэл Монголын улс төр, эдийн засгийн салбарт мэдээлэл болж хүрснээр худалдан авалт 2012 оны есдүгээр сард цуцлагдаж байсан юм.

Гэхдээ энэ хэлцэл цуцлагдсан ч компанийн 30 орчим хувийг хятадын тал гартаа оруулж чадсан байгаа юм. 2015 онд “Новел Санрайз” компани Саусгоби компанийн 48.7 сая энгийн хувьцаа буюу 29.3 хувийг эзэмшилдээ авсан байдаг. Харин 2015 оны долдугаар сард Хятадын Шинда Хөрөнгийн Менежментийн Корпораци Лимитэд компани “Новел Санрайз” компанийг өөрийн 100 хувийн эзэмшилд авснаар “Сасгоби сэндс”-ийн 29.3 хувь хятадын мэдэлд очсон.

Тэгэхээр нийт хувьцааны 42.9 хувь хятадын талын мэдлийнх гэдэг нь эндээс ойлгогдож байна. Тэгвэл дефольт зарлах дээрээ тулсан 41.8 сая ам.долларын төлбөрийн асуудлын цаана компанийн хэдэн хувь “China Investment Corporation”-д очиж байгаа вэ гэх асуулт анхаарал татсан хэвээр байна. Саусгоби компанид ганц Овооттолгой биш Заг сүүж, Сүмбэр гэхчлэн олон орд газруудыг ашиглах эрх бий. Монголчуудын танил Р.Фрийдланд охин компаниудаа хөрөнгөөс тусгаарлах, татвараас зайлсхийх, бизнесийн чиглэлээ салгах, тухайн улс орнуудын хууль тогтоомжийн давуу болон сул талыг ашиглах зорилгоор Нидерланд, Их Британийн Виржиний арлууд, Аруба зэрэг газар сайгүй тархаан байгуулдаг жишгээ “Саусгоби Ресурс” дээр ч давтсан байдаг юм.

“Саусгоби Ресурс”-ийн шинэ удирдлагын баг 2018 онд томилогдсон. ТУЗ болоод Гүйцэтгэх удирдлагын түвшинд олонх нь БНХАУ-ын иргэд байдаг. Гүйцэтгэх удирдлага болон ТУЗ-ийн багийг харахад 2018 оны дунд үед ихэнх нь томилогдсон байгаа юм. Шинэ удирдлагууд ирээд хагас жилийн ч нүүр үзэлгүй дампуурах нь гэсэн мэдээлэл тараасны цаана Овооттолгой зэрэг нүүрсний ордууд дахь өмнөд хөршийн эрх мэдэл нэмэгдэх үйл явц өрнөсөн байх магадлалтай байна.

Дэлгэрэнгүйг "ӨГЛӨӨНИЙ СОНИН"-оос унших боломжтой!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top