Акулууд гуравдагчдын орон зайг хэрхэн эмнэх вэ?

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 08

Монголын нийгэм улс төрийн системд задрал явагдана гэх судлаачдын байр суурь тийм ч хоосон хийрхэл биш байх. Яагаад гэхээр өнөөдрийн улс төрд өрнөж байгаа үйл явдлаас харвал үүнийг бататгах олон жишээ бий. Системийг задалж байж буцаан эвлүүлдэг гэх онолчдын үгийг ч санахад илүүдэхгүй.

Улс төрийн зүүн, баруун жигүүрийг эзэлж байгаа хоёр том хүчний дотоод зодоон нь эрх ашгийн төлөөх гэхээсээ илүүтэй нийгмийн олон талт урсгалд өөр өөрсдийнхөө үзэл бодлоор нэгдэж байгааг төвөггүйхэн ойлгож болохоор.

Тухайлбал, Л.Болд, Ж.Батзандан нар нам эвсэл хамааралгүй үзэл бодлын дагуу МАН-ын нөхөдтэй нэгэн туган дор нэгдэж байгаа нь, намынх нь лидерүүд хэд хэд хуваагдан үзэл бодлоо дагаж байгаа нь үүнийг гэрчлэх нэгэн шалтгаан мөн. Эрх баригч намынхан ч эв нэгдэлтэй дүр эсгэж байгаа ч далд ямархан бужигнаан өрнөж байгааг нуух хэрэггүй. Жишээ нь, МАН-ын лидер М.Энхболдыг УИХ-ын даргаас буулгаж байгаа нь, ил биш боловч дотооддоо үзэл бодлын зөрүү гарч байгаа нь үүнийг гэрчлэх бас нэгэн шалтгаан юм.

Хоёр том хүчинд өрнөж байгаа нөхцөл байдлыг өнгөц харахад эрх мэдлийн төлөөх тулаан гэж харж болохоор. Гэвч өнгийж харвал төр нийгмийн системд халдсан үйл явц өрнөж байна уу гэмээр. Нөгөө талаас Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нарын явуулж буй бодлогоос ч үзэл бодлоо дагасан өнгө аяс цухалзаж байгааг анзаарч болно.

Харин ийм байдалд гуравдагчдад ашигтай орон зай үүсч магадгүй юм. Хэрвээ нийгмийн тогтолцооны шалгарлаар явбал шүү дээ. Ийм түүх ч халуунаараа бий. Гуравдагч гэхээр ганцхан хуучин кадр Н.Энхбаярын бүлэглэл огт биш юм. Гуравдагчдын орон зайд бууриа зассан, засахаар зэхэж байгаа маш өргөн фронт горьдлого тээн буй. Өнөөдөр Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 31 нам бий. МАН, АН-ыг хасаад бүгд л өөрсдийгөө гуравдагчдын орон зайд бууриа зассан гэж үзнэ. Тэр тусмаа МАХН бол том санаа агуулж байгаа нь ойлгомжтой. Тэгэхээр том бүлэглэлүүдийн үзэл бодлоо дагасан энэ үймээн дундуур гуравдагчдын гэх орон зай харагдаж байгаа нь нэг их гайхах зүйл биш. Гэвч судлаачдын үзэж байгаагаар систем задран унаж байгаа бол гуравдагчдын орон зайд тодроод байгаа Н.Энхбаяр, Ц.Оюунбаатар, С.Ганбаатар болон бусад нөхөд энд хэрэггүй гэж болно. Яагаад гэхээр тэд өөрсдөө хэзээ нэгэн цагт задран унах гэж буй системийн том бүтээгдэхүүн төдийгүй авторууд ч гэж болохоор.

Тийм ч учраас Баабар ямар ч нам эвсэл гэхгүй нэр цэвэр, үзэл бодол цэгцэрсэн залуусаар гуравдагч орон зайг бий болгоно хэмээн онолдсон байх. Гэвч намаар дамжуулан төрийн эрхийг авна уу гэхээс өөр ямар ч арга байхгүй. Дэлхийн түүхэнд ч байхгүй. Ийм онол практикийн аль аль нь байхгүй учраас хүссэн хүсээгүй улс төрийн хүчнүүд ардчилсан ёсоор сонгуульдаж байж сая төр барих эрхийг авна. Морины хүчээр уулаглан дайрч ирээд булаан авдаг цаг хэдэн зууны цаана үлдсэн учраас энэ тухай саналтгүй.

Ерөөсөө улстөрд өндийх хандлага бүхий гуравдагч этгээдийг дарах нь том бүлэглэлүүдийн гол үнэт зарчим байсаар ирсэн. Дэлхийн улстөрийн түүхэнд ч өндөр авсан гуравдагч этгээд байхгүй. Харин сөрөг хүчний хэмжээнд очиж байсан гуравдагчдын тухай онолчид дурдсан нь бий. Нийгмийн ил тод байдал, олон ургальч үзэлд эрх биш шинэчлэл бий болох тусам олигархууд гуравдагч этгээдийг улам л ад үзэх болсон нь 2012 оноос хойш илт ажиглагдах болсон. Учир нь манай хоёр том хүчин Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж, 2012 оны сонгуулийг томсгосон тойргоор буюу пропорцониаль системээр явуулсан. Ингэхэд гуравдагчдын орон зайд байсан МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл 11 судал авч УИХ-д бүлэг байгуулах хэмжээнд очсон нь том бүлэглэлүүдийг айлгаад авсан. Айлгах бүү хэл Засгийн газарт хамтран мандаж, хорооны засаг дарга сайдын суудалд заларч гээд юм юм л болсон. Тиймээс 2016 оны сонгуульд орохдоо хоёр том бүлэглэл мөн л дундын тохироогоор Сонгуулийн тухай хуульд дахин өөрчлөлт оруулсан. Тодотговол, жижиг буюу мажоритар системээр сонгууль явуулахад гуравдагч этгээдээс ганцхан суудал авах жишээтэй. Нөгөө нь бие даагч С.Жавхлан. Мажоритар бол намын саналыг ихээр гээдэг ийм л тогтолцоо. Энэ бол гуравдагч этгээдийг шахаж байгаагийн нэгэн илрэл болохоос биш Сонгуулийн тухай хуулиа засч сайжруулаад байгаа хэрэг огт биш. Том бүлэглэлүүүд өөрсдийнхөө орон зайг өндөр эрх мэдэлтэй авч үлдэх гэсэн ажиллагаа гэдгийг өдгөө хэн бүхэн мэдэх болоо биз ээ.

Өнөөдөр Сонгуулийн тухай хуулийг өөрчлөх эсэх тухай яриа байдаг ч нам жимхэн байгаа нь цагийн байдал, нийгмийн өнгийг харзнаж байгаа хэрэг. Тодотгож хэлбэл, дээр дурдсан энэ үзэл бодлоо дагасан улс төрийн бужигнаан хаашаа өрнөхийг харж байна. Тиймээс УИХ-д суудалтай хоёр том нам дундаа тохиролцоод цагийн аясыг дагасан өөрчлөлт хийж таарна. Өнөөдөр МАН үнэмлэхүйн дээд үнэмлэхүй 64 суудалтай байгаа учраас АН-ыг хань татах ч хэрэг гарахгүй биз. Өндөр дээд эрх мэдлээ хадгалж үлдэнэ, сонгуульд ялалт байгуулна гэдэг амаргүй ажил. Улс төрийн том хүчнүүдийн дэргэд тусгай бэлтгэгдсэн судлаачдын баг ажиллаж байгаа. Тэд өдөр бүр, долоо хоног бүр намын рейтенг, сонгогчдын санал бодол хаашаа эргэж байгаад анализ хийж байгаа. Тухайлбал, МАН-ын дэргэд хуучин “Прогноз” нэртэй ажиллаж байгаад сүүлдээ “Стратеги академи” гэх сүржин нэртэй болсон байгууллага өдөр тутам үйл ажиллагаа явуулж байна. Энэ ажиллагаа сонгууль дөхөхөөр улам идэвхтэй болж, өнөөх л Сонгуулийн тухай хуулийг хаашаа эргүүлэх тухай хараа хяналтаа чиглүүлэх нь дамжиггүй. Ийм цаг дор сонгогчдын санаа бодол хаашаа эргэхийг өдгөө таашгүй. Энэ л нийгмийн савалгаанд тааруулсан, өөрсдөдөө хал балгүй хуулийг хэлэлцэн батлах магадлал бий.

Нөгөө талаар судлаачдын хэлж байгаагаас гадна жирийн сонгогчийн нүдээр харвал нийгэмд МАН, АН хэмээх хоёр их айлаас уйдах хандлага нэгэнт бий болсныг нуух хэрэггүй. Энэ хэрээр гуравдагчдын орон зайд тодорсон аль ч намыг сонгоход бэлэн болж, нийгэм өөрөө эрэлхийлэлд нэгэнт морджээ гэж болно. Ийм хандлагыг анзаарсан хоёр том бүлэглэл гуравдагч этгээдийн орон зайд тодорч болохуйц МАХН-ыг үгүй хийх бодлого боловсруулахгүйгээр цааш алхана гэж байхгүй. Тэдэнд эртнээсээ гуравдагчдыг “намнаж” байсан туршлага бий. Улсын дээд шүүхэд бүртгэлтэй намуудын жагсаалтад гуравт эрэмбэ эдэлдэг Ногоон намын хувь заяаг мөн ч олон тийш залж саармагжуулсан даа. “Иргэний Зориг Ногоон Нам”, “Иргэний Зориг нам”, “Ногоон Нам” гэх мэтээр хувираад байсан нь хэдэн уйдамтгай гишүүдийн үйлдэл огт биш байх. Олигархуудын хавчиж боосон үйлдлийн дагуу л хувирч байсан акц болов уу. Хамгийн сүүлд гэхэд Г.Уянга нарын ТТЭНН-ыг, С.Ганбаатар нарын ХҮН-ыг гээд юу ч биш болгосон. Дарга нарыг нь ч хэн ч биш болгосон. Г.Уянга Ерөнхийлөгч Х.Баттулгад дагаар орж, С.Ганбаатар Н.Энхбаярт дагаар орчихсон байх жишээтэй.

Тэгэхээр хэдийгээр Монгол Улсад системийн задрал хийгээд улс төрийн хүчнүүдийн хуваарилалт явагдах хандлага байгаа ч эрх мэдэлтнүүд олноороо хүч түрж, өөрсдийнхөө талд хууль батлуулах үйлдэл гарч таарна. Энэ бол системд өөрийн хуулиар гарч ирж байгаа өөрчлөлтийг хүчээр барьж байна гэсэн үг. Тэд гуравдагчдын орон зайг эртнээс эмнэж ирсэн туршлагатай.

Дэлгэрэнгүйг "ӨГЛӨӨНИЙ СОНИН"-оос унших боломжтой!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top