Сонгууль хаяанд ирсний баталгааг улс төрийн шинэ нам байгуулахаар Улсын дээд шүүхэд өгч буй иргэдийн хүсэлтээс харж болно. Өнөөдрийн байдлаар Улсын дээд шүүхэд албан ёсоор 31 нам бүртгүүлэн тамга тэмдгээ аваад байна. 2018 оны арванхоёрдугаар сард гэхэд Улсын дээд шүүхийн хуралдаанаар хэд хэдэн намын асуудлыг хэлэлцсэн байдаг. Тухайлбал, Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Намын нэр болон дүрэмд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Дээд шүүх хянан хэлэлцээд бүртгэхээс татгалзсан. Учир нь Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзсэн байна.
Монголын Төв Намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай А.Эрдэнэбаяр нарын хүсэлтийг Улсын дээд шүүх арванхоёрдугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцээд хүсэлтэд хавсаргасан баримт нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй тул бүртгэхээс татгалзсан.
Мөн өдрийн хуралдаанаар Ард Түмний Олонхийн Засаглал нам (АТОЗН)-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Ц.Нарангэрэл нарын хүсэлтийг Улсын дээд шүүх хянан хэлэлцээд бүртгэж авсан. Ингэснээр Ард Түмний Олонхийн Засаглал Нам нь улсын бүртгэлд бүртгэлтэй 29 дэх нам болж байлаа.
Эл өдөр иргэн З.Бат-Отгон нарын Их Эв Намыг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. Их Эв Нам нь улсын бүртгэлд бүртгэлтэй 30 дахь нам болж, 2018 он шувтарч байсан билээ.
Харин он гарсаар Улсын дээд шүүх хэд хэдэн намын хүсэлт, дүрмийн өөрчлөлтийг хэлэлцээд байгаа. Тодруулбал, Ардчилсан Намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлт болон мөрийн хөтөлбөрийг шинэчлэн бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Дээд шүүх нэгдүгээр сарын 7-ны өдөр хэлэлцсэн. Ардчилсан Намын 2018 оны аравдугаар сарын тавны өдрийн есдүгээр Их хурлаар баталсан дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлт болон мөрийн хөтөлбөр нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна хэмээн үзэж, тус намын шинэчилсэн дүрэм, мөрийн хөтөлбөрийг бүртгэж авсан байдаг. Тэгвэл энэ өдөр мөн Монгол Ардын Намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг хэлэлцэн бүртгэсэн юм.
2019 он гарсаар өмнө нь хоёр ч удаа Улсын дээд шүүхээс баримт бичгийн бүрдэл дутуу хэмээн бүртгүүлж чадаагүй иргэн Б.Батсүх нарын Гэр Хороолол Хөгжлийн Намыг Улсын дээд шүүх энэ оны нэгдүгээр сарын долооны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн байна. Хүсэлт гаргагчаас ирүүлсэн баримт болон намын дүрэм, мөрийн хөтөлбөр нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нийцсэн гэж Дээд шүүх үзэж, уг намыг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохоор шийдвэрлэсэн. Ингэснээр Гэр Хороолол Хөгжлийн Нам нь нь Монгол Улсад улс төрийн үйл ажиллагаа явуулах эрхтэй болж, Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль болон бусад хуульд нийцүүлж үйл ажиллагаагаа явуулахыг Дээд шүүх даалгаад байгаа юм. Гэр Хороолол Хөгжлийн Нам нь улсын бүртгэлд бүртгэлтэй 31 дэх нам болоод байгаа. Ингэснээр гэр хорооллын хөгжлийн төлөө, иргэдийн газрыг эргэлтэд оруулна хэмээн төв талбайд жагсаал зохион байгуулж байсан иргэд албан ёсоор намтай болж авсан.
Тэгвэл Улсын дээд шүүхийн нэгдүгээр сарын 30-ны өдрийн хурлаар Миний Монгол Намыг улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлтийг хянан хэлэлцээд улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан юм. Учир нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг бүрэн хангаагүй гэж үзжээ. Хүсэлт гаргагч нь баримт материалаа хуульд заасан шаардлагын дагуу бүрдүүлсэн тохиолдолд хүсэлтээ дахин гаргах боломжтой юм.
Энэ өдөр мөн Монгол Шинэчлэлт Намыг улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлтийг Улсын Дээд шүүх хянан хэлэлцээд хуульд заасан шаардлага хангаагүй буцаасан байна.
Харин үргэлж олны анхаарлын төвд байдаг “Буян” Жагаагийн бараг бүх насаараа тэргүүлж яваа Бүгд Найрамдах Намын дүрэм, даргын өөрчлөлтийг Улсын дээд шүүх гуравдугаар сарын 29-ний өдөр хянан хэлэлцсэн. Нэг хүний нам гэдэг нэр зүүсэн тус намын Бага хурал өнгөрөгч хоёрдугаар сарын 16-ны өдөр хуралдан намын дүрэмдээ нэмэлт, өөрчлөлт оруулсан байгаа юм. Мөн намын даргаараа Б.Жаргалсайханыг сонгосон үйл ажиллагаа нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна хэмээн үзэж, тус намын дүрмийн болон даргын өөрчлөлтийг бүртгэж авсан.
Энэ өдрийн хуралдаанаар шинэ оны өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлж чадаагүй иргэн А.Эрдэнэбаярын Монголын Төв Намыг улсын бүртгэлд бүртгэж авахаас татгалзсан. Ингэснээр хоёр дахь удаагаа бүдэрч байгаа нь тэр юм. Гэхдээ гандан буурахгүй дахин материалаа бүрдүүлэн хүсэлтээ дахин гаргах боломж бий.
Сонгуулийн хонх цохих өдрүүд ойртох тусам улс төрийн намууд борооны дараах мөөг шиг олширох нь гарцаагүй. Тэд улс төрд идэвхтэй байж парламентад суудалтай болохоос илүүтэй хувь хүний пиар сонгуулийн үеэр аль нэг нам болон нэр дэвшигчтэй тохиролцон хэтэвчээ зузаатгаж ирсэн. Нэг үгээр хэлбэл санал хуваах зорилготой намууд сонгууль дөхөх тусам бэлчээрээ тэлдэг гэсэн үг.
УИХ-ын гишүүн Л.Болд Ардчилсан намаас гарч буйгаа мэдэгдсэн бол Ж.Батзандан гишүүн намаасаа “хөөгдсөн”. Тиймээс тэд нийлж шударга ёсны төлөөх нам байгуулна гэдгээ зарлаад байгаа.
Намын нэрээ албан ёсоор тогтоогүй байгаа ч Үндэсний шударга ёсны нам нэртэй байна гэдгийг зарим эх сурвалжууд хэлэх болсон. Тиймээс Улсын дээд шүүх тун удахгүй тус намын асуудлыг хэлэлцэх болов уу. Түүнчлэн Ардчилсан намаас жигүүр тасдан үүрээ засах дараагийн хүн нь Ардчилсан намын дарга, Ерөнхий сайд асан Норовын Алтанхуяг. Одоогоор тэрбээр “Нэгдсэн Монгол” хөдөлгөөн албан ёсоор байгуулснаа зарласан. Намтайгаа нэг дээвэр доор үнэхээр багтахгүй гэж үзвэл “Нэгдсэн Монгол” нам 2020 оны сонгууль эсвэл бүр наашлаад 2019 оны зургадугаар сард болох Хэнтий аймгийн нөхөн сонгуульд нэр дэвшигчээ сойж мэднэ.
Улс төрийн акц хийдэг хүн бүр халаасандаа бараг нэг намтай болсон. Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 31 намаас хэд нь улс Монголынхоо хөгжил, дэвшлийн төлөө бодлого боловсруулан уралдсан билээ. Хүүхдээ цэцэрлэгт өгөхийн тулд сугалаа сугалдаг монголчууд сонгууль бүрийн өмнө азын шоо хаях нь холгүй нэр дэвшигчийг сонгодог. Хүн амынхаа тоотой харьцуулахад харьцангуй олон намтай Монгол Улсын хөгжлийн түлхүүрийг атгаад гарч ирэх тийм намыг үгүйлсээр. Улс төрийн шинэ намууд, шинээр бүртгүүлэх гэж буй “нам”-тангууд сонгууль ойртох тусам манцуйдаа тарчилж байна даа.
Дэлгэрэнгүйг "ӨГЛӨӨНИЙ СОНИН"-оос унших боломжтой!
Сэтгэгдэл ( 0 )