Монголын холимог тулааны домог Ж.Нарантунгалаг “One Championship Roots of Honor“ тэмцээнд оролцохоор Филлипин улсын Манила хотод очоод байна. Манай тамирчин “ONE Championship” холбооны хагас хөнгөн жингийн аваргын бүсийн төлөө ирэх баасан гаригт буюу дөрөвдүгээр сарын 12-нд вьетнам гаралтай Австралийн тулаанч Мартин Нгуентэй тулалдахаар болоод байгаа билээ. Энэ бүсийг Тунгаа 2014-2015 онд эзэмшиж байсан юм.
Мартин бол манай тулаанчийн Оросын Марат Гафуровт алдсан аваргын бүсийг 2017 онд Гафуровыг хоёрдугаар үед хүнд цохилтоор ялж, булаан авсан тулаанч билээ.
Өчигдөр /2019.04.09/ тэмцээнд оролцох тамирчдын хэвлэлийн бага хурал боллоо. (42 дахь минутаас үзнэ үү).
Тунгаа “Олон орны тамирчдын бие биенээ хүндэтгэх хүндэтгэлийг эвдэлгүйгээр тэмцээн зохион байгуулж чаддаг “ONE Championship” холбоондоо баярлалаа. Шилдгийн шилдэг тулаанч Мартин Нгуентэй аваргын бүсийн төлөө тулалдах болсон нь миний хувьд нэр төрийн хэрэг юм. Би зугтаж зайлахгүй, урагш довтолж тоглох тактик бэлтгэж ирсэн. Насаар ахмад учир би илүү туршлагатай байх болно. Тулааны урлагаар хичээллэж, тэмцэж тулалдаж явах нь надад их таалагддаг. Тийм учраас би өдий болтол тамирчин хэвээр байгаа юм. Дур сонирхлоо бууртал цаашид тулалдана гэж боддог” гэж ярьлаа. Энд манай тамирчин “ONE Championship” холбоо Америкийн UFC холбоо шиг тулалдах тамирчдыг хэрэлдүүлж шоу хийдэггүйг сайн гаргаж өглөө.
Сэтгүүлчид “Та Нгуен аваргаас юугаараа илүүрхэнэ гэж бодож байна” гэж асуухад манай тамирчин “Би тулааны маш олон төрлөөр хичээллэж байсан. Кёкүшинкай каратэ, байлдааны самбо, житкүндо, жүдо гээд. Энэ бүх төрлөөр би тэмцээнд оролцдог байсан. Тийм учраас би туршлагаар илүүрхэнэ гэж бодож байна” гэж хариуллаа.
Харин “Техник харуулсан тулаан үзүүлэх үү, хүчээр ааглах тактиктай байна уу” гэхэд нь “Тулааны урлагийн техникийг ч, хүчийг ч харуулсан жинхэнэ холимог тулаан үзүүлнэ гэж бодож байгаа” гэсэн сайхан хариулт өглөө.
Мартин Нгуений хувьд жин ахин тулалдаж яваад үндсэн жиндээ эргэн ирж байгаа. Дээд жингийн аваргын бүсээ ч хамгаалалгүй, эргүүлэн өгсөн байна. 77 кг-ийн жинд 2 ч ялагдаж, сүүлийн үед ялалт, ялагдал ээлжилж байгаа түүний хувьд “Гэртээ эргэн ирж” байгаа хэрэг болж байна.
“ONE CHAMPIONSHIP” ХОЛБООНЫ ХАГАС ХӨНГӨН ЖИНГИЙН ҮЕ ҮЕИЙН АВАРГУУД
Сэтгэгдэл ( 0 )