ТОЙМ: Төрийн болон түмний мөнгийг “ХАДГАЛСАН”  Капитал татан буугдав  

2019 оны 04 сарын 14

Эдийн засгийн салбарын онцлох мэдээллүүдээс хүргэе.


Банк тойрсон үйл явдлууд

 “Капитал” банкийг албадан татан буулгах шийдвэрийг Төв банкны Ерөнхийлөгч энэ сарын 9-ний өдөр гаргалаа. Тус  банкны үйл ажиллагаа доголдож буй талаар өнгөрсөн оны сүүлчээр цөөнгүй мэдээлэл эх сурвалжуудаас гадагшилж байв. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс 2018 оны дөрөвдүгээр улирлын байдлаарх Арилжааны банкуудын өрсөлдөөний тоймыг гаргахдаа Капитал банкийг банкуудын тооноос хасч, 14 биш 13 арилжааны банкны үзүүлэлтүүдийг тоймлож байв.

Монголын банкны салбарын нийт хөрөнгө 2018 оны дөрөвдүгээр улирлын байдлаар 33.1 их наяд төгрөгөөр хэмжигдсэн. Тэгвэл үүний 1.1 хувь буюу 334.3 тэрбум төгрөгийг Капитал банк бүрдүүлж байгаа юм. Монголын эдийн засаг банкны салбараас хамаарал өндөртэй. Гэхдээ Капитал банк  активын хэмжээгээрээ системийн нөлөө бүхий банк биш учраас уг шийдвэртэй холбоотойгоор банкны системд учрах ноцтой  эрсдэл бол харагдахгүй байгаа. Гэхдээ тус банкинд олон нэршил бүхий төрийн мөнгөнүүд байршиж өдийг хүрсэн бөгөөд хэдэн зуун тэрбумаар хэмжигдэх мөнгө төгрөгийн асуудлыг төр өөрөө хариуцах дээр тулсан асуудал байна. Тухайлбал, Нийгмийн даатгалын сангийн үлдэгдэл 101 тэрбум төгрөгийг төр хариуцна. ХНХ-ын сайд С.Чинзориг хэлэхдээ энэ хөрөнгө эрсдэлд орохгүй гэсэн. Гэхдээ тэрбээр “Капитал банкны эрхийг хүлээж авч байгаа Монголбанкинд хандаж, графикийн дагуу хөрөнгийг барагдуулна. Ямар эх үүсвэрээр барагдуулах нь Монголбанкны асуудал” гэж мэдэгдсэн.  Мөн Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын өгч буй мэдээллээр төрийн ачаа улам хүндрэхээр байгаа юм. Тэрбээр Капитал банкны үйл ажиллагаа доголдоод дөрвөн жил болсон, үүнтэй холбоотойгоор Засгийн газарт хэд хэдэн өрийн дарамт үүсч байна гэж хэлсэн. Тодруулбал, Тэтгэврийн даатгалын хүрээнд 104 тэрбум төгрөг, Эрүүл мэндийн даатгалаас 134.9 тэрбум төгрөг. Хөгжлийн банкны 52 тэрбум төгрөг. ЖДҮ-ийн 47 тэрбум төгрөг.  АШУҮИС, МУБИС-ийн зургаан тэрбум төгрөг тус тус Капиталд байршиж байжээ. Төрийн энэ олон тэрбумыг давуу эрх эдлэн өөртөө байршуулсан тус банк 2015 оноос төлбөр хийх боломжгүй болсон байсныг Сангийн сайд хэлсэн.

Капитал банкинд 20 сая төгрөгөөс дээш хадгаламжтай иргэдийн төлөөлөл болон Хохирогчдын эрх ашгийг хамгаалах “Шударга” ТББ-тай    хамтран байгуулсан Түр хороо Монголбанкинд хүргүүлсэн шаардлагынхаа хариуг өнгөрсөн баасан гарагт  авлаа.

Монголбанкнаас өгсөн хариу бичигт “Капитал банк урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх Монголбанкны шаардлагыг биелүүлээгүйгээс банкны төлбөрийн чадвар, хэвийн үйл ажиллагаа алдагдсан. Иймд санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах, харилцагч, хадгаламж эзэмшигчийн эрх ашгийг хамгаалах үүднээс Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар татан буулгах шийдвэр гаргаж, Банкны эрх хүлээн авагч томилсон.

Төв банкны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар банк, банкны үйл ажиллагааны талаарх албан баримтыг хуульд зааснаас бусад тохиолдолд бусдад мэдээлэх, танилцуулахыг хориглосон байдаг.

Мөн Монголбанкинд хувь хүн хуулийн этгээдийн данс байршдаггүй тул банкны харилцагч, зээлдэгч болон хөрөнгийн мэдээллийг Монголбанкнаас гаргаж өгөх боломжгүй байна.

Тус банкны харилцагч болох Г.Алтан нь бусдын нэр дээр шинээр 20 сая төгрөг хүртэлх төгрөгийн дансууд нээсэн эсэхийг Банкны эрх хүлээн авагч, шалгаж тогтооно.

Монголбанкны удирдлагууд, Капитал банкны Банкны эрх хүлээн авагчийн зөвлөл нь тус банкны харилцагчид, тэдний хууль ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгчидтэй уулзалт хийхэд татгалзах зүйлгүй болно” гэсэн юм.

Мөн Монголбанкны мэдэгдэлд: Банкны эрх хүлээн авагч томилогдсоноор Капитал банкны үйл ажиллагааг зогсоон, тус банкны тайлан тэнцэл, хөрөнгийг хүлээн авахаар түргэн шуурхай ажиллаж байна.

Капитал банкны тайлан тэнцэл, хөрөнгийг хүлээн авсаны дараа:

20 сая төгрөгөөс доош дүнтэй харилцах, хадгаламж эзэмшигчдийн нөхөн төлбөрийг ойрын хугацаанд Хаан банкаар дамжуулан олгоно. Аль салбараар олгохыг Хаан банкнаас зарлана. Та бүхний даатгалын нөхөн төлбөрийг Хадгаламжийн даатгалын сангийн эх үүсвэрээс яаралтай олгохын тулд Хаан банк, Хадгаламжийн даатгалын корпорацитай хамтран ажиллаж байна. 20 сая төгрөгөөс дээш дүнтэй харилцах, хадгаламж эзэмшигчдийн нэхэмжлэлийг Банкны эрх хүлээн авагч удахгүй авч эхэлнэ. Шаардлагатай мэдээллийг цаг тухай бүр хүргүүлнэ” гэж буй юм.


Махны үнэд ХОТ анхаарна

Манай улс махны экспортоосоо өнгөрсөн онд 270 орчим тэрбум төгрөгийн орлого олсон сайн мэдээтэй зэрэгцэн дотоодын хэрэглэгчдэд хүрч буй кг махны үнэ өсч буй таагүй дүр зураг харагдаж байна. Хаврын улиралд махны үнэ өсдөг циклтэй ч, энэ удаагийн өсөлтөд өмнөд хөршийн эрэлт нөлөөлж буйг албаны хүмүүс хэлж байна. БНХАУ-д дэгдсэн гахайн мялзан өвчин энэ онд бүрэн арилахгүй байх төлөвтэй тул, тэр хэрээр манайхаас мах авах эрэлт нь хадгалагдахаар байгаа аж. Уг нь махны экспорт өснө гэдэг сайн ч, дотоодын хэрэглэгчдэд хүрэх махны үнэ өссөөр байх уу гэдэг асуудал чухал болоод байна.

Махны үнэ харьцангуй өндөр байгаа тухай мэдээлэл гарах болсонтой холбогдуулж  нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан "Хүчит шонхор" хүнсний зах дээр ажиллаж,  махны жижиглэнгийн худалдаачид болон иргэд, худалдан авагчидтай уулзаад байна.  Махны худалдаачин Т.Оюунчимэг “Хүчит шонхор зах дээр 23 жилийн турш махны худалдаачнаар ажиллаж, 4-5 хүнийг ажлын байраар хангаж ажилладагаа дурьдаад, энэ жилийн хувьд махны үнэ харьцангуй өндөр байгаа нь хүмүүсийн худалдан авах чадварт муугаар нөлөөлж байна. Махны үнэ нэмэгдсэн шалтгаан нь нэг талаас нөөцийн махаа хангалттай бэлтгэж чадаагүй, нөгөө талаас экспортоор мах гаргах болсонтой холбоотой гэж хүмүүс ярьж байна. Олон хүмүүсийг ажилтай орлготой болгож байгаа Хүчит шонхор хүнсний захыг нэг хэсэг хаана гэсэн яриа гарсан. Хотын дарга та энэ захыг хаахгүй байлгах тал дээр анхаарч өгөөрэй ” гэв.

Хотын захирагч С.Амарсайхан “Өнөөдөр нийслэлчүүдийн өргөн хэрэглээний хүсний бүтээгдэхүүнийг нийлүүлдэг  томоохон захын нэг Хүчит шонхор хүнсний зах дээр ажиллаж байна. Юуны өмнө нийслэлчүүд маань эрүүл, аюулгүй хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх ёстой. Мах махан бүтээгдэхүүн,  хүнсний ногооны бэлтгэн нийлүүлэлт, тээвэрлэлт, худалдан борлуулалтыг чанар стандартын хэмжээнд хэрэгжүүлэх, гаднаас оруулж байгаа импортын бүтээгдэхүүнд тавих мэргэжлийн байгууллагын хяналтыг дээшлүүлэхэд анхаарч ажиллах ёстой. Махны  үнэ өртөгийг  элдэв олон шат дамжлага, түүнийг дагасан хиймэл хөөрөгдөлгүйгээр тогтоох чиглэлд хот анхаарч ажиллана. Хүнсний захын хэмжээнд эрүүл ахуйн шаардлага, чанар стандартын талаас анхаарах зүйл цөөнгүй ажиглагдаж байна. Гэхдээ бид асуудлыг болохгүй бүтэхгүй гээд хааж боох биш, болохгүй зүйлээ хэрхэн шийдвэрлэх вэ, орчин нөхцлөө яаж сайжруулах вэ гэдэг дээр хамтраад ажиллах, тэр хэмжээгээр бизнес эрхлэгчид нь ашиг орлогоо нэмэгдүүлдэг, иргэд хэрэглэгчид хүссэн бараа бүтээгдэхүүнийхээ чанарт эргэлзэлгүй худалдан авч хэрэглэдэг байх орчныг бүрдүүлж ажиллахыг зорино” гэлээ.

Хүн амын тэн хагас нь амьдардаг нийслэл хотын удирдлагын зүгээс махны үнэтэй холбоотойгоор ийм байр суурь илэрхийллээ.


Ипотекийн зээлдэгчийн тоо 1.5 дахин ӨСНӨ

Арилжааны банкууд иргэдэд ипотекийн зээл олгохгүй байна, Монголбанкнаас санхүүжилт ирээгүй гэсэн тайлбарыг өгч байна гэх мэдээлэл байгаа. Тэгвэл  Монголбанкны Санхүүгийн зах зээлийн хэлтсийн захирал П.Мөнхбаяр энэ мэдээлэлтэй холбогдуулан байр сууриа илэрхийлэхдээ “Монголбанк ипотекийн зээлийн хөтөлбөрийн тасралтгүй байдлыг хангах зорилгоор сар бүр 200 орчим зээлдэгчдэд 16  тэрбум төгрөгийн санхүүжилтийг банкуудаар дамжуулан олгож байна. Он гарснаас хойш эхний 4 сарын байдлаар нийт 885 зээлдэгчдэд 64 тэрбум төгрөгийн орон сууцны зээлийн санхүүжилтийг зөвхөн Монголбанкнаас олгосон” гэж байна. Мөн Засгийн газраас ипотекийн зээлийн санхүүжилтэд зориулан эх үүсвэрийг Монголбанканд шилжүүлсэн ч, Монголбанк олгохгүй байна гэсэн асуудалтай холбоотойгоор хэлэхдээ “Ипотекийн зээл яг хаанаа гацаад байна вэ гэдэг асуултад “Өнгөрсөн онд ипотекийн зээлийн хөтөлбөртэй холбоотой нэлээд хэдэн эрх зүйн баримт бичгүүд шинээр батлагдсан. Эдгээр баримт бичгүүдээр Засгийн газраас банкуудад олгох орон сууцны ипотекийн зээлийн эх үүсвэрийн хүүг 1 хувь болгон бууруулж, банкуудын эх үүсвэрийг татан оролцуулах, зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан.  Дээрх шийдвэрийн дагуу хөтөлбөрийн эх үүсвэр болон үнэт цаасжуулалтын бүтцэд өөрчлөлт оруулж, схемийг бүрэн шинэчлэх нь нэлээд цаг хугацаа шаардсан ажил боловч Монголбанк богино хугацаанд холбогдох гэрээнүүдэд өөрчлөлт оруулан, эцэслэн бэлэн болгоод байна. Энэ хүрээнд Монголбанк 2019 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр Засгийн газартай дамжуулан зээлдүүлэх гэрээг байгуулж, Засгийн газраас 2019 оны эхний 4 сард олгох ёстой байсан 35 тэрбум төгрөгийн санхүүжилтийг дөрөвдүгээр сарын 9-ний өдөр Монголбанканд шилжүүлсэн.Монголбанк энэ хооронд бүх талуудтай гэрээг эцэслэн байгуулж, Засгийн газрын дээрх санхүүжилт дээр банкуудын өөрийн эх үүсвэрийг хөтөлбөрт нэмж оруулах ажлыг зохион байгуулаад байна. Ингэснээр 70.0 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 4 дүгээр сард нэмж орон сууцны зээлд зориулан олгоно” гэж байна. Харин цаашид орон сууцны зээлийн эх үүсвэр нэмэгдэнэ гэж ойлгож болох уу гэдэгт “2019 оны эхний 4 сарын санхүүжилтийн нийт хэмжээ 134 тэрбум төгрөг болж байна. Цаашид он дуустал 3 төрлийн эх үүсвэрээс сар бүр тогтмол 36 тэрбум төгрөгийн санхүүжилтийг орон сууцны зээлд зориулан олгоно. Ингэснээр энэ онд хөтөлбөрийн нийт санхүүжилтийн хэмжээ 145 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, зээлдэгчийн тоо 1.5 дахин өсөх тооцоо гарч байна”  хэмээн байр сууриа илэрхийлэв.


 Түлшний үнэ  ӨСӨВ

2018 онд шатахуун түлшний үнэ таван удаа дараалан нэмэгдэж, литр тутамд 350-380 төгрөгөөр өссөн байдаг. Тэгвэл импортлогчид энэ долоо хоногийг угтан  түлшний үнийг  40-50 төгрөгөөр нэмлээ.  Өнгөрсөн оны сүүлчээр дэлхийн зах зээл дээр газрын тосны ханш буурсан нь, манай импортлогчдын хувьд шатахууны үнийг буулгах гол үндэслэл болсон. Үнээ буулга гэсэн шаардлагыг Засгийн газраас тавьж, импортлогчид 150-200 төгрөгийн хооронд шатахуун түлшний үнийг бууруулсан.  Гэтэл  импортлогчид эргээд түлшний үнийг нэмж байна.

Тодруулбал, “Петровис” компани  “АИ-92” шатахуун 50 төгрөг, дизель түлшний үнийг 40 төгрөгөөр нэмсэн байна.  “Шунхлай” компани шатахууны үнээ литр тутамд 45-50 хүртэлх төгрөгөөр нэмсэн бол “Магнай Трейд” ХХК  шатахууны үнийг литр тутамд 45 төгрөгөөр нэмжээ. Түлшний үнийн энэ удаагийн өсөлттэй холбогдуулан АМГТГ-аас ямар нэг байр суурь илэрхийлээгүй.  Дашрамд өгүүлэхэд, Монголбанкнаас инфляцийн төлвийг өнгөрсөн долоо хоногт танилцуулахад шатахууны үнийг ТОГТВОРТОЙ байхаар тооцсон байсан. Тэгвэл импортлогчид түлшний үнийг өсгөх чиглэлийг барих нь харагдаж эхэллээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top