Ажлын хэсэг юун түрүүнд амь насаа алдсан ажилтнуудын ар гэрт дэмжлэг үзүүлэх үүрэгтэй

2019 оны 04 сарын 17

Нийслэлийн Онцгой байдлын газарт өчигдөр /2019.04.17/ 15:47 цагт Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжид үйлдвэрийн осол гарлаа гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу Аврах ангийн албан хаагчид түргэн шуурхай ажиллаж, албан үүргээ гүйцэтгэж байгаад хорт хийнд хордсон есөн ажилтны тавд нь авран туслах ажиллагаа явуулж, анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлж, эмнэлгийн байгууллагад шилжүүлсэн хэдий ч дөрвөн хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан.

Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өчигдөр Төв цэвэрлэх байгууламжид болсон ослын нөхцөл байдалтай биечлэн танилцаж, мэргэжлийн байгууллагуудын төлөөллийг оролцуулсан хурлыг газар дээр нь зохион байгуулж, Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалангаар ахлуулсан ажлын хэсгийг байгуулсан. Энэ дагуу ажлын хэсэг өнөөдөр өглөө шуурхай хуралдлаа.

Ажлын хэсгийн гишүүдэд Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Барилга хот байгуулалтын яамны нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга н.Лхагвацэдэн, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын нийгмийн бодлогын хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч М.Эрдэнэжаргал, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун, Нийслэлийн цагдаагийн газрын дарга Д.Ядамдорж, Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү, Нийслэлийн онцгой байдлын газрын дарга Ж.Чүлтэмсүрэн болон бусад албаны хүмүүсийн бүрэлдэхүүнтэйгээр үүссэн нөхцөл байдлыг 48 цагийн дотор хэвийн горимонд шилжүүлэхээр газар дээр нь ажиллаж байна.

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан болон бусад албаны хүмүүс хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ.

Тэрээр “Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжид болсон нөхцөл байдалтай холбогдуулан Нийслэлээс байгуулагдсан ажлын хэсэг албан ёсны мэдээлэл хийж байна. Нийслэлийн Засаг даргын Захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг нь өчигдөр гарсан үйлдвэрлэлийн ослын улмаас хүний амь нас эрсэдсэн тул үүссэн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, холбогдох арга хэмжээг шуурхай зохион байгуулах үүрэг бүхий юм. Ажлын хэсэг юун түрүүнд үйлдвэрт гарсан ослын шалтгааныг тогтоох, амь насаа алдсан ажилтнуудын ар гэрт дэмжлэг үзүүлэх үүрэгтэй. Мөн төв цэвэрлэх байгууламжийн Түүхий үлдэцийн насос станцыг 48 цагийн дотор хэвийн горимд оруулан ажиллах тал дээр дэд ажлын хэсэг байгуулан шуурхай ажиллаж байна.

Өчигдөр үүссэн нөхцлөөс шалтгаалж одоогийн байдлаар Төв цэвэрлэх байгууламжид 50-60 сантиметрийн зузаан лаг хуримтлагдаад байна. Лагийг шингэлж, зайлуулах ажлыг яаравчлан гүйцэтгэж байна. Түүнчлэн хэрэг гарсан насосны станцыг юун түрүүнд цэвэрлэж, зайчлах шаардлага үүссэн. Ингэснээр бусад холбогдох байгууллагууд ажлаа хийж, хэргийн мөрдлөгийг үргэлжлүүлэх боломжтой болох юм.

Өнөөдөр өглөө Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан нар амь үрэгдсэн ажилчдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж холбогдох байгууллагаас томилсон ажлын хэсгээр дамжуулан туслалцаа үзүүлэхээр боллоо.

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(66.181.191.190) 2019 оны 04 сарын 17

Сахил хүртээд шал дордов гэгч л болж байнадаа?! Монгол төрийн ч, Хотын ч толгойд буруу хүмүүс байгаам бишүү?! Ямартайч болохгүй л байна?!

1  |  0
Top