АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Их Британид хийсэн айлчлалынхаа үеэр ВВС-д өгсөн ярилцлагыг бүрэн эхээ нь хүргэж байна.
-Осама Бин Ладены байрлаж байсан газарт нууц ажиллагаа эхлүүлэх гэж байсан тэр мөчийг нэг дурсахгүй юу. Эндээс яриагаа эхэлье гэж бодлоо. Мэдээж ийм шийдвэр гаргах нь танд амаргүй байсан байх. Гэхдээ Ерөнхийлөгч биш, америк хүний хувьд танд хувийн шинжтэй өс хонзон байсануу?
-Хэрвээ та манай гэр бүлийн хэн нэгэнтэй есдүгээр сарын 11-нд хайртай хүн нь амиа алдсан талаар ярилцвал, хэрвээ хэн нэгний сэтгэлийн шарх энэ бүгдээр нөхөгдөх юм бол, зөвхөн АНУ биш Их Британи болон бусад холбоотон орнуудын хувьд ч хариулт нь нэг биз ээ. Мөн "Аль-Кайда" бүлэглэлийн дайралтад өртсөн өөр бусад орны хувьд ч адилхан шүү дээ. Бид энэ ажиллагааг хийснээр АНУ-ыг хүчирхэг гүрэн гэдгийг дэлхий нийтэд сануулсан чухал ач холбогдолтой үйл явдал, болсон гэж үзэж байгаа. Та өөрөө ч АНУ-ын ард иргэд энэ үйл явдал хэрхэн хандаж байгааг харсан биз дээ. Энэ нь хүн бүрийн сэтгэлийн гүнд байсан зүйл үгүй болсны илэрхийлэл. Мөн би өөрийн тусгай багийнхандаа хувиасаа талархаж байгаагаа хэлмээр байна. Яагаад гэвэл хэн нэгнийг ямар нэг байлдаанд явуулахдаа эргэн ирэх эсэхийг нь мэддэггүй шүү дээ. Тэсээд манайхан ямарч хохиролгүй, эргэн ирсэн нь бас гайхалтай хэрэг.
-Энэ бүхэн мэдээж аз туршсан хэрэг байх. Таны хэлсэнчлэн хэрвээ танай тусгайгийнхан Пакистаны цэргүүдтэй таарч байлдсан бол бүх зүйл буруугаар эргэх байсан. Тэгээд өнөөдөр Пакистан, АНУ-ын харилцаа тааруу байхад нэрмээс болж Пакистаны тал их хэмжээний хохирол амсах байсан болов уу?
-Мэдээж асуудал хурцдах байсан. Тусгай багийг би Пакистан руу илгээхдээ хохирол учрах магадлалыг тооцоолсон. Тэгсэн ч манай цэргүүд ажиллагаанд бүрэн бэлтгэгдсэн байсан л даа. Бидний таамаглаж байснаар, тухайн үед байлдаан болсон ч дараа нь хоёр улсын харилцаанд аль болох хагарал үүсгэхгүй байх талаас нь ажиллагааг явуулсан. Тэгээд ч би Ерөнхийлөгч болсон цагаасаа хойш нэг ч удаа цэрэг эрсээ 40 минутын турш ажиглан санаа зовж байгаагүй.
-Мэдээж тэгэлгүй яахав. Гол зорилго нь Осамаг устгах уу, эсвэл амьдаар нь авчрах явдал байсан уу. Харанхуйд хаа сайгүй буудалцаан болж байхад Осама алагдах нь тодорхой байсан. Тийм биз?
-Таны хэлж байгаа тусгай даалгаварт устгах, аль эсвэл амьдаар нь барьж ирэх тушаалын аль, аль нь байсан. Манай цэргүүд ажиллагааг аль болох цэвэрхэн явуулахыг хичээж байсан. Харанхуй шөнө хаа нэг газарт тэсрэх бөмбөг байхгүй гэх баталгаагүй. Амь нас нь хутганы ирэн дээр байсан хүнд хэцүү нөхцөлд манайхан эрсдэлийг амжилттай давж гарсан.
-Таны бодлоор түүнийг амьдаар нь авчрах ямар арга байсан бол?
-Би ажиллагааны яг нарийн ширийн зүйлийг илэрхий нээж ярьмааргүй байна. Энэ ажиллагаа маш аюултай ч хэрвээ Осама Бин Ладеныг амьд авчрах боломж гарсан бол авчрах л байсан. Манай залуус маш сайн ажилласан. Тэдний үүрэг бол хохирлын хэмжээг хоёрдугаар зэргийн түвшинд барих ёстой байсан.
-Таныг би сайн ойлгож байна. Хэрвээ та бүхэн түүнийг барьсан тохиолдолд хаана байлгахаас эхлээд олон асуудалтай тулгарах байсан байх. Мэдээж Аль-Кайда зүгээр суугаад байхгүй биз. Тэгэхээр энэ бүхэн хэцүүхэн даваа байжээ?
-Энэ л бидний хамгийн түрүүнд авч хэлэлцэх асуудал болоод байлаа.
-Пакистан руу гол анхаарлаа хандуулъя. Пакистаны албаныхан Осамаг өөрийн оронд орогнож байсныг мэдээд танай улсын өмнө эвгүй байдалд орсон байх. Энэ талаар юу гэмээр байна вэ?
-Энэ асуудал бидний санааг зовоож байгаа. Сүүлийн тав зургаан жилийн хугацаанд Осамаг Пакистаны Засгийн газар эсвэл өөр хэн нэгэн дэмжиж байсан л байж таарна. Бидний зүгээс энэ талаар Пакистанд асуулга тавьсан. "Та бүхэн түүнийг энд амьдарч байгааг мэдсэн ч, мэдээгүй ч яагаад мөрдөн байцаалтын явцад төдийлөн анхаарлаа хандуулаагүй юм бэ" гэж. Яг үнэнийг хэлэхэд тэдний энэ цочрол бидэнд хамаагүй. Асуудлын гол нь яагаад тэд мэдсээр байж мэдэн будилаад байсан нь хачирхалтай санагдсан. Биднийг Осама Бин Ладены асуудлыг хойш тавьсан гэж санасан гэж үү. Түүнийг мөрдөн байцаах, хаана байгааг нь илрүүлэх тал дээр анхаарлаа хандуулна гэж 2007 онд бид мэдэгдэж байсан шүү дээ. Гэтэл бидний итгэж байсан оронд, мань хүн байж байх юм гэж хэн ч санаагүй. Пакистан улс бол манай улстай хамтран терроризмтэй тэмцэнэ гэж дэлхий нийтэд зарласан шүү дээ. Харин одоо өөрсдөө эвгүй байдалд орлоо. Бидний өөдөөс хэлж байгаа тайлбар нь инээд хүрмээр. Бид Пакистанд тэдний хийж чадаагүй олон зүйлийг хийсэн. Олон террористыг устгасан. Улс орныг нь цэвэрлэж өгсөн. Миний ойлгож байгаагаар энэ харилцаа холбооны асуудлыг дахин шинэчлэх, илүү хамтрах шинэ санаа урган гарч байна.
-Хэрвээ таны төсөөлж байгаагүй тийм террорист бүлэглэл дахин гарч ирвэл та яг ийм арга хэмжээ авах уу?
-Бид аль болох пакистанчуудтай шударга харилцахыг зорьсон. Тэгсэн ч би энэ талаар сөхөж байгаа анхны хүн биш. Бид Пакистаны хараат бус байдлыг илүүд үзэж байгаа гэдгийг дахин хэлмээр байна.
-Та талибанчуудыг яах бодолтой байна вэ?
-Бид эхлээд энхийн замаар яриад үзнэ. Юу хэрэгтэй байгааг нь асууна. Аль-Кайда бүлэглэлтэй холбоогоо таслах хэрэгтэй гэдэг асуудлаар ч ярилцана. Эцсийн дүндээ тэд ч бас хүн шүү дээ. Сэтгэлд нь нийцсэн шинэ зүйлийг хүсч байгаа.
-Таны бодлоор Бин Ладены үхэл шинэ нөхцөл байдлыг бий болголоо. Та одоо дотооддоо яах төлөвлөгөөтэй байна?
-Миний өдөр болгон боддог зүйлийн нэг нь Америк улсыг аль болох эдийн засгийн өр зээлгүй хангалттай нөөцтэй болгох талаар шинэ санаа "мөрөөддөг" гэж хэлж болно. Яаж сэтгэл хангалуун байлгах вэ гэж тархиа гашилгаж суудаг. Би америкчуудад "Манай улс бол мөрөөдлийн орон" гэдгийг нь илүү мэдрүүлэх арга хайдаг. Бид өнгөрсөн жилүүдэд өөрсдийн анхааралгүй байдлаас болж хэдэн зуун хүнийг амь үрэгдэхэд хүргэсэн, тэр байдлыг давтахгүйг хичээдэг.
-Тэгвэл эдийн засгийн хувьд?
-Мэдээж энэ сэдэв одоогийн байдлаар бидний анхаарлын төвд байгаа.
-Таныг нэр дэвшиж байхад "Бид хийж чадна, бүтээнэ" хэмээн ярихад амар байсан болов уу. Харин ажлаа хүлээж аваад өөрийн гараар хийгээд эхлэхээр хүндрэлтэй зүйл олон байна уу?
-Та мэдэх үү, хүний амьдралд ямар нэг өөрчлөлт гарлаа гэж бодоход үүнд дасан зохицох хугацаа хэрэгтэй. Тэр нь миний хувьд ажлаа хүлээж авсан эхний нэг жил байсан. Харин одоо улс орноо удирдаад ажлаа сайн хийж байгаа гэж би өөрийгөө дүгнэдэг шүү. Хүний хэлж байгаа зүйлийг эхлээд сайн сонсч байж дараагийн хэлэх үг, авах арга хэмжээгээ тодорхойлдог гэсэн үг. -Танд баярлалаа.
Эх сурвалж: Улс төрийн тойм
Сэтгэгдэл ( 0 )