ТОЙМ: Энэ долоо хоногт ДЭЛХИЙ ДАХИНАА

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 21

Өнгөрч буй долоо хоног дэлхий нийтийн анхаарлын төвд байлаа. Олон зуун жилийн түүхтэй Парисын Дарь эхийн сүм шатаж, АНУ-д хар салхи болж, Буриадад түймэр гарч, Японд галт уул дэлбэрэв. Мөн БНАСАУ тактикийн удирдлагатай шинэ зэвсэг туршсан юм.

Даваа гарагт АНУ-д хар салхины улмаас найман хүн амиа алдсан. Техас, Луизиана, Миссисипи болон Алабама мужид хүмүүс амиа алдаж, хэдэн арван хүн гэмтэж бэртэн, зарим нь ор сураггүй алга болсонд тооцогдож байна. Байгалийн гамшгийн улмаас 100 мянга орчим байшин барилга, худалдааны байгууллага тог цахилгаангүй болжээ. Хар салхитай холбоотойгоор Техаст өнгөрсөн даваа, мягмар гарагт 2000 нислэг саатсан байна.

Түүнчлэн энэ долоо хоногийн эхээр “Boeing 737 MAX” онгоцыг ирэх наймдугаар сарын 19-нийг хүртэл нислэгт ашиглахыг хориглосон учир АНУ-ын иргэний агаарын тээврийн “American Airlines” компани ирэх саруудад өдөр тутам үйлддэг нислэгийнхээ тоог 115-аар цөөлөхөө мэдэгдсэн юм.

Улс орнууд “Boeing 737 MAX” онгоцоор нислэг үйлдэхийг хориглоод байгаа бол “Southwest Airlines” компани ирэх наймдугаар сарын 5-наас эхлэн энэ загварын 34 онгоцоор нислэг үйлдэж эхэлнэ гэж мэдэгджээ.

Энэ сарын 15-нд Францын нийслэл Парис хотод байрлах 850 жилийн түүхтэй Парисын Дарь эхийн сүмд гал гарч, шатлаа. Францыг Парисын дарь эхийн сүмгүйгээр төсөөлөхийн аргагүй. Олон мянган жуулчдын зорьж очдог, ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгэлтэй энэхүү сүмийн дээврийг засварлаж байжээ. Урьдчилсан дүгнэлтээр, засварын явцад гал алдсан гэж үзэж байгаа аж. Энэ явдал францчуудын хувьд гашуудал болсон юм. Одоо сүмийг яаралтай сэргээн босгохоор ажиллаж байна. Парисын Дарь эхийн сүмийг сэргээн засварлахад зориулсан хандивын аянд дэлхийн улс орнууд болон хувь хүмүүс идэвхтэй оролцож байгаа юм. Фанцын Ерөнхийлөгч Эммануэл Макрон “Сүмийг таван жилийн дотор сэргээн засварлана” гэж мэдэгдсэн билээ. Нотр Дам дэ Пари галд өртсөнөөс хойш нэг хоногийн дотор нийт 700 гаруй сая еврогийн хандив цугларчээ. ЮНЕСКО түймрийн улмаас дэлхийн соёлын өвд учирсан хохирлын хэмжээг тогтоох шинжээчдийн багийг ирүүлэхээ илэрхийлээд байгаа бол Их Британи, ОХУ зэрэг улс орнууд тусламж үзүүлэхэд бэлэн гэж мэдэгдээд байна.

Түүнчлэн энэ долоо хоногийн эхээр ОХУ-ын Буриад улсад түймрийн улмаас онц байдал зарласан юм. Байгалийн хязгаарын ой тайгад 60 түймэр гарч, 430 гектар газар шатаад байгаа аж. Түймэр хүний гэм буруутай үйл ажиллагаанаас болсон нь тогтоогджээ. Онц байдлын үеэр хог, шар өвс шатаах, түүдэг гал асаахыг хориглосон байна. Мөн иргэдийг хөдөө орон нутаг, ой модонд аялах, зугаалахыг хоригложээ. Онц байдлыг зөрчсөн иргэнд 4000, албан тушаалтанд 30 мянган рублийн торгууль оноох аж. Буриадын Онцгой байдлын газрын нисдэг тэрэг 24 цагаар жижүүрлэж байгаа гэнэ.

Ажаа гэгээнтэн энэ сарын 14-нд Халимагийн Элиста хотод очлоо. Түүнийг Халимагийн шашны тэргүүн болон Аялал, жуулчлалын сайд, Оросын ШУА-ийн төлөөлөгчид амьд цэцэг, хадаг барин угтсан юм. Ажаа Ринбүчи хэвлэлийн хурлынхаа үеэр “Би 2015 онд олон улсын хуралд оролцохоор Халимагт ирж байсан. Энэ удаад би Халимагийн эрдэмтэдтэй уулзаж, ном уншина. Лагань хот, Цагааннуур тосгонд очиж үзнэ” гэв.

Ажаа гэгээнтэн АНУ-д амьдарч, Блумингтон дахь Түвд, Монголын буддын соёлын төвийг удирдан ажиллуулж байгаа билээ. Гэгээнтний Халимагт хийх айлчлал энэ сарын 28-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

Энэ долоо хоногт түүнчлэн улаан бурхан өвчин дэлхий даяар нэмэгдэж буйг ДЭМБ анхааруулсан. 2019 оны эхний гурван сарын хугацаанд дэлхий даяар бүртгэгдсэн улаан бурхан өвчний тохиолдол өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гурав дахин нэмэгджээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлснээр, энэ өвчний тархалт дэлхийн бүх бүс нутагт нэмэгдсэн байна. Хамгийн өндөр хувиар өссөн үзүүлэлт Африкт бүртгэгджээ.

Түүнчлэн улаан бурханы бүх тохиолдол бүртгэгддэггүй гэж ДЭМБ мэдээлжээ. 10 тохиолдол бүрийн нэг нь л бүртгэгддэг байхыг үгүйсгэхгүй гэжээ. Энэхүү вирусийн халдварт өвчний улмаас өнгөрсөн сард АНУ-ын Нью-Йорк мужид онц байдал зарлаж байсан юм. Түүнчлэн Бразил, Пакистан, Йеменд улаан бурхны улмаас олон хүн нас барсны дийлэнх нь бага насны хүүхэд байжээ.

Өнгөрсөн пүрэв гарагт /2019.04.18/ АНУ Куба, Венесуэл, Никарагуагийн эсрэг шинэ хориг арга хэмжээ авлаа. Хориг арга хэмжээнд Венесуэлийн Төв банк, Никарагуагийн “Corporativo” банк болон Никарагуагийн Ерөнхийлөгчийн хүү Ортега Мурилльо, Венесуэлийн Төв банкны тэргүүн Рузза Теран нар багтжээ. Түүнчлэн, АНУ Кубын тагнуулын албатай холбоотой таван байгууллагын эсрэг хориг тавьсан байна. АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтоны мэдэгдсэнээр, Кубын цэргийнхэнд харьяалагддаг иргэний агаарын тээврийн “Aerogaviota” компани мөн хоригийн жагсаалтад багтжээ.

Үүнээс гадна, АНУ Кубад хамаатан садангүй америкчуудын Куба руу зорих аяллыг хязгаарлах аж. Ингэснээр, Кубын аюулгүй байдлын албанд аялал жуулчлалын салбараас  орж буй тодорхой хэмжээний мөнгөний урсгалыг багасгана гэж үзжээ. Америкчууд Куба улс руу шилжүүлэх мөнгөний хэмжээг улиралд нэг мянган ам.доллар байхаар хязгаарласан байна. Кубын эрх баригчид үүнийг хүний эрхийг зөрчиж байна гэж үзсэн.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өнгөрч буй долоо хоногт гурван талт дээд хэмжээний уулзалт хийх боломжтой гэж мэдэгдсэн. “БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун шийдвэр гаргавал гурван талт дээд хэмжээний уулзалт хийх боломжтой. Мөн хоёр Солонгос дээд хэмжээний уулзалт хийх цаг болсон” гэж Трамп хэлжээ. Тэрбээр Солонгосын хойгт энх тайван тогтоох, ард түмнийг нэгтгэх, хоёр Солонгос болон БНАСАУ, АНУ-ын харилцааг урагшлуулах үүргээ тууштай биелүүлэхийн тулд бүхий л хүчин чармайлтаа гаргахаа илэрхийлжээ.

Энэ сарын 17-нд гаргасан дүн мэдээллээс харахад, 2019 оны эхний гурван сарын байдлаар БНХАУ-ын эдийн засгийн өсөлт 6.4 хувьд хүрч, эдийн засагчдын дэвшүүлсэн хүлээлтээс 6.3 хувь давжээ. Бээжин эдийн засгийн өсөлтийг дэмжих үүднээс татварын хэмжээг бууруулж, өрийг нэмэгдүүлэхгүй байх арга хэмжээ авсан юм. Дэлхийн хоёр дахь том эдийн засаг худалдааны дайн болон дэлхийн зах зээл дээрх Хятадын бараа, бүтээгдэхүүний эрэлт буурсны улмаас удааширч, дэлхийн эдийн засагт тодорхой нөлөөлөл үзүүлсэн. Хятадын Засгийн газар мөн дотоодын хэрэглээг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлого хэрэгжүүлж байгаа аж.

БНАСАУ өнгөрсөн пүрэв гарагт тактикийн удирдлагатай шинэ зэвсэг туршлаа. Тус улсын удирдагч Ким Жон Ун зэвсэг турших явцыг полигон дээр ажиглажээ. Тэрбээр “Зэвсэглэлийн системийг боловсруулж дууссан нь ардын армийн хүчийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой үйл явдал юм” гэжээ. Ким түүнчлэн “Хойд Солонгосын үндэсний батлан хамгаалах салбарын эрдэмтэд болон зэвсгийн үйлдвэрлэлийн салбарын ажилтнууд БНАСАУ-ын батлан хамгаалах чадавхыг дээшлүүлэх чиглэлээр том ажил хийж гүйцэтгэлээ” гэсэн байна.

Японд өнгөрсөн баасан гарагт “Асо” галт уул дахин дэлбэрлээ. Японы хамгийн өндөрт тооцогддог 1592 м “Асо” галт уул нь өнгөрч буй долоо хоногт хоёр удаа дэлбэрсэн юм. Хамгийн сүүлд 2016 оны аравдугаар сард дэлбэрч байсан галт уул идэвхжиж, өнгөрсөн мягмар гарагт дэлбэрчээ. Оршин суугчдыг галт уулын бүсэд ойртохгүй байхыг анхааруулсан байна. Галт уул дэлбэрэх үед 400 метр өндөр утаа дээш цацагдсан ч онгоцны нислэгт одоогоор нөлөө үзүүлэх хэмжээнд хүрээгүй байна гэж мэдээлжээ.

Өнгөрсөн баасан гарагт Кремлийн ордоноос “БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун энэ сарын хоёрдугаар хагаст ОХУ-д айлчилна” гэж мэдэгдсэн юм. Ким ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний урилгаар тус улсад айлчлах аж. Орос, Япон, Өмнөд Солонгосын хэвлэлүүд дээд хэмжээний уулзалтыг Оросын Алс Дорнодод болох магадлалтай гэж таамаглаж буй. Харин Оросын “Известия” сонин “Путин БНХАУ-д энэ сарын 26-27-нд болох дээд хэмжээний уулзалтад оролцохоосоо өмнө Владивостокт Ким Жон Унтай яриа хэлэлцээ хийх боломжтой” гэж эх сурвалжийн мэдээллээс үндэслэн бичжээ.

Ямартаа ч Ким Жон Ун Си Жинпин, Владимир Путин зэрэг дэлхийн удирдагчидтай хоёр талын уулзалт хийх нь Хойд Солонгос нь тэргүүлэгч орнуудын нэг гэх имижийг авч үлдэхэд ашигтай. Ким Жон Ун түүнчлэн Трамптай хийх уулзалтаас өмнө Орос, Хятад зэрэг холбоотнуудтай яриа хэлэлцээ хийж, улс төрийн нэр хүндээ өсгөх зорилго өвөртөлж байна гэж шинжээчид дүгнэж байна. Гэхдээ энэ нь Путин, Ким Жон Ун нарт хэлэлцэх асуудал огт байхгүй гэсэн үг биш. Тэдний уулзалт Хятадын Бүс ба Зам форумын өмнө болох магадлал өндөр байна. Энэ тохиолдолд уулзалтын үр дүнг БНХАУ-ын дарга Си Жинпинтэй хэлэлцэж, Хойд Солонгосын удирдагчийн стратегийг хамтдаа үнэлэх боломжтой. Гэхдээ В.Путин, Ким Жон Ун нарын уулзалтаас онцгой үр дүн хүлээх хэрэггүй аж. Мөн Хойд Солонгос, АНУ-ын хооронд хийж буй цөмийн яриа хэлэлцээнд нөлөө үзүүлэхгүй гэж шинжээчид дүгнэжээ.

Ким Жон Ун 2018 онд олон улсын тусгаарлагдмал байдлаас гарсныхаа дараа хэд хэдэн улсын Төрийн тэргүүнтэй уулзалт хийгээд амжсан. Доналд Трамптай хоёр удаа уулзсан бол Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй гурав, БНХАУ-ын дарга Си Жинпинтэй дөрвөн удаа уулзсан. Мөн Вьетнамын Ерөнхийлөгч Нгуен Фу Чонгтой уулзалт хийсэн билээ. Харин энэ жагсаалтад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин байхгүй байгаа нь сонирхол татаж буй.

Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ирэх тавдугаар сарын 25-28-нд Японд төрийн айлчлал хийх талаар “Kyodo” агентлаг өнгөрсөн баасан гарагт мэдээлэв. Трамп Японы угсаа залгамжлах ханхүү Нарухитог хаан ширээнд суусных нь дараа уулзах анхны гадны улсын удирдагч болох юм. Нарухито эцэг, эзэн хаан Акихитогоо хаан ширээнээс буусны дараа ирэх тавдугаар сарын 1-нд хааны сэнтийд сууна.

Трамп түүнчлэн Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй гэрээ хэлцэл хийхээс гадна сүмог “амьдаар нь” үзэж сонирхох аж. Мөн Японы Ерөнхий сайд Шинзо Абэ энэ сарын сүүлчээр АНУ-д очиж, Трамптай хэлэлцээр хийнэ гэсэн мэдээлэл байгаа юм.

Франц улс өнгөрсөн баасан гарагт танкууд болон хэдэн зуун цэргийг Эстони руу илгээх гэж буйгаа мэдэгджээ. 300 орчим цэрэг, таван танк, 20 явган цэргийн байлдааны машин энэ сарын 23-нд Францаас Эстонийг зорих аж. Энэ талаар Эстони дахь Францын Элчин сайдын яамны цахим хуудсанд мэдээлжээ. Цэргүүд болон техник Тапа хотод байрших аж. Энэ нь НАТО-гийн цэргийн оролцоог Балтын орнуудад болон Польшт нэмэгдүүлэх ажиллагааны хүрээнд хийгдэж байгаа гэнэ. Дипломат төлөөлөгчийн газраас мэдээлснээр, Францын цэргүүд Эстонид ирэх наймдугаар сар хүртэл байх аж. Өмнө нь Их Британи улс Оросын зүгээс ирэх “маш магадлалтай түрэмгийлэл”-ээс хамгаалж, Эстони руу таван нисдэг тэрэг илгээж байв.

НАТО өмнө нь гишүүн орнууддаа Оросоос эмээсэн агуулгатай нууц баримт бичиг илгээж байсан юм. ОХУ дунд болон ойрын тусгалын пуужин устгах тухай гэрээний болзлыг зөрчвөл авах арга хэмжээний талаар уг баримт бичигт тусгасан байсан аж. “Хэрвээ тэгвэл...” гэх баримт бичигт Оросыг тогтоон барих 39 аргыг дурдсан байсан нь олон улсын анхаарлыг татаж байлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top