Б.Одонтунгалаг: 2020 оноос инфляцийн зорилтыг зургаан хувь болгон бууруулах чиглэлтэй байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 04 сарын 25

Монголбанкны Олон нийтийн боловсрол мэдээллийн төвийн захирал Б.Одонтунгалагтай ярилцлаа.


-Монголбанк сүүлийн жилүүдэд хараат бус байдлаа баталгаажуулсан гэж мэдэгдэж байна л даа. Ил тод нээлттэй байдлаа хангахад анхаарч байгаа нь харагдаж буй. Энэ нь хараат бус байдал баталгаажиж байгаагийн илрэл болов уу?

-Ер нь аливаа эрсдэл дараа нь дахиж алдах эрхгүй сургамжийг өгдөг шүү дээ. Дэлхий нийтийг хамарсан санхүүгийн хямралууд Төв банкуудад ил тод нээлттэй байх шаардлагад сургасан. Одоо аль ч улсын Төв банк нээлттэй бодлого баримтлах олон нийттэй харилцах стратегитай ажилладаг. Монголбанк таны хэлснээр гурван жилийн өмнөөс дэлхийн Төв банкуудын жишигт хүрч хөгжихийн тулд яг л энэ зарчмыг баримталж, өөрийн хууль болон Төрөөс баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэлдээ зорилт болгон тусгаад хэрэгжүүлж байна. Ингэснээр ямар ач холбогдолтой вэ гэхээр Төв банкинд итгэх олон нийтийн итгэл сэргэж, энэ нь мөнгөний бодлогын үр нөлөөг нэмэгдүүлдэг. Үндсэндээ бол Төв банкны хараат бус, бие даасан байдал хангагдахад чухал нөлөөтэй. Олон нийт Төв банкны тухай зөв ойлголттой болсноор аливаа бодлогын алдаанаас сэргийлнэ гэж үздэг. Тиймээс Монголбанк өмнөх алдаагаа давталгүй, харин ч эсэргээрээ 2012-2016 онд хуримтлагдаад байсан гурван их наяд төгрөгийн алдагдлыг бууруулахын төлөө хичээнгүйлэн ажиллаж, үр дүнд нь алдагдлаа 1.8 их наяд төгрөгт хүргээд байна. Алдагдлаа бууруулах нь мөнгөний бодлогын орон зайг нэмэгдүүлэх өндөр ач холбогдолтой юм.

-Төв банкны алдагдал ингэж өндөр гарахад нөлөөлсөн гол хүчин зүйлүүд юу байсан бэ?

-Тухайлбал, 2016 оны гуравдугаар улиралд эдийн засаг 1.4 хувь агшиж, бараа бүтээгдэхүүний үнэ эсэргээрээ 0.8 хувиар суларч, дефляцитай болсон. Дефляци руу орсноор худалдан авалт буурч, бизнесийнхний орлогод сөргөөр нөлөөлж, олон компаниуд хаалгаа барьсан. Улмаар ажилгүйдлийн түвшин 2016 оны эцэст 10 хувиар нэмэгдсэн нь 2009 оноос хойшх хамгийн дээд хэмжээнд хүрсэн өсөлт байсан. Нөгөө талаар бизнесийн зээл 3.5 их наяд төгрөгөөр буурч байлаа шүү дээ. Тэгэхээр дефляци гэдэг нь таатай үзэгдэл биш гэдэг нь эндээс ойлгогдож байна. Үүний гол үндэс нь Монгол Улсын эдийн засгийн тулгуур салбар болох түүхий эд, зэс, нүүрсний үнэ хүчтэй унаж, нөгөө талаас бодлогын алдаанаас улбаатайгаар гадаадын шууд хөрөнгө оруулалт татран, зээлжих зэрэглэл буурснаас үүдэлтэй. Цаашлаад, Монгол Улсад орж ирэх валютын урсгал татарснаар төлбөрийн тэнцлийн алдагдал 232.1 сая ам.долларт хүрч, үнэ тогтворжуулах гэх мэт хөтөлбөрүүд хэрэгжиж байсан нь төгрөгийн нийлүүлэлтийг долоон их наяд төгрөгөөр нэмэгдүүлэн, валютын ханшийг тогтворгүй болгосон. Ханшийг барьж тогтоохын тулд Төв банк 2012-2016 оны хооронд нийт 7.3 тэрбум ам.долларыг зах руу нийлүүлсэн байдаг.

-Тэр үеийг эргэн харахад дефолт зарлах дээрээ тулаад байна гэсэн мэдээллүүд хөвөрч байсан шүү дээ?

-Ер нь бол манай улс өмнө нь авсан зээл, санхүүжилтүүдээ эргэн төлөхөд хүндрэл учирч, дахин санхүүжүүлж чадахгүй дефолтод орох аюулд орсон байсан. Хэрэв дефолтод орсон бол манай улсын эдийн засаг бүхлээрээ хязгаарлалтад орж хүчтэй агшин 10 жилээр ухрах эрсдэлтэй байсан гэж үздэг. Цаашлаад Монголбанк зайлшгүй нөхцөлд л ашиглах зорилготой Хятадын Ардын банктай хийсэн 15 тэрбум юанийн своп хэлцлийн дуусах хугацаа тулж ирээд байсан боловч интервенц хийхэд ашигласан энэ мөнгө сох дутсанаар төлбөрийн өөр нэг дарамтад орсон. Харин олон талт хэлэлцээрүүдийн үр дүнд ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжихээр болж эдийн засагт итгэх итгэл сэргэснээр олон хүндрэлийг даван туулж өнөөдөр эерэг өөрчлөлтүүдийг авчраад байна. Одоо бол эдийн засгийн өсөлт 2018 оны урьдчилсан гүйцэтгэлээр 6.9 хувьд хүрлээ. Хоёрхон жилийн дотор эдийн засгаа сэргээж чадсан нь маш том амжилт юм. Энэ амжилтыг бий болгоход Монголбанкны оруулсан нөлөө их.

-Санхүүгийн тогтвортой байдлыг хан­гахын тулд Монголбанкнаас авч хэрэгжүүлж буй урт хугацааны шийдлүүдийн талаар тодотгож асууя. Мэдээж энд хууль эрх зүйн орчны шинэчлэлтийг дурдах хэрэгтэй болов уу?

-Тиймээ. Ялангуяа, эдийн засгийн өөрчлөлтийг дунд, урт хугацаанд тооцоолж бодлогын хүүг бууруулах болон заавал байлгах нөөц зэрэг бусад бодлогын арга хэрэгслүүдийг ашиглах замаар санхүүжилтийн өртгийг бууруулснаар аж ахуйн нэгжүүдэд олгох зээлийн өсөлт 2019 оны хоёрдугаар сарын байдаар 16.1 хувьд хүрлээ. Энэ бол иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэхэд зорьж буй бодлогын үр дүн юм. Нөгөө талаас олон улсын зах зээлд түүхий эдийн үнэ өссөн, “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжсэн, мөн Оюутолгойн гүний уурхайн хөрөнгө оруулалт үргэлжилсэн зэрэг нь валютын урсгалыг нэмэгдүүлсэн. Ингэснээр бусад салбарт дэмжлэг болж, ажил эрхлэлт нэмэгдэж, ажилгүйдлийн түвшин 6.6 хувьд хүрч буураад байна.

Монголбанкны зүгээс эдийн засгийн өсөлтийг дэмжихдээ инфляцийг зорилтот түвшинд тогтворжуулахаар ажилласан. Үр дүнд нь инфляци 2019 оны хоёрдугаар сард улсын хэмжээнд 6.7 хувьд хүрч 2018 оны арванхоёрдугаар сарын үзүүлэлтээс 1.4 нэгж хувиар буурсан бол Улаанбаатар хотын инфляци 7.5 хувьтай байна. Энэ бол суурь инфляцитайгаа нийцтэй бөгөөд зорилтот түвшиндээ хадгалагдаж байгаа үзүүлэлт юм. Ер нь ирээдүйд чиглэсэн Мөнгөний бодлогын шийдвэрүүд нь инфляцийг дунд хугацаанд тогтворжуулахыг зорьдог. 2020 оноос инфляцийн зорилтыг зургаан хувь болгон бууруулах чиглэлд ажиллаж байна. Бас нэмж хэлэхэд, 2019 оны хоёрдугаар сард нийт хадгаламжийн үлдэгдэл 13.2 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 17.6 хувиар өсөөд байна. Иргэдийн хуримтлал өссөнөөр эдийн засгийн эрсдэл даах чадвар нэмэгддэг. Энэ нь эргээд хөрөнгө оруулалт, санхүүжилт нэмэгдэх боломжийг бүрдүүлдэг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top