Монголд... тавтай... морил...

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 25

2016 он гэхэд монголд ирэх жуулчдын тоог нэг саяд хүргэнэ. Энэ бол “Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогод” дэвшүүлсэн зорилт. Гэтэл бид энэ лоозонгийн талд нь ч хүрсэнгүй. Онгон зэлүүд тал, байгалын үзэсгэлэн, нүүдэлчдийн соёл, эзэн Чингис хааны өлгий нутаг гэж бид дотооддоо биесээ хөөргөдөг ч гадныханыг татах юуг ч үл хийв. Одоогоос 17 жилийн өмнө бид жуулчлалын жил зарлан “Welcome to Mongolia” гэх дуу гарган жуулчдыг татахаар болов. Монголд тавтай морилохыг урьснаас хойш 17 жил өнгөрлөө. Гэтэл жуулчдын тоо 500 мянгад хүрсэнгүй.

МОНГОЛД ТАВТАЙ МОРИЛ

Шинэ нийгэмд шилжсэн Монгол Улс дэлхий дахинд хаалгаа цэлийтэл нээгээд 29 жил болж байна. Гэтэл цэлийтэл нээсэн манайд нэг саяын босгыг давсан жуулчин өнгөрсөн хугацаанд ирсэнгүй. Одоогоос 16 жилийн өмнө Монгол Улсын Засгийн газар аялал жуулчлалыг дэмжих жил болгон зарлаж, урт цагааны гудамжийг жуулчдын гудамж хэмээн нэрийдэв. Өмнө нь “өвгөнтийн хөндий” гэж нэрлэдэг байсан газар жуулчдын гудамж нэртэй болсон түүх гэвэл энэ. Урлаг соёлын одод нийлж “Welcome to Mongolia” гэж хүртэл дуулж байв. Төрөөс дэмжиж, урлагийнхан урьсан ч Монголыг зүглэх жуулчдын тоо эрс нэмэгдсэнгүй.

Тухайн үед манайд өндөр хөгжсөн дэд бүтэц, жуулчдыг татах менежмент, тэдэнд үйлчлэх соёл ч дутмаг байлаа. Дэлхий дахинд Монгол Улс гэж байдгыг ч мэдэхгүй бүтэн хоёр үе өсч өндийсөн байв. Угтаа тэдэнд мэдээлэл байсангүй. Мэдээлэлгүй иргэд мэдээж Монголыг зорихгүй нь тодорхой. Засгийн газар хэдийгээр асуудлаа зөв олж харсан ч, цаг үеэ мэдрээгүй нь энэ. Тухайн үед монголыг зорьж ирсэн жуулчдын дийлэнхийг ОХУ, БНХАУ-ын иргэд эзэлж байв. Хятад жуулчдын дийлэнх нь Өвөрмонголчууд байсан нь хаалттай байсан элэг нэгтнүүдээ харах гэсэн хүсэлтэй холбоотой байлаа. Америк, Англи, Японы жуулчид нийлээд нийт жуулчдын таван хувьд ч хүрсэнгүй.

Нэгэн баримт дурдахад 2018 оны байдлаар Монгол Улсад нийтдээ 530 гаруй мянган хүн ирснээс 58,2 мянга нь аяллын зорилгоор манайд иржээ. Үүнээс БНХАУ-ын 163 мянга, ОХУ-ын 129 мянган жуулчин ирж эхний хоёр байрыг эзэлж байна. Гэвч аль хэдийнээ хэрэгжиж дууссан “Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого”-д 2016 он гэхэд ирэх жуулчдын тоог нэг саяд хүргэнэ гэсэн зорилт тавьж байв.

МОНГОЛД ТАВТАЙ...

Манайд ирсэн жуулчид сэтгэлийн дуудлагаар, ууланд авирах зорилгоор, бүр эсвэл адал явдал хайж экстрим аялалаар ирдэг. Учир нь Монголд ирэх тийзний үнэ маш өндөр. Ихэнх улстай шууд нислэгийн гэрээ байдаггүй. Манайд ирэх жуулчин нэг ёсондоо замдаа 2-3 удаа зогсч байж ирнэ. Ирсэн жуулчид “шил толь” шиг дардан замаар явахгүй. Боловсон 00-д бие засаж чадахгүй. Баталгаагүй хоол хүнс хэрэглэнэ. Энэ бол Монголд ирж байгаа жуулчдад тулгардаг бодит жишээ. Чухам энэ нь л аль хэдийнээ суурин амьдралд шилжсэн европ болон азийн улсуудад сонин санагддаг аж.

Гаднын аяллын сэтгэлийн дуудлага монголыг чиглэж байхад бид эндээ аялал жуулчлалдаа анхаарсангүй. Хотын томоохон дурсгалт барилгууд орчин үеийн барилгын сүрэнд дарагдаж, жуулчид битгий хэл жирийн иргэд ч орохооргүй тийм дэд бүтэц Улаанбаатар хотод бий болжээ. Орон нутгийн замууд дөнгөж нэг жилийн өмнө нь л хоттой холбогдсон бөгөөд одоо гурван аймаг холбогдохоо хүлээж буй. Орон нутгийн зочид буудал, ресторанд нэгдсэн нэг стандарт байдаггүй тул тухайн аймгийн онцлог, нутгийн иргэдийн үнэр, танарыг хангалттай мэдэх боломжтой.

“Монгол Улсад 10 жилийн өмнө 470 мянган жуулчин ирдэг байсан бол өнөөдөр тэр тоо байрандаа байна. Аялал жуулчлалыг өргөжүүлэх, түүгээр дамжуулан хөрөнгө оруулалт татах сэтгэл бий болгоход анхны сэтгэгдлийг бид тавина” гэж Зам тээврийн хөгжлийн сайд асан Ж.Бат-Эрдэнэ ярьж байсан удаатай.

Бид сүүлийн арваад жилийн турш нүүдэлчин соёлоороо бахархаж, хангалттай цээжээ дэлдсэн ч чухам гаднын аялагчдыг дуудах зөв менежмент хийж чадсангүй. Бид Чингисийг хангалттай магтаж, шүтээн мэт дээдэлдэг ч төрсөн газар нутаг гэгдэх “Дэлүүн болдогт” 1960-аад онд хийсэн гурвалжин чулуунаас өөр юм алга. Харин хөрш зэргэлдээ Хятад улсын ӨМӨЗО-ны Ордос хот дахь “Чингисийн онгон” жилдээ тав гаруй сая жуулчин татдаг. Тэд “Чингис хааны амьсгаа татсан сүүлийн нутаг”, “барьж явсан ташуураа хаясан нь өдгөө шилэн хоргонд байгаа” зэрэг домог зохиож, ирсэн жуулчид үүнд итгэсээр өдийг хүрчээ.

Реддит олон нийтийн сүлжээний “Жак” гэж нэрлэсэн нэгэн хэрэглэгч Монголд аялсан тэмдэглэлээ ийн буулгасан байдаг.

“Би Монголд очлоо. Яг л бидний зүүдэндээ төсөөлдөг шиг тийм онгон зэлүүд, хамгийн гол нь ариун дагшин газрууд ихтэй юм. Гэхдээ энд үйлчилгээ, ариун цэврийн өрөө, тодорхой ойлголттой хөтлөгч ч алга. Тийзний зардал өндөр, үйлчилгээ тааруу зэргийг харвал дахиж очоод байх хүсэл төрөхгүй. Гэхдээ амьдралдаа нэг удаа заавал очиж үзэх ёстой газар” гэж сэтгэгдэлээ үлдээжээ...

МОНГОЛД...

Монголд юу байдаг вэ? Гадаадын жуулчид өндөр шилэн барилга, эмх замбараагүй овоолсон шавар тоосго үзэх гэж Монголд ирэхгүй. Харин тэд байгалийн үзэсгэлэн, нүүдэлчин ахуй, малчин айлын нэг өдөр, тал нутгийн соёлтой танилцах гэж ирдэг. Гэтэл бидэнд тэднийг татчих цогц үйлчилгээ хараахан алга. Жуулчдыг татах хамгийн том хүчин зүйл нь түүхэн аялал жуулчлал гэж үзэн Засгийн газар үүнд анхаарлаа хандуулж байна. Байгалийн түүхийн музейн барилгаа, газартайгаа мартсан энэ цаг үед түүхэн аялал жуулчлалыг Хэнтий аймаг түүчээлэн хөгжүүлнэ гэж үзэж буй. Түүхийн аялал жуулчлал чухал гэдгийг санаж байгаа нь сайн хэрэг ч хоёр жилийн дараа жуулчдын тоог нэг саяд хүргэнэ гэсэн нь өнөөх л 10 жилийн өмнө дэвшүүлж байсан лоозонтой агаар нэгэн сонсогдож байгааг сануулах нь зүй.

Дотоодын аялалын компаниуд хотоос гадуур аялал зохион байгуулахдаа тухайн орон нутгийн зочид буудалд захиалга өгөн зөвхөн тухайн нутгийн байгалийн үзэмжтэй танилцуулах гэж очдог ажээ. Хэрвээ тухайн жуулчин малчин айлаар ороё гэж хэлэхгүй л бол монголчууд бид өөрсдөө тэднийг малчин айлд аваачдаггүй.

Соёлтой орны жуулчид үндэсний музейтэй танилцах гэтэл бидэнд үзмэр туйлийн хомс, зориулалтын бус байранд байрласан “Үндэсний түүхийн музей”-гээс өөр зүйл алга. Сүүлчийн хааны ордонг музей болгосон ч жуулчдыг татах менежментгүй, өөрий газраа дээрэмдүүлсээр Хан-Уул дүүрэгт торойн байгаа. “Бид ирэх жилүүдэд аялал жуулчлалын бодлогод онцгойлон анхаарна. Чингис хааны төрсөн нутаг Хэнтий аймгийн Дадал сумын Дэлүүн Болдогыг бид аялал жуулчлалын томоохон цогцолбор болгох төлөвлөгөөтэй байна. Урт хугацаандаа бид Хар хорин орчмыг эртний үеийн байдлаар нь сэргээн босгоно” гэж Байгаль орчин, аялал жуулчлал, ногоон хөгжлийн сайд асан Д.Оюунхорол “100 чухал сэдэв” нэвтрүүлэгт оролцохдоо ярьж байв.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Matilda(41.138.90.76) 2019 оны 04 сарын 26

Зээлийн санал болон бага хүүтэй санхүүжилтийн мэдэгдэл. Бид ядуучуудыг дэмжиж, тэмцэж байна Ядуурал бид богино, дунд, урт хугацаанд зээл олгодог. Та санхүүгийн асуудалтай байгаа, банкны хориглолтод байгаа, хэрэв та төслөө тохируулах санхүүжилт хэрэгтэй бол, моргейжийн зээл. Бид хувь хүн, худалдаачидад жилд 2% -ийг хурдан, найдвартай зээлээр санал болгодог. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. matildalecoustre@gmail.com Whatsapp: 22 780 147 359

0  |  0
Top