"Бүс ба Зам" санаачилгын хүрээн дэх татварын албадын хамтын ажиллагааны анхдугаар хуралдаан энэ сарын 18, 19-ний өдрүүдэд БНХАУ-ын Жэжян мужийн Үжень хотод боллоо. Монголын татварын алба тус форумд нэгдэн гишүүнээр элсэж, ТЕГ-ын газрын дарга Б.Заяабал харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
"Бүс ба Зам" санаачилгын хүрээн дэх татварын албадын хамтын ажиллагааны механизмд 34 улсын татварын байгууллага гишүүнээр, 22 улсын татварын байгууллага ажиглагчаар орж санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд нийт 85 орны татварын байгууллага болон Олон улсын байгууллагын төлөөлөл оролцжээ.
Энэхүү Татварын албадын хамтын ажиллагааны механизмын зорилго нь ЭЗХАХБ болон НҮБ-ын Татварын загвар конвенц, Үнэ шилжилтийн удирдамж, Татварын ил тод байдал, мэдээлэл солилцооны Глобал Форум зэрэг олон улсад зонхилж буй татварын стандартуудад дэмжлэг, үзүүлэхийн төлөө үйл ажиллагаагаа чиглүүлэх буюу татварын үйлчилгээ үзүүлэх, татварын маргаан шийдвэрлэх, татварын чадавх бэхжүүлэх болон татварын албадын шалгарсан арга туршлагуудыг хуваалцах, хамтын ажиллагаагаар дамжуулан татварын орчныг сайжруулах явдал юм.
Англи, хятад, орос, португал, араб зэрэг таван хэл дээр татварын гишүүн орнуудын татварын албан хаагч нарт зориулсан сургалт явуулахаар тогтсон бөгөөд Монголын татварын албаны хувьд БНХАУ болон БНКУ дахь англи, хятад, орос хэл дээрх сургалтад хамрагдах боломжтой болж байна.
Харилцан ойлголцлын санамж бичиг болон түүний хавсралтуудад татварын албыг хууль тогтоомж зөрчих нөхцөлд хүргэхгүй талаар тодорхой тусгасан байна. Үүнд: Хөндлөнгөөс үл оролцох журамд үндэслэн харилцан ойлголцлын санамж бичиг, түүний хавсралт, зөвлөлийн баталсан шийдвэр нь гишүүн татварын албыг өөрийн орны удирдлагын арга барил, татварын бодлого, эсхүл холбогдох хууль, журамд захирагдахаас гадуур үйл ажиллагаа хийхийг шаардахгүй. Энэхүү Харилцан ойлголцлын санамж бичиг нь хууль ёсоор заавал биелүүлэх үүрэг хүлээхгүй бөгөөд аливаа хуулийн эрх, үүргийг бий болгохгүй юм гэж заажээ.
Сэтгэгдэл ( 0 )