Гэр, байшингаа дулаалах нь түлшний хэрэглээг эрс бууруулна

Я.Болор | Zindaa.mn
54 минутын өмнө

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас шахмал түлшний оновчтой хуваарилалт, түгээлтийг шуурхай зохион байгуулах чиглэлийг өгсөн. Энэ чиглэлийн дагуу Тавантолгой түлш ХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч С.Даваасүрэн, Борлуулалт, түгээлтийн хэлтсийн дарга Г.Ундармаа нар /2026.10.25/ Сонгинохайрхан дүүрэгт байрлах борлуулалтын цэгүүдийн үйл ажиллагаатай танилцаж, түлшний нийлүүлэлт, хүртээмж ямар байгаатай биечлэн танилцлаа.

Сонгинохайрхан дүүргийн 30, 31, 42, дугаар хороодод байрлах борлуулалтын цэгүүдэд түлшний хүртээмж сайн, цэгүүдийн захиалсан түлшний нийлүүлэлт харьцангуй хурдан ирж байгааг борлуулагчид хэлж байлаа. Иргэдийн тухайд ХОТУЛА апп болон иргэний үнэмлэхний QR код уншуулан түлшээ авч байгаа бөгөөд амралтын өдрүүдэд худалдан авалт сайн байдгийг онцолж байв.

Мөн иргэдийн зүгээс нэг удаагийн худалдан авалтаараа долоо хоногт 7 шуудай бус 14 шуудайг авдаг болох хүсэлт олон гаргаж байгааг борлуулагчид компанийн удирдлагуудад уламжилж байлаа.

2026-2027 оны халаалтын улиралд Нийслэлийн хэмжээнд 427.000 тонн түлш хэрэглэхээс 120 мянган тонн нь Эрдэнэс тавантолгойн угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсээр хийсэн шахмал түлш байх бол 307 мянга нь хагас коксон түлш байх юм.

Сонгинохайрхан дүүргийн ихэнх хороод нийслэлийн агаарын чанарыг сайжруулах ногоон бүст харьяалагддаг учир цэгүүдэд хагас коксон түлшний нийлүүлэлт хийгдэж эхэлжээ. Худалдан авалт хийж буй иргэдийн хувьд энэ жилийн түлш жиндээ хангалттай хүрч байгаа, нунтаг хог багатай байгааг компанийн удирдлагуудад хэлсэн.

Мөн гэр, байшингаа дулаалах нь түлшний хэрэглээг эрс бууруулж байгааг Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны иргэн н.Минжмаа хэлж байлаа. Иргэн н.Минжмаагийнх байшингаа дулаалахаас өмнө хоногт 2-3 удаа галладаг байсан бол дулаалга хийснээс хойш хоногтоо нэг л удаа гал түлж байгааг онцолж, айл өрхүүдийг сууцаа дулаалж, түлшний хэрэглээгээ багасгаж, эдийн засагт хэмнэлт хийхийг уриалж байлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top