Монгол Улсад Кокс, ган төмөрлөгийн цогцолбор үйлдвэр барих төслийг хэрэгжүүлэх манай улсын “Эрдэнэс Стийл” ХХК болон БНХАУ-ын SINOSTEEL компани хоорондын хамтын ажиллагааны ерөнхий хэлэлцээр баталгаажлаа.
Тодруулбал, Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар тус улсад төрийн айлчлал хийж байгаа билээ. Айлчлалын үеэр хоёр орны Төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, баримт бичигт гарын үсэг зурсны хүрээнд уг хэлэлцээр баталгаажсан байна.
Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутагт “Эрдэнэс Стийл” ХХК-ийн хэрэгжүүлэхээр зорьж буй Кокс, ган төмөрлөгийн цогцолбор үйлдвэр барих төсөл хэрэгжсэнээр 900 гаруй мян.тн коксжих нүүрс, 523.5 мян.тн төмрийн хүдэр, баяжмалын дотоодын хэрэглээг бий болгож, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэн, цувимал бүтээгдэхүүний импортын хараат байдлыг багасгана. Мөн 1500 орчим шинэ ажлын байр бий болж, жилд дунджаар 87.7 тэрбум төгрөгийн татвар, хураамжийг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх урьдчилсан тооцоо гарчээ.
Сэтгэгдэл ( 0 )