2019 онд эдийн засгийн өсөлт хэвээр хадгалагдах төсөөлөл талуудад байна.
2018 оны эдийн засгийн өсөлтийн төсөөлөл буурахад нүүрсний тээвэрлэлт зогсонги байдалд орсон, газрын тосны экспорт буурсантай холбоотойгоор уул уурхайн салбарын өсөлт саарах төлөвтэй байгаа нь голлон нөлөөлсөн. Нүүрс, газрын тосны экспортын тээвэрлэлтийн асуудал нь ирэх оны үйлдвэрлэлийн төсөөлөлд сөргөөр нөлөөлсний зэрэгцээ төмрийн хүдрийн экспортын биет хэмжээ буурахаар байгаа нь уул уурхайн салбарын өсөлтийг өмнөх төсөөллөөс бууруулах нөлөө үзүүлнэ. Харин 2019 онд төсвийн урсгал зардал болон хөрөнгө оруулалтын зардал нэмэгдэх нь барилга, эрчим хүч, боловсруулах, худалдаа зэрэг уул уурхайн бус салбарын өсөлтийг тэтгэж, өмнөх төсөөллөөс бага зэрэг сайжрахаар байна. Уул уурхайн болон уул уурхайн бус салбар эрчимжин 2019 онд эдийн засгийн өсөлт тогтвортой байх бол 2020 онд уул уурхайн бус салбарын үйлдвэрлэлийн нөлөөгөөр эдийн засгийн өсөлт саарахаар байна.
2019 онд эрдэс бүтээгдэхүүний үнэ өмнөх төсөөллөөс сайжирч алт, нүүрсний үйлдвэрлэл нэмэгдсэнээр уул уурхайн салбарын өсөлт нэмэгдэж, 2020 оноос эрчимжихээр байна. Уул уурхайн томоохон бүтээн байгуулалт үргэлжлэх, төсвийн төлөв сулрах зэрэг нь 2019 онд уул уурхайн бус салбаруудын өсөлтийг дэмжихээр байна. Тухайлбал барилга, боловсруулах, худалдаа, үйлчилгээний салбарын үйлдвэрлэл нэмэгдэх, хөрөнгө оруулалтын шинжтэй импорт өссөнөөр бүтээгдэхүүний цэвэр татварын орлого өсч, уул уурхайн бус салбарын өсөлт эрчимжих төлөвтэй.
Нүүрс болон бусад экспортын бүтээгдэхүүний тээвэрлэлт, хилийн боомтоор нэвтрэн өнгөрөх чадварт тогтоосон хязгаарлалт удаан үргэлжлэх, энэ асуудал дахин давтагдвал нүүрсний уурхайнууд бүрэн хүчин чадлаар үйлдвэрлэлээ явуулахгүй байх, улмаар экспортлох потенциал үргэлжлэн буурч, ачаа тээвэр болон бусад уул уурхайн бус салбарын өсөлтөд сөргөөр нөлөөлнө.
БНХАУ, АНУ хоорондын худалдааны зөрчилдөөн, түүний хариуд авах БНХАУ-ын дотоод бодлогын арга хэмжээ нь дэлхийн зах зээл дээрх эрдэс бүтээгдэхүүний үнийн төлөв болон эрдэс бүтээгдэхүүн экспортлогч жижиг нээлттэй эдийн засагт хэрхэн нөлөөлөх нь тодорхой бус хэвээр байна.
2019 онд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн “IPO” амжилттай хэрэгжиж, тус үйлдвэрийг дагасан бүтээн байгуулалт хийгдвэл эдийн засгийн өсөлтөд эерэгээр нөлөөлнө. Үүний зэрэгцээ газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орвол үйлдвэрлэл нэмэгдэхээс гадна шатахууны импортоос ханш, гадаад валютын нөөцөд ирэх дарамт буурна.
“Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийн хүрээнд бодит секторыг дэмжих томоохон төслүүд хэзээ эхлэх, хэрхэн санхүүжих, мөн гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэх эсэх нь тодорхой бус хэвээр байгааг дурдаж байна.
Сэтгэгдэл ( 0 )