С.Эрдэнэбат: Өнгөрсөн улиралд 66 хүн үйлдвэрлэлийн осолд орсон

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 29

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчин бол хувь тавилан биш. Гарцаагүй тохиолдох зүйл ч бас биш.  Аливаа осол, өвчин бүр тодорхой шалтгаантай. Гэхдээ үр ашигтай урьдчилан сэргийлэх соёлыг бүрдүүлэх замаар учирч болзошгүй эрсдэл дагуулсан шалтгаануудыг арилгах боломжтой гэдгийг Хөдөлмөр, аюулгүй ажиллагааны асуудлаар мэргэшсэн олон улсын мэргэжилтнүүд зарчмаа болгосон байдаг билээ. Үүнтэй холбогдуулан МҮЭ-ийн холбооноос ХЭМАБ /Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал/-ын Удирдлагын тогтолцоо ISO 45001:2018 стандартыг ажлын байр бүрт нэвтрүүлэх, “Ослыг тэглэх алсын хараа” дэлхийн хөдөлгөөнд нэгдэхийг уриалах, Үйлдвэрлэлийн ослоор амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээ өнгөрөгч баасан гарагт МҮЭСТО-нд боллоо.


Зөвлөгөөнийг Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нээж үг хэллээ. Тэрбээр “Ажилтнууд эрүүл, аюулгүй ажлын байранд ажиллах ёстойг ойлгуулах, ойлгох цаг хэдий нь болсон. Аливаа осол тодорхой шалтгааны улмаас гарсан байдаг. Тэрхүү шалтгааныг үндэсний, салбар, аж ахуйн нэгж, байгууллага гэсэн бүхий л түвшинд урьдчилан сэргийлэх идэвхитэй үйл ажиллагааны хүрээнд арилгаж чадвал осол, өвчлөлийг бууруулах бус тэглэх боломжтой. Манай улсад Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Үндэсний хөтөлбөр, сургалтын байгууллагууд нь байсаар атал осол, мэргэжлийн өвчлөл яагаад буурахгүй байна вэ. Өдөр тутам зохион байгуулах асуудалд хариуцлагагүй хандаж байгаагаас энэ бүхэн үүдэлтэй. Үүнийг засаж залруулахын төлөө бүх шатандаа анхаарах ёстой” хэмээсэн юм.

Монгол Улсад ISO9001 гэрчилгээ авсан 126 компани үйл ажиллагаагаа явуулдаг байна.

Энэхүү чанарын гэрчилгээг авсан компани үр ашгаа 85 хувь хүртэл нэмэгдүүлж чаддаг тухай олон улсын судалгаа бий. Хэрвээ бүх компаниуд эрүүл, аюулгүй байдалдаа анхаарал хандуулж, ослоос урьдчилан сэргийлж чадвал ердөө нэг доллараар 100 хүний амь насыг аврах боломжтой тухай Монголын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн мэргэшсэн холбооны  /МХАБЭММ/ Гүйцэтгэх захирал С.Давааням илтгэлдээ дурдав. Мөн аливаа хүн хөдөлмөр эрхэлж байгаад ажлын байрандаа дээрээ амь насаа алдсан тохиолдолд менежментийн тогтолцоо 98 хувь буруутай бөгөөд менежментийн тогтолцоо нь удирдлагатай шууд холбоотой байдаг аж. Манай улсад жилдээ 1000 хүн золгүй байдлаар амиа алддаг бөгөөд хамгийн чухал нь энэ тоог тэглэх боломжтой тухай ярьж байв. Тэрбээр илтгэлээ “Хэн ч ажлын байран дээрээ амиа алдах ёсгүй” гэсэн өгүүлбэрээр төгсгөсөн юм. Зөвлөгөөнд МҮЭ-ийн холбооны дэргэдэх Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургуулийн хамт олон, оюутан сурагчид, Мэргэшсэн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтнүүдийн холбоо, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, МҮЭ-ийн идэвхтэн сонгуультнууд оролцлоо. Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын Удирдлагын тогтолцоо ISO 45001:2018 стандартыг хэрхэн нэвтрүүлэх талаар доктор С.Давааням сургалт хийн, оролцогчдын асуултад хариулсан ба МҮЭ-ийн холбооноос Засгийн газар, мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэгч төрийн байгууллага, ажил олгогч эзэд, нийт ажилтнуудад хандан уриалга гаргасан юм.

“Vision Zero” буюу “Ослыг тэглэх алсын хараа”-ны тухай Хөдөлмөр, нийгмийн харилцааны чиглэлээр бакалавр, магистрын түвшний сургалт явуулж, судалгаа шинжилгээний ажил эрхлэн явуулдаг Монголын цор ганц дээд сургууль болох Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургуулийн захирал Г.Баярмаа “Зөвхөн манай улсын хувьд төдийгүй дэлхий нийтээр 2030 он хүртэл “Тогтвортой хөгжил”-ийн 17 зорилтыг дэвшүүлж улс орны засгийн газруудаас хөтөлбөрөө боловсруулж хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байна. Тогтвортой хөгж­лийн найм дахь зорилго буюу Зохистой хөдөлмөрийн тэргүүлэх чиглэлийн нэг нь хүн бүр эрүүл, аюулгүй орчинд амьдрах, хөдөлмөрлөх асуудал байгаа юм. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн  асуудал хүн бүрт өөрт нь хамаатай. Ялангуяа  манай улсын хүн амын дийлэнх хувийг залуучууд эзэлж байна. Залуучуудад ажлын байрны аюулгүй байдал, эрүүл ахуйн хувьд тавигддаг стандарт, нөлөөлөх хүчин зүйлс, ажлын байрны эрсдэлийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, хамгийн гол нь ХАБЭА-н соёл хандлагыг төлөвшүүлэх, урьдчилан сэргийлэх шинэ тогтолцоо шаардлагатай байна. Нөгөө талаас судалгааны тоо баримтаас харахад 18-35 насны залуучууд бусад насны хүмүүстэй харьцуулахад үйлдвэрлэлийн осолд өртөх, эрсдэл гаргах байдал арай өндөр байдаг. “Vision Zero” буюу “Ослыг тэглэх алсын хараа” гэдэг нь урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулах шинэ хандлага, арга зам бөгөөд хөдөлмөрийн бүх үе шатанд хөдөлмөрийн аюулгүй байдал (Safety), Хөдөлмөрийн эрүүл мэнд (Health), Хөдөлмөрийн таатай байдал (Wellbeing) гэсэн гурван чиглэлийг нэгтгэж багтаасан ойлголт юм” гэв.

Дэлхийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өдрийг бүх нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлж буйтай холбогдуулан МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбаттай цөөн хором ярилцлаа.

МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч С.ЭРДЭНЭБАТ: 2019 ОНЫ ЭХНИЙ УЛИРАЛД 66 ХҮН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСОЛД ОРСОН 

-Энэ өдөрт Үйлдвэрчний эвлэл ихээхэн анхаарлаа хандуулан, тэмдэглэн өнгөрүүлдэг. Дэлхий даяар хөдөлмөрийн аюулгүй байдлаас болж олон сая хүн амь насаа алдаж байна. Манай улсад энэ тоо хэр их байдаг вэ?

-Жил бүрийн дөрөвдүгээр сарын 28-ны өдрийг Дэлхийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өдөр болгон дэлхий даяараа тэмдэглэж ирсэн. Өнөөдөр дэлхий дээр нэг өдөрт дунджаар 7500 орчим хүн үйлдвэрлэлийн ослоос болж амь насаа алдаж байгаа нь үнэхээр харамсалтай. Үндсэндээ энэ бол дайн дажингаас ч илүү аюлтай зүйл. Манай улсад хөдөлмөрийн аюулгүй байдлаас болж олон зуун хүн амь насаа алдаж, бие эрхтнээрээ хохирч байна. Өнгөрсөн жил л гэхэд 283 осол аваар гарсан. Энэ жилийн эхний улиралд 66 бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн болон бүртгэгдээгүй нуун дарагдуулж байгаа олон хэрэг бий. Хүний амь нас эрүүл мэндээс илүү бизнес, эрх мэдэл, мөнгө гэж байх уу.

-Энэ тоог үнэхээр тэглэх боломжтой гэж үү?

-Боломжтой. Үгүй юм аа гэхэд ослыг дорвитой бууруулах бүр байж болох хамгийн доод түвшинд хүргэж, тэглэх зорилтыг тавьж ажиллах хэрэгтэй байна. Зардлаа танах, хасах болоход хүнтэй холбоо­той зардлаа л танаж байна.  Өнгөр­сөн жилийн 11 сард  ажил үүргээ гүйцэтгэж яваад шатаж нас барсан нүүрс тээврийн жолоочийн Үйлдвэрлэлийн ослын актыг өнөөдрийг хүртэл тогтоогоогүй байна гээд бод доо. Тэгэхээр төр засгийн, хол­бог­дох мэргэжлийн байгууллагууд, ажил олгогч нар ямар хариуцлагагүй, арчаа­гүй байгааг эндээс харж болно. Нөгөө талаар хууль тогтоох эрх мэдэл рүү олон бизнес­мэнүүдийн төлөөлөл хошуурч, хяналт шалгалтыг хязгаарласан нь үнэн. Хяналт шалгалтыг ч шинэ түвшинд гаргах ёстой.

-Үйлдвэрлэлийн осол аваар их гарч, хүний амь эрсдэж байгаа нь хяналт шалгалт сул байгаагаас үүдэлтэй гэж ойлгож болох уу?

-Хөдөлмөрийн хүнд нөхцөлд нойр хоолгүй хөдөлмөрийн аюулгүй байдлын ямар ч орчингүй нөхцөлд олон мянган залуус нүүрс зөөж, валют оруулж ирж биднийг тэжээж байна. Энэ асуудлыг олон жил ярьсан ч мөнгө гэдэг нүдээр л эрх мэдэлтэй мөнгөтэй хүмүүс харж ирсэн. Өнгөрсөн онд харин Ерөнхий сайд очиж танилцсан. Тэгээд амралт болон анхан шатны тусламж үзүүлэх цэг, зогсоол барих талаар арга хэмжээ авахаар болсон байгаа. 

-Хамгийн гол нь осол аваарыг боло­хоос нь өмнө сэргийлэх шүү дээ. Тэгвэл яаж урьдчилан сэргийлэх вэ. Манайд юу дутагдалтай байна?

-Яг одоо ажлын байраа нэг бүрчлэн эрсдэлийг нь үнэлээд үз гэж уриалмаар байна. Ажлын байран дээр гал гарахад галын хор хэрэглэж мэдэх эсэх, аюулгүйн гарц хаана байдгийг мэдэх хэчнээн ажилтан байгаа вэ гэвэл их  сонин л тоо гарах байх. Осол аваар гарахад ХАБЭА асуудалд ажил олгогчид хэрхэн хандаж байгаа хандлагыг нь харах ёстой. Нөгөө талаар ажилтнуудын зөв дадал хэвшил чухал. Үнэхээр эрсдэлтэй бол ажиллахгүй байх. Үхэл эрсдэл рүү үр хүүхэд, гэр бүлээ орхиод хамт ажиллагсдаа дагуулаад орж болохгүй.

-Золгүй байдлаар амиа алдагсдын дийлэнх нь хүнд үйлдвэрлэл, уул уурхайн  салбарынхан л байдаг гэж бид ойлгодог?

-Осол аваарыг зөвхөн уул уурхай, хүнд салбарт гардаг гэж ойлгож болохгүй. Таны ажилдаа явах, буцах замд ч тохиолдож болно. Гаднаас нь харахад шил толь болсон байшинд сууж байгаа оффисын ажилтнуудад ч тохиолдож болох зүйл. Агааржуулалтын дутагдлаас болж эмэгтэйчүүдэд төрөхийн хүндрэл үүсч байна. Хүүхэд нь тархины даралттай төрж байна. Энэ бол дам эрсдэл гэсэн үг. Манай улсад нийгмийн эрүүл мэндийн судалгаа хангалтгүй байна. Хэдэн хүн ямар өвчний улмаас өвчлөөд байгаа нарийн учир шалтгааныг мэргэжил, салбар, бүс нутгаар нь шинжлэн судалж, урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Олон хүмүүс мэргэжлээс шалтгаалсан өвчлөлөөр хөгжлийн бэрхшээлтэй болж хөдөлмөрийн чадвараа алдаж байна шүү дээ. 

-Хөдөлмөр эрхэлж байгаа хүний амь насны баталгаанд төр засгаас ямар дэмжлэг үзүүлэх үүрэгтэй юм бэ?

-ХАБЭА-н хуулинд тодорхой заасан байгаа. Гэхдээ хөтөлбөр, хууль, дүрэм журмыг цаасан дээр биш бодит газар дээр нь үр дүнтэй ажил хиймээр байна. Сайд дарга болох гэхээрээ амиа өгөхөөс ч буцахгүй уралддаг мөртлөө тухайн салбар, аймаг, аж ауй нэгжийн түвшинд хэчнээн хүний өмнө хариуцлага хүлээж байгаагаа ойлгохгүй, ойлгохыг хичээдэггүй байдал бас байна. Бүх сайд дарга нараас ХАБЭА-н наад захын мэдлэг хандлагын талаар шалгалт аваад үзэх хэрэгтэй гэж боддог.  Монгол Улсын төсвийн байгууллагууд нийт зардлын 0.5 түүнээс дээш хувь нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудалд зарцуулагдах ёстой. ААНБ-ууд эрсдэлийн түвшнээс хамааруулж 1.5 түүнээс дээш хувийн зардлыг зарцуулах ёстой. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайн хангаж ажилладаг байгууллагууд цөөн байна. Ихэнх нь хэлбэрдсэн төдий ажил хийж байна. Төр засгийн байгууллагууд хурал зөвлөгөөнөөс хэтрэхгүй байна. Уг нь дорвитой шинэчлэл, манлайлал хэрэгтэй байна шүү дээ.

-Ажилчид эрүүл мэндийн үзлэгт орох гэхээр тэр бүр эмнэлгийн ачаалал очер их тул амждаггүй. Үүн дээр ямар арга хэмжээ авах ёстой вэ?

-Үнэн. Ажил хөдөлмөр хийж байгаа хүмүүс өвчнөө ихэнх нь хүндрүүлээд очдог. Жилд 4000 гаруй хүн хавдраар өвчилж нас барж байгаа. Энэ өвчинд ажлын нөхцөл, орчин ямар нөлөө үзүүлж байгааг судлах хэрэгтэй. Иргэдийн эрүүл мэндийн даатгалд төлсөн мөнгө өчнөөн зуун тэрбумаараа банкинд хэвтэж, хэсэг хүмүүс луйвардаж байхад өвчтөн урьдчилан сэргийлэхээр үзүүлэх, хэвтэн нөхөн сэргээх эмчлүүлэх ор хүрэлцэхгүй байна. Ажил олгогч нар ажилчдаа хэлбэр төдий үзлэгт оруулах гэхээсээ илүү хамгийн тохиолдож болох эрсдэлтэй өвчний үзлэгт оруулж байх хэрэгтэй. МҮЭХ-ноос ажил олгогч төр засгийн байгууллагуудыг цөөхөн монголчуудынхаа төлөө эрсдэл, осол аваар, өвчлөлөөс хамгаалж ажиллахыг уриалж байна.

-ХАБЭА асуудал хариуцсан мэргэлжт­нүүдийг 40 цагийн сургалтаар бэлдэж байгаад олон нийт шүүмжлэлтэй ханддаг. Хүний амь нас, аюулгүй байдал хариуцсан мэргэжилтнийг яаж ч бодсон тийм бага хугацаагаар бэлдэх нь тохиромжгүй мэт. Нөгөөтэйгүүр тэдний хариуцлага, үүрэг ямар байх ёстой юм бэ?

-Дийлэнх байгууллагууд, хүмүүс ажлын байран дээр нь ямар нэгэн осол эндэгдэл, аваар гарсан тохиолдолд ХАБЭА ажилтанд бүгдийг нь тохоод хаядаг. Ийм байж болохгүй л дээ. Хөдөлмөр эрхэлж байгаа хүний амь насаа алдах эрсдлийг удирдлагууд тооцох хэрэгтэй. Өөрсдөө ХАБЭА-н талаар ойлголттой болох хэрэгтэй. Эрсдлийг энгийн ажилтнаас эхлээд ашиг орлого хүртэж байгаа эзэн, татвар авч байгаа төр засаг, цалин авч байгаа бүгд хариуцах ёстой. ХАБЭА-н мэргэжилтэнг мэргэжлийн бакалавр магистрын түвшинд бэлтгэж байгаа ганц, хоёр сургуулийг эс тооцвол байхгүй байна. Ихэнх нь хэдхэн хоногийн сургалт курсээр мэргэшил олгоно гэхээсээ илүү мөнгө олгох хэрэгсэл болгон ашиглаж байна. МҮЭХолбоо өөрийн харьяа Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургуульдаа бакалавр, магистрын тусгай анги нээгээд элсэлтээ авч байгаа. Таны хэлдгээр ХАБЭА-н мэргэжилтэнг эмч, багш шиг урт хугацаанд бэлдэх ёстой л доо.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.72.245.198) 2019 оны 04 сарын 30

Ам ажил нь алд дэлэм зөрүүтэй , юу ч мэдэхгүй хүмүүс ичдэг болоосой

0  |  0
Top