Хэнтий аймагт болох УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийг ирэх зургадугаар сарын 30-нд зохион байгуулахаар болсон билээ. Үүнтэй холбогдуулан хуульд заасны дагуу улс төрийн нам, эвслүүд өчигдөр нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлээд байна. Энэ талаар Сонгуулийн ерөнхий хорооны Ажлын албаны дарга Д.Баяндүүрэнгээс дараах зүйлийг тодрууллаа.
-Хэнтий аймагт болох УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох нам, эвсүүдийн бичиг, баримтыг хүлээж авах хугацаа дуусгавар боллоо. Хэчнээн нам нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ ирүүлээд байна вэ?
-УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийг ирэх зургадугаар сарын 30-нд зохион байгуулах шийдвэр гарсан. Өнөөдөр /өчигдөр/ буюу дөрөвдүгээр сарын 30-ны өдрөөр Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн нам, эвслүүдийн бичиг баримтыг авч дууслаа. Одоогийн байдлаар улс төрийн найман намаас нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ ирүүлээд байна. Тэд хуульд заасны дагуу бичиг, баримтаа бүрдүүлж байна. Мөн Үндсэн хууль болон Сонгуулийн тухай хуулийг мөрдөж ажиллахаа илэрхийлсэн. Сонгуулийн ерөнхий хороо өнөөдрөөр намуудын бичиг баримтыг хүлээж авах хугацаагаа өндөрлөлөө.
-Сонгуулийн ерөнхий хорооноос бичиг баримтаа ирүүлсэн нам, эвсэлд хуулийн хэд хоногийн хугацаанд хариу өгөх ёстой байдаг билээ?
Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлсэн бичиг, баримтыг нягтална. Улмаар шийдвэрээ гаргана. Өөрөөр хэлбэл, нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ ирүүлсэн нам, эвслийн бичиг баримтыг тавдугаар сарын 5-наас өмнө шалгаж дуусна. Түүний дараа Сонгуулийн ерөнхий хорооноос тухайн намуудыг нөхөн сонгуульд оролцох боломжтой эсэхийг шийдвэрлэнэ.
-Бие даагчдын нэр дэвших хүсэлтийг хэзээ бүртгэх вэ?
-Улс төрийн нам, эвслийг бүртгэсний дараа тэд сонгуульд оролцох эрхээ авна. Дараа нь тухайн нам, эвсэл нэр дэвшигчдээ тодруулах ёстой. Нэр дэвшүүлэх ажиллагаа тавдугаар сарын 24-28-ны хооронд явагдана. Харин бие даагчдын хувьд тавдугаар сарын 24-30-ны хооронд тухайн сонгуулийн тойрогтоо 801 хүнээс доошгүй гарын үсэг цуглуулах ажиллагаа явуулах ёстой. Нэр дэвшигчдийг Сонгуулийн ерөнхий хороо бүртгэж авна. Энд бие дааж болон нам, эвслээс нэр дэвшиж байгаа хүмүүс Сонгуулийн тухай хуульд заасан бичиг, баримтаа ирүүлэх ёстой юм.
-Өөрөөр хэлбэл, намаас нэр дэвшиж байгаа нэр дэвшигчийг бүртгэж эхлэхэд бие даагчдыг хамт бүртгэнэ гэсэн үг үү?
-Тийм. Гэхдээ нэр дэвшүүлэх хугацааны хувьд хоёр хоногийн хойно. Учир нь, тухайн хоёр хоногт нь бие дааж нэр дэвших хүмүүс иргэдээс гарын үсэг цуглуулах шаардлагатай юм.
-Хэнтий аймагт болох УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн бэлтгэл ажил ямар шатандаа явна вэ?
-УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн бэлтгэл ажлыг Сонгуулийн ерөнхий хороо ханган ажиллаж байна. Аймгийн сонгуулийн хороо байгуулагдсан, ажилдаа орчихсон явж байна. Мөн сумдын сонгуулийн хороод ажилдаа орсон. Ерөнхийдөө санал тоолох төхөөрөмжүүд бэлэн болж байна.
-Өнгөрсөн оны аравдугаар сард нөхөн сонгуулийн бэлтгэл ажлыг хийж эхэлсэн ч ирэх зургадугаар сар хүртэл хойшлуулсан шүү дээ. Тухайн үед нөхөн сонгуулийн бэлтгэл ажил хэдэн хувьтай явж байсан юм бэ?
-Та бүхэн мэдэж байгаа. Өнгөрсөн аравдугаар сард нөхөн сонгууль зарлагдаж, Сонгуулийн ерөнхий хорооноос бэлтгэл ажлыг хангаж эхэлсэн. Тодорхой хэмжээний бэлтгэл ажлыг хангаад байсан.
-Засгийн газрын шийдвэрээр нөхөн сонгуульд зарцуулах хөрөнгийн хэмжээг тогтоож, нөөц хөрөнгөөсөө 280 сая төгрөгийг гаргахаар болсон. Санхүүжилтэд ямар нэгэн хүндрэл, бэрхшээл гарч байна уу?
-Ямар нэгэн саад, бэрхшээл байхгүй. Нөхөн сонгуулийн бэлтгэл ажил тодорхой хуулийн хугацаанд хангагдаад явах боломжтой.
-Нөхөн сонгуульд хэчнээн төрийн албан хаагч ажиллах тооцоо гарч байгаа вэ?
-Аймгийн болон сумдын сонгуулийн хороо, хэсгийн хороо зэрэгт төрийн албан хаагчид ажиллана. Дээр нь бүртгэлийн байгууллагаас итгэмжлэгдсэн ажилтнууд, цагдаагийн алба хаагчид ажиллах ёстой. Одоогоор нарийн тоо нь гараагүй байна.
Сэтгэгдэл ( 0 )