ЮНЕСКО: Энэтхэгт сүүлийн 10 жилд 50 хэл устаж үгүй болжээ

Админ | Zindaa.mn
2019 оны 05 сарын 02

Гадаад харилцааны яамны хурлын танхимд “Дэлхийн улс орнуудын хэлний бодлого” сэдэвт хэлэлцүүлэг өрнөлөө. Хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга, доктор, профессор С.Дулам удирдав. Монгол Улсад суугаа долоон Элчин сайдын яамны бие төлөөлөгч оролцож, дэлхийн улс орны хэлний бодлогын талаар харьцуулан судлах, туршлага солилцох, хамтран ажиллах, харилцан мэдээлэл авах, өөрсдийн орны хэлний бодлого, төрөөс хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай илтгэл тавив. Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны зөвлөх Чой Ёнг Ги “Солонгосын хэлний бодлого өнөө ба ирээдүй”, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга О.П.Мийна “Энэтхэг үндэстний хэлний чиглэлээр Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, онцлог арга хэмжээ”, Бүгд Найрамдах Казакстан Улсын Элчин сайдын яамны зөвлөх Жусип Орынбай “Казакстан улсын хэлний бодлого” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүллээ. Хоёр хөрш улсын суурин төлөөгчдөөс гадна Франц, Арабын Нэгдсэн Эмират улсын бие төлөөлөгч болон Монгол Улсын Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн гишүүд, доктор профессорууд оролцож санал бодлоо хуваалцлаа. Энэ хурлын ач холбогдол нь Ази,Европын оронд хэлний дэвшилтэд бодлого, туршлагыг нэвтрүүлэх, монгол хэлний хууль, журамласан толь, хэлний талаар баримтлах бодлогын бичгийг шинээр боловсруулж Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх зорилготой. Үргэлжлүүлэн эрдэмтэн, төлөөлөгчидтэй хийсэн яриаг хүргэе.

Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга, Доктор, профес­сор С.Дулам: 2025 оноос монгол хэл-монгол бичиг гэсэн хос бичиг­тэн болох зорилго тавьж байгаа

-Төрийн бичгийг монгол бичиг болгоно гээд яригдаад байдаг. Өнөөгийн даяаршсан нийгэмд энэ хэр нийцтэй вэ?

-Монгол хэлний багш нараас монгол хэл, бичиг заах арга зүйтэй холбоотой саналууд их ирж байна. Монгол хэлний хуульд зааснаар 2025 оноос монгол хэл-монгол бичиг гэсэн хос бичигтэн болох зорилго тавьж байгаа.

-Хэлэлцүүлгийн үеэр Казакстан улс латин бичиг рүү шилжиж буй талаар ярилаа. Монгол хэлийг латин болгох талаар ямар байр суурьтай байна вэ?

-Тэр талаар ямар нэг хууль дүрэм яригдаагүй. Хэлээ дагаад түүх соёл, уламжлал гээд хэлний тал дээр цогц бодлого авч ажиллана.

Хэлний бодлогын үндэс­ний зөвлөлийн гишүүн Ж.Батбаатар: Энэ асуудалд бид ч шүүмжлэлтэй ханддаг

-Гадаад улсад харь хэлийг гуравдугаар ангиас нь үзэж эхэлдэг судалгаа бий. Манай улсад тавдугаар ангиас нь үзэх нь хэр оновчтой юм бол?

-Хүмүүсийн хэлдгээр тийм ч оройтсон зүйл биш. Унаган хэлээ төгс эзэмшиж байж гадаад хэлийг сурахад амар байх болно. Эхлээд монгол хүн болж байж, дэлхий дахины хүн болох ёстой.

-Өнөөгийн ЕБС-ын сурах бичгийн агуулга, хэлбэрийг та юу гэж боддог вэ? Эцэг эхчүүд их шүүмжлэлтэй ханддаг?

-Хэл маань баялаг чанараа алдаад хомсдол болсонтой хол­боо­той. Энэ чиглэлээр Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс одоо­гоор тодорхойлон гаргаад боловсруулсан зүйл алга байна. Цаашид анхаарч идэвхитэй ажиллах бодлого барьж байна. Энэ асуудалд бид ч шүүмжлэлтэй ханддаг. Жил бүр шинэчлэн сайжруулаад боловсруулаад явдаг.

МУИС-ийн Монгол хэлний тэнхимийн багш Ч.Баттулга: Энэтхэг улсад 780 хэл байдаг

-Хэлний бодлогын баримт бичиг боловсруулна гээд тоймтой л юм яриад байна л даа. Ямар ямар ажлууд тусгагдсан байгаа вэ?

-Гол баримталж байгаа зүйл нь монгол хэлний хуульд заасны дагуу ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. Жишээлбэл, гадаадад байгаа монголчууд, тэдний үр хүүхдийг унаган монгол хэлтэй болгохын тулд яах ёстой гэдэг асуудал байна. Гадаад хэлээр сургалт явуулдаг байгууллагуудыг заавал монгол хэлээр ярих шаардлага тавих асуу­дал байна. Мөн түүнчлэн үндэсний цөөнхийн хэлний асуудал байна.

-Олон нийтийн цахим орчин дэх хэлний асуудал хяналтаас гарлаа. Зөв бичих нь байтугай, зөв ярьж чадахаа байсан бүхэл бүтэн эрин үе өсөж байна?

-Энэ бол зөвхөн Монголынх биш дэлхий нийтийн тулгамдсан асуудал болоод байна. Бид энэ талаар ярилцаж байна. Энэтхэг улсад 780 хэл байдаг. Сүүлийн 10 жилд 50 хэл нь устаж үгүй болсон. Албан ёсны 20 гаруй хэлтэй. Гэтэл монгол хэлээр 10-хан сая хүн ам ярьдаг. Дэлхий нийтээр хэлийг тав ангилж байна. мөхсөн хэл, мөхөж байгаа хэл, мөхөх аюулд орсон хэл, тогтвортой боловч эмзэг хэл, тогтвортой хэл гэж ангилдаг. Монгол хэл гуравхан сая хүн амтай учир тогтвортой боловч эмзэг ангилалд орж байна. Монгол улсын нутагт хэрэглэгдэж буй хэл аялгууг хамгаалах нь хамгийн чухал юм. Энэ талаарх судалгаа харьцангуй бага хийгдсэн нь үнэн. Хэлний дархлаа болсон нутаг нутгийн аялгууг судлах шинжлэх судалгааны ажлын баримт бичиг боловсруулж байгаа.

Бүгд Найрамдах Казакстан Улсын Элчин сайдын яамны зөв­лөх Жусип Орынбай: Крилл үсгийг халж 100 хувь латин бичигтэн болно гэсэн төлөвлөгөөтэй байна

-Казакстан улсын хэлний бод­логын өнөөгийн талаар товчхон дурдана уу?

-Казакстаны Засгийн газрын тогтоолоор 2018-2020 он хүртэл Казакстан улс латин үсэгт шилжих тухай хууль хэрэгжүүлж эхний үе шатандаа яваа. 2025 он гэхэд крилл үсгийг халж 100 хувь латин бичигтэн болно гэсэн төлөвлөгөөтэй байна.

-Казакстан бол Алтайн язгуурын хэлтэн. Крилл үсгээс латин руу шилжихэд ард түмэн яаж хүлээж авсан бэ?

-Ард түмний зүгээс эсэргүүцэлтэй тулгарсан. Төрийн болон төрийн бус байгууллагууд хэлэлцэн олон­хийн дэмжлэгээр энэ асуудлыг шийдсэн. Даяаршсан нийгэмтэй хөл нийлүүлэн алхахад илүү ойртож, аливаа баримт бичиг, захидал харилцааны хувьд гадаад ертөнцтэй ойлголцоход илүү дөхөм болно.

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны зөвлөх Чой Ёнг Ги: Солонгосчуудад зориулсан “хангыль” сургууль 200 гаруй байдаг

-Солонгос хэлийг сүүлийн үед суралцах хүсэлтэй хүмүүс их болсон нь ажиглагддаг. Танай улсаас хэлээ хамгаалах ямар бодлого баримталж байна вэ?

-Манай улс 50 сая хүн амтай, гадаадын хоёр сая 300 мянган иргэн суурьшиж байна. Солонгос хэл суралцаж буй гадаад оюутны тоо нь 150 мянга хүрсэн. Түүнчлэн гадаадад оршин суугаа солонгосчуудад зориулсан дэлхий дахинд “Хангыль” сургууль 2000 гаруй байдаг. Энэ нь эх хэл соёлоо мартуулахгүй байх хамгийн том бодлого юм.

-Энэ мэдээллээ задлаад тайлбарлавал?

-Гадаадын 80 оронд 845 сур­гууль, Солонгос иргэдийн хүүхдэд боловсрол олгох байгууллага 116 оронд 1918 сургууль, солонгос хэлний боловсрол олгодог байгууллага 39, Сэжүн институт 54 оронд 172 салбартай. Жишээ нь Солонгос хэлний тайлбар толь, 21 дүгээр зууны Сэжүн төлөвлөгөөг хэрэгжүүлэх үе шат, Хангыль үсгийг цахим орчинд нэвтрүүлэх гээд дурдвал олон ажил байна.

А.СҮГЛЭГМАА

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top