“Үндэсний бичиг үсгийн баяр” тав хоногийн турш үргэлжилнэ

Админ | Zindaa.mn
2019 оны 05 сарын 02

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлигийг хэрэгжүүлэх, эх хэлээ эрхэмлэн дээдлэх, бичиг соёлын дурсгалаа сурталчлах зорилгоор жил бүр уламжлал болгон “Үндэсний бичиг үсгийн баяр”-ыг зохион байгуулдаг билээ. Энэ жилийн “Үндэсний бичиг үсгийн баяр-2019” арга хэмжээ “Үндэсний бичиг үсэг -Тусгаар тогтнол” уриан дор энэ сарын 3-8-ны өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулагдана. Нээлтийн ажиллагаа Монгол Улсын Үндэсний номын санд тавдугаар сарын 3-ны 11 цагт эхэлнэ. Энэ баярын ажиллагаанд БСШУСЯ, Соёл, урлагийн газар, Үндэсний номын сан, Хэлний бодлогын зөвлөл, Хүүхдийн төв номын сан, Улаанбаатар хотын нийтийн номын сан, МУИС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбар, “Бичиг соёл” боловсролын төв, аймаг орон нутгийн номын сангууд зэрэг боловсролын байгууллагууд дэмжиж оролцоно.

ШУА-ны Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор Ц.Батдорж ”Өнгөрсөн жилийн баяраар манай хүрээлэнгээс “Үндэсний бичиг үсэг, өв соёлын хэрэглээ” гэсэн томоохон эрдэм шинжилгээний хурал зохион байгуулсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар монгол бичгээ сэргээн таниулж, суралцах зарлигийн дагуу энэ жилийн баяраар “Үндэсний бичиг үсэг, судалгаа сургалт, хэрэглээ” гэсэн сэдвээр тавдугаар сарын 7-ны өдөр эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна. Энэ хурал нь монгол бичгийг нийтийн хэрэглээ болгох, багш сурган хүмүүжүүлэгч нарт үндэсний бичиг үсэг заах арга зүй, зөвлөгөө мэдээлэл хүргэх зорилготой” гэж хэлэв. Энэ жилийн улсын хэмжээнд монгол бичиг үсэг, өв соёлоо сурталчилсан 120 гаруй төрөлжсөн уралдаан тэмцээн, эрдэм шинжилгээний хурал, уулзалт ярилцлага, сургалт, ёс уламжлал, соёл түүхийг харуулсан цуврал үзэсгэлэнгүүд зэрэг олон нийтэд зориулсан арга хэмжээг аймаг, нийслэлийн боловсрол, соёлын байгууллагууд хамтран хийнэ.

Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга доктор С.Дулам “Монгол хэл бол маш их баялаг хэрэглэгдэхүүнтэй хэл. Үндэсний ой санамжаа хадгалан авч үлдэх, оюун санааны дархлааг эх хэлээрээ бий болгоход хүн бүр хүчин зүтгэл гаргах хэрэгтэй” гэв. Энэ ажлын хүрээнд анхаарал татсан ажил нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл урлагийн газрын мэргэжилтэн Д.Бямбасүрэнгийн хэлснээр Хувийн болон төрийн албадууд байгууллагын хаягжилтаа монгол бичгээр болгож, мөн бараа бүтээгдэхүүний хаяг шошгоо монгол бичгээр хаяглаж бичсэн газруудыг уралдаан зарлан шалгаруулж байгаа явдал байлаа.

Үндэсний номын сангийн бодлогын зөвлөлийн дарга Т.БАЯРЛАХ: ТҮҮХ СОЁЛ ГЭДЭГ НЬ БИЧИГ ҮСЭГ ЮМ ГЭДГИЙГ НИЙГМИЙН УХАМСАРТ СУУЛГАНА

-Энэ жилийн “Үндэсний бичиг үсгийн баяр”-ын онцлог юу байна вэ?

-Аймаг, нийслэлийн номын сангууд 120 гаруй ажлыг нэгдсэн төлөвлөгөөтэй хийхээр болсон. Үндэсний номын сангийн хувьд нээлтийн үеэр эх хэл бичиг үсгийн уралдаан тэмцээний ялагчдад шагнал гардуулна. Мөн шилдэг номын санч шалгаруулж шагнана. Үндэсний бичиг үсэг маань өргөн олны баяр юм гэдгийг нээлтийнхээ үеэр харуулж урлаг соёлын тоглолт үзүүлэхээр бэлтгэж байна.

-Энэ жилийн  хандлага уриа ямар байх вэ?

-Энэ жил түүхэн ойнууд давхцаж байгаа. Наймдугаар Богд Жавзандамба хутагтын 150 жилийн ой, Пагва ламын Дөрвөлжин үсэг зохиосны 750 жилийн ой тохиож байгаатай холбогдуулж сургалт судалгааны ажлыг давхар хийж, тайлан үзэсгэлэн тавьж бичиг үсэг гэдэг түүх соёл юм, түүх соёл гэдэг нь бичиг үсэг юм гэдгийг нийгмийн ухамсарт суулгахыг хичээх болно.

-Тухайн ажлын хүрээнд ямар ямар ажил хийх вэ?

-Засгийн газраас 2014 онд батлагдсан Соёлын баримтат өвийн үндэсний хөтөлбөр бий. Үүнээс “Даавуун артай бичиг соёлын баримтат өв”-ийн эрдэм шинжилгээний бага хурлыг тавдугаар сарын 6-ны өдөр хийж, үзэсгэлэн дэлгэнэ. “ЮНЕСКО”-гийн “Дэлхийн дурсамж хөтөлбөр” буюу хүн төрөлхтөний бичиг дурсгал хад чулуу, даавуу торго, цаас ном, дуу бичлэг, хальс, дүрслэх урлаг дээр үлдсэн байдаг. Энэ жилийн онцлог нь даавуун артай бичиг соёлын өвийг хүмүүст таниулах зорилготой. Хаадын үеэс захидал, тушаал, айлтгал өргөмжлөлөө торгон даавуун дээр бичдэг байсан. Эртнээсээ ургийн бичиг, хошуу нутгийн газрын зургаа даавуун дээр мөнхөлсөн учир түүхэн мэдээлэл өгөхүйц маш том баримт болдог.

-Эх соёлоо сурталчлан таниулсан уралдаан тэмцээн номын сангуудаар болох уу?

-Д.Нацагдорж номын сангаас “Алтан үсгийн цоморлиг” уралдаан, Тунгаамал эх хэлний уралдааныг нийтийн номын сан болон дүүргүүдийн салбар номын сан дээрээ зохион байгуулж байгаа. Хүүхдийн төв номын санд уламжлал болсон “Үндэсний бичиг үсэг мину” улсын уралдааныг 14 дэх жилдээ зохион байгуулж байна. Мөн уран бичлэгийн уралдааныг Ерөнхий боловсролын сургуулийн багш сурагчдын дунд болно.

-Уншигчдыг хамарсан ямар арга хэмжээ явагдах вэ?

-Бичиг үсгээ өвлүүлэх, хамгаалах зорилготой олон тэмцээн, олимпиад явууллаа. Түүнийгээ шалгаруулж үзэгчдийн хүртээл болгоно. Монголын Зохиолчдын Эвлэл, Хэвлэх үйлдвэрүүдийн холбоо хамтарч манай номын сангийн гадна талбайд зохиолчдын гарын үсэгтэй, хямдралтай худалдааг тавдугаар сарын 3-4-ний өдрүүдэд явуулна.

-Үндэсний бичиг үсгийн баяр гэж байна. “Баяр” гэдэг үг нь хэр оновчтой үг юм бол?

-1998 оны тавдугаар сараас “Бичиг үсгийн Хишиг өдөр” гэж тэмдэглэж байсан. 2003 онд гарсан зарлигаар “Үндэсний бичиг үсгийн баяр” хэмээн нэрийдэн улсын хэмжээнд тэмдэглэж ирсэн. Зөвхөн тавдугаар сард “баярлаад” өнгөрөх биш тогтмол явуулж байж дадал болдог.

-Энэ тал дээр ямар арга хэмжээ авдаг вэ?

-Үндэсний бичиг үсгийн хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг залуусын дунд дэлгэрүүлэх, цахим орчинд монгол хэл, бичгээрээ бичиж дадах нөхцлийг бүрдүүлэхэд анхаарч байна. Хүүхдүүдийн дунд үндэсний бичгийн уралдаан зарлахад оролцоо идэвхи нэмэгдэж байна.

 

МУИС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн эрхлэгч доктор Б.ТҮВШИНТӨГС: ТҮҮХЭНДЭЭ МОНГОЛЧУУД 10-ААД БИЧИГ ҮСЭГ СОЛЬЖ ИРСЭН

-Залуучууд крилл үсгийг хэрэглэхэд төвөгтэй гэж үзэх хандлага их болжээ. Энэ талаар байр сууриа илэрхийлнэ үү?

-Крилл үсгийн хэрэглээний хувьд Монгол Улсын хэлний тухай хуулиар 2015 онд Монгол хэлээ крилл үсгээр хөтлөн явуулна гэж батлагдсан. Холбогдох салбарынхан энэ талаар судалгаа явуулж байна. ШУ-ны үндэслэлтэй баримттай яригдах асуудал юм.

-2025 онд төрийн албыг монгол хэл, монгол бичгээр хослуулан хөтөлнө гэсэн зорилго тавьжээ. Зорилгын хэрэгжилт төвшин төвшинд бэлтгэл хэр хангагдсан гэж үзэж байна вэ?

Энэ хуулийн заалттай холбоотойгоор монгол бичгийн сургалтыг төрийн албаныханд явуулж байгаа. Ерөнхий эрдмийн шалгалтыг монгол хэл бичгээр босго оноо тогтоосон. Энэ бүхэн үндэсний бичиг үсгээ зайлшгүй сурсан байх зүй ёсны шалгуур болж байгаа юм.

-Монгол бичгийг төрийн бичигтэй хослуулна гэхээр ард түмний дунд “Орчин үетэй хэр нийцэх бол, хойшоо хэд ухрах бодлого юм бишүү?” гэсэн сэтгэгдлүүд яваад байна?

-Хуулиар баталгаажуулсан зүйлийг зөв буруу гэж шүүхээсээ илүү цаашид гарах үр дүн, тусгаар тогтнол гэдэг дархлаагаа бид тархиндаа суулгамаар байна. 2018 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс “Монгол крилл бичгийн зөв бичих журамласан толь” гаргасан. 37 мянган үгтэй, үгийн утгын тайлбар, хэлзүйн хувиргалыг оруулсан толь юм. Крилл бичгээрээ ч зөв бичих ёстой. Яагаад монгол бичгийг орхиж, мартаж болохгүй гээд байна вэ гэхээр түүхэндээ монголчууд 10-аад бичиг үсэг сольж ирсэн. Энэ цаг хугацааны шалгуурт хамгийн удаан оршин тогтнож буй нь монгол бичиг.  Үндэсний сэтгэхүй, хэлний сэтгэлгээ, ертөнцийг үзэх үзэл, юм үзэгдлийг танин мэдсэн ухаан бүгд шингэсэн байдаг.

-Монгол бичиг сургаж буй багш нарын чадамж хэр байдаг вэ?

-Багш бэлтгэж байгаа МУИС, МУБИС, хувийн хэвшлийн сургуулиар дамжиж багш нар гарч ирж байгаа. Тэд сургалтын хөтөлбөрийн дагуу л зааж сургаж байгаа.

-Багш нарын чадамжид хэрхэн хяналт тавьдаг вэ?

-Тухайн багшийн чадамж бол хувь хүнтэй холбоотой. Багш мэргэжлийн төв стандартын дагуу хяналтаа тавих үүрэгтэй.

-Залуу хойч үе маань эх хэл бичгээ ахисан төвшинд  сурч мэргэжилтэн болох гэсэн чин эрмэлзэл, хүсэл сонирхол хэр байна вэ?

-Нэг хэсэг нийгмээрээ монгол хэлний мэргэжлийн нэр хүнд унаж, тоо, математик руу хошуурсан. Эргээд хүмүүсийн сэтгэлгээнд өөрчлөлт гарч байна. Хүнийг амьд амьтнаас ялгаж байгаа зүйл бол хийсвэр сэтгэлгээ юм. Энэ сэтгэлгээ хүнд бага наснаас эх хэлээр дамжиж бий болдог. Хүн бол аливаа зүйлийг бүрэн мэдэхийн тулд эх  хэлээ төгс эзэмших ёстой юм байна. Дараа нь гадаад хэлийг  сурах хэрэгтэй юм байна гэдгийг ойлгож эхэлж байна. Бидний зорилго бол монгол хэлний үнэлэмжийг ард түмний дунд дээшлүүлэх, эрхэмлэх үнэт чанараа болгоход нь зөв чиглүүлэх юм.

А.Сүглэгмаа

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top