МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн профессор, шинжлэх ухааны доктор, профессор МУСГЗ, МСНЭ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн М.Зулькафильтэй Монголын хэвлэл мэдээллийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлуудын талаар ярилцлаа.
-Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн баярын мэнд хүргэе. Яриагаа энэ өдрийн учир утгын талаарх тайлбараас эхлье гэж бодож байна. Учир нь зарим хүн Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг баярын өдөр гэж ойлгодог нь түгээмэл ажиглагддаг?
-Баярлалаа. Энэ өдрийг хүмүүс, түүний дотор зарим сэтгүүлч хүртэл баярын өдөр гэж бодоод янз бүрийн соёлын арга хэмжээ зохион байгуулдаг нь ажиглагддаг. Харин сүүлийн үед арай багассан юм шиг байна. Энэ өдрийн учир утгыг тайлбарлахын тулд жаахан түүх ярих шаардлагатай болно. 1991 онд Африкийн Намиби улсын нийслэл Виндхук хотод Африкийн хараат бус хэвлэл мэдээллийг хөгжүүлэх асуудлаар томоохон хэмжээний семинар зохион байгуулагдаж, тавдугаар сарын 3-нд Виндхукийнн тунхаглал хэмээх маш чухал баримт бичгийг батлан гаргасан түүхтэй.
ЮНЕСКО-гийн 1991 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн Ерөнхий бага хурлын санал болгосны дагуу Эдийн засаг, нийгмийн асуудал хариуцсан зөвлөлийн (ЭКОСОС) 1993 оны 54 дүгээр тогтоолыг үндэслэн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1993 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар жил бүрийн 5 дугаар сарын 3-ны өдрийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон тунхагласан байдаг. Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр нь дэлхийн улс орнуудын хэвлэлийн эрх чөлөөний байдал ямар байгаад үнэлэлт дүгнэлт өгөх, хэвлэлийн эрх чөлөөний мөн чанарыг ойлгох, үндсэн зарчмыг дээдлэх, хэвлэл мэдээллийн байгууллагуудын хараат бус бие даасан байдлыг сахин хамгаалах, ажил үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн сэтгүүлчдийн дурсгалыг хүндэтгэх, хэвлэлийн эх чөлөөний эсрэг гэмт хэргийн талаар мэдээлж, түүнийг таслан зогсоох арга замыг хамтран эрж хайх, улс орны Засгийн газруудад хэвлэлийн эрх чөлөөнд хүндэтгэлтэй хандах, сэтгүүлч уран бүтээлчдэд хэвлэлийн эрх чөлөөний мөн чанар, ач холбогдлыг ухамсарлах, мэргэжлийн ёс зүй, нийгмийн өмнө хүлээх хариуцлагаа дээдлэхийг сануулах зорилготой юм. Энэ өдрийг 1994 оны тавдугаар сарын 3-ны өдрөөс тэмдэглэж эхэлсэн бол манай орон 1996 оноос тогтмол тэмдэглэж, хэвлэлийн эрх чөлөөний асуудлыг хөндсөн янз бүрийн арга хэмжээ зохион байгуулж байна. Жил бүрийн энэ өдрийг тохиолдуулан ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал хэвлэл мэдээллийн ажилтнууд, нийт ард түмэн, улс орнуудын Засгийн газруудад хандан уриалга гаргадаг. 1997 оноос эхлэн хэвлэлийн эрх чөлөөг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүс, байгууллагад олгох ЮНЕСКО-гийн шагналыг гардуулах болсон. Үүнээс үзэхэд энэ өдөр бол баярын өдөр биш, харин хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах, хөгжүүлэхэд тулгарч буй саад бэрхшээлийн талаар хэлэлцэж, шийдвэрлэх арга замыг эрж хайх нэг ёсны тэмцлийн өдөр юм.
-Одоо манай орны хэвлэл мэдээллийн эрх чөлөө ямар байгаа талаар ярья. Таны бодлоор Монголын хэвлэл мэдээллийн эрх чөлөө ямар түвшинд байна? Манай орон олон жил хагас чөлөөт хэвлэлтэй орны тоонд явж байна. Үүнийг хэн, ямар шалгуураар тогтоодог вэ?
-Тийм ээ. Манай орон олон жилийн турш хагас чөлөөт хэвлэлтэй орны эгнээнд явж байна. Жил бүр нэг хоёр байраар урагшилдаг, эсвэл ухардаг. Хэвлэлийн эрх чөлөөний индексийг энэ асуудлыг дагнан хариуцдаг олон улсын “Хил хязгааргүй сэтгүүлчид”, “Фридом форум”, “Фридом хаус” зэрэг бие даасан байгууллагуудын шинжээчид тогтоодог. Тэд олон шалгуураар тогтоодог боловч төрийн мэдлийн бус ХМХ-ийн тоо, өндөр албан тушаалтнууд, эрх мэдэлтнүүдийг хэвлэл мэдээллээр шүүмжилж болох эсэх, сэтгүүлчдэд үзүүлэх улс төр, эдийн засаг болон бусад дарамт шахалт байгаа эсэхийг гол шалгуур болгодог. Ер нь ямар ХМХ-ийг чөлөөт гэж хэлэх вэ гэдэг нь өөрөө олон шалгууртай байдаг. Төрийн мэдлийн бус байх, намын харъяалалгүй байх, статусын болон эдийн засгийн хувьд бие даасан байх, улс төрийн үзэл бодлоос ангид байх, ил тод байдал, олон ургальч үзлийн индэр байх, нийгэм-улс төрийн нийтлэг хэвлэл мэдээллийн хүрээнд үйлчлэх, хууль эрх зүйн хувьд баталгаажсан, төр засгийн үйл ажиллагаанд хяналт тавих боломжтой буюу “сөрөг хүчин”-ийн үүргийг гүйцэтгэж чадахуйц байх гэх мэт. Манай орны ХМХ-үүд дээрх шалгууруудын зөвхөн талыг л арай гээд биелүүлж байгаа нь ажиглагддаг. Зарим шалгуурыг бүрэн, заримыг хагас дутуу, заримыг огт биелүүж чадахгүй байна гэж хэлж болно.
-Чөлөөт хэвлэлийн ач холбогдол, үнэ цэнэ нь юунд орших вэ? Бид бүрэн чөлөөт хэвлэлтэй болоход саад учруулж байгаа ямар бэрхшээл байна?
-Хамгийн түрүүнд бид дээр дооргүй төр засгаас, бодлого боловсруулагчдаас эхлээд жирийн иргэд хүртэл чөлөөт хэвлэлийн мөн чанар, ач холбогдол, үнэ цэнийг зөв ойлгох хэрэгтэй. Энэ бол иргэдийн мэдээлэл олж авах, мэдэх, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх язгуур эрхийг амьдралд хэрэгжүүлдэг хамгийн гол боломж гэсэн үг. Хүн ядуу байж болно, өлсгөлөн байж болно. Харин үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгүй байж болохгүй гэж үздэг. Үүнийг “Хүний эрхийн түгээмэл тунхаг”-т ч, хэвлэл мэдээллийн талаарх олон улсын бүх баримт бичигт онцлон заасан байдаг. “Чөлөөт хэвлэлийн харти”-д “Чөлөөт хэвлэл бол чөлөөт хүмүүс мөн” гэж тодорхойлсны учир нь чухам үүнд оршино. Хэрэв тухайн орон ардчилсан орон бол чөлөөт хэвлэлтэй байх ёстой, өөрөөр хэлбэл ардчиллын нэг тулгуур багана нь чөлөөт хэвлэл байдаг. Чөлөөт хэвлэл байгаа цагт иргэд үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, түүгээр дамжуулан төр засгийн үйл ажиллагаанд хяналт тавих, төрийн өндөр албан тушаалтнуудаас хариуцлага, шударга ёс, ёс зүй нэхэх боломж бүрддэг. Чөлөөт хэвлэлтэй оронд л сэтгүүл зүйн “дөрөв дэх засаглал”-ын үүрэг жинхэнэ утгаараа хэрэгждэг, эрх мэдэлтнүүдийн олон нийтээс санаатайгаар нууж байгаа зүйлийг илчилж, шийдвэрлэх боломж олгодог эрэн сурвалжлах сэтгүүл зүй хөгждөг. Хэвлэлийн эрх чөлөөнд саад уруулж буй маш олон хүчин зүйл бий. Наад зах нь манай орны бүх нөлөө бүхий ХМХ-үүдийн цаад эзэд нь улстөрчид, сайд дарга нар, бизнесийн бүлэглэлүүд байна. Энэ ХМХ-үүд тэдний дуу хоолой, үзэл бодлын индэр болж, нэг талыг барьсан туйлширсан мэдээллээр ард түмний тархийг угааж байгаа нь нууц биш. Өнөөдөр манай ХМХ-ээс тэнцвэрт байдлыг хадгалсан мэдээлэл олж авах маш хүнд. Бодлого боловсруулагчдын гарт гол гол ХМХ-үүд байгаа цагт тэд хэвлэл мэдээллийн эрх чөлөөг дэмжиж, нааштай шийдэр гаргахгүй гэдэг нь ойлгомжтой. 2018 оны долоодугаар сарын 1-нээс мөрдөж эхэлсэн “Зөрчлийн тухай хууль” сэтгүүлчдийн амыг барих гол хэрэгсэл болсон. Одоо хууль хяналтын байгуулагын захын хүн хэвлэл мэдээллийн байгууллагыг болон сэтгүүлчдийг дарамталж, айлган сүрдүүлж, торгох нь энгийн үзэгдэл болжээ. Дээр нь төр засгийн байгууллагууд болон томоохон хувийн компаниуд хаалтын гэрээ нэртэй халхавчийн дор алдаа дутагдлыг нуун далдалж, өөрсдийгөө магтан дуулуулдаг хэрэгсэлтэй болсныг бүгд мэднэ. Байдал ийм байгаа нөхцөлд чөлөөт хэвлэл жам ёсоороо хөгжих боломжгүй. Энэ бүхэн нь иргэдийн мэдээлэл олж авах эрхийг, мөн чөлөөт хэвлэл ил тод байдал, олон ургальч үзлийн индэр болох боломжийг хязгаарлаж байна. Тиймээс юуны өмнө чөлөөт хэвлэл жинхэнэ ёсоороо ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлэх хэрэгтэй.
-Та олон жил сэтгүүл зүйн онол, практикийн асуудлыг судалж буй судлаач хүн. Манай орны сэтгүүл зүйг дэлхийн чөлөөт сэтгүүл зүйтэй орнуудтай харьцуулахад хөгжлийн ямар түвшинд, яаж хөгжиж байна гэж үздэг вэ?
-Энэ бол дэлгэрэнгүй хариулт шаарддаг том асуулт. Тиймээс товчхон хариулахыг хичээе. Хэдийгээр дэлхийн бие даасан байгууллагын шинжээчид хагас чөлөөт хэвлэлтэй орны тоонд оруулдаг ч судлаач хүний хувьд манай орны сэтгүүл зүйн хөгжил муугүй гэж үздэг. Өнөөдөр бидний урд, хойд хоёр хөрш хоёулаа чөлөөт хэвлэлгүй орны тоонд багтдаг. Хуучин социалист системтэй байсан Төв Азийн “стан”-ы орнуудтай харьцуулахад манай чөлөөт хэвлэл хөгжлийн хувьд хамаагүй урагшаа явсан байгаа. Гэхдээ энэ бол тайвшрах зүйл биш, бидэнд шийдвэрлэх шаардлагатай тулгамдсан асуудлууд, учирч буй саад бэрхшээл цөөнгүй байна. Өнөөдөр дэлхий дахины сэтгүүл зүйн хөгжлийг тодорхойлж буй даяаршил (Globalization), төвлөрөл (Conglomeration), задрал (Demassification), ижилсэл буюу конвергенци (Сonvergation) гэсэн дөрвөн гол хандлага байна. Орчин үеийн Монголын сэтгүүл зүйд дээрх дөрвөн хандлагын аль аль нь хүчтэй нөлөөлж, зарим нь бодит үзэгдэл болж удаж байна. Мэдээллийн шинэ технологийн ачаар мэдээлэлд орон зай, цаг хугацаа үгүй болсон. Цахим сэтгүүл зүйг “тав дахь засаглал”-ын түвшинд өргөмжилж байна. “Мобайл” сэтгүүл зүй, иргэний, эрэн сурвалжлах, экологийн, уул уурхайн, эдийн засгийн гэх мэт сэтгүүл зүйн шинэ чиглэлүүд маш идэвхтэй нэвтэрч эхэлсэн. 1990-ээд оноос ХМХ-ийн төвлөрөл бодит үзэгдэл болж, нэг хүний эсвэл нэг компани гарт 10 хүртэл ХМХ төвлөрөх нь энгийн үзэгдэл болсон. “Монгол ньюс”, “Монгол Масс медиа”, “Масс Медиа”, “Женко”, “Эрхэт Монгол медиа”, “Гэрэлт медиа” гэх мэт арав гаруй медиа групп үйл ажиллагаа явуулж байна. Цаашид энэ хандлага улам нэмэгдэх шинжтэй байна. ХМХ-ийн хүлээн авагчдад том өөрчлөлт гарсан. ХМХ-ийн төрөл, хэв маяг олширч, хүлээн авагчид дуртай хэвлэл мэдээллийг захиалах, үзэх, унших боломж нэмэгдсэнээр сонирхол, нас, хүйс, мэргэжлээрээ төрөлжих хандлага буюу задрал хүчтэй явагдаж байна. Нэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл өөр ХМХ-ийн шинжийг нэгэн зэрэг агуулж хоорондоо ойртох хандлага ч хэвийн үзэгдэл болсон. Бүх томоохон тогтмол хэвлэлүүд цахим хувилбартай болж, радио, телевиз интернетээр мэдээллээ дамжуулж, интернет ном, киногоос эхлээд бүх ХМХ-ийг өөртөө агуулж байна. Интернет хэрэглэгчдийн тоо 2.7 саяд, зөвхөн фейсбук хэрэглэгчдийн тоо 2.2 саяд хүрч, энэ үзүүлэлтээр Азид нэгдүгээр байр, дэлхийд эхний 10-д багтаж байна. Мөн гар утас хэрэглэгчдийн тоогоор дэлхийд тавдугаар байранд ордог. Энэ бол дэлхийн хэвлэл мэдээллийн хөгжлийг тодорхойлж буй хүчин зүйлүүд манай сэтгүүл зүйн хөгжилд хүчтэй нөлөөлж байгаагийн бодит илрэл юм.
-Ер нь сэтгүүл зүйн хувь заяа, чөлөөт хэвлэлийн хөгжил, төлөвшил эцийн дүнд боловсон хүчнээс шалтгаалдаг. Та олон жил сэтгүүлч боловсон хүчнийг бэлтгэж буй багш хүн. Хэвлэл мэдээллийн ажилтнууд залуу сэтгүүлчдийн мэргэжлийн мэдлэг, ур чадвар муу байна гэж байнга шүүмжилдэг. Энэ талаар та ямар бодолтой байдаг вэ?
-Тантай санал нэг байна. Сэтгүүл зүйг боловсон хүчин л авч явдаг. Энэ үнэн. Гэхдээ сэтгүүл зүйн хөгжил, чанарт нөлөөлдөг өөр хоёр гол хүчин зүйл байгааг мартаж болохгүй. Энэ бол хэвлэл мэдээллийн хэрэгсэл жам ёсоороо хөгжих, үйл ажиллагаагаа явуулдаг эрх зүйн таатай орчин байх ёстой. Энэ орчин өнөөдөр манай оронд бүрдээгүй байна. Хоёр дахь нь боловсон хүчнээ шилж сонгож, зохих байранд ажиллуулдаг, ХМХ-ийн үйл ажиллагааг зөв чиглүүлж авч явдаг нийтлэл, нэвтрүүлгийн оновчтой бодлогыг боловсруулдаг менежментийн баг байх ёстой. Энэ бас зохих түвшинд ажиллаж, ХМХ-ийг нийгмийн өнөөгийн хэрэгцээ шаардлагын түвшинд авч явж чадахгүй байна. Одоо боловсон хүчний талаар ярья. Өнөөдөр хувийн, хувьсгалын 10 гаруй их, дээд сургуульд сэтгүүлч бэлтгэж байна. Тэдний гурав нь төрийн мэдлийн, бусад нь хувийн сургууль. Энэ олон сургуулиас сайн, муу янз бүрийн бүтээдэхүүн гарч байгаа нь үнэн. Дээр миний дурдсан дөрвөн хүчин зүйлийн улмаас сэтгүүлч хэмээх уламжлалт ойлголт агуулга, багтаамж, мөн чанарын хувьд ихээхэн өөрчлөгдсөн. Сэтгүүл зүй ч адилхан. Тиймээс өнөөдөр уламжлалт аргаар сэтгүүлч бэлтгэх боломжгүй болж байна. Мэдээллийн шинэ технологи сэтгүүлчээс шинэ мэдлэг чадвар, дадлага, авхаалж самбаа шаардах болсон. Дээр нь мэргэжлийн мэдлэгээс гадна сайн суурь мэдлэгийг, эх хэлний болон гадаад хэлний мэдлэгийг хурцаар шаардаж байна. Өнөөдөр ерөнхий эрдмийн шалгалтын дүнгээр шууд их сургуульд элсүүлж, эхний жил ерөнхий эрдмийн хичээл үзээд хоёрдугаар ангиас эхлээд мэргэжил сонгож байна. Нөгөө ур чаварын шалгалт авах, авьяас чадвартай хүүхдийг шилж сонгож авах ямар ч боломжгүй болсон. Энэ нь ерөнхий эрдмийн шаллгалтыг сайн өгсөн хэдэн оюутан орж ирээд жинхэнэ авьяас чадвартай оюутан элсэх боломжийг хязгаарлаж байна. Тиймээс сэтгүүлч, утга зохиолын ажилтан зэрэг авьяас чадвар шаарддаг ангид элсэгчдээс ур чадварын нэмэлт шалгалтыг заавал авах шаардлагатай. Дараагийн асуудал бол материаллаг бааз сайн байх ёстой. Сайн номын сангүйгээр, радио, телевизийн студи, сургалтын сонин, мэдээллийн сайтгүйгээр сайн сэтгүүлч бэлтгэх боломжгүй. Ийм материаллаг баазтай сургууль өнөөдөр хуруу дарам цөөн. Өөр нэг асуудал бол багшлах боловсон хүчин. Шавийн эрдэм багшаас гэдэг, сайн багшгүйгээр сайн боловсон хүчин бэлтгэх боломжгүй. Өнөөдөр багшлах боловсон хүчин дутмаг сургууль олон байна. Туршлага багатай, практик мэдлэг дутмаг залуу багш нар, эсвэл дан практик голлосон онолын мэдлэг дутмаг ахмад багш нар голлох хандлага ажиглагддаг. Мэргэжлийн өндөр боловсролтой, онол практикийн мэдлэг хосолсон, гадаад хэл сайтай, дээр нь сурган сэтгэл судлалын дамжааг дүүргэсэн эрдэмтэн, судлаач багш шаардлагатай байна. Ийм багш дэндүү цөөн байгаа нь төгсөгчдийн чанарт нөлөөлж байгаа нь үнэн. Боловсон хүчинтэй холбоотой миний хэлэх хамгийн сүүлчийн зүйл бол сэтгүүлч болохын тулд чин сэтгэлийн хүсэл сонирхол, хөдөлмөрч чанар, дээр нь байгалиас заяасан өчүүхэн авьяас байх хэрэгтэй. Ийм чанарыг агуулаагүй хүнд мянган мундаг багш хичээл заагаад юу ч гарахгүй. Харамсалтай нь өнөөдөр сэтгүүлч болох гэсэн романтик сэтгэлгээнд хөтлөгдөөд ороод ирсэн оюутан олон байна. Сэтгүүлчийн мэргэжил бол хүнд, хэцүү бөгөөд хамгийн сонирхолтой мэргэжил.
-Сэтгүүл зүйн хөгжлийг чиглүүлж, алдаа оноог дэнсэлж, засах арга замыг заагаад өгдөг сэтгүүл зүйн судлал, шүүмжлэл ямар түвшинд байна вэ?
-Маш чухал асуулт байна. Сэтгүүл зүйн судлал, шүүмжлэл гэдэг бол яах аргагүй сэтгүүл зүйг чиглүүж өгдөг луужин, сэтгүүлчийн нийтлэл, нэвтрүүлгийн, бүтээлч ажлын алдаа оноог дэнсэлж өгдөг нэг ёсны барометр юм. Харамсалтай нь манай практик сэтгүүлчдийн дунд судлал, шүүмжлэлийн үнэ цэнэ, ач холбогдлыг дутуу үнэлдэг хүмүүс олон байна. Сэтгүүл зүйн судлал боломжийн түвшинд хөгжиж байгаа. Энэ чиглэлээр олон арван нэг сэдэвт зохиол, сурах бичиг, гарын авлага, эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлэгдэж, олон хүн эрдмийн зэрэг хамгаалсан. Сүүлийн үед сэтгүүл зүйн багш судлаачид хэвлэл мэдээллийн янз бүрийн чиглэлээр дагнан судалгаа хийж, хэд хэдэн чамбай бүтээл гаргасан нь үүний тод жишээ юм. Харин сэтгүүл зүйн шүүмжлэлийн хөгжил сайн биш байгаа. Энэ нь хэд хэдэн шалтгаантай холбоотой. Хамгийн гол шалтгаан нь манай хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагууд болон сэтгүүлчдэд шүүмжийг хүлээж авдаг, зөв ухамсарлаж ойлгох сэтгэлгээ төлөвшөөгүй байна. Шүүмж бичсэн хүн руу дайрч давшлах, доромжлох, нэр төрийг гутаах зэргээр дайн зарлах нь холгүй байдаг. Нөгөө талаар хэдэн арван ном уншиж, сонин сэтгүүлийн, нэвтрүүлгийн бүтэн жил, хэдэн сарын дугаарыг судалж бичсэн шүүмжийг үнэлэх, дэмжих, урамшуулах ямар ч механизм байхгүй. Тиймээс энэ хүнд хэцүү ажлыг барьж авч бичих хүн маш ховор. Шүүмж бичнэ гэдэг бол сайн суурь мэдлэг, чадвар, бүтээлч сэтгэлгээ шаарддаг хэцүү ажил. Шүүмж бичих хүн өөрөө сайн боловсролтой, туршлагатай, чадвартай байж бусдын бүтээлийг шүүмжлэх учиртай. Харамсалтай нь тийм хүн маш цөөн байна. Тиймээс авьяас, чадвартай цөөн тооны оюутныг сонгож аваад шүүмжлэгч болгох зорилгоор тусгайлан бэлтгэх шаардлага тулгарч байна.
-Таны ярианаас үзэхэд манай сэттгүүл зүйд тулгамдсан цөөнгүй асуудал байгаа нь тодорхой байна. Таны бодлоор энэ асуудлуудыг яаж шийдвэрлэж болох вэ?
-Сүүлийн жилүүдэд МСНЭ-ийн шинэ удирдлага дээрх асуудлуудыг нааштай шийдвэрлэхэд чиглэгдсэн багагүй ажлыг хийж байна. МСНЭ-ийн ажлын гол зорилго нь ёс зүйтэй, мэргэжлийн, хараат бус сэтгүүл зүйг төлөвшүүлэх, сэтгүүлчдийн мэргэжил боловсролыг дээшлүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, сэтгүүл зүйн салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах, сэтгүүл зүйн салбарт санхүүгийн хараат бус байдлыг бүх түвшинд нэмэгдүүлэх, гадаад харилцаа, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахад чиглэгдэж байгаа нь үүний нэг тод илрэл юм. “Мэргэшсэн сэтгүүлч бэлтгэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулах, “Сэтгүүлч” ордон барих, “1000 сэтгүүлчийн орон сууц”, “Медиа тур” төсөл хэрэгжүүлэх ажил эхэлж, гадаад орнуудтай сэтгүүлч солилцох, мэргэжлийг нь дээшлүүлэх ажлыг амжилттай хэрэжүүлж байгаа нь дээрх тулгамдсн асуудлуудыг шийдвэрлэхэд чухал нөлөө үзүүлэх нь тодорхой.
Сэтгэгдэл ( 1 )
Зөрчлийн тухай хуулийг хэзээ өөрчлөх ве ганц сэтгүүлч ч биш ард түмний эсрэг чиглэсэн хууль