Д.Тэрбишдагва: Нууц материалыг  “РИО ТИНТО”-д өгсөн бол эх орноосоо урвасан болно

Б.Төрбат | Zindaa.mn
2019 оны 05 сарын 09

УИХ-ын даргын захирамжаар байгуулсан Оюутолгой ордын хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва ажиллаж байгаа билээ. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт “Оюутолгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио тинто” компани Засгийн газар болон парламентад хандаж мэдэгдэл гаргасан юм. Тэрхүү мэдэгдэлд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулахгүй гэдгээ онцолсон байдаг. Энэ нь Ажлын хэсгийн нууцын зэрэглэлтэй материал байнгын хорооны гишүүдийн гарт ирэхээсээ өмнө “Рио тинто”-гийн удирдлагуудад очсонтой холбоотой гэж зарим нэг нь хардаж байна. Үүнтэй холбогдуулан Оюутолгой ордын хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагваас байр суурийг нь сонирхлоо.


-Өнгөрсөн мягмар гарагт УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор таны ахалсан Оюутолгой ордын хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах Ажлын хэсгийн тайлан, дүгнэлтийг хэлэлцэх байсан ч долоо хоног хойшиллоо. Хойшилсон шалтгааныг нь та мэдэж байгаа байх. Үнэхээр Ажлын хэсгийн “нууц материал”-ууд “Рио тинто”-гийн удирдлагуудын ширээн дээр оччихсон хэрэг үү. Хэрэв үнэн бол хэн байнгын хорооны гишүүдэд ч очоогүй материалыг нөгөө талд өгчихсөн болж таарах вэ?

-УИХ-ын даргын захирамжаар байгуулсан Оюутолгой ордын хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах Ажлын хэсэг 12 гишүүний бүрэлдэхүүнтэй. Дээр нь таван яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан дэд Ажлын хэсэг бий. Тэр бүхэнд маш олон эрдэмтэн, судлаач, улстөрч багтсан. Энэ мэт олон хүний хүч хөдөлмөр шингэсэн бүтэн жилийн ажлыг хэн нэгэн хүн дураараа тайлбарлаж болохгүй.

Ажлын хэсгийн ахлагчийн хувьд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны гишүүдэд шалгалтын хураангуй тайланг тараасан. Учир нь, энэ асуудлыг байнгын хороогоор хэлэлцэх болохоор 40 гаруй хуудас санал, дүгнэлтээ тэр чигт нь хүргүүлсэн юм. Харин өнгөрсөн мягмар гарагийн УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар бидний гаргасан Ажлын хэсгийн тайланг олон нийтэд ил, АТГ болон Үндэсний аудитын газрын дүгнэлтийг нууц зэрэглэлтэй хэлэлцэхээр болсон юм. Гэвч хуралдааныг долоо хоногийн хугацаатай хойшлуулсан. Бидэнд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны Ахлах зөвлөх нь “Байнгын хорооны дарга  “Рио тинто” ХХК-д хураангуй дүгнэлтийг явуулсан” гэж хэлсэн.

-Тэгэхээр хэргийн эзэн нь УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир гишүүн гэсэн үг үү?

-Тэрийг хэлж мэдэхгүй. Ер нь байнгын хороо болон гишүүдэд тараагдсан аливаа асуудлыг хэлэлцэхээс өмнө өөр нэгэн байгууллагад өгч тарааж байгаа нь зохисгүй явдал.

Үүнийг хууль хяналтын байгууллага нь шалгах ёстой.

Учир нь, хэлэлцэх гэж байгаа асуудлыг урьдчилсан байдлаар өгч эргээд нөлөөлж байгаа нь ноцтой хэрэг. Бараг “Рио тинто”-гоос УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд, УИХ-д чиглэл өгсөн. Үүнийг хаанаас хэн тэдэнд материал тараав гэдгийг хуулийнхан тогтоох шаардлагатай.

-Та бүхний гаргасан Ажлын хэсгийн шалгалтын тайлан, дүгнэлтэд үнэхээр нууцын зэрэглэлтэй мэдээлэл багтсан байсан юм уу?

-Авлигатай тэмцэх газар болон Үндэсний аудитын газраас ирсэн материал надад ирсэн. Үндэсний аудитын газраас ирүүлсэн материал нь нууцын зэрэглэлтэй байсан. Тиймээс би Ажлын хэсгийнхээ дүгнэлтэд оруулаагүй. Харин Авлигатай тэмцэх газраас надад нууцын зэрэглэлтэй ирээгүй. Бидний гаргасан санал, дүгнэлт бол ямар ч байсан ард түмэнд ил болох ёстой.

-Гэхдээ зарим гишүүн нууцын зэрэглэлтэй материал “Рио тинто”-гийн гарт очсон гэж хардаж байна. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?

-Хэрэв нууцын зэрэглэлтэй материал тэдэнд тараагдсан бол бүр том хэрэг болно. Бүр эх орноосоо урвасан хэрэгт унана шүү дээ. Нууцын зэрэгтэй материал “Рио тинто”-д өгч болохгүй. Материалыг Оюутолгойд өгсөн гэж яриад байгаа гишүүд нь өөрсдөө тайлбар өгөх хэрэгтэй. Хэрэв тийм баримт гаргаж ирвэл Монгол Улсын баатар болох байлгүй. Гагцхүү шалгуулсан байгууллагынх нь нөхдүүд урьдчилж дүгнэлт хийчихээд бидэнд ирүүлж байгаа нь зохимжгүй явдал юм.

-Өнгөрсөн хугацаанд та Ажлын хэсгийн ахлагчийн хувиар “Рио тинто”-гийн удирдлагуудтай яг хэдэн удаа уулзалт хийв. Ер нь, уулзсан уу?

-Би уулзах хүсэлт ирүүлсэн бүх газар, хүнтэй уулзаж байна. Төрийн гурван өндөрлөг, “Рио тинто”-гийнхонтой уулзсан. Харин сүүлд бол асуудлыг хэлэлцэх гэж байгаа болохоор уулзаагүй.

-Та сая “Рио тинто”-гийнхонтой уулзсан гэлээ. Таны зүгээс яг ямар байр суурийг илэрхийлдэг байв?

-Би ганцхан л байр суурийг илэрхийлсэн. Д.Тэрбишдагва гэдэг хувь хүний бодол байхгүй гэж. Учир нь, энэ бол таван Ажлын хэсгийн гаргасан санал, дүгнэлтийг зангидсан зүйл. Энэ дагуу л цаашид ярих байх. Урьдчилсан байдлаар надад хэлэх боломж байхгүй. Уулзалт бүрээ протокол хөтлүүлдэг.

-Ингэхэд одоо үйл явц цаашид яаж өрнөх вэ?

-Дүгнэлт болон санал, зөвлөмж нь гаргачихсан. Одоо УИХ-ын тогтоол, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны тогтоолын төсөл гарах ёстой. Тэр нь эцсийн шийдвэр байна. Хэрэв нөгөө тал эсрэг байр суурьтай бол ширээний ард суухаас өөр сонголтгүй. Хоёр талаас дүгнэлт гарсан. Хоёр тийшээ хараад суухгүй нь ойлгомжтой. Тодорхой хэмжээний хөрөнгө оруулчихсан, татвараа төлж байгаа, гэрээгээ хийчихсэн газар.

Тэдэнд олон улсад хүлээсэн үүрэг гэж бий. Монгол Улсын өмнө хүлээсэн үүрэг, хариуцлага ч гэж байна.

Үүнийг заавал хэлэлцэх ёстой. Түүнээс тэр нь, энэ нь болохгүй гэж ярих нь өрөөсгөл юм. Гэхдээ УИХ, байнгын хорооноос ямар тогтоол, шийдвэр гарахыг мэдэхгүй байна.

-Саяхан УИХ-ын гишүүн Х.Болорчулуун Оюутолгой ордын хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах Ажлын хэсгийг өнгөрсөн хугацаанд хуралдаагүй, Ажлын хэсгийн тайлан, дүгнэлтэд гарын үсэг зуруулаагүй гэх мэдэгдлийг хийсэн. Өнгөрсөн хугацаанд Ажлын хэсэг хэдэн удаа хуралдсан юм бэ?

-Өнгөрсөн хугацаанд дэд Ажлын хэсэг тус бүртээ 16-20 удаа хуралдсан. Харин 12 гишүүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг нийт есөн удаа хуралдсан байдаг. Үүний хоёр, гурван ч тохиолдолд нь ирц бүрдээгүй. Улмаар өнгөрсөн оны арваннэгдүгээр сард бүх Ажлын хэсгээс гарсан санал, дүгнэлтийг нэгтгэж, бэлэн болгосон. Тухайн үедээ энэ асуудлыг хэлэлцүүлж өгөхийг холбогдох байнгын хорооны даргад бичгээр хүргүүлсэн. Харамсалтай нь, арванхоёрдугаар сард улс төр тогтворгүй, парламент ч хуралдаж чадахгүй байдалд хүрсэн гэдгийг бүгд л мэдэж байгаа байх.

Харин би туслахуудаар нь дамжуулж хүргүүлсэн. Нийт 12 гишүүний найм нь гарын үсгээ зурсан. Хуулиараа 50 хувьд хүрсэн гэж үзвэл өргөн барих ёстой. УИХ-ын даргын захирамжаар байгуулсан болохоор УИХ-ын даргад өргөн барьсан. Дараа нь ил тод байх үүднээс Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хүргүүлсэн. Өнөөгийн нөхцөлд би Ажлын хэсгийн ахлагчийн ажлаа хийж дууссан. Цаашид УИХ-ын даргын захирамжаар байгуулсан энэхүү Ажлын хэсгийг үргэлжлүүлэх эсэхийг нь мэдэхгүй.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(122.201.31.28) 2019 оны 05 сарын 09

Эх орноосоо уравсан гэдэг заалтыгаа хэрэглээчээ

0  |  0
Zochin(103.229.120.35) 2019 оны 05 сарын 09

Terbisbdavga ch harin ajliig vnench golchtoi shudraga tagshtal sainhiideg mundag hvn dee

0  |  0
Zocnin(68.145.61.75) 2019 оны 05 сарын 09

Edgeer nohduuded toriin har hunii noyon nuruu dutaj bna Urwagcndiig toroos zailuulj shiitgeliig hund nogduulax yostoi

0  |  0
уншигч(43.228.128.195) 2019 оны 05 сарын 09

Там очир ч яаж мэдэх этгээд дээ

0  |  0
z(112.72.12.4) 2019 оны 05 сарын 09

saaral ordnoor duuren mngd nudee uhaj uguhuur tagnuul turshuul eh ornoosoo urvagchid bgaa yum bna

0  |  0
zochin(66.181.188.34) 2019 оны 05 сарын 10

huviin.erh.ashgaa.negd.tavisan.buun.holion.bantanguud.ta.naraas.bolj.mongol.uls..hund.baidald.orj.irged.ni.yaduursan.heleh.ch.ug.alga

1  |  0
Зочин(122.201.22.48) 2019 оны 05 сарын 09

Хорьж байгаад шалгаач ээ

0  |  0
Иргэн(122.201.22.48) 2019 оны 05 сарын 09

Өгсөн биз. Нүгэлтэн.

0  |  0
Top