Профессор Такэүчи Хиротак: ХАРВАРД- МУИС хамтарч ажиллах боломжтой

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 09

Монгол Улсын их сургуулийн эрдмийн хамт олон сургалт, судалгааны чанараа дээшлүүлэн, нийгмийг соён гэгээрүүлэх, шинжлэх ухааны мэдлэг түгээх, мэдлэгийг үйлдвэрлэл, инноваци болгох чиг үүргийнхээ хүрээнд АНУ-ын Харвардын их сургууль- Бизнесийн сургуулийн профессор, өрсөлдөх чадвар, стратегийн менежментийн судлаач  Такэучи Хиротакаг /Prof. Hirotaka Takeuchi/ Монгол Улсад урьж, эрдэмтэн багш нар, оюутнууд, төр болон бизнесийн байгууллагын төлөөлөлд зориулан лекц, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Профессор Такэүчи Хиротакын тавьсан "Кэйс судалгааг бичих, заах арга зүй”, “Микро эдийн засгийн өрсөлдөх чадвар: Салбарын өрсөлдөөн, стратеги, байршил” сэдэвт лекц, семинар  МУИС-ийн Эрдмийн танхимд болов.

Такэучи Хиротака нь 1976-1982 онд Харвардын Бизнесийн сургуулийн туслах профессор, 1983-1997 онд Токиогийн Хитоцубаши их сургуульд дэд профессор, профессор, 1998-2010 онд Токиогийн Хитоцубаши их сургуульд Олон улсын байгууллагын стратегийн (ICS) Ахисан түвшний сургуулийн захирлаар тус тус ажиллаж 2010 оноос Харвардын Бизнесийн сургуулийн Менежментийн профессороор ажиллаж байгаа юм.

Профессор Такэучи Хиротака нь үндэстэн дамнасан корпорациудад менежмент, маркетинг, санхүү, бүртгэлийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг бөгөөд дэлхийн өнцөгбулан бүрт менежментийн хурал, семинарт тогтмол оролцож илтгэл хэлэлцүүлдэг, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүндтэй эрдэмтэн юм.

Сургалтын талаар Такэучи Хиротака “Би Монгол улсад хоёр дахь удаагаа ирж байна. Хамгийн анх 7 жилийн өмнө ирж байсан. Надаас өмнө 2008 онд буюу 11 жилийн өмнө манай сургуулийн төлөөлөгч Майк Портер Монголд зочилж байсан. МУИС-ийн багш нар Харвардын бизнесийн сургуулийн макро эдийн засгийн сургалтад сүүлийн арван нэгэн жил хамрагдаж байгаа бөгөөд манай хоёр сургууль маш сайн харилцаатай байдагт бид баяртай байдаг. Майк Портер  бид хоёр Монгол Улсад айлчилсан нь бидэнд нэгдмэл зорилго, бизнесийн сайн орчин байгааг илтгэж байгаа юм. Монгол улс ганцхан уул уурхайгаас хамааралтай эдийн засгаас илүү олон салбарыг хөгжүүлж, солонгорсон эдийн засаг руу шилжилж буйг нүдээрээ харахын хүсэж байна. Мөн би Монголд судалж болох маш сонирхолтой кэйсүүд байна гэж харсан. Миний нэг Монгол шавь Японы “Юникло” брэндийг Улаанбаатарт оруулж ирэхээр ажиллаж байгаа юм. Хэрэв тэр үүнийг амжилттай хэрэгжүүлж чадвал, “Юникло” нь монгол компани биш ч гэсэн олон улсын бизнесийн хувьд маш сонирхолтой кейс байх болно. Бас нэг сонирхол татахуйц компани бол Говь компани. Говь компани ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг Гоёо компанийг худалдан авсан. Энэ худалдан авалт бол маш сонирхолтой кейс. Учир нь одоогоор дэлхийд Монгол Улс болон Хятад улсын ноолуурын бизнес хөгжиж, өндөр чанарын ноолууран бүтээгдэхүүн үйлдэрлэж байна. Энэ кейс нь монгол компаниудад дэлхийн стратегийг хэрэгжүүлэхэд нь чухал санаа, туршлага болж болох юм” гэж ярилаа. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top