С.Амарсайхан: Хотыг төлөвлөхдөө 30-50 жилийн цаадахыг харж, нийтийн эрх ашгийг урьтал болгох нь чухал

2019 оны 05 сарын 09

Хүний эрхийн үндэсний комисс, Монголын хуульчдын холбоо, “Отгонтэнгэр” их сургуулийн Хууль зүйн сургууль болон “Эмнести Интернэшнл” байгууллага хамтран “Хот дахин төлөвлөлт- Газар чөлөөлөлт- Хүний эрх” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа. Уулзалтад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслийн удирдагч О.Мөнгөншагай, нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга нар оролцов.

Зөвлөлдөх уулзалтад оролцогчдод хандан Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан хэлсэн үгэндээ “Та бид өнөөдөр хотыг хөгжүүлэх чухал сэдвийн нэг болох хот дахин төлөвлөлт, газар чөлөөлөлт, хүний эрхийн асуудлаар зөвлөлдөхөөр чуулж байна. Гэр хорооллыг барилгажуулах төслийг хэрэгжүүлэх явцад газрын үнэлгээ тогтоох, газрыг үнэлж авах, нөхөн олговор олгох, газраа чөлөөлсөн иргэдийг орон сууц барьж, ашиглалтад оруулах хүртэл хугацаанд түрээсийн байранд хамруулах гээд бэрхшээл, зөрчил цөөнгүй гарч байгаа нь нууц биш. Орон сууцанд орно гэж итгэж, төсөл хэрэгжүүлэгчдэд хандсан зарим иргэд өнөөдөр орох орон, оочих аягагүй үлдэж хоцорсон, эрх нь зөрчигдсөнийг бид мэднэ. Засаг захиргааны буруу бодлого төлөвлөлт, иргэдийнхээ эрх ашгийг нэн тэргүүнд тооцоолоогүйн үр дагаварт ийм нөхцөл үүссэн гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Цаашид ямарч тохиолдолд ийм зөрчил дутагдал гарах ёсгүй гэдгийг онцлон хэлэх байна. Хотыг төлөвлөхдөө нийтийн эрх ашгийг урьтал болгож, ямар ч улс төр, ямар ч албан тушаалтнаас үл хамааран, мэргэжлийн экспертүүд, эрдэмтэн мэргэдийн оролцоотойгоор 30-50 жилийн цаадах хөгжлийг харж төлөвлөдөг, түүнийг өөрчилдөггүй байх нь чухал. Ийм жишгийг бид хэрэгжүүлэх ёстой. Үүний тулд нийслэлээс Хот байгуулалт, хөгжлийн газрыг байгуулаад ажиллаж байна” хэмээн онцоллоо.

Мөн уулзалтаар “Нийслэлийн хот төлөвлөлттэй холбоотой хүний эрхийн зарим асуудал” сэдвийн хүрээнд Улсын Их Хурлаар шийдвэр гаргуулахаар хүргүүлсэн санал зөвлөмжийн хэрэгжилт, хот төлөвлөлт, газар чөлөөлөлтөөс үүдэлтэй хүний эрхийн асуудлыг хэлэлцлээ.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top