Дэлхийн сүлжээ ресторанууд махгүй цэс санал болгож байна

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 09

McDonald's веган буюу махгүй бургерийг Герман улс дахь өөрийн Big Vegan TS сүлжээгээр борлуулж эхэлжээ.

Эрүүл хооллолтыг илүүд үзэж, ургамлын гаралтай уургийг түлхүү сонгох болсон хэрэглэгчиддээ махны амттай, мах шиг харагддаг шинэ төрлийн уургаар хийсэн бургерийг санал болгож байгаа бөгөөд зөвхөн цагаан хоолтон төдийгүй, мах иддэг хэрэглэгчдийн таашаалд нийцүүлэн үйлдвэрлэж эхэлжээ.

Анх Burger King түргэн хоолны сүлжээ ресторан энэ оны дөрөвдүгээр сарын эхээр өөрийн нэрийн хуудас болсон Whopper бургерийн махгүй хувилбарыг гаргаж байсан бол өнгөрсөн долоо хоногт АНУ даяар махгүй сэндвичээр үйлчлэх болсноо мэдэгдсэн. White Castle, Qdoba, Bareburger болон бусад сүлжээ ресторанууд мөн адил ногоонд суурилсан цэс санал болгож эхэлжээ.

McDonald's одоогоор АНУ-д махгүй бургерээ танилцуулах эсэх нь тодорхойгүй байгаа ч тус компанийн төлөөлөгч зах зээл хэрэглэгчид нь юу хүсэж буйг өөрөө шийддэг хэмээгээд үүний тод жишээ бол Германд нээсэн Big Vegan TS юм гэж онцолжээ.

2023 он гэхэд АНУ-ын мах орлуулах хүнсний зах зээл 2.5 тэрбум ам.долларт хүрнэ гэж Euromonitor International судалгааны байгууллага тооцоолжээ. Дэлхийн мах орлуулах хүнсний зах зээл 2023 гэхэд 23 тэрбум ам.долларт хүрэх гэнэ. Энэ зах зээлд Nestle зэрэг томоохон компаниуд байр сууриа эзлэхээр хүчин чармайлт гаргаж байгаа бөгөөд ургамлын уураг бүхий Garden Gourmet Incredible Burger-ийг өнгөрсөн сараас эхлэн Европын зах зээлд гаргаад байна. Махгүй бургерийг шар буурцаг болон улаан буудайн уураг, лууван, улаан манжин, амтат чинжүүний хандаар хийдэг байна. Ирэх намар тус компани Sweet Earth махгүй брэндийг АНУ-ын зах зээл дээр танилцуулахаар зорин ажиллаж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top