Өлсгөлөн зарлахаас авахуулаад идэж болохуйц зэвсэг хүртэл түүхэн явцад хүнсийг улс төрийн зорилгоор ашигладаг олон жишээ бий.
Цагаан хоолтнуудын эсрэг дайн аажмаар эхэлсэн. Судалгаанаас үзвэл барууны ертөнцөд цагаан, ялангуяа ногоон хоолтнуудыг цөөнхийн адил ялгаварлан гадуурхдагийг харуулжээ. Махнаас татгалзах хандлага нь хувь хүний сонголтоос илүү цаг хугацааны өөрчлөлтийн асуудал юм.
Харин ногоон хоолтнуудын дайн нь махнаас татгалзах хандлага бус харин хувь хүний эрүүл мэнд болон байгаль орчны хямралтай холбоотой.
Олон үндэстэн амьтны гаралтай бүтээгдэхүүн хэрэглэхээс татгалзаж ирсэн түүх бий. Буддын шашны тодорхой урсгалыг дагагчид олон зууны турш мах, загас, өндөг болон сүү, сүүн бүтээгдэхүүнээс татгалзсаар ирсэн. Харин баруунд ногоон хоолтнууд буюу веган гэх нэршил 1944 он хүртэл байсангүй. Гэхдээ барууны ногоон хоолтнууд анхандаа итгэл үнэмшлээс илүү мал амьтныг хамгаалах үзэл баримтлалыг дагадаг байж.
Өнгөрсөн зууны 70-аад онд махнаас татгалзах үзлийг тухайн үеийн хүнсний системийг орлох хувилбар гэж авч үздэг байжээ. 1971 онд нийгмийн зүтгэлтэн Фрэнсис Мур Лаппе “Жижиг гарагийн хоолны цэс” гэх номдоо цагаан болон, ногоон хоолтон болох экологийн үндэслэлийг дэлхийн нийтэд танилцуулжээ. Энэ ном гурван сая хувиар борлуулагдсан байдаг. Мөн онд АНУ-ын Теннесси мужийн Люис тойрогт “The Farm” нэгдэл үүсгэн байгуулагдаж, дөрвөн жилийн дараа тус нийгэмлэгийн гишүүн Луиза Хаглер “The Farm цагаан хоолтны ном”-доо “Дэлхийн хүн амын гуравны нэг нь өлсгөлөнд нэрвэгдэж, бараг тал хувь нь хоосон ходоодтой унтаж байгаа тул бид цагаан хоолыг сонгосон” гэж бичиж, шар буурцгаар хэрхэн дупу зэрэг бүтээгдэхүүн хийх жорыг танилцуулж байв. Энэ ном ирэх жилүүдэд мах хэрэглэх үндсэн соёлын ухамсарт ногоон хоолтны гоо зүйн талаар тодорхой ойлголтыг суулгаж өгчээ.
Өнөө үед орчин цагийн хоолны цэс хүний эрүүл мэндэд муу болохыг сурталчилсан шинжлэх ухааны бүтээл, ном олон тоогоор гарах болов. Эрүүл бус хооллолт хүн төрөлхтний эрүүл мэндийн гол шалтгаан болж, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлт байгаль орчныг доройтуулах гол эх үүсвэр гэж үзэж байна. Оксфордын их сургуулийн эрдэмтдийн багийн 2018 оны аравдугаар сард явуулсан судалгаа махны хэрэглээг асах их хэмжээгээр бууруулах замаар уур амьсгалын өөрчлөлтийн явцыг удаашруулах боломжтойг харуулжээ. Мал аж ахуй их хэмжээний ой устах, хүлэмжийн хийн ялгаруулалтыг нэмэгдүүлэхэд хүргэж буйг мөн илтгэжээ. Хүний эрүүл мэнд, хоолны дэглэм гэнэт эх дэлхийг аврах арга зам болж хувирав. 2015 оноос хойш цагаан болон ногоон хоолны жор бүхий ном, хэвлэл BOSH компанийн бүтээгдэхүүн адил дуунаас хурдан борлуулагдах болжээ. 2014 онд ногоон хоолыг сурталчлах кампанит ажлын нээлтэд 3300 хүн оролцож байсан бол 2019 онд тэдний тоо 250 мянга болтлоо өсчээ. Тэдгээрийн 53 хувь нь 35-аас доош насных.
Гэхдээ ногоон хоолтнуудын тоо гэрлийн хурдаар өсөж буй нь олон нийтийн дунд дэгдсэн маргааны гол шалтгаан бус. Цагаан, ногоон хоолтнуудад илүү гүнзгий мэдрэмж төрүүлдэг нэгэн далд зүйл бий. Мах зооглодог хүмүүс юуны учир ногоон хоолтнуудын амьдралын хэв маягт дургүйцдэг вэ? Хүмүүс яагаад ногоон хоолтнуудыг үзэн яддаг вэ?
2015 онд “MacInnis and Hodson” судалгааны төвөөс явуулсан судалгаа цагаан, ногоон хоолтнуудад зөвхөн мансууруулах бодис хэрэглэгчид дургүй болохыг тогтоож байжээ. Тиймээс арьс өнгө, хүйс, шашин шүтлэг зэргээр ялгаварлан гадуурхах үзлийг бодвол энэ үзэгдэл нийгмийн асуудал бус гэх дүгнэлтэд хүрч байв. Судалгаанд оролцогчид цагаан, ногоон хоолтнууд хүний эрүүл мэндийг бус нийгмийн шударга бус байдалтай холбогдуулан өөрсдийн сонголтоо тайлбарладаг нь тэдний дургүйцлийг хүргэдэг гэж тайлбарласан байна.
Эрчимтэй мал аж ахуй дэлхий даяар тархаад буй өлсгөлөнгийн асуудлыг шийдвэрлэх үр дүн муутай арга зам гэдгийг зарим эх сурвалж илтгэдэг. Гэтэл эрчимтэй газар тариалан байгаль орчинд таатай гэж үзэхэд учир дутагдалтай аж. Учир нь энэ төрлийн аж ахуй мөн д нүүрс төрөгч ихээр ялгаруулдаг байна. Махнаас татгалзах үзэл яахын аргагүй нийгмийн асуудал. Мах, махан бүтээгдэхүүний үнэ өндөр улс оронд хүмүүс цагаан, ногоон хоолтон болох шаардлагатай тулгардаг. Харин чинээлэг барууны ертөнцөд махнаас татгалзах нь идэвхтэй сонголт. Хүмүүст ногоон хоолтнууд таалагддаггүйн нэг энгийн тайлбар бол хүн төрөлхтөн хүнсний бүтээгдэхүүн сонгож, шийдвэр гаргахдаа хэр их будилдгийг илтгэж буй.
Ногоон хоолтнууд бидний дунд амьдарч, бид нар шиг ярьж, бид нар шиг л бие авч явдаг. Гэхдээ тэдний хувьд мах бол үхэл. Гэтэл бусдын хувьд мах идэхгүй байх нь үүнээс долоон дор. Мах тансаг хэрэглээнд тооцогддог байсан үе бий. Орчин цагийн хөдөө аж ахуйн технологийн дэвшлийн ачаар мах өргөн хэрэглээний бүтээгдэхүүн болжээ. 1800-аад оны дунд үеэс эхлэн мал, амьтныг өргөнөөр үржүүлж, тээвэрлэж, удаан хугацаанд хадгалж иржээ. Харин ногоон хоолны талаар ярихдаа бид экологи, нийгмийн өөрчлөлтийн талаар ярьдаг. Уламжлалын өөрчлөлт гэж ойлгодог. Хүнсний сонголт хүн төрөлхтөн, байгаль орчинд хэрхэн нөлөөлдөг судалгааг аль хэдийн өргөнөөр явуулдаг болсон. Ногоон хоолтны үзлийн гол зорилго бол нэг хүнд ногдох амьтны гаралтай бүтээгдэхүүний хэрэглээг тэгт хүргэх явдал. Хүнсний бүтээгдэхүүн хүн төрөлхтний айдсыг бий болгодог гол хүчин зүйл аж. Хагас зууны өмнө анагаах ухааны “The New England Journal of Medicine” сэтгүүлд толгой өвдөх, хөлрөх, зүрх хүчтэй цохих зэрэг шинж тэмдэг хятад хоолны газруудын хоолны орцтой холбоотой гэж бичиж байв. Хятад хоолонд ихэвчлэн хэрэглэдэг мононатрий глукамат гэх бодис хоолны амтыг сайжруулах шидтэй ч хүний эрүүл мэндэд хортой гэх өргөнөөр сурталчилсан. Хэдийгээр олон тооны судалгаа үүнийг үгүйсгэсэн ч хүмүүс өнөөг хүртэл үүнд итгэсэн хэвээр. Энэ бол хоолтой холбоотой итгэл үнэмшлийн нэг жишээ.
Мах, махан бүтээгдэхүүн дэлхий дээрх олон улс үндэстний гол хэрэглээ хэвээр. Эрт дээр үед мах язгуур, угсааны бэлгэ тэмдэг байсныг түүх гэрчилдэг. Эртний Египетэд фараоны бунханд үхэр, шувууны махыг саванд хийж орхидог байжээ. Энэ үеэс хойш махыг “шүтэх” үзэл буураагүй. Харин ч эсрэгээр. Шинжээчдийн үзэж буйгаар, ирэх арван жилд хөгжиж буй улс орнуудад махны хэрэглээ эрчимтэй өснө. Уургийн бэлэн үүсвэр болох мах хөгжил цэцэглэлтийн хамгийн найдвартай нотолгоо байсаар байна. Хүн төрөлхтөн махнаас тийм ч амархан татгалзахгүй. Энэ нь бидний мах, цус, сэтгэлгээнд үеийн үед суусан үнэт зүйлсээс татгалзахыг шаардаж байна гэсэн үг. Гэсэн хэдий ч галт тэрэг хөдөлснийг илтгэх баримтууд олноор хөврөн гарсаар. Саяхан Их Британийн их сургуулиудад хийсэн судалгаа оюутан, багш нарын дунд цагаан, ногоон хоолны цэс мега тренд болж буйг харуулжээ. Мах орлуулагч бүтээгдэхүүний борлуулалтын хэмжээ дэлхийн зах зээлд өсөж буй хэдий ч амьтны уураг агуулсан бүтээгдэхүүний борлуулалтаас хоцорч яваа.
Мэдээж хэрэг засгийн газар, шинжлэх ухаан, аж үйлдвэрийн оролцоогүйгээр хоолны соёлд өөрчлөлт гарахгүй. Өргөн хэмжээний өөрчлөлт мөн тэмцэлгүйгээр гарахгүй. Интернет орчинд өнөө цагт цагаан, ногоон хоолтнуудын дайн эрчимтэй өрнөж буй. Тэнд хэн ч буулт хийхгүй, оролдох ч үгүй. Цахим ертөнцөд өөрийн дуу хоолойг хүргэх ганц арга зам бол илүү чангаар хашхирах явдал юм.
Хүн төрөлхтөн хэт их хэмжээний мах хэрэглэж буй гэх баримтыг НҮБ-ын илтгэлд дурдсан нь бий. НҮБ-ын илтгэлд ойн санг устгах, бог малаас ялгарч буй хүлэмжийн хий, эрчимтэй хөдөө аж ахуйг уур амьсгалын хямралын гол хүчин зүйлс гэж тодорхойлсон байдаг.
Зарим нэгэн махны хэрэглээг хууль бус гэж үзэхийг хүртэл санал болгосон байдаг. Тэд хэзээ нэгэн цагт мах нэгэн шинэ төрлийн тамхи болж, эрүүл мэндэд нь хортойг мэдсээр байж хэрэглэх цөөн тооны хүний “зуршил” болно гэх. Тэдний үзэж буйгаар, маханд дурлагсад том ангалын ирмэг дээр зогсож буй бөгөөд хамгийн найдвартай, аюулгүй зам бол ургамал, ногоон хоол. Энэ утгаараа ногоон хоолтнуудын эсрэг дайн бол амьдралын хорт зуршлынхаа төлөө тэмцэж буй олонхын үйлдэл юм. Маханд дурлагсдын эгдүүцлийг хүргэдэг ногоон хоолтнуудын тоо өссөнөөр тохиож болох хамгийн муу зүйл бол тэд зөв ч байж болох явдал юм.
Сэтгэгдэл ( 1 )
TAANUUS TER HAIRTAI DURTAI AMERIKDAA OCH TEND IDEJ BAIGAA KFC MCDOLAND BUGDEEREE HULDUU GAMBURGERIIN MAHTAI BAIDAG YUM ,YAAGAAD GEVEL UILDVERT BELTGEHDEE IHENHDEE ERDENE SHISHIIN GURIL HOILJ ARVICJUULDAG YUM 1 BUGERIIN 80 HUVI NI YAZ BURIIN ARVIJUULAGCH MUN SAARMAGJUULSAN UUH TOS BAINA MUN MAHNI AMT ORUULAGCH,SHARSAN AMT ORUURUULAGCHUUD HIINE,,YAAGAAD MONGOL MAHNI UNE USUUD BAIGAAG MEDEH UU??YAAGAAD HYATADDAUUD UHEN HATAN MONGOLD MAHNI TSEHUUD BARIAD BAIGAAG MEDEH UU???,DELHIIN HUN AM HET IH BOLCHOOD BAINA,TANUUS ODOO L OILGOJ BAINA UU??TER BARUUND HUNII ERH DEEDELDEG ORONDOO ODOO OCHOOD UZ,