С.Амарсайхан: Агаарын бохирдлыг бууруулахад иргэн бүрийн оролцоо чухал

2019 оны 05 сарын 10

Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны 2019 онд хэрэгжүүлэх “Гэр хорооллын нутаг дэвсгэрт агаарын бохирдлын хяналт, мониторинг, туршилт явуулах” ажлын хүрээнд өнөөдөр “Улаанбаатар” паласт “Агаар, орчны бохирдлын эсрэг ХҮЧЭЭ НЭГТГЭЕ” чуулганыг зохион байгууллаа. Чуулганд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, үндэсний хорооны дарга Н.Цэрэнбат, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, нийслэлийн Статистикийн газрын дарга Ц.Заяхүү тэргүүтэй холбогдох албаны хүмүүс болон зургаан дүүрэгт ажиллах орон тооны бус 4604 ажилтан, иргэдийн төлөөлөл оролцов.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан чуулганд оролцогчдод хандаж хэлсэн үгэндээ “Өнөөдрийн энэ бүтээлч өдрийн мэндийг энд хүрэлцэн ирсэн та бүхэнд хүргэе. Өнөөдөр бидний энэ танхимд хуран чуулсан зорилго маш тодорхой. Бид хамтдаа нэг л зүйлийн төлөө нэгдэн нийлж, агаарын бохирдлыг бууруулахын төлөө хүчээ нэгтгэхээр цуглаад байна. Агаарын бохирдлыг бууруулах гэдэг хүнд хэцүү бөгөөд нарийн төлөвлөгөө, тооцоолол,  нэгдсэн бодлого, хүн хүч, хөрөнгө мөнгө шаардсан энэ ажлыг ганц төрийн байгууллагууд шийдвэрлэнэ гэж зорих нь учир дутагдалтай гэдгийг өнгөрсөн хэдэн жилийн түүхэн сургамж бидэнд хангалттай нотолж харууллаа. Тиймээс Засгийн газрын тогтоолоор энэ сарын 15-наас эхлэн түүхий нүүрсийг нийслэл хотод оруулахгүй, түлүүлэхгүй байх шийдвэрийг хэрэгжүүлэх гэж байгаа нэн чухал хариуцлагатай цаг үе бидний өмнө тулгараад байна” хэмээн онцоллоо.

Мөн тэрбээр “Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлыг нийслэлийн хэмжээнд зохион байгуулах зорилгоор агаарын чанарыг сайжруулах бүс, түүнд мөрдөх журмын төслийг нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар мэргэжлийн байгууллагуудаас гаргасан санал, зөвлөмжийг тусган, хэлэлцүүлж эцэслээд, БОАЖ-ын сайдад хүргүүллээ. Саяхан бид холбогдох албаны хүмүүсийн хамтаар “Таван толгой түлш” компанийн сайжруулсан түлшний үйлдвэртэй танилцаж, тус тогтоолыг хэрэгжүүлэхэд тулгарч болзошгүй эрсдэлүүд, нөхцөл байдлыг үнэлж дүгнэн, тодорхой шийдвэрүүдийг газар дээр нь гаргаж ажилласан. Агаар, орчны бохирдлыг бууруулахад иргэн бүрийн оролцоо маш чухал гэдгийг дахин хэлье. Цаашдаа төр, хувийн хэвшлийнхэн, олон нийтийн байгууллага, ард иргэд бүгдээрээ хүчээ нэгтгэн, нэгэн зүгт харж, нэгдмэл зорилготойгоор хамтран ажиллахаас өөр гарцгүй, хариуцлагатай цаг үеийн өмнө ирээд байна” гэж бүх нийтийг уриалсан юм.  

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос нийслэлийн төвийн зургаан дүүрэгт орон тооны бус ажилтнууд авч агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр төрөөс хийж, хэрэгжүүлж буй үйл ажиллагаануудыг танилцуулж, сурталчлах, цаашлаад иргэд өөрсдөдөө хяналт тавих боломж нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор энэхүү чуулганыг зохион байгуулж байгаа юм.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top