Монгол Улсад өөрийн гэсэн үзэл баримтлалтай нам алга

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 13

Өнөөдөр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа улс төрийн намуудад өөрийн үзэл баримтлал, үнэт зүйл алга. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа улс төрийн намууд бүгд татан буугдаад дахин үзэл баримтлалаа бий болгоод байгуулагдах ёстой хэмээсэн онолчдын үгийг дахин нэг сануулах хэрэг зүй ёсоор тулгарч байна. Өнөөдөр улс төрийн намууд мөрийн хөтөлбөрөөр уралдаж байгаагаас үзэл баримтлал, үнэт зүйлээр уралдаж байгаа улс төрийн хүчин огт алга болжээ. Сонгуулиас сонгуулийн хооронд иргэд олон нийтэд таалагдах гэсэн акц нь намуудын үзэл бодлыг жилээс жилд үгүй болгосоор ирсэн бөгөөд өнөөдөр юу ч үгүй боллоо. 

Онолын хувьд ч практикийн хувьд ч улс төрийн баруун зүүн жигүүрийг тэргүүлэн буй МАН, АН-д ч алга гэдгийг судлаачид хэлж байна. Тэгэхээр бусад албан ёсны бүртгэлтэй 30 намд байхгүй гэсэн үг.

Ардчилсан сонгууль оршин бий болсон гучаад жилийн түүхэнд МАН, АН хэмээх баруун зүүн үзэлтэн хоёр улс төрийн хүчин төрийн эрхийг ээлжлэхдээ ээлжилж, хамтрахдаа хамтран барьж байсан түүхтэй. “Стандарт бус” хэмээн нэрлэсэн Засгийн газар ч байсан, гуравдагч хүчинтэй хамтарсан, “Их эвслийн” хэмээн нэрлэсэн засаг ч энэ түүхэнд ажиллаж байсан. Энэ нь улс төр, нийгмийн гээд бүхий л талын онолд хэзээ ч эвцэж байгаагүй гэдгийг судлаачид хэлдэг. Тиймдээ ч мэддэг нэг нь “Стандарт бус” хэмээн нэрлээд өөрсдийгөө ч, ард иргэдийг хуурч байсан хэрэг.

Өдгөө баруун төвийн үзэл баримтлалтай гэх МАН-ыг судлаачдын зүгээс дүгнэхдээ хуучин дэглэмийг хэвээр нь үлдээхийг хүсдэг консерватистууд хэмээжээ. Энэ нь ардчилсан хэмээн үзэж буй өнөөдрийн нийгэмд тохирч байгаа эсэхийг хэн хэн нь тунгааж буй. Хэдийгээр Монгол Улсад ардчилал хэмээх зүйл өндийж чадаагүй байгаа ч нэгэнтээ урган соёолсон ч чухам ямар ургамал ургаж бий болсныг хүн бүхэн мэдэх болжээ. Харин зүүн төвийн үзэл баримтлалтай гэх зүүн жигүүрийг болохоор нийгмийг эрс өөрчлөхийг хүсдэг радикалууд гэж нэрлэдэг байна.

Зөвхөн энэ дүгнэлтээс харахад МАН үнэхээр үйлдвэржилт, их бүтээн байгуулалтын төлөө бодлогоо чиглүүлдгийг өнөөгийн Газрын тос нэрэх үйлдвэр, Төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэл, төмөр замын асуудал, музей театрын барилгын бүтээн байгуулалтад анхаарал хандуулж үүнийг шийдэж байгаагаас харж болно. Харин АН-ынхан төрийн эрх барихаараа гуравдагчдын мөрөөдөлд автаж, Ганнам дүүргээс эхлээд гоё сайхан зураг үзүүлэн монгол хөрсөн дээр буумгүй зүйл ярьдаг зэргээс шууд анзаарагдана.

Мөнхүү барууны гэх үзэл бүхий намуудад капитализм, хөрөнгөжих зорилго, эдийн засгийн өсөлт, үндэсэрхэг үзлийг нийгмийн гишүүдийг эрх тэгш байхын эсрэг үзэл баримтлалыг багтааж иржээ. Эндээс нэг зүйл харагдана. АН төрийн эрхийг барихаараа яг энэ үзэл баримтлалаар ажилладаг, тэгээд угтах сонгуулиар унадаг жамтайгаас харвал энэ улс төрийн хүчин үзэл баримтлалаа огт мэддэггүй, эсвэл орж гардаг гэдгийг эндээс харж болно. Бонд босгоод өнөөх л “эрс шинэчлэлийн” хоосон мөрөөдөлдөө автахын зэрэгцээ гоё ганган бүтээн байгуулалтын биелэшгүй зураг үзүүлж хөрөнгөтний үзлээрээ хувьдаа завших нь элбэг. Баримт дурдвал, өдгөө “Чингис” бондын мөнгөнөөс “гулгуулсан” хэргээр Б.Гарамгайбаатар, “Фортуна” Н.Батбаяр гээд нөхөд шалгагдаж байх жишээтэй. Саяхны жишээ дурдахад С.Баярцогт, Ч.Сайханбилэг нар цагдан хоригдож өдгөө хэрэг мөрдөн байцаах шатанд явж байна. Энэ мэтчлэн дурдаад байвал олон зүйлээрээ үзэл баримтлалтайгаа адил төстэй байгаа биз. Харин ялагдал хүлээж сөрөг хүчин болохоороо ард түмэндээ хайр зарлан, халамжийн чиглэлд мөнгө түгээхийг өдөр шөнөгүй шаардаж байгаа нь өөрийнхөө үзэл баримтлалтай ихэд зөрчилдөнө.

Тэтгэврийн зээлийн хүү өндөр байна, хүүхдийн мөнгийг 100 хувь олгох ёстой, татвар өндөр байна, цалин тэтгэвэр нэмэх ёстой гээд өдөр шөнөнгүй мэдээлэл хийж байгаа нь АН хэмээх айлын үнэт зүйлтэй зөрчилдөж, өөрсдийгөө үгүйсгэж байгаагийн нэгэн хэлбэр. Энд цалин тэтгэвэр нэмэхийг, халамжийн хэсэгт мөнгө тараахыг шууд утгаараа эсэргүүцэж байгаа хэрэг биш. Бодит байдлыг л дүгнэх гэсэн хэрэг. Энэ нь нэг талаараа Монгол Улсад ардчилал жинхэнэ утгаараа алга бөгөөд дэндүү нялх, төлөвшөөгүй байгааг харуулсан хэрэг. Бас нэгэн жишээ дурдахад 2008 оны сонгуулийн өмнө МАН “Эх орны хишиг нэртэй нэг сая төгрөгийг иргэн бүрт өгөхөө амласан. Үүний шилийг даран АН 1.5 сая төгрөг иргэн тус бүрт өгөхөө амлаж байсан нь өөрсдийнхөө үзэл баримтлалыг зөрчсөн, үнэт зүйлээ уландаа дэвсэлсэн хэрэг болсон юм. Тиймдээ ч ихэнх судлаачид “Монгол Улсад ардчилал байхгүй, зэрлэгдүү капитализм л бий болсон” гэх үг үүнтэй яв цав нийцнэ.  

МАН-ын буюу зүүний үзэлтнүүдэд улс төрийн концепц, үзэл баримтлал нь нийгмийн гишүүдийн эрх тэгш байдал ба нийгмийн доод давхаргад багтдаг ард түмний аж амьдралыг дээшлүүлэхийн төлөө байдаг үзэл баримтлал багтах аж. Тэгвэл өнөөгийн МАН-д энэ шинж чанар байна уу гэвэл эрх биш анзаарагдана. Тийм дээ ч томоохон үйлдвэр бүтээн байгуулалтад хөрөнгө оруулах мөнгийг халамжийн чиглэлд тараасан хэргийг энэ намд тохдог. Энэ ч яах аргагүй болж өнгөрсөн үйл явдал. Ер нь хоёр намын сонгуульд орсон мөрийн хөтөлбөрөөс харахад хоёулаа л гоё ганганг амлаж, ард иргэдээ мөнгөөр цутгах тухай л ихэнхдээ байгаа нь аль аль талд нь үнэт зүйл алга гэж харж болохоор. Хамгийн наад захын жишээ гэхэд МАН 2008 оны сонгуульд орохдоо амласан мөнгөний тоо бараг нэг их наядаар хэмжигдэх учиртай. Хамгийн сүүлийн үеийн буюу 2012 оны мэдээллээр 805 тэрбум төгрөгийг “Хүний хөгжил сан”-гаар дамжуулан тараажээ. Үүний дараа буюу 2016 онд АН нь “Сайн хувьцаа” нэрээр иргэн тус бүрт 300 мянган төгрөг тараасан гэхээр энэ мөнгөний тоо их наядыг давна. Нэг их наяд төгрөгөөр ямар ч үйлдвэр барьж болно, ямар ч бүтээн байгуулалтад оруулж болох юм. Онолчдын хэлж байгаагаас харвал улс төрийн сонгодог утгаараа зүүний намуудыг нийт ард түмэнд яс угсаа, хүйс, хөрөнгө чинээ болон бусад үндэслэлээр үл ялгаварлан адил тэгш эрх олгохыг эрмэлздэг гэж үздэг байна.

Гэхдээ ямар нэгэн албан тушаалтан эдийн засгийн салбарт барууны үзэл бодолтой байгаа бол улс төр, хүний эрхийн хувьд зүүний үзэлтэй байхыг үгүйсгэж болохгүй гэж номлодог.

Сүүлийн 100 жилд барууны хөгжингүй улс орнуудад намуудын хооронд улс төрийн хөтөлбөр, үзэл суртал, үзэл баримтлалын эрс ялгаа улам багасч намууд улс төрийн үзэл санааны хувьд хоорондоо ойртох, ижилсэх чиг хандлагатай болж байгаа нь баруун төв, зүүний онолыг улам ойлгомжгүй, хэрэглэхэд хүндрэлтэй болгож байгаа юм. Олон ургальч үзэл бодлын тогтолцоонууд харилцан бие биенээ нөхөж үзэл санааг харилцан баяжуулдаг болсон хэмээн дэлхий нийтийн онолчид үзжээ. Энэ бол өнөө бидэнд хамгийн энгийнээр ойлгох юм бол МАНАН гэхэд хэтийдсэн хэрэг болохгүй.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top