ОЛОН ӨНГӨ: Зүрхэнд мөнх

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 14

Өөртөө ийн хэлсээр яг нэг жил өнгөрчээ. Өчигдөр мэт санагдах ч 365 хоног зүрхэнд мөнх туучин бөмбөрч ирэв. Ах өөрөө Улаанбадрах сумынх. Унахгүй юм шиг хайр түгээдэг, утга зохиолоосоо хэзээ ч холдохгүй юм мэт дүрэлзэж чаддаг дөлгөөн найрагч байсан юм.

Ус Монголын минь амар амгалан сэнтий, буян хурсан хутагтуудын нутагт гэрэлт найрагч Арлааны Эрдэнэ-Очир ах минь сүүлчийн амьсгал татаж, яруу найрагчаа үгүйлсэн мянга мянгаар тоологдох зүрх бүр шаналж, үгүйлэхийн манандаа төөрч үлдсэнсэн. “Бэхэн цэнхэр өдрүүд”-ээс нь “Гэнэн шувууд” нисэлдэж, “Эрх сэтгэл”-дээ аргамжсан энэ олон зүрхнүүд “Нар сарны урсгал” дундуур хайр түгээн нисэлдэж, “Миний цуглуулсан хорвоо”-д нь “Тунгалаг гунигийн улирал”-ыг тольдон суудаг тийм л гэрэлт зөнтэй ард түмнийг өөртөө татах увидас шид бүрдсэн найрагч байв. Шүлэгнээсээ өөр сүрхий өмчирхөх зүйлгүй хэдэн бор найрагч нөхөд минь уулзах бүртээ “Ах минь байсан бол...” гэсэн харуусал дүүрэн үгсээ халгаж, бэргэн хэлдэг болсоон. Зүрхэнд мөнх. 

Хайранчиг найрагчийн зүрхэнд хайр болон үлдсэн “Нар зөвийн эх орон”-доо намар, хавар, өвөл, зуныг үдэж үзлээ, монголчууд. Оюун санааны гэрэлт хөвгүүнээ одоо ч амьд мэт ярьсаар, дуулсаар, дурссаар. Явсан хүн мартагдан бүдгэрдэг жамын хуультай ч хүмүүний сэтгэлийн аглагт хөгжим мэт эгшиглэж, хөг орж, хэлсэн үгс нь гэгээхэн дурсамжтай, зүрхэнд мөнх шүлгүүд нь Монголын яруу найрагт нэгэн том цутгалан болж эрэг алгадан давалгаалж байна.

Таны шүлэгт байдагчлан цастай, бороотой, нартай, сартай өдрүүд алга урвуулахын дайтай өнгөрсөөр ч атгахан зүрхний угт аав шиг нөмөртэй ах минь үгүйлэгдсээр. Дэлхийн яруу найрагчдын 35 дугаар их хурлаас олгосон Дэлхийн урлаг, соёлын академийн “Шилдэг яруу найргийн төлөө” алтан медальт, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир таны түгээсэн гэрэл бүхэн монголдоо үлдэж, бидний зүрхэнд мөнх сүндэрлэсээр байна.
 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(98.228.96.94) 2019 оны 06 сарын 04

xairan gexed bagadna

0  |  0
Уншигч(103.9.90.98) 2019 оны 05 сарын 16

Хүн нэг л өдөр байхгүй болчихсон байх юм даа.

0  |  0
Эмэгтэй.(66.181.187.93) 2019 оны 05 сарын 15

Үүнээс илүү харамсал алгаа.

0  |  0
Зочин (49.0.212.225) 2019 оны 05 сарын 14

Дэндүү эрт.дэндүү харамсалтай

0  |  0
оюутан(66.181.161.59) 2019 оны 05 сарын 14

Хайран хүн!

2  |  0
Zindaa(202.179.26.53) 2019 оны 05 сарын 14

Haruusaad ch barahgui um.hairan hun

2  |  0
Top