ЗИНДАА 2019.05.15 | Өнөөдрийн онцлох ТАВАН СЭДЭВ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 05 сарын 15

#1  “САУСГОБИ КОЭЛ ТРАНС” ХХК-ИЙН 50%-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧ НЬ ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК ОРОЛЦСОН БАЙЖ БОЛЗОШГҮЙ ШИНЭ БАРИМТ  

“Монгол ньюс” мэдээллийн төвд Тост тосон бумбын нурууны сав газарт хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа “Саусгоби Коал Транс” компанийн талаар өнөөдөр /2019.05.15/ мэдээлэл хийлээ. “Саусгоби коэл транс” компанитай холбоотой шинэ баримт дэлгэж буй тус хэвлэлийн бага хуралд "Тост, тосон бумбыг хамгаалах нутгийн иргэдийн хөдөлгөөн"-ийг санаачлагчид болох МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр, Монгол Улсын Ардын жүжигчин, Соёлын Гавьяат зүтгэлтэн, Төрийн хан хуурч Ц.Цэрэндорж, Монгол Улсын Гавьяат тамирчин, уулын спортын мастер Г.Өсөхбаяр нарын Өмнөговь аймгийн уугуул иргэд оролцлоо. Тэд Тост, Тосон Бумбын нуруу орчмын газар нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Саусгоби коэл транс” ХХК-ийн үйл ажиллагаанаас үүдэлтэй байгаль экологи, хүн ам, амьтан ургамалд үзүүлж буй сөрөг нөлөөллийн талаар дараах мэдээллийг өгч, “Саусгоби коэл транс” ХХК-ийн 50%-ийн хувьцаа эзэмшигчээр Худалдаа хөгжлийн банк оролцсон байж болзошгүй шинэ баримтыг дэлгэлээ. 

“Саусгоби коэл транс” компанийн эзэмшиж буй МҮ-019036, МҮ-017038 тусгай зөвшөөрлийг цуцлуулах, уурхайн үйл ажиллагааг зогсоох тухай иргэдийн нэхэмжлэлтэй шүүх хуралд 2017 оноос хойш гурван удаагийн шүүх хуралд гуравдагч этгээдээр Худалдаа Хөгжлийн банк орж ирдэг. Тодруулбал, 2017.12.21, 2018.10.29 өдөр болон 2019.03.18-ны өдрүүдэд болсон захиргааны хэргийн шүүх хурлуудад Худалдаа Хөгжлийн банкны төлөөлөл Б.Ананд нар оролцож ирсэн байдаг.  Тэд шүүх хурлын үеэр, “Саусгоби коул транс” компани ашиглалтын лицензээ барьцаалан тус банкнаас их хэмжээний мөнгө зээлсэн учраас энэхүү талбайг ашиглахыг хоригловол Худалдаа хөгжлийн банк хохирох нөхцөлд хүрч байна гэх тайлбарыг өгдөг.  Угтаа Худалдаа хөгжлийн банк аливаа зээлдэгчээс ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийг дангаар авч барьцаалах ёсгүй бөгөөд барьцааны тухай мэдээллийг нийтэд ил тод хүргэх хуультай.

ҮРГЭЛЖҮҮЛЖ УНШИХ

#2  ТҮҮХИЙ НҮҮРС ЗАРСАН ИРГЭДИЙГ ЗӨРЧЛИЙН ХУУЛИАР ТОРГОЖ ЭХЭЛЛЭЭ

Би сургуулийн насны олон хүүхэдтэй, ажил хийдэггүй. Гэр бүлээ тэжээхийн тулд нүүрс бөөний үнээр худалдан авч гудамжинд зардаг. Нэг шуудай нүүрснээс ердөө 500-хан төгрөгийн ашиг хардаг... хэмээн Сонгинохайрхан дүүргийн долдугаар хорооны иргэн С.Наранцэцэг гэх эмэгтэй ярьж байна. Тэрбээр Баянхошууны хуучин эцэст гудамжний үзүүрт нүүрс зарж амьжиргаагаа залгуулаад 22 жил болж байгаа аж. Түүнд зээлээр авч хараахан зарж борлуулаагүй 600 гаруй шуудай нүүрс бий. Харин тус хороонд өнөөдрөөс эхэлж түүхий нүүрс худалдахыг хоригложээ. Энэ нь жилийн өмнө Засгийн газраас гаргасан Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт түүхий нүүрс оруулж ирэхийг хориглосон шийдвэртэй холбоотой гэнэ. Учир нь, одоогоос яг жилийн өмнө Засгийн газраас утаа, агаарын бохирдлыг багасгах зорилгоор 2019 оны тавдугаар сарын 15-наас эхэлж Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт ахуйн зориулалтаар хэрэглэх түүхий нүүрс оруулахыг хориглож, гэр хорооллын өрхүүдийг түүхий нүүрс хэрэглэхгүй байх шийдвэрийг гаргасан билээ. Улаанбаатар хотод 220 мянган ширхэг жижиг оврын яндан бий гэсэн тооцоо байдаг. Дээр нь 3000 орчим нам даралтын зуух бий. Өөрөөр хэлбэл, энэ тооны өрх түүхий нүүрс хэрэглэдэг гэсэн үг.

ҮРГЭЛЖҮҮЛЖ УНШИХ

#3  Ч.ХҮРЭЛБААТАР: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГ ОГТ ҮНДЭСЛЭЛГҮЙ ГҮТГЭЛЭГ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр /2019.05.15/ Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хүн амын орлогын албан татварын тухай хууль болон эдгээрийг дагалдаж батлагдсан хуулиудад бүхэлд нь хориг тавьсан билээ. Харин Ерөнхийлөгчийн хоригийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хүлээн авах боломжгүй гэдгээ илэрхийллээ. Тэрбээр “Энэ хоригтой огтхон ч санал нийлэхгүй. Үндэслэлгүй, дотор байгаа зүйлийг нь ойлгоогүй хориг гэж үзэж байна. Оюутолгойд давуу байдал үүсгэсэн гэсэн байна. Хуульд цагаан цаасан дээр хараар бичсэн байгаа. Ашигт малтмал, цацрагт идэвхт, газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг компаниудад татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үйлчлэхгүй гээд биччихсэн байгаа. Үүнийг ойлгочихоод тоглоод байгаа юм уу, мэдэхгүй. Үнэ шилжүүлэлт капиталжуулалтын дүрмийг дордуулсан гэсэн байна. Яг эсрэгээрээ. Монгол Улс хар жагсаалтаас гарах нэг нөхцөл нь үнэ шилжүүлэхийн эсрэг Монгол Улсын татварын хуульд заалт байхгүй байна, үндэстэн дамнасан компаниудад боломж олгоод байна гэсэн учраас бид Татварын хуульдаа оруулж өгсөн. Тэгэхээр огтын үндэслэлгүй гүтгэлэг гэж хэлье. Уул уурхайн компаниудын тусгай зөвшөөрөл бүрээр тайлан гаргахаар тусгажээ гэсэн байна. Бөөнд нь тайлагна гэсэн санал оруулж байгаа юм байна. Үүнийг огтхон ч хүлээн зөвшөөрөхгүй. Бөөнд нь тайлан гаргаснаар татвар төлөхгүй болчихдог. Лиценз болгоноор тайлагнаснаар ашигтай лиценз болгоноосоо татвар төлдөг болно. Арилжааны банкууд гаднаас хөрөнгө татахаар 10 хувийн суутгах татвар оногдуулдаг байсныг 5 хувь болгожээ гэсэн байна. Энэ бол дотоодод байгаа зээлийн хүүг буулгах зорилгоор оруулж ирсэн зүйл. Монголд байгаа мөнгөөрөө зээл олгоод байвал зээлийн хүү өндөр хэвээр байна. Тэгэхээр гаднаас зээлийн эх үүсвэр орж ирээсэй гэсэн үүднээс 5 хувийн татвар тавьсан гэдгийг онцолж хэлмээр байна.

 

ҮРГЭЛЖҮҮЛЖ УНШИХ

#4  А.МАЛАХОВ МОНГОЛД НАС БАРСАН А.БУЛДАКОВЫН ҮХЛЭЭР ШОУ ХИЙЖЭЭ

ОХУ-ын Ардын жүжигчин Алексей Булдаков дөрөвдүгээр сарын 2-3-нд шилжих шөнө Улаанбаатар хотод нас нөгчсөн билээ. Нэрт жүжигчин Монголд найзынхаа төрсөн өдөрт оролцохоор ирээд байсан юм. Монгол дахь ОХУ-ын ЭСЯ-наас үхлийн шалтгаан нь “зүрхний өвчин” гэж мэдээлсэн. Харин ОХУ-ын телевизийн хөтлөгч Андрей Малахов нэрт жүжигчний үхлийн талаар хувийн мөрдлөгө явуулсан байна. Өнөөдөр /2019.05.15/ дэлгэцэнд гарах Алексей Булдаковт зориулсан "Россия 1” сувгийн “Прямой эфир” нэвтрүүлэгт Буриадын дуучин Мэдэгма Доржиева оролцоно. Булдаков Монголд ирэхээсээ өмнө Буриадад Байгаль нуурын загасчлалын тэмцээнд хүндэт зочноор оролцсон. Мэдэгма мөн тус тэмцээнд ая дуугаа өргөсөн юм.

ҮРГЭЛЖҮҮЛЖ УНШИХ

#5  ДОЛООН НАСТАЙ ОХИНЫ ГУРВАН ХУРУУГ ТАСДСАН ЖИГШҮҮРТ ХЭРЭГ БҮРТГЭГДЖЭЭ

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт долоон настай охины хоёр гарынх нь гурван хурууг тасдаж танхайрсан хэрэг гарчээ. Тодруулбал, тус дүүргийн 17 дугаар хорооны иргэн, 51 настай эрэгтэй Ш нь архи ууж согтуурсан үедээ долоон настай нагац дүүгийнхээ зүүн гарынх нь хоёр хуруу, баруун гарынх нь нэг хурууг тасдаж, танхайрсан байна. Эл хэрэг өчигдөр 22.25 цагийн үед болжээ. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Цагдаагийн байгууллагад "Дамбын гудамж, дэлгүүрийн гадаа зургаан настай эмэгтэй хүүхэд зодуулсан байдалтай байна” гэсэн мэдээллийг өчигдөр хүлээж авсан. Дамбадаржаагийн гудамжинд оршин суух долоон настай охиныг зүүн гарын дунд хуруу, долоовор хуруу, баруун гарын эрхий хурууг нагац ах Ш нь согтуурсан үедээ үйлдсэн байж болзошгүй асуудлыг шалгаж байна" гэх мэдээллийг өглөө. 

ҮРГЭЛЖҮҮЛЖ УНШИХ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top